Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа,

улсын яллагч Ц.Батзаяа,

хохирогчийн өмгөөлөгч Б.Одбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан,

хохирогч Д.З,

шүүгдэгч Д.О-с нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.О-д холбогдох 2216000000124 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Х овогтой Д-н О.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.О-с нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Түмэн багийн Сутай хороо **** тоотод байрлах өөрийн гэртээ “бэр гуйх” зан үйлээс болж үүссэн хоорондын таарамжгүй харилцаанаас шалтгаалан хохирогч Д.З-тэй хэрүүл маргаан хийж, улмаар харилцан зодолдох үедээ түүний нүүрэн тус газарт олон залгуураар цохиж биед нь тархи доргилт, зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт, уруулын зүүн талд зулгаралт, зүүн завжны салстад шарх, зүүн гуянд цус хуралт буюу хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Д.О-с нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Түмэн багийн Сутай хороо **** тоотод байрлах өөрийн гэртээ “бэр гуйх” зан үйлээс болж үүссэн хоорондын таарамжгүй харилцаанаас шалтгаалан хохирогч Д.З-тэй хэрүүл маргаан хийж, улмаар харилцан зодолдох үедээ түүний нүүрэн тус газарт олон залгуураар цохиж биед нь тархи доргилт, зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт, уруулын зүүн талд зулгаралт, зүүн завжны салстад шарх, зүүн гуянд цус хуралт буюу хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч Д.О-н шүүх хуралдаанд өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр бэр эгч, ах, хүргэн ах эхнэртэйгээ 4 хүн манайд ирсэн. Ирчихээд үл ялих зүйлээр хэрүүл гуйж хэрэлдээд байхаар нь гарч явах гэтэл араас босго давуулан өшиглөж унагаасан. Тэгээд босохдоо ийм асуудал болсон. Эхлээд энэ хүн намайг өшиглөсөн. Бусад зүйлийг би мэдүүлэгтээ өгчихсөн байгаа... Залгуур ажиллахгүй байхаар нь салгах гээд доошоо тонгойж байтал араас өшиглөж унагаасан... Монгол гэрийн босгоны наад талд байсан залгуур салгах гээд тонгойж байхад араас өшиглөж босго давуулж унагаасан...Хохирогч миний ард байсан... Прокуророос зүйлчилсэн зүйл ангийг зөвшөөрч байна... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

хохирогч Д.З-н шүүх хуралдаанд өгсөн “...2022 оны 06 дугаар 07-ны өдөр Д.О-н гэрт нөхөр, хадам эгч хоёрын хамт очсон... Тэгээд би “...хэн явах гэж байгаа юм бэ?...” гэж асуухад “...Б, Ж ах, хоёр хүргэн явна...” гэж хэлсэн. Тэгээд над руу “...тэгээд яах гээд байгаа юм?...” гэж уурласан. Би “...яагаад чи надад  уурлаад байгаа юм бэ?...” гэхэд “...чи яах гээд байгаа юм...” гэж уурласан. Мөн “...манай аавын нэрийг хэлээд танай эцэг 80 гарч таяг тулж явчихаад хүүхэд уруу татдаг. Чиний зээ нарыг би мэднэ. Чи манайд юутай ирсэн юм. Чи миний ахын буянд сагаж дээ...” гэж хэлээд хэрүүл үүссэн. Тэгээд намайг “...манайхаас одоо зайл...” гэж хэлэхээр нь би гарах гэж байтал хажуу талаас татахаар нь би бөгс рүү нь түлхсэн. “...Тэгээд би чамайг ална...” гэж хэлээд цаад талаасаа залгуур татсан. Би анх залгуур гэж мэдээгүй ба ус буцалгагчийн суурь байна гэж бодсон... Д.О-с нь хүүхдүүдийнхээ үгэнд орохгүй дайрч давшилсан... Би их гомдолтой байна. Улаанбаатар хот руу явж үзүүлж ирсэн буюу цаашид лазер эмчилгээ хийлгэ гэж хэлсэн. Тэгээд шүүх хуралдаан болох гээд аймагт ирсэн. Тэгээд эмчилгээнд хэдэн төгрөг гарах талаар эмчээс асуухад шинжилгээ хийлгэж байж мэднэ. Яг тогтоосон үнэ байхгүй гэж хэлсэн. Би өнөөдрийг хүртэл гарсан хохирол буюу цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулна... Би хөлөөрөө бөгс рүү нь түлхсэн... Нөхөртэйгөө хамт эмнэлэг дээр очиж оёдол тавиулаад гэртээ харьсан ... Олон залгуурын урд талын дугуй хэсгээр нь цохисон байсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

