| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2018/01536/И |
| Дугаар | 102/ШШ2018/01615 |
| Огноо | 2018-05-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2018/01615
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 7-р хороо, Хувьсгалчдын А-10 гудамжны 171 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧМ77020165, Тайж овогт Нэргүйгийн Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 17-р хороо, 38-р байрны 14 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЦВ66092521, Боржигон овогт Жамсранжавын Болормаад холбогдох,
7 332 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Дэлгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт 7 332 000 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие ажлын байр түрээслэх тухай сонины зарын дагуу Ж.Болормаатай холбогдож, 2014-03-29 өдөр Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Өлгийн 31-р гудамжны 407 тоотод байрлалтай түүний өмчлөлийн гэх Аялгуу караоке, баар, зочид буудлыг нь 2014-04-01 өдрөөс 2014-07-01 өдрийг хүртэлх хугацаатай, нэг сарын 5 000 000 төгрөгөөр тооцон, төлбөрийг 3 сараар өгөхөөр тохирч, нийт 15 000 000 төгрөг, барьцаа 2 000 000 төгрөгийн хамт, нийт 17 000 000 төгрөгийг бэлнээр өгч, түрээслэхээр тохирч, ажиллаж эхэлсэн.
Энэ хугацаанд гэрээг бичгээр байгуулья гэж удаа дараа хэлсэн боловч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ банкинд барьцаанд байгаа гэж тайлбарлаад, гэрээг бичгээр байгуулахгүй байсан.
2014 оны 5 сард Нийслэлийн өмчийн харилцааны газраас хүмүүс ирж, энэ газрыг чөлөөлөх талаар нэг жилийн өмнө мэдэгдсэн. 2014-06-20 өдөр гэхэд энэ барилгыг нураасан байх ёстой гэсэн учраас 2014-06-07 өдрөөс эхлэн ажиллуулахыг больсон. Би Ж.Болормаатай тооцоо нийлж, барьцаа 2 000 000 төгрөг, ажиллаагүй 22 хоногийн түрээсийн төлбөр 3 640 000 төгрөг, нийт 5 640 000 төгрөгийг авах болсон бөгөөд Ж.Болормаа нь мөнгөтэй болоод өгье гэж явсаар өгөөгүй тул 2015-03-26 өдөр өөрийн гараар Ж.Болормаа баримт бичиж өгсөн.
Иймд Ж.Болормаагаас барьцаа 2 000 000 төгрөг, ажиллаагүй 22 хоногийн түрээсийн төлбөр 3 640 000 төгрөг, хүүнд 1 692 000 төгрөг, нийт 7 332 000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримт, хариуцагчийн хаягийг тодорхойлсон Тахарын ерөнхий газрын албан бичиг, шүүхийн шийдвэр, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгчид хариуцагчийн хаяг тодорхойгүй байснаас хариуцагчийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж, 2 удаа хаягийг тогтоолгож байсан байх бөгөөд цагдаагийн байгууллага тогтоосон хариуцагчийн хаягт үндэслэн тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.
Хариуцагчийг шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд заасан хаягаар дуудан ирүүлж, нэхэмжлэлийг 2018-04-23 өдөр түүнд гардуулсан бөгөөд 2018-05-07 өдрийн дотор нэхэмжлэлийн талаар шүүхэд тайлбар ирүүлэхээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй, хуралдааны товыг шүүх түүнд хүргэхээр шуудангаар, түүний оршин сууж буй гэж шүүхэд түүний өөрөө тодорхойлж өгсөн хаягаар мэдэгдэх хуудсаар хүргүүлэхэд хариуцагч уг хаягт бүртгэлгүй, оршин суугаагүй болохыг шуудан хүргэгч харьяалах хороогоор тогтоолгож, мэдэгдэх хуудсыг буцааж ирүүлсэн учраас шүүхээс хариуцагчийн 96665412 дугаар утсаар мэдэгдэхээр холбогдоход утас нь холбогдох боломжгүй байсан байна.
Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оршин суугаа хаягаа өөрчилсөн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт заасны дагуу энэ тухайгаа шүүхэд мэдэгдэх үүрэгтэй боловч хариуцагч хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүй байна.
Хариуцагч 2018-05-07 өдрийн дотор нэхэмжлэлийн талаар шүүхэд тайлбар ирүүлэхээр хүлээлгэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг шүүх түүнд шуудангаар, түүний оршин сууж байгаа гэсэн хаягаар, мэдэгдэх хуудсаар хүргэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт зааснаар хариуцагчид хүргэсэнд тооцно.
Хариуцагч хуралдаанд ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч, хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Болормаатай 2014-03-29 өдөр амаар тохиролцож, ажлын байрыг сард 5 000 000 төгрөгийн хөлстэйгээр, 3 сарын хугацаатайгаар түрээсээр эзэмшихээр болж, 3 сарын түрээсийн төлбөрийг, зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулсан 2 000 000 төгрөгийн хамт Ж:Болормаад өгсөн, түрээсийн гэрээ хугацаанаас өмнө цуцлагдаж, ашиглах боломжгүй болсон хугацааны хөлс 5 640 000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид 2014-11-20 өдрийн дотор буцааж өгөхөөр болсон, тохирсон хугацаандаа мөнгийг өгч чадаагүйгээ баталж, мөнгийг сард 2,5 хувийн хүүтэй буцааж төлөхөөр хариуцагч тодорхойлолт бичиж өгсөн үйл баримт нэхэмжлэгчээс ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн талаар шүүхэд тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд ирж тайлбар өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 132 300 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 132 300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.