Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2021/0014

 

 

 

 

 

 

 2021 оны 01 сарын 06 өдөр Дугаар Ула******* хот

128/ШШ2021/0014

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, Д.Ш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан Ш.Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Ш.Ш ХХК, /

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 258 дугаар шийдвэрийн Ш.Ш ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, манай компанийн MV-******* дугаар бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээн бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгах

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ш ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2006 оноос Ашигт малтмал ашиглах, ашигт малтмалын хайгуул, кадастрын зураглал хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд Дорноговь аймгийн Д сумын нутагт байрлах нэртэй газар ашигт малтмал ашиглалтын М\/-******* дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан. Гэтэл Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 7 сарын 28-ны өдрийн 258 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй үндэслэлээр цуцалсан тухай мэдэгдлийг 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр манай компанийн Ула******* хот Сүхбаатар дүүргийн 1-р хороо, төвийн 13 давхарт байрлах оффисын байранд ирүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана, 56.3-т Энэ хуулийн 56.2-6 заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ, 56.4-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бог, тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ. 56.5-т" Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 56.4-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй... гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэхээр, ийнхүү цуцлах үндэслэл бүрдсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримт, хүсэлт хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа илэрхийлж холбогдох нотлох баримтуудаа захиргааны байгууллагад гаргах эрхтэй байхаар тодорхой хуульчилсан байна.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс манай компанид дээрх хууль тогтоомжийн дагуу МV-******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар урьдчилан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй төдийгүй энэ талаар ямар нэгэн мэдэгдлийг өгөөгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна", 43.2-т Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна, 43.5-т Захиргааны актыг хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг мэдэгдсэнд тооцно гэж тус тус заажээ.

Захиргааны ерөнхий хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд захиргааны актыг хуульд заасан журмын дагуу мэдэгдэх нь захиргааны байгууллагын үүрэг, хаяглагдсан этгээд албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр захиргааны актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцохоор тодорхой хуульчилсан байна.

Гэтэл манай компанид тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдэл хүргүүлэх талаар дээрх хуульд заасан ажиллагаа хийгдээгүй байна. Харин манай компанийн эзэмшилд байгаа ашигт малтмал ашиглалтын МV-******* тоот тусгай зөвшөөрлийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр буюу ээлжит жилийн төлбөр төлөх үед миний бие А.Г нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсад Дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19 өвчний улмаас болон Монгол улс хилээ хаасантай холбоотой хязгаарлалтад орж улмаар 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Монгол улсын тусгай үүргийн онгоцоор нутагтаа ирж 21 хоногийн албадан тусгаарлалт, 14 хоногийн гэрийн хөл хорионд байж 35 хоногийн дараа чөлөөтэй болсны дараахан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 8/3404 тоот Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг Ула******* хот Сүхбаатар дүүргийн 1-р хороо, төвийн 13 давхарт байрлах хаягаар ирүүлсэн. Уг мэдэгдэлд 2020 оны ашигт малтмал ашиглалтын М\/-******* тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх хугацаанд төлөөгүй тул 2020 оны 7-р дугаар сарын 28-ны өдрийн Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 258 дугаар шийдвэрээр цуцалсан болохыг мэдэгдсэн.

Шуудангаар ирүүлсэн мэдэгдлийг 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад компанийн өнөөгийн нөхцөл байдал, тусгай зөвшөөрлийн төлбөрийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хоцроон төлсөн болох, Кадастрын хэлтсээс Захиргааны Ерөнхий хуульд зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй болох, Ашигт малтмалын тухай хуульд болон Захиргааны ерөнхий хуульд заасан заалтуудыг зөрчин манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг ирүүлээгүй талаар, мөн энэ үед компанийн үүсгэн байгуулагч нарын эрүүл мэндэд үүссэн шалтгааны талаар тус тус дурдсан гомдлыг гаргаж, улмаар Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 258 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, мөн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн МV-******* тоот тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийн хамт төлснийг бүртгүүлэхээр хандсан.