гэрч Э.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн орой 22 цагийн орчимд манай нагац эгч Д.З нь миний утас руу залгаад миний нүдийг сохолчихлоо гэж ярьсан... Би тэгээд гэрт нь ирэхэд манай нагац эгч Д.З нь зүүн хөмсөгний хэсэгт 4 оёо тавиулсан гээд байж байсан. Би тэгээд юу болсон талаар асуухад манай нөхрийн дүү О нь хүүхэд нь гуйлганд явахаар хүмүүс цуглуулчихсан байсан. Тэгээд манайхаас үг хэлчих хүмүүс байгаа юм уу? цаад хүмүүс нь юу гэх бол гэж асуусан. О нь та нар яах гээд байгаа юм гээд уцаарлангуй хэлээд З эгчийг манайхаас зайл, гичий минь гэж элдвээр хэлэхээр нь манай эгч араас нь очоод хөлөөрөө хүрсэн чинь цаанаасаа юм аваад цохичихлоо гэж хэлсэн. Би болсон явдлын талаар сонсоод тухайн болсон газарт нь очиж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар тал/,

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаартай “...1. Д.З-н биед тархи доргилт, зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт, уруулын зүүн талд зулгаралт, зүүн завжны салстад шарх, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Уг гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр хохирогч, шүүгдэгч нарын хооронд тухайн цаг хугацаанд үүссэн тааламжгүй харилцаа байсан нь тогтоогдсон бөгөөд үүнээсээ шалтгаалан хэн хэнийхээ биед халдсан байна. Энэ явцдаа шүүгдэгч олон залгуураар хохирогчийг цохиж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт, уруулын зүүн талд зулгаралт, зүүн завжны салстад шарх, зүүн гуянд цус хуралт гэмтэл учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Шүүгдэгч Д.О-н үйлдэл нь хүний биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал, хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 80 дугаар тал/, хохирогчийн зүгээс хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтууд /хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 234 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 91 дүгээр тал/  зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.О-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Д.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэж тус тус хуульчилжээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгчид хохирол, хор уршгийг арилгахтай холбоотой албадлагын арга хэмжээ авах шаардлагатай нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан гүйцэтгэх боломжтой тул улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч Б.Одбаяр нарын “...Хохирлыг нөхөн төлүүлэх ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул албадлагын арга хэмжээг авч өгнө үү?...” гэх саналыг хүлээн авахгүй үндэслэлгүй байна. Түүнчлэн аливаа шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх зарчимтай. Гэтэл шүүгдэгчид торгох ял оногдуулаад түүн дээр нэмж үүрэг хүлээлгэх нь нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах зарчмыг төдийгүй энэхүү зарчимд ч харшлахаар байна. Өөрөөр хэлбэл үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн тохиолдолд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчвөл тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь үүргээ зөрчвөл асуудлыг хэрхэн шийдвэрлэх, дахин ял оногдуулж болох эсэх гэх мэт шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээтэй, ойлгомжгүй байдал үүсэхээр байгааг тайлбарлах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

Шүүдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхэд “торгох ялыг 6 болон түүнээс дээш хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлт гаргасан боловч шүүгдэгчийн цалин хөлс, орлогын талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Хохирогч Д.З хохиролтой холбоотой 753,150 (долоон зуун тавин гурван мянга нэг зуун тавь) төгрөгийн баримтыг гаргаж өгснийг хэрэгт хавсаргасан байна. Үүнээс Сант-Арвин ХХК-ны эмийн сангийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 323,500 төгрөгийн НӨАТ-ийн баримт тодорхой бус, хохирогчид үүссэн гэмтлийн эмчилгээнд хэрэглэсэн эсэхийг үүгээр тогтоох боломжгүй байх тул 323,500 (гурван зуун хорин гурван мянга таван зуу) төгрөгийн нэхэмжлэл болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээж, бусад баримтаар тогтоогдсон хохирлын 429,650 (дөрвөн зуун хорин есөн мянга зургаан зуун тавь) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгож,  шийдвэрлэлээ. 

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Х  овогтой Д-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.О-д сануулсугай. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хохирогч Д.З-н нэхэмжилсэн 753,150 (долоон зуун тавин гурван мянга нэг зуун тавь) төгрөгийн нэхэмжлэлээс 429,650 (дөрвөн зуун хорин есөн мянга зургаан зуун тавь) төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Д.О-с гаргуулан хохирогчид олгож, 323,500 (гурван зуун хорин гурван мянга таван зуу) төгрөгийн нэхэмжлэл болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА