Шүүх | Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Э.Энэрэл |
Хэргийн индекс | 163/2022/0165/Э |
Дугаар | 2022/ШЦТ/176 |
Огноо | 2022-12-07 |
Зүйл хэсэг | 27.10.4.1., |
Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүдэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн,
шүүгдэгч С.Болдсайхан нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Болдсайханд холбогдох эрүүгийн 2215000970136 дугаартай, 163/2022/0165/Э индекстэй хэргийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Сүхболдын Болдсайхан, Булган аймгийн Булган суманд ... оны .... дугаар сарын ....9-ний өдөр төрсөн, Булган аймгийн Дашинчилэн сумын.... .... гэх газарт оршин суух бүртгэлтэй, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй,...
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Болдсайхан нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар баг Майхан уул гэх газарт ....... улсын дугаартай Mazda Demio маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Д.Мишээлийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000970136 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч С.Болдсайхан нь 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар баг Майхан уул гэх газарт байх А.Даваагийн гэрийн гаднаас сумын төв орохоор шороон замд “Mazda Demio” загварын ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 10.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 1 нас 5 сартай Д.Мишээл нас барсан буюу хүний амь нас хохироосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Болдсайханы өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр миний бие дүүгээ хот руу унаанд суулгахаар сумын төв орох үед Даваа ах над руу залгаад ах нь сумын төв дээр согтуу байна гэрт хүргээд өгөөч гэсэн. Тэгээд би дүүгээ унаанд нь суулгаж өгчхөөд Даваа ахыг хөдөө гэрт нь хүргэж өгсөн. Даваа ах гэртээ ороод нэг шил виски гаргаж ирээд намайг хамт ууя гэсэн. Би уухгүй ээж, эхнэр, хүүхэд ямаа самнаж байгаа очихгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэгсэн дандаа манай урдуур явдаг байж орж ирдэггүй гэж үг хаясан. Даваа ахынд Даваагийн эхнэр Цэндээ, Даваагийн ах Баярсайхан эхнэртэйгээ тэгээд Зана бид хэд байсан. Ингээд нэг шил вискийг хамт хувааж ууцгаасан. Вискийг ууж дууссаны дараа Даваа ах намайг төв рүү яваад ганц шил архи аваад ирээч гэж гуйсан. Тэгээд би явахгүй, одоо харьлаа гэсэн чинь Даваа ах тэгвэл хамт явчихаад ирье гээд миний машинд Зана, Даваа нар сууцгаасан. Гэтэл Даваагийн эхнэр Цэндээ нь гэрээсээ гарч ирээд хамт явна гээд машинд суусан. Даваа нь эхнэрийгээ үлд гээд Цэндээ нь хамт явна гээд хэсэг машин дотор маргалдсан. Хүүхдийг машины урд талд байсныг хараагүй. Машин хөдлөөд 100 гаран метр яваад зогссон. Дэрэм эгч араас хүүхэд дайрчихлаа гээд хүүхдийг тэврээд хүрээд ирсэн гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2215000970136 дугаартай хэргээс:
1. Амь хохирогч Д.Мишээл ......-ийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл: хүнхрээ ясны хугарал /дух яс, хоёр талын зулай яс, баруун зүүн чамархай яс/, суурь ясны хугарал, тархины хоёр тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсан доорх их хэмжээний цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз, бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, хуйхны дотор гадаргуу, гавлын ясны гадна хальсанд цус хуралт, зүүн нүдний ухархайн дээд хананы хугарал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн шанаа, зүүн чихний дэлбээ, хамрын нуруу, хоёр нүдний голд, хамрын үзүүр, духны баруун хэсэг, баруун хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна.
3.4. Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байх тул гэмтлийн зэрэг тогтоохгүй.
5. Амь хохирогчид үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
6. Амь хохирогч нь цогцосын гадна үзлэг хийгдэхээс 12-24 цагийн өмнө нас баржээ.
7. Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ гэх дүгнэлт /хавтаст хэргийн 70-74 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.Жавзмаагийн хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдол нөхцөл байдлыг гэрчилсэн гэрч П.Цэндмягмар, А.Даваа, З.Зана, А.Баярсайхан, Д.Цэрэнлхам, Б.Дорждэрэм, Ц.Батцэцэг нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар баг Майхан уул гэх газрын ертөнцийн зүгээр баруун урд талд 2 ширхэг цагаан өнгийн монгол гэртэй, ертөнцийн зүгээр зүүн талдаа малын саравчтай газар байв. Уг монгол гэрийн ертөнцийн зүгээр баруун талын монгол гэрийн ертөнцийн зүгээр урд талд тухайн хэрэг учрал болсон гэх ба уг гэрийн хаалганы баруун хатавчнаас урд зүгт 7 м зайд байрлах цогцос байсан газрыг “А” цэг гэж тэмдэглэв гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 52 дугаартай амь хохирогч Д.Мишээл нь гавал тархины битүү гэмтэл: хүнхрээ ясны хугарал /дух яс, хоёр талын зулай яс, баруун зүүн чамархай яс/, суурь ясны хугарал, тархины хоёр тал бөмбөлөгийг хамарсан хатуу хальсан доорх их хэмжээний цусан хураа, тархины хоёр тал бөмбөлөгийн дух, зулай, чамархай, дагз, бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, хуйхны дотор гадаргуу, гавлын ясны гадна хальсанд цус хуралт, зүүн нүдний ухархайн дээд хананы хугарал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн шанаа, зүүн чихний дэлбээ, хамрын нуруу, хоёр нүдний голд, хамрын үзүүр, духны баруун хэсэг, баруун хацарт зулгаралт гэмтлүүдийн улмаас гавал тахины битүү гэмтлийн улмаас нас барсан гэх дүгнэлт, жолооч С.Болдсайхан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ түхайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм. сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн 10 дугаар зүйлийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг мөрдөөгүйн улмаас зам тээврийн осол гарсан гэх мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн магадлагаа, Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт зэргийг таниулж судлуулсан шүүх хуралдааны тэмдэглэл зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч С.Болдсайхан нь 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар баг Майхан уул гэх газарт байх А.Даваагийн гэрийн гаднаас сумын төв орохоор шороон замд “Mazda Demio” загварын ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 10.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 1 нас 5 сартай Д.Мишээлийн амь насыг хохироосон, шүүгдэгч С.Болдсайханы гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Улсын яллагчаас шүүгдэгч С.Болдсайханыг авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 нас 5 сартай Д.Мишээлийн амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас оролцож, санал дүгнэлтээ гаргасан.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэнгээс тухайн өдөр болсон хэргийн бодит нөхцөл байдал тогтоогдсон, үүн дээр ямар нэгэн маргаан байхгүй. Шүүгдэгч С.Болдсайхан өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж заасан тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Энэ хэрэгт зөвхөн шүүгдэгч С.Болдсайханыг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн үндсэн зарчимд нийцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчиж байна. Мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн. Сэжиглэж болох этгээд байсан боловч шалгаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол эрүүгийн хариуцлага хүлээнэ” гэж заасан байдаг. Бага насны хүүхдээ хайхрамжгүй орхичихсон Даваа, Цэндмягмар нар ямар үүрэгтэй вэ? гэдгийг шалгаж үзэх, мөн явган зорчигч, тээврийн хэрэгслийн зорчигч нар нь жолоочид саад болсон, жолоочийн анхаарлыг сарниулсан эсэхийг шалгаж тодруулах нь чухал ач холбогдолтой. Дээрх нэмэлт ажиллагаануудыг хийснээр шүүгдэгч С.Болдсайхан буруутай юу? хохирогчийн аав ээж буруутай юу? гэдэг нь хангалттай нотлогдож тогтоогдоно. Үүний дараа хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг үндэслэж хэргийг прокурорт буцаах саналтай байна гэсэн байр сууринаас оролцжээ.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т "жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” тодорхойлж хуульчилсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл “Автоотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн субьект нь тээврийн хэрэгслийн жолооч буюу С.Болдсайхан юм.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Д.Мишээлийн биед тогтоогдсон гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд нь авто ослын улмаас үүсгэгдсэн, үхлийн шалтгаант холбоотой гэмтлүүд болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч С.Болдсайханы согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч С.Болдсайхан жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нь тээврийн хэрэгслийн зорчигч А.Даваа, П.Цэндмягмар, З.Зана нар нь жолоочийн анхаарлыг сарниулж хоорондоо маргалдсан байх тул тэднийг дээрх үндэслэлээр шалгах, мөн амь хохирогч Д.Мишээлийг асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд нас барсан гэх гэмт хэргийн шинж А.Даваа, П.Цэндмягмар нарын үйлдэлд байгаа эсэхийг тус тус шалгаж тогтоосноор энэ гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой гэж мэтгэлцсэн боловч шүүгдэгч С.Болдсайханы гэм буруутай үйлдлийн улмаас 1 нас 5 сартай Д.Мишээлийн амь нас хохирсон шалтгаант холбоо тогтоогдсон, тээврийн хэрэгслийг С.Болдсайхан жолоодож явсан нь нотлогдсон байна.
Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2а-д “тээврийн хэрэгслийн зорчигч нь хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, жолоодлогод саад болохыг хориглосон” ба П.Цэндмягмар, Д.Даваа нар нь тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож эхлээгүй байхад буюу тээврийн хэрэгсэл А.Даваагийн гэрийн гаднаас хөдлөөгүй үед “П.Цэндмягмар нь нөхөр А.Давааг сумын төв явуулахгүй, хэрвээ явах юм бол хамт явна” гэж тээврийн хэрэгсэл дотор сууж ярилцаад, хамт явахаар тохиролцож С.Болдсайхан тээврийн хэрэгслийг жолоодож, хөдөлгөөнөө эхлүүлсэн болох нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул тэднийг жолоочийн анхаарлыг сарниулсан, жолоодлогод саад учруулж Замын хөдөлгөөний дүрмийн 6.2а-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана.” гэж хуульчилсан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд С.Болдсайханд холбогдох хэргийг шийдвэрлэж өмгөөлөгчийн дээрх үндэслэлүүдээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналыг хүлээн авах боломжгүй байна.
Харин А.Даваа болон П.Цэндмягмар нарын үйлдэлд хүүхдийн эрх, ашиг сонирхол, эрүүл мэндийн халдашгүй байдал, амьд явах эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл буюу гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа эсэхийг тусад нь шалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч С.Болдсайханы үйлдэл нь замын хөдөлгөөний дүрмээр хориглосон архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсоохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана зэрэг Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Болдсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч С.Болдсайханы гэм буруутай үйлдлийн улмаас 1 нас 5 сартай Д.Мишээлийн амь нас хохирч хүнд хор уршиг учирсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон ба шүүгдэгч С.Болдсайхан нь талийгаачийн оршуулгын зардалд 3,000,000 төгрөгийг нөхөн төлсөн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.Жавзмаа нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол, хор уршигтай холбоотой иргэний нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.Болдсайханыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Болдсайханыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Болдсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч С.Болдсайханы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Хавтаст хэргийн 113, 120-124 дэх талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, тээврийн хэрэгслийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа зэрэг баримтаар шүүгдэгч С.Болдсайхан нь 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр В ангиллын тээврийн хэрэгслийн жолооч болсон, гэрлэж байгаагүй, нэр дээр эд хөрөнгө бүртгэлгүй, ам бүл 5, аав, ээж эгч дүүгийн хамт Булган аймгийн Дашинчилэн сумын 2-р баг Дэлгэр ам гэх газар мал маллан амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.Болдсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч хэрэгт нотлогдвол зохих байдал нотлогдож тогтоогдоогүй, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналыг гаргаж байгаа хэдий ч шүүгдэгч өөрийн буруутай үйлдлийн улмаас Д.Мишээлийн амь нас хохирсонд гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаврыг ухамсарлаж, гэм буруугаа сайн дураар мөрдөн шалгах ажиллагааны шатнаас хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч С.Болдсайхан нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлоос тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийг харгалзан шүүгдэгч С.Болдсайханд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Болдсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.Жавзмаа нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд цагдан хорих нь зүйтэй байна.
Гэрч Ц.Батцэцэг нь Мazda Demio загварын 41-29 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бичиг баримт нь миний нэр дээр боловч одоо би ашигладаггүй, 2020 оны дундуур худ болох Сүхболддоо бэлэглэсэн /хавтаст хэргийн 53 дахь тал/ гэх тул хэрэгт хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн 02665082 дугаартай гэрчилгээг эзэмшигч н.Сүхболдод шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Сүхболдын Болдсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Болдсайханыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Болдсайханд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Болдсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд цагдан хорьсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Болдсайханы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан эрх хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан хугацаанаас эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч С.Болдсайхан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хураагдаж ирээгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.Жавзмаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
7. Хэрэгт хураагдаж ирсэн 41-29 УНБ улсын дугаартай Mazda Demio загварын тээврийн хэрэгслийн 02665082 дугаарын гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийн эзэмшигч Сүхболдод буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