Мөн манай компанийн зүгээс төлбөрийг хожимдуулах болсон хүндэтгэн үзэх нөхцөл байдлаа тогтоолгосон Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2020 оны 02/420 тоот Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /FORСЕ MAJEURE/-ийн гэрчилгээ-г авч Ш.Ш ХХК- ийн гүйцэтгэх захирал нь Монгол улсад нэвтрэх боломжгүй байсан үедээ компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг зохих хугацаанд нь төлж чадаагүй нөхцөл байдал нь урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг нотолж өгсөн дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад танилцуулсан боловч манай гомдлын хариунд 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1/3976 тоот албан бичгээр өгсөн хариундаа хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдсэн болно.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйлийн 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагаатай холбоотой мэдэгдлийг шууд хүргүүлэх"-ээр заасан боловч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 2020 оны 1/3976 тоот албан бичгийн 2-т Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах нөхцөл бүрдсэн талаар мэдэгдлийг ...Кадастрын хэлтсээс 2020 оны 6 дугаар сарын 22-ны 8/2922 тоот албан бичгээр хүргүүлсэн. Тус тусгай зөвшөөрлийн алдангитай байх хугацаанд буюу 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр холбогдож төлбөр алдангийг төлөх боломжтой талаар мэдэгдсэн гэж тайлбарлаж хариу өгснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т Энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан харилцааг тухайлсан хуулиар, бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна гэж Захиргааны ерөнхий хуулийн Хуулийн үйлчлэх хүрээ-г тогтоож өгсөн байхад Ашигт малтмал, газрын тосны газрын газраас сонсох ажиллагаатай холбоотой харилцааг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заалтаар тайлбарлаж байгааг зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд дээр дурдсан хууль зүйн баримт бичиг болон үйл баримтад үндэслэн манай компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх хайгуулын тусгай зөвшөөрлийг 2008 онд авч байсан. Компанийн зүгээс тусгай зөвшөөрлийг авснаасаа хойш 87.6 га газарт хайгуулын ажил явуулсан. Хайгуулын ажил явуулахад маш их хэмжээний зардал гардаг ба 936 метр тууш газар өрөмдлөг хийсэн. Үүний үр дүнд тайлан гаргаж, туршилт судалгаа явуулсны дараа Ашигт малтмал, газрын тосны газар очиж тайлангаа хамгаалж 2009 онд бүртгүүлж 2011 онд А лицензийг хүлээж авсан. Туршилт хийж А лицензийг авсны үндсэн дээр тус газарт цементийн үйлдвэр байгуулахад нэн тохиромжтой газар болох нь тогтоогдсон. Цементийн үйлдвэр байгуулах ажлын төсөл 2011 оноос хойш явагдсан. 2013 онд Бүгд найрамдах Хятад ард улсын компанитай хоногт 3200 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг байгуулж хамтран ажиллах гэрээ байгуулсан байсан. Энэ бүх ажиллагаа хийгдэж байгаад 2019 он хүрсэн. 2019 онд улс төрийн болон эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч Хятадын талаас зогсонги байдал үүсгэсэн. 2011 оноос хойш манай компани А лицензийн төлбөр төлөхөөс гадна, үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой тодорхой хэмжээний зардал гарсан. 2008 онд хайгуулын үйл ажиллагаанд нийт 500 сая төгрөг зарцуулагдсан. Дээрх асуудлын дагуу манай компанийн хувьд 2 дахь хөрөнгө оруулагч олох шаардлага гарсан. Үүний дагуу бетон зуурмагийн үйлдвэр эрхэлдэг А.Г гэх хүнтэй хамтарч ажиллахаар болсон. А.Г тай хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу А.Г ыг гүйцэтгэх удирдлагаар томилсон. А.Г нь хөрөнгө орлогынхоо асуудлыг шийдвэрлэх зорилгоор Герман улс руу 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ниссэн. 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гэхэд хөрөнгө оруулалтын урьдчилсан хэлэлцээрийг хийж ирэх төлөвлөгөөтэй явсан. Гэтэл тухайн цаг үед Монгол Улс ковид-19 өвчнөөс болж улсын хилээ хаасны улмаас Монгол Улсад эргэн ирж чадахааргүй нөхцөл байдал үүссэн. Үүний үр дүнд А лицензийн төлбөр болох 800,000 төгрөгийг төлж чадахааргүй нөхцөл байдал үүссэн. Олон жил цаг хугацаа, хөрөнгө оруулалт зэргийг хийж ирчихээд 800,000 төгрөгөөс болж А лицензийг хүчингүй болгуулна гэж байхгүй. Энэ нь хамгийн утгагүй асуудал болж хувирч байна. Бидний хийж буй үйл ажиллагаа маш чухал гэдгийг хэлмээр байна. Монгол Улс 2020 он гэхэд цементийн хомсдолд орсон байсан. Шүүхээс улс орны өнөөгийн нөхцөл байдал болон компанийн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт ажлын 10 өдрийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигчид цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэнэ гэж заасан байдаг. Цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдээллийг хүргүүлээгүй болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын албан бичиг, түүнд хавсаргасан баримтаар нотлогдоно. Мөн хавтаст хэргийн 56 дугаар хуудаст авагдсан шуудангийн лавлагаагаар албан бичгийн буцалт хийгдсэн гэдэг нь харагдаж байна. Буцалт хийгдсэн мэдээллээс харахад Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Түүнчлэн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн талаар өмгөөлөгчийн зүгээс хуульд заасны дагуу холбогдох баримтыг хариуцагч байгууллагаас нотлох баримт шаардсан. Энэ талаарх баримт байхгүй болохыг хариуцагч байгууллагаас ирүүлсэн баримтаас харагдаж байна. 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр Улсын дээд шүүхийн тогтоолын 6 дахь хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан мэдэгдэнэ гэдэгт тусгай зөвшөөрөл эзэмшигчид гардуулах буюу хүргүүлж түүнийгээ албажуулсан байхыг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Гэтэл энэ ажиллагааг огт хийгээгүй гэдэг нь нотлогдож байна. Захиргааны ерөнхий хуулийн 26-27 дугаар зүйлд сонсох ажиллагааны талаар хуульчилсан байдаг. Сонсох ажиллагааны агуулгыг авч үзвэл захиргааны актыг гаргахаас өмнө эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдэд санал, тайлбар гаргах боломжийг олгосон зохицуулалт байдаг. Хариуцагч байгууллагаас сонсох ажиллагааг хийгээгүй ба манай компанийн хувьд сонсох ажиллагаа явуулаагүй учраас санал, тайлбар гаргах боломжгүй нөхцөл байдал байсан. /FORСЕ MAJEURE/-ийн гэрчилгээ хэрэгт авагдсан байгаа. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаа гаргасан гэрчилгээ олгох журмын хүрээнд манай компанийн гүйцэтгэх захирал хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь тогтоогдож гэрчилгээ олгогдсон. Хэдийгээр гүйцэтгэх захирал нь улсын бүртгэлийн гэрчилгээний арын хуудсанд сүүлд бүртгэгдсэн хэдий ч гүйцэтгэх захирал томилсон тушаалаас үзэхэд өмнө томилогдсон гэдэг нь нотлогдож байна. 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр буюу гүйцэтгэх захирлаар томилогдоод удаагүй байхдаа гадаад улс руу явсан. 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсад буцаж ирсэн. 2020 оны 4 дүгээр сард буцаж ирэх гэж онгоцны билет захиалсан боловч цуцлагдсан. Энэ үйл баримт нь Иргэний агаарын тээврийн газрын тодорхойлолтоор нотлогдож байна. 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр эргэн ирж 21 хоногийн тусгаарлалт, 14 хоногийн гэрийн хорионд байсан ба 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс гадуур явахад чөлөөтэй болсон. 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч компанийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэдэг нь хангалттай нотлох баримтаар нотлогдож байна. Мөн компанийн үүсгэн байгуулагч нь Өвөрхангай аймаг дахь бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж байсан нь тодорхойлолт болон амбулаторийн картаар нотлогдож байна. Манай компани нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас А лицензийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж чадаагүй гэдэг нь хангалттай нотлогдож байна. Мөн цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдээллийг хүргүүлээгүйн улмаас энэ талаар мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан. Энэ талаарх баримтыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргахдаа гаргаж өгсөн. Цар тахал бүхий өвчинтэй холбоотойгоор хорио цээрийн үе нь хүндэтгэн үзэх шалтгаан болдог.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн 258 дугаар шийдвэрийн Ш.Ш ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Дорноговь аймгийн Д сумын нутагт орших нэртэй газар ашигт малтмалын ХВ-01******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/-ын 2008 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаар шийдвэрээр Ш.Ш ХХК-д 3 жилийн хугацаатай анх олгож, 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 141 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ХВ 31******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай сунгасныг бүртгэсэн байна.

Ш.Ш ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээрээ ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасныг хянан үзээд Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/-ын 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 535 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон байна.

Ш.Ш ХХК нь ашигт малтмалын МВ-******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.6-т энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги оногдуулна, 34.7-т энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална, 56.1.2 тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй... гэж заасныг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 7 дугаар сарын 28-ний өдрийн 258 дугаар шийдвэрийг гаргаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 7 дугаар сарын 28-ний өдрийн 258 дугаар шийдвэрийн Ш.Ш ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ш ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 258 дугаар шийдвэрийн Ш.Ш ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, манай компанийн MV-******* дугаар бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээн бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон дараах үйл баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаар шийдвэрээр Дорноговь аймгийн Д сумын нутаг нэртэй газар ашигт малтмалын хайгуулын ХВ-01******* дугаартай тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч Ш.Ш" ХХК-д 3 жилийн хугацаатай анх олгож, 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 141 дүгээр шийдвэрээр гурван жилийн хугацаагаар сунгасныг бүртгэсэн байна.

Ш.Ш ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээрээ ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасныг хянан үзээд Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 535 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг олгожээ.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр хариуцагчаас 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 8/2922 дугаартай албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн, хуульд заасан хугацааны дотор алданги төлөх боломжтой талаарх мэдэгдлийг тус компанийн албан ёсны хаяг болох Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Төмөрчний гудамж, Урт цагаан ******* тоот хаягт шуудангаар хүргүүлсэн, тус тусгай зөвшөөрлийн алдангитай байх хугацаанд буюу 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бүртгэлтэй утсанд /99*******/ холбогдож мэдэгдсэн байх бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй учир хариуцагч захиргааны байгууллага нь тус компанийн ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж, цуцалсан талаарх мэдэгдлийг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 8/3404 дугаартай албан бичгээр мөн дээрх хаягаар хүргүүлжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд бүрэн төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулжээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 258 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч Ш.Ш ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.

Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна, 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Ш.Ш ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн /2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх/ төлбөрөө 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой, энэ хугацаанд төлөөгүй бол нэмж 30 хүртэл хоног буюу 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дотор төлбөрийг алдангийн хамт төлөх үүрэгтэй боловч ээлжит жилийн төлбөрөө дээрх хуульд заасан хугацаанд төлөөгүй, энэ үйл баримтын талаар маргаангүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т ийнхүү цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан энэ талаарх мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэхийг хариуцагчид үүрэг болгосон байна.

Нэхэмжлэгч буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх Кадастрын хэлтсээс 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүргүүлсэн 8/2922 тоот мэдэгдлийг хүлээн аваагүй, бүртгэлтэй хаягт байгаагүй, Монгол шуудан ХК-аас 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр буцаалт хийсэн гэж маргадаг хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ гэж заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигч, хаяг, утасны дугаарын шинэчилсэн өөрчлөлтийг хариуцагч төрийн захиргааны байгууллагын К-04 маягт буюу хуулийн этгээдийн тодорхойлолтоор хариуцагчид хүргүүлээгүй, мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар мэдэгдэл хүргүүлсэн хаяг өөрчлөгдөөгүй болох нь тус тус тогтоогдож байна.

Энэ нь төрийн захиргааны төв байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4, 56.5-д заасан журмыг хангаж ажилласан тухайлбал нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлөө хүчинтэй байлгах хуулиар олгогдсон эрхийг хангажээ гэж шүүх дүгнэв.

