Шүүх | Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбажавын Гантөгс |
Хэргийн индекс | 178/2022/0131/Э |
Дугаар | 2022/ШЦТ/139 |
Огноо | 2022-07-18 |
Зүйл хэсэг | 11.1, |
Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа
Улсын яллагч З.Алтансолонго
Хохирогч Ц.
Шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******гийн ******* холбогдох эрүүгийн 2236000000116 дугаартай, 178/2022/0131/Э индекстэй хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******н 4-13 тоотод оршин суух хаягтай, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* ******* ургийн овогт *******гийн *******, /******* регистрийн дугаартай/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт Ц.ын толгойн тус газарт 50 см урттай арматур төмрөөр цохисны улмаас их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн зөөлөн бүрхүүл дээрх цус хуралт, зүүн талын чамархайн ясны хугарал, зүүн чамархай болон шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал бухий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
-Хохирогч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2022 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө 9 цагийн үед Б.******* хашаан дотор намайг эхнэртэйгээ хардаад маргаан үүсгээд арматурын нарийн төмрөөр толгойн тус газар цохисон.Миний толгой эргээд чихнээс цус гараад юм санахгуй шууд эмнэлэг явахаар шийдээд аймаг руу ирсэн....газраас төмөр аваад толгойн тус газар 1 удаа цохисон. .....Толгой эргээд чих хамарнаас цус гараад толгой эргээд зүүн талын шанаа руу өвдөж байна....... Толгойн тус газарт зүүн талын чихний дээд хэсэгт нэг удаа цохисон өөр асуудал болоогүй. Хохиролд 271.300 төгрөгийн зардал гарсан. Б.******* төлж барагдуулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 10,50 х/
- Гэрч Г.-гийн мөрдөн шалгах ажиллагаанд...2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 9 цаг 24 минутын үед над руу залгаад “энд нэг хүн хэл амаар доромжлоод байна ******* сумын хэсгийн мөрдөгчийн дугаар олоод өгөөч” гэсэн.Тэгээд 11 цагийн үед гэрт ирээд яасан бэ гэж асуутал намайг хүн зодсон гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг рүү аваачиж 103-д үзүүлж гэмтлийн тасагт зураг авахуулж ирсэн.... Чихнээс цус гарсан байдалтай чихнээс дээш хавдсан, толгой эргээд чих шуугиад байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 х/
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны едрийн 378 дугаартай ...Ц.ын биед их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн зөөлөн бүрхүүл дээрх цус хуралт, зүүн талын чамархайн ясны хугарал, зүүн чамархай болон шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Ц.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зуйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ц.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь шинээр үүссэн байна. Ц.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...." гэх дүгнэлт /хх-ийн 26-27х/
Яллагдагч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр манай эхнэр надад "Ганбаа намайг чамайг байхгүй үед оролдоод байна" гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө малын хашаан дотор бид хоёр ******* хургаа хөхүүлж байхдаа таарсан бөгөөд би Ц.т ядаж хэлээд ойлгуулчихъя гэж бодоод "Чи манай эхнэрийг элэг бариад байна уу" гэтэл "Битгий хуцаад бай" гээд хэрэлдэхээр нь уур хүрээд хажууд байсан төмөр аваад толгой хэсэг рүү нь 1 удаа цохичихсон юм...Намайг байхгүй хойгуур эхнэрийг оролдсон гэхээр нь хэлээд ойлгуулчихъя гэж бодоод ярилцах гэтэл урдаас хэрэлдэж доромжлохоор нь уурандаа төмрөөр цохичихсон юм...” /хх-ийн 61-62х/ гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохиролыг төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулах тухай түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч хэргийг хянан хэлэлцсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт Ц.ыг эхнэртэйгээ хардсаны улмаас түүний толгойн тус газарт 50 см урттай арматур төмрөөр цохиж “их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн зөөлөн бүрхүүл дээрх цус хуралт, зүүн талын чамархайн ясны хугарал, зүүн чамархай болон шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал бухий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хунд хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* эхнэрээ хардаж бусдын биед халдаж зүй бус авирласан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэв.
Мөн шүүгдэгч хохирогчийн толгой тус газар нь төмрөөр цохисноос түүний биед гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарна.
Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Ц.ын биед хүнд гэмтэл учруулсан болох нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 378 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Хохирогч Ц. нь хэрэгт 271300 төгрөгний хохирол нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Б.******* 271300 төгрөгний хохирол төлсөн нь хавтаст хэргийн 77 дугаар хуудсан дахь Хаан банкны мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдсон цаашид 2 сая төгрөгийг төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй.
Хохирогч Ц. нь шүүхэд хохиролын талаар баримт гаргаж өгөөгүй тул цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:
Шүүгдэгч Б.******* урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаа зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хх-55х/, шийтгэх тогтоолын хуулбараар /хх-67х/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******ийн хувийн байдлын талаар гэрч Б.Эрдэнэсувд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Б.******* нь хүнд тусархуу, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай, сэргэлэн цовоо, ажилч хичээнгүй хүн байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, зөв хүмүүжилтэй залуу байгаа... гэх мэдүүлэг /хх- 54х/
Гэрч Ц.Нямдуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Б.******* 2001-2002 онд Увс аймгийн Баруунтурууны 0311-р ангид цэргийн алба хаасан.Одоо ******* сумын ******* багийн 4-13 тоотод эхнэр,2 хүүхдийн хамт амьдардаг. Өнгөрсөн хавар цөөн хэдэн малтай хөдөө гарсан.Муу зуршилгүй, цайлган сэтгэлтэй залуу байгаа... гэх мэдүүлэг /хх-51х/ шүүгдэгч Б.*******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуульд зааснаар хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялын хорин сая төгрөгийг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, 2 сая төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдах, битүүмжилсэн эд хөрөнгийг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 50 см арматурын төмрийг устгахыг тус тус дурдах гэх санал,дүгнэлт
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Очирбат шүүх хуралдаанд: Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа. Хохирогчид учирсан хохиролыг төлж барагдуулсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Өөрийн дансандаа 5 сая төгрөгийг байршуулсныг Прокурорын тогтоолоор битүүмжилсэн байгаа мөн нэмж 5 сая төгрөгийг байршуулсан тул торгох ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан бусдад төлөх хохирол төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс: Шүүгдэгч Б.*******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 11000.000 төгрөгийг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******т тайлбарлаж шийдвэрлэв.
Эрүүгийн 223600000116 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 50см урттай арматурын төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх, шийтгэх тогтоолоор гаргуулах төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36 дугаар зүйлийн 36.2,36.6-36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******ийг арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 11000000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 11000000 /арван нэгэн сая/ төгрөгийн торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******т мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, хохирогчид хоёр сая төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг тус тус дурдаж, хохирогч Ц. нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж Иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн 223600000116 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 50см урттай арматурын төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгах, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС