Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 00080

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

 Нарийн бичгийн дарга С.Баянжаргал

 Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

 Хохирогч Д.Нарангэрэл

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Цэдэн, хохирогчийн өмгөөлөгч С.Чинбат нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ц.Мөнхбат-д холбогдох 201618020168 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймаг Баян-Өндөр суманд 1975 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Дуушийн ¹ 484 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ хувиараа хөдөлмөр эрхлэдэг байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Жаран овогт Цэдэвсүрэнгийн Мөнхбат. /РД:ЙГ75032818/

 

Шүүгдэгч Ц.Мөнхбат нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар баг, Шивэрийн Хуурай шаазгайт гэх газар иргэн Д.Нарангэрэлтэй хувийн таарамжгүй харьцаанаас болж маргаж улмаар Д.Нарангэрэлийн биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Мөнхбатын өгсөн..... 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Шивэрийн Хуурай шаазгайт гэх газар ах Ганзориг, дүү Мэндбаяр, Баяндэлгэр нарын хамт хадлангаа хадаж байсан. Тэгэхэд Нарангэрэл гэгч хүрч ирэн бидний хооронд хадлангийн газраас болж үл ойлголцол үүсэн маргаан гарсан. Би Нарангэрэлтэй маргалдаад энэ хүний баруун, зүүн шанаанд нь нэг нэг алгадсан. Энэ алгадсан нь  эмчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл учруулсан байсан. Би буруугаа хүлээж уучлалт гуйж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хохирогч Д.Нарангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн…. Би 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Зүүнхараагаас гэр лүүгээ явж байгаад эд нарыг хадланд гарсаныг харсан. Тэгээд очоод манай хадлангийн газар хадаж байна гэхэд Мөнхбат уурлаад намайг цохисон. Түүнээс өөр маргаан гарсан зүйлгүй. Та нар манай газар хадсан байна. Надад бичиг баримт нь байгаа гэхэд бид нар ч гэсэн бичиг баримттай гээд намайг цохисон. Би бичиг баримттай гэж хэлчихээд явж бичгээ авчирч үзүүлсэн л дээ. Эд нарт тухайн үед бичиг нь байгаагүй. Нэхэмжлэх зүйлгүй. Гомдол санал байхгүй. Би шүүгдэгч Ц.Мөнхбаттай сайн дураараа эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.

 

Гэрч Ц.Ганзоригийн хэрэг бүртгэлтэд өгсөн …… 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр би өөрийн хүү Мэндбаяр болон дүү Мөнхбатын хамт Шивэрийн Хуст толгойд хадланд гараад манай хүү манай хүү Мэндбаяр трактортой өвс хадаж байтал нэг мотоцикльтой хүн давхиж ирээд манай хүүг загнаад байгаа бололтой байхаар нь би яваад очтол манай Шивэрт байдаг Нарангэрэл байсан. Тэгээд Нарангэрэл намайг хараад чи үхээгүй байсан юм уу, танай хүү ноднин аав үхэх гэж байна гээд явж байсан гээд надруу дайрхаар нь араас Мөнхбат хүрч ирээд Нарангэрэлийн уруулруу нь нэг цохиод зүүн хацарлуу нь нэг удаа цохиод авсан юм. Тэгээд бид нарыг манай хадлангийн газар хадлаа гээд хэрэлдэж маргалдсан юм. Тэгээд л Нарангэрэл мотоцикльтойгоо яваад өгсөн юм. Мөнхбат бол архи уугаагүй байсан. Нарангэрэлээс архи үнэртэж байхаар нь би согтуу  ирж намайг өвчтэй зовлогтойгоор минь далимдуулж байгаа юмуу гэсэн чинь ангийхантайгаа ганц юм ууж болдоггүй юмуу гээд байсан гэв.

/Хх-н 25 дугаар хуудас/

Гэрч Г.Мэндбаярын хэрэг бүртгэлтэд өгсөн …… 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр би аав Ганзоригийн болон манай аавын дүү Мөнхбат манай хүргэн Баяндэлгэр нартай Шивэрийн Хуст толгой гэх газар хадлан хадаж байсан юм. Би тэр үед трактортой өвс хадаж байтал мотоцикльтой хүн тракторын урдуур ороод ирэхээр нь би зогссон чинь тэр хүн бууж ирээд манай хадланг хадлаа. Сэлэнгийнхэн давуу эрхэээр хадах ёстой, цагаач нарт хадлангийн газар байх ёсгүй гээд байсан. Тэгэхээр нь би та хэн бэ ямар учиртай хүн бэ гэсэн чинь Дэмбэрэлийн Нарангэрэл гэдэг хүн байна гээд надруу хашгачиж байтал цаанаас манай аав Ганзориг ах Мөнхбат нар ирээд мэнд ус мэдтэл Нарангэрэл нь манай аав Ганзоригийг чи үхэх болоогүй юу, яасан үхэдгүй юм бэ гээд дайртал Мөнхбат ах дундуур нь ортол Мөнхбат ахыг нүүр хэсэгрүү цохьсон чинь Мөнхбат ах Нарангэрэлийн нүүр хэсэглүү гараараа цохиод зүүн хацарлуу нь нэг удаа алгадаад авсан юм. Тэгтэл Нарангэрэл нөгөөдөр хоёр хүүтэйгээ ирнэ тэр үед чи намайг хараараа Мөнхбатаа гээд байсан. Тэр үед Нарангэрэл гэдэг хүнээс архи үнэртэж байсан. Ангийхантайгаа тараад нэг шил архи уусан, Дарханы эмнэлэгээс гараад хоёр хонож байна гэж ярьж байсан. Тэгээд Нарангэрэл яваад өгсөн юм гэв.

/Хх-н 26 дугаар хуудас/

 

             Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний акт ¹ 205.....

Шинжээчийн дүгнэлт

            МСНЭ-ийн мэс заслын эмчийн тодорхойлолт болон шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний үзлэгийг үндэслэл болгон дараах дүгнэлтийг гаргав.   

1.Шинжлүүлэгч Д.Нарангэрэлийн биед зүүн чихний хэнгэхэг цоорол, дээд уруулын дотор салстад шарх, тархи доргилт, баруун хацар, зүүн чих, уруулд зулгаралт гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацааэд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлнө.

/Хх-н 28 дугаар хуудас/

Иргэний үнэмлэхийн хуулбар /Хх-н 43 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын Минжийн хангайн 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 43 дугаар хуудас/

Ц.Мөнхбат нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МСТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 41 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.Мөнхбат нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хувийн таарамжгүй харьцаанаас болж хохирогч Д.Нарангэрэлтэй маргалдан түүний толгойн тус газарт гараараа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгч Ц.Мөнхбатын хохирогч Д.Нарангэрэлийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь тодорхой сэдэлттэй буюу хадлангийн талбайд өвс хадлаа гэх хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба Д.Нарангэрэлийн бие махбодид зүүн чихний хэнгэхэг цоорол, дээд уруулын дотор салстад шарх, тархи доргилт, баруун хацар, зүүн чих, уруулд зулгаралт бүхий гэмтэл учирсан, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.Мөнхбатын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн ба хохирогч Д.Нарангэрэл нь эмчилгээний зардалд 1.050.620 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүгдэгч нь хохирогчоос уучлалт гуйж хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрч нийт 1.800.000 төгрөгийг эмчилгээний зардалд төлсөн байх тул Ц.Мөнхбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Мөнхбатад өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:                                  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297дугаарзүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                    

Тогтоох нь:

 

1. Шүүгдэгч Жаран овогт Цэдэвсүрэнгийн Мөнхбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Мөнхбад-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Мөнхбатыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц.Мөнхбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

 

4. Ц.Мөнхбат-д өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.                               

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

                

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                   Б. ХЭРЛЭН.