Ийнхүү хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болон цуцалсан талаарх мэдэгдлүүдийг хариуцагчид  бүртгүүлсэн тус компанийн албан ёсны хаягаар, шуудангаар хүргүүлсэн байх тул мэдэгдлийг хүлээж аваагүй явдалд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, хуульд заасан мэдэгдэх үүргээ хариуцагч биелүүлсэн гэж үзэхээр байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан тусгай зөвшөөрөл нь цуцлагдах болсон үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлж буй зорилго нь төлбөрөө хугацаандаа төлөөгүй хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох боломжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгосон зохицуулалт болохоос мэдэгдэл авсны дараа төлбөрөө төлнө гэсэн ойлголт биш, тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлөх нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүрэг учраас төлбөр төлөөгүй шалтгаанаа ...мэдэгдэл хүлээн аваагүй-тэй холбон тайлбарласан нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Ш.Ш ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Г аас 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр компанийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр ХБНГУ-руу ажлаар яваад Ковид-19 цар тахал өвчний улмаас улсын хил хаасан тул 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тусгай үүргийн нислэгээр ирж, тусгаарлалтад байсан шалтгааны улмаас хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлөө гаргаагүй талаар дурдаж, тус компанийн хайгуулын МV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээлгэх хүсэлт гаргасныг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1/3976 албан бичгээр хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгчээ.

Дээрх хүсэлтэд ... Компанийн хувьцаа эзэмшигч Н.Т нь 06 дугаар сард Өвөрхангай аймагт аялж явахдаа ахуйн ослоос шалтгаалан тархиндаа хүнд доргилт авч, тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, тодорхой хугацаагаар хэвтрийн дэглэм барих шаардлагатай болсон. Үүнээс шалтгаалж гүйцэтгэх захирал С.Г*******ыг ХБНГУ-д гацсан нөхцөл байдалд тус компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чадваргүй нөхцөл байдалд орж тусгай зөвшөөрлийн төлбөрийн талаар арга хэмжээ авч, гүйцэтгэх захиралтай холбогдох боломжгүй нөхцөл байдалд байсан гэсэн хүсэлтийг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 09ий өдрийг хүртэл еөрнхий захирлыг өвчтэй, гүйцэтгэх захирал эзгүй байсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж дүгнэх боломжгүй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргаж өгсөн Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв-ийн тодорхойлолтоор Н.Т*******г компанийн үйл ажиллагааг огт явуулах боломжгүй хүнд өвчтэй байсан гэж тогтоогдохгүй төдийгүй түүнийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд тасралтгүй хүнд өвчтэй байсныг нотлохгүй байна.

Нэхэмжлэгч Ш.Ш ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзвэл тус компанид зөвхөн ерөнхий захирал Н.Т*******, гүйцэтгэх захирал С.Г******* нар бус, хувьцаа эзэмшигчээр Ц.Д*******, гүйцэтгэх удирдлагад З.Ж******* нар бүртгэгдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд тусгай зөвшөөрлийн төлбөрийг зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн ерөнхий болон гүйцэтгэх захирал биечлэн төлөх ёстой гэсэн хуулийн зохицуулалт байхгүй, компанийг төлөөлөн хэн ч, хаанаас ч банкаар дамжуулан гүйлгээ хийж төлөх боломжтой байсан гэдгийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгийг нотлохоор Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 02/420 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /FORCE MAJ-URE/-ийн гэрчилгээг ирүүлсэн байдаг.

Уг гэрчилгээнд Ш.Ш ХХК-аас ирүүлсэн баримт материалыг судлан үзээд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 сарын 12-ны өдрийн Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 62 дугаар тогтоолын 1, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 63 дугаар тогтоолын 1, 03 дугаар сарын 22-ны өдрийн Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай 102 дугаар тогтоолын 3 дугаар зүйлүүдийг тус тус үндэслэн Ш.Ш ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Монгол Улсад нэвтрэх боломжгүй байсан үедээ компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг зохих хугацаанд төлж чадахгүй нөхцөл байдал нь урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл (force majeure) мөн болохыг нотолж энэхүү гэрчилгээг олгож байна гэж дурджээ.

Шүүхээс уг гэрчилгээнд дурдсан нөхцөл байдал, хүчин зүйлүүдийн улмаас нэхэмжлэгч компанийг тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Иймээс нэхэмжлэгч Ш.Ш ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 87 дугаар шийдвэр хуульд нийцсэн, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болох нь тогтоогдож байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Ш.Ш ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 258 дугаар шийдвэрийн Ш.Ш ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, манай компанийн MV-******* дугаар бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээн бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Ш ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 258 дугаар шийдвэрийн Ш.Ш ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, манай компанийн MV-******* дугаар бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээн бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Ш ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР