Шүүх | Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Э.Энэрэл |
Хэргийн индекс | 163/2022/0122/Э |
Дугаар | 2022/ШЦТ/125 |
Огноо | 2022-05-18 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Б.Батбуян нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Батбуянд холбогдох эрүүгийн 2215000410128 дугаартай, 163/2022/0122/Э индекстэй хэргийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Йеншеебү овогт Буяннэмэхийн Батбуян, Булган аймгийн Сэлэнгэ суманд .... оны ...дугаар сарын ......-ний өдөр төрсөн, Булган аймгийн Сэлэнгэ сумын 5...... тоот хаягт оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, аав ээж охины хамт амьдардаг, 47 настай, эрэгтэй, /РД: ГИ75100411/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Батбуян нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “НИК петровис” ХХК-ийн салбар шатахуун түгээх станцын салбарын эрхлэгч Н.Оюунжаргалаас ........ улсын дугаартай Ланд крузер-100 загварын тээврийн хэрэгслийн шатахууны саванд 85 литр АИ-92 бензин хийлгээд мобайл банкаар төлбөрийг шилжүүлье гэж хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 207,300 төгрөгийн хохирол учруулан залилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батбуянгийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2115000410128 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Батбуян нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Булган аймгийн Сэлэнгэ сум руу Хаш-Эрдэнэ, Намжилцэрэн нарыг хүргэж өгвөл тус бүрд нь нэг, нэг идэшний үхэр өгнө гэж Хаш-Эрдэнийн эзэмшлийн ...... улсын дугаартай Ланд крузер-100 загварын тээврийн хэрэгслээр Хаш-Эрдэнэ, Намжилцэрэн нарын хамт гарч Булган аймгийн Сэлэнгэ суманд ирсэн байна. Булган аймгийн Сэлэнгэ суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тул мал гаргаж болохгүй байна гэх шалтгаанаар Хаш-Эрдэнэ, Намжилцэрэн нарыг Сэлэнгэ сумын төвд Даваадорж гэх хүнийд 2 хонуулаад 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хөдөө гэрлүүгээ авч явна гэж тээврийн хэрэгсэлд шатахуун хийх зорилгоор Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “НИК петровис” ХХК-ийн салбар шатахуун түгээх станцын салбарын эрхлэгч Н.Оюунжаргалаас .......улсын дугаартай Ланд крузер-100 загварын тээврийн хэрэгслийн шатахууны саванд 85 литр АИ-92 бензин хийлгээд мобайл банкаар төлбөрийг шилжүүлье гэж хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 207,300 төгрөгийн хохирол учруулж залилсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батбуянгийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч Н.Оюунжаргалын өгсөн: ... 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө 11:00 цагийн орчим ажил дээрээ байж байхад цагаан өнгийн жийп машин ирээд АИ-92 бензинээр банкаа дүүргүүлсэн. Тэгээд жолооч нь манай сумын Батбуян гэх хүн рүү заагаад тэр хүн мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Батбуянд хандан “бэлэн мөнгө өгөх юм уу, карт уншуулах юмуу” гэж хэлээд байр луугаа ороход Батбуян араас дагаж орж ирээд голын хойшоо гарчхаад эргэж орж ирэхдээ мөнгөө өгье гэж хэлсэн. Би тэгэхэд уурлаад “юу яриад байгаа юм” гэхэд за за тэгвэл мобайл банкаар шилжүүлье гээд гараад явсан ба нөгөө машиндаа суугаад явсан. ... Машиндаа хамт явсан хүмүүстээ мөнгийг нь өгчихлөө, болчихлоо гэж хэлсэн байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
2. Гэрч А.Хаш-Эрдэнийн өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө хөдөө мал руу явахаар болж Даваадорж гэх айлаас гарсан. Манай машины бензин дуусч байсан тул сумын колонкоос очиж банкаа дүүргүүлсэн. Улаанбаатар хотоос гарахад Батбуян бид хоёрын буцах бензин хийж өгнө гэж хэлсэн болохоор Батбуян бууж колонк руу орж уулзаж байгаад гарч ирээд за болчихлоо явъя гээд хөдөлсөн. Тэгээд сумын төв рүү орж ирээд дэлгүүрээс юм авах гээд зогсож байхад сумын хэсгийн төлөөлөгч орж ирээд бичиг баримт шалгаад манай машиныг түр саатуулсан. ... мөнгийг нь өгөөгүй зугтаж байна гэж бид хоёр мэдээгүй байсан.” ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дахь тал/,
3. Иргэний нэхэмжлэгч Г.Намжилцэрэнгийн өгсөн: “...би шатахуун авах үед машинд сууж байхад Батбуян нь шатахуун машинд хийлгэчхээд болчихлоо хөдлөөрэй гэсэн. Улмаар машинтайгаа явж байгаад цагдаад саатуулагдсан. Тухайн үед би шатахуун түгээх газарт учирсан 207,300 төгрөгийг би төлсөн. Харин өнөөдөр Батбуянгийн ар гэрээс надад 207,300 төгрөгийг төлсөн тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,
4. Шүүгдэгч Б.Батбуянгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн: “... Тухайн үед би машины эзэн болох талийгаач Хаш-Эрдэнэ, Намжилцэрэн нарт шатахуун хийж өгье тэгээд машинтай хөдөө явъя гэж хэлээд дагуулаад бөөндөө гарсан. Шатахуун түгээх газар дээр очоод машинаас буутал түгээгч Оюунжаргал ажлын байрнаасаа гарч ирсэн. Тэгээд би энэ машиныг дүүргэчих гэсэн. Би машиндаа суугаад жолоо барьж байсан Намжилцэрэнд хандаад хөдлөөрэй гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Н.Оюунжаргал, гэрч А.Хаш-Эрдэнэ, Г.Намжилцэрэн, Н.Булган нарын мэдүүлэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Батбуян нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Б.Батбуян нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “НИК петровис” ХХК-ийн салбар шатахуун түгээх станцын салбарын эрхлэгч Н.Оюунжаргалаас шатахууны үнийг төлөх мөнгөгүй байж .....улсын дугаартай Ланд крузер-100 загварын тээврийн хэрэгслийн шатахууны саванд 85 литр АИ-92 бензин хийлгээд мобайл банкаар төлбөрийг шилжүүлье гэж хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 207,300 төгрөгийн хохирол учруулж залилсан гэм буруутай нь нотлогдож байна.
Залилах гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийж (хуурч, хуурамч баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, сүсэг бишрэлийг далимдуулж), өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө, валют зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Өөрөөр хэлбэл залилах гэмт хэрэг нь эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр шилжүүлэн авч, гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг ба шүүгдэгч Б.Батбуян нь тухайн үед шатахууны үнийг төлөх мөнгөгүй байж хохирогч Н.Оюунжаргалд төлбөрийг мобайл банкаар шилжүүлье гэж хууран мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Батбуяныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууран мэхэлж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Б.Батбуянг хууран мэхэлж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, ялыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцсон болно.
Шүүгдэгч Б.Батбуянгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Оюунжаргалд 207,300 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй /хавтаст хэргийн 27 дахь тал/ гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Батбуяныг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Батбуянг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.Батбуянгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Батбуянд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 68-74 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Батбуян нь ам бүл 4, аав, ээж, охины хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар баг.........хаягт амьдардаг, нэр дээр үл хөдлөх хөрөнгөгүй, малгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Батбуян нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 4/49 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Батбуяны үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчтай тохиролцсон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Батбуянг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батбуянд оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 9 сарын хугацаагаар тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосонд хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд сануулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Батбуян нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Батбуян нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Н.Оюунжаргал, иргэний нэхэмжлэгч Г.Намжилцэрэн нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Йеншеебү овогт Буяннэмэхийн Батбуянг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батбуянг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батбуянг оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлэх хугацааг 9 /ес/ сарын хугацаанд сар бүр 50,000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Батбуянд сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Батбуян нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Н.Оюунжаргал, иргэний нэхэмжлэгч Г.Намжилцэрэн нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Батбуян нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батбуянд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