Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 138/ШШ2018/00474

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 138/ШШ2018/00474

Дорнод аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг, Цэнхэрийн 48 тоотод оршин суух, /РД: СФ70061602/ Уриахад овогт Төмөрбаатарын Сарантунгалагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Дорнод аймаг, Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгт холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин 2.853.665,5 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 04 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхтуяа

Хариуцагч Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийг төлөөлөн тус цэцэрлэгийн эрхлэгч Ц.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Сарантунгgлаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ажлаас үндэслэлгүй халагдсан талаар шүүхэд хандаж гомдол гаргаснаар 2016 оны 11 сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэр гарч ажилдаа эргэж орох болсон. Гэтэл цэцэрлэгийн захиргаа шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гарган хянуулсаар хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа буюу 2017 оны 05 сарын 04-нд ажилдаа орсон. 2016 оны 11 сарын 17-ны өдрөөс 2017 оны 05 сарын 04-ний өдрийг хүртэл ажлын 111 хоногийн цалинг нэг өдөрт авах цалин 23629 төгрөгөөр тооцож үзэхэд 2.823.665.5 төгрөг гарч байна. Түүн дээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зардал 30000 төгрөгийг нэмж тооцоход нийт 2.853.665.5 төгрөгийг 10 дугаар цэцэрлэгээс гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Сарантунгалагийг ажлаас үндэслэлгүй халагдсан талаарх шүүхийн шийдвэр 2016 оны 11 сарын 17-ны өдөр гарч, ажилд нь эргүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн. Гэтэл Ц.Сарантунгалаг 2017 оны 05 сарын 04-ний өдөр ажилдаа орсон. Учир нь 10 дугаар цэцэрлэгийн захиргаа анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байсан учир 3 шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Ц.Сарантунгалагийг ажилд нь эргүүлэн тогтооосон эцсийн шийдвэр гарсан. Шүүх 2016 оны 11 сарын 17-ны өдрийг хүртлэх хугацааны цалин гаргуулахаар шийдвэрлэсэн. Түүнээс хойш ажилд орох хүртлэх хугацааны цалинг гаргуулахаар Ц.Сарантунгалаг нэхэмжлэл гаргасныг бүрэн дэмжиж байна. Нийт ажлын 112 хоног ажилгүй байсан гэж тооцон 2.823.665 төгрөгийг төлүүлэх үндэслэлтэй, мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.

Хариуцагч Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийг төлөөлөн тус цэцэрлэгийн эрхлэгч Ц.Сарантуяа шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Ц.Сарантунгалагийг өрх толгойлсон эмэгтэй гээд туслах зорилгоор шинээр орон тоо гарган ажилд авсан. Ц.Сарантунгалаг нь ёс суртахууны доголдолтой удирдах ажилтнаа хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг, хамт ажиллахад хүндрэлтэй байдаг. Шүүхийн шийдвэрийн дагуу 1.4 сая төгрөгийг байгууллага мөнгөгүй байсан учир би өөрөөсөө гарган өгч дараа нь албан газар мөнгөтай болох үед түүний дансанд шилжүүлэн буцааж авсан. Одоогийн нэхэмжилж буй мөнгийг байгууллагад мөнгө байхгүй учир төлөх боломжгүй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Сарантунгалаг нь ажилгүй байсан 111 хоногийн цалин түүнтэй адилтгах олговор 2.823.665.5 төгрөг, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зардал 30000 төгрөг, нийт 2.853.665.5 төгрөгийг Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгээс гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ .

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжсэн байна.

Хариуцагч 10 дугаар цэцэрлэгийг төлөөлөн тус цэцэрлэгийн эрхлэгч Ц.Сарантуяа шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, тус цэцэрлэг нь түүнд ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн. Дахин ажилгүй байсан хугацааны цалинг олгох боломжгүй гэсэн тайлбар гарган гэж маргадаг.

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 -д заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол ажил олгогч түүний урьд авч байсан дундаж цалин хөлстөй тэнцэх олговор олгохоор заасан байх тул байгуулллагын төлөөлөгч Ц.Сарантуяагийн Т.Сарантунгалагт ажилгүй байсан хугацааны цалин олгох төсөв байхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Т.Сарантунгалаг нь 2016 оны 11 сарын 17-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарч өмнөх ажилд нь эгүүлэн тогтоосноос хойш 2017 оны 05 сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан болох нь талуудын тайлбар, ажилд эгүүлэн авсан тушаал зэрэг баримтаар тогтоогдож байна.

Иймээс нэхэмжлэгч нь ажилгүй байсан 111 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос гаргуулан авах эрхтэй байна.

Хөдөлмөрийн тухай уулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд "урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор" олгохоор заасан бөгөөд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд дундаж цалин хөлс тодорхойлох цалин хөлсний бүрэлдэхүүнд үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, бүх төрлийн олговрыг оруулж тооцохоор заасан тул нэхэмжлэгчийн шаардлага нь хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн 2016 оны 11 сарын 18-ны өдрөөс /анхан шатны шүүхийн шийдвэрт ажилгүй байсан хугацааны цалинг 2016 оны 11 сарын 18-ны өдрийг хүртэл олгохоор заасан / 2017 оны 05 сарын 04-ний өдрийг хүртлэх ажилгүй байсан /111 хоног/ хугацааны олговрыг дараах аргачлалаар тооцсон болно.

Үүнд: Т.Сарантунгалагийн ажлаас халагдах үеийн хамгийн сүүлд авсан цалинг нийгмийн даатгалын дэвтэр дээрх сүүлийн 3 сар буюу 2016 оны 03 сард 474309 төгрөг, 04 сард 474309 төгрөг, 05 сард 474309 төгрөгийн цалинг / 474309*3/ 1,422,927 төгрөгийг тухайн ажилласан 3 сард хуваахад сард дундажаар 474309 төгрөг төгрөгийн цалинтай байна. Сарын дундаж цалин 474309 төгрөгийг 21,5 д /сард ажиллах хоног дундажаар/ хуваахад өдөрт авах цалин олговор 22060,8 төгрөг болж байна.

Ажилгүй байсан 111 хоногийг 1 хоногийн дундаж цалин болох 22060,8 төгрөгөөр үржүүлэхэд ажилгүй хугацааны олговор 2.448.758 төгрөг болж байна.

Мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн байх тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зардал 30000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 404907,5 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасан ажил олгогч болон ажилтнаас нийгмийн даатгал болон бусад шимтгэлийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд 2016 оны 11 сарын 17-ны өдрөөс 2017 оны 05 сарын 04-ний өдрийг хүртэлхи хугацааны нийгмийн даатгал, хүн амын орлогын татварын шимтгэлийг зохих ёсоор суутгаж дэвтэрт нь сар дутам шимтгэл, хураамж төлсөн бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгох нь зүйтэй байна.

Иймд Ажилгүй байсан хугацааны олговор 2.448.758 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг олговроос нь суутган тооцож, бичилт хийхийг хариуцагч байгууллага болох Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгт үүрэг болгох, нэхэмжлэлийн шаардлагаас 404907,5 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас хариуцаж буй нэхэмжлэлийн шаардлагын дүнгээр улсын тэмдэгтийн хураамж гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгээс ажилгүй байсан хугацааны цалин түүнтэй адилтгах олговор 2.448.758 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Сарантунгалагт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 404907,5 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар байгууллагаас төлөх ёстой нийгмийн даатгалын болон бусад шимтгэлүүдийг төлж нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар бүрээр шимтгэл төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураажид төлсөн 60000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 54130 төгрөг гаргуулж төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч түүний төлөөлөгч, хариуцагч түүний төлөөлөгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, хариуцагч түүний төлөөлөгч нар эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зїйлийн 119.7-д зааснаар мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш. АЛТАНЦЭЦЭГ