Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2024/0064

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

   Р.З, Л.Н нарын нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Сайнбат

 

Нэхэмжлэгч: Р.З, Л.Н

Хариуцагч: Т а Б С ЗД

Хариуцагч: Т а Б  с Г д

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 01/277 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, 18603337422778 нэгж талбарын дугаартай газрыг өмчлөх эрх олгосон Баянчандмань сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/143 дугаар захирамжийг нөхөн гаргуулж, газрын кадастрын бүртгэлийг сэргээн Газрын мэдээллийн нэгдсэн санд оруулж бүртгэхийг Т а Б С ЗД, газрын даамал нарт даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 123/ШШ2023/0043 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М

Хариуцагч М.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 123/2022/0067/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Р.З, Л.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхчулуунаас Т а Б С ЗД, тус сумын Газрын даамал нарт холбогдуулан “... Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 01/277 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, 18603337422778 нэгж талбарын дугаартай газрыг өмчлөх эрх олгосон Баянчандмань сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/143 дугаар захирамжийг нөхөн гаргуулж, газрын кадастрын бүртгэлийг сэргээн Газрын мэдээллийн нэгдсэн санд оруулж бүртгэхийг Т а Б С ЗД, газрын даамал нарт даалгах”-аар маргасан.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 123/ШШ2023/0043 дугаар шийдвэрээр: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан Р.З, Л.Н  нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.С дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Нэгж талбарын дугаар бүхий газрын өмчлөх эрх олгосон сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/143 дугаар захирамжийг хуурамч гэх үндэслэлийн тухайд, анхан шатны шүүхээс уг захирамжийн хавсралтын 5 дугаар хэсэгт А.Д газар өмчлүүлсэн, мөн хавсралтад зөвхөн тамга тэмдэг дарагдсан байна, харин Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн А/143 дугаар захирамжийн хавсралтын 5 дугаар хэсэгт А.Д газар өмчлүүлсэн, хавсралтад гарын үсэг тамга тэмдэг дарагдсан байна” хэмээн улсын бүртгэлээс ирүүлсэн захирамжийг хуурамч гэж үзэх үндэслэлтэй хэмээн дүгнэсэн.

Энэ дүгнэлт нь уг захирамжийг гарах үед Засаг даргаар ажиллаж байсан Ц.Э-ын гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон хэмээн шүүгчийн зүгээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг агуулгыг уншиж танилцуулах үед мэдэгдсэн.

3.2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана” хэмээн заасан байдаг. Анхан шатны шүүхийн зүгээс шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг уншиж танилцуулах үед “маргаан бүхий газрын өмчлөх эрх олгосон Засаг дарга Ц.Э-ын гэрчийн мэдүүлгээр захирамжийн хавсралтад гарын үсэг зурдаггүй болох нь тогтоогдож байна” хэмээн танилцуулсан. Тус хуулийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн тус шийдвэр нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болсон.

3.3. Гэтэл 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/143 дугаар захирамжийг тухайн үед Баянчандмань сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Б гэх хүн гарын үсэг зурж баталгаажуулсан байтал тус захирамжийг гарах цаг хугацаанд сумын Засаг даргаар ажиллаж байгаагүй, тус захирамжтай огт хамааралгүй этгээдийн гэрчийн мэдүүлгийг үндэслэл болгон шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

3.4. Тус хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтээс харахад “газар өмчлөх эрх олгосон захирамжийг урьдаас хуурамч гэх хөдөлбөргүй итгэл үнэмшилтэйгээр” маргааны шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэсэн ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, бодитойгоор үнэлэлгүйгээр, баримтаар тогтоогдоогүй нөхцөл байдлыг үндэслэл болгон А/143 дугаар захирамжийг хуурамч хэмээн үзсэн байна.

3.5. Мөн хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээс үзвэл Д.Г нь 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/143 дугаар захирамжийг хуурамчаар үйлдсэн, хавсралтыг нь сольсон гэх мэдүүлэг огт өгөөгүй байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс тухайн захирамжийг хуурамчаар үйлдсэн байна хэмээн үзэж буй нь хэт нэг талыг барьсан дүгнэлт юм.

3.6. Түүнчлэн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын архивт байх А/143 дугаар захирамжийн хавсралтад заасан иргэд, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн А/143 дугаар захирамжийн хавсралтад байх иргэд бүгд газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй, тухайн газрууд нь бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтын газартай давхцалгүй байдаг. Өөрөөр хэлбэл, нэг захирамжийн дагуу хавсралтад дурдсан иргэдэд газар өмчлөх эрх олгогдсон байтал А/143 дугаар захирамжийг хуурамч гэж үзсэнээр тухайн захирамжаар өмчлөх эрх нь үүссэн бүх иргэдийн газар өмчлөх эрх хүчингүй болох юм.

3.7. Анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл болгосон Төв аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 122 дугаартай тогтоолд “Газрын даамал нь 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн тус сумын Засаг даргын “Газар өмчлүүлэх тухай захирамж”-ийг хуурамчаар үйлдэж бусдад газар олгосон болох нь тогтоогдож байгаа боловч уг хэрэг үйлдсэнээс хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн байна” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл прокурорын тус тогтоолоор 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/168 дугаар захирамжийг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон.

Харин нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой захирамж болох 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/143 дугаар захирамжийг хуурамч болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байхад дээрх байдлаар шууд нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэрчийн мэдүүлгийг үндэслэл болгон нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулалгүйгээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

3.8. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн газрыг Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэгт заасан газрыг нэг удаа үнэгүй өмчлөх эрхийн дагуу олж аваагүй, худалдах худалдан авах гэрээний дагуу олж авсан. Мөн тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан заасны дагуу тухайн газруудыг анх худалдан авах үед газар тус бүрд Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байсан. Тиймээс тухайн үед тус газрууд нь ямар нэгэн эрхийн зөрчилгүй байсан. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч нь тус газруудын шударга өмчлөгч юм.

3.9. Хэрэгт цугларсан нотлох баримтаар 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/143 дугаар захирамжийн хавсралт нь хоёр өөр болох нь тогтоогддог. Мөн тус хоёр өөр хавсралтад нэр заагдсан бүх иргэд өнөөдрийн байдлаар газар өмчлөх эрх нь үүсч, газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37.4 дэх хэсэгт зааснаар дээрх захиргааны акт нь нэхэмжлэгчийн хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байхаар байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох зохицуулалт тусгагдсан бөгөөд хүчингүй болгох үндэслэлд тус 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/143 дугаар захирамж хамаарахгүй тул тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлэх учиртай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч газар өмчлөх эрхийг шударгаар олж авсан, холбогдох бичиг баримтыг тухайн цаг үед газрын даамалд бүрдүүлж өгч өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байхад тухайн цаг үед нь анхны өмчлөгчийн захирамж хуурамч, хүчингүй гэж мэдэгдээгүй, дурдаагүй атлаа Газрын мэдээллийн нэгдсэн сангаас хасаж байгаа нь захиргааны байгууллагад итгэх иргэний итгэлийг алдахаас гадна захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоогүй гэж үзэх үндэслэлтэй.

3.10. Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 123/ШШ2023/0043 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн, мөн нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

3. Р.З, Л.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-аас анх Т а Б С ЗДд холбогдуулан “Р.З, Л.Н нарын Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхгүй байгаа буюу захиргааны акт гаргахаас татгалзсан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 01/277 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, газрын кадастрын бүртгэлийг сэргээн, Газрын мэдээллийн нэгдсэн санд оруулж бүртгэхийг Т а Б С ЗД-д даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж,

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 01/277 тоот шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, Р.З, Л.Н нарын өмчлөлийн газрын кадастрын бүртгэлийг сэргээн Газрын мэдээллийн нэгдсэн санд оруулж бүртгэхийг Т а Б С ЗД болон газрын даамалд даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг өөрчилсөн.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь олгосон эрхийн хүрээнд, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “... 18603337422778 нэгж талбарын дугаартай газрыг өмчлөх эрх олгосон Баянчандмань сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/143 дугаар захирамжийг нөхөн гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн боловч хэргийг хянан шийдвэрлэсэн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд уг нэмэгдүүлсэн шаардлагаас татгалзаж буйгаа илэрхийлсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасантай нийцсэнгүй.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Б.Мөнхчулуунаас гэрчийн мэдүүлэг авч, түүнийг нотлох баримтаар үнэлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.10-д “Дараахь хүнийг гэрчээр дуудах болон мэдүүлэг авч болохгүй:”, 37.10.1-д “үүргээ гүйцэтгэх замаар хэргийн нөхцөл байдлыг мэдэх болсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч”, 34 дүгээр зүйлийн 34.5-д “Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасантай нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно.

7. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 123/ШЗ2023/0127 дугаар захирамжаар А.Д-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан ч нэхэмжлэлийн хувийг гардуулж, тайлбар авах ажиллагаа явуулаагүй, Монгол улсын хилээр гарсан гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдох тул өмчлөх эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлсэн түүний хувьд шүүхийн шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл үүссэн эсэхийг харьцуулан дүгнэж, цаашид оролцуулах шаардлагатай эсэхийг шийдвэрлэсний үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх нь зүйтэй.

8. Маргааны үйл баримттай холбогдуулан, хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд Р.З, Л.Н нарт шилжүүлэн бүртгэсэн 5000 кв.м газрын өмчлөх эрхийг Баянчандмань сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/143 дугаар захирамжаар анх А.Д-д олгох үед уг газар нь сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд өмчлүүлэхээр тусгасан газарт хамаарч байсан эсэх нь бүрэн тогтоогдохгүй байна.

9. Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 07/76 дугаар албан бичгээр “... 18603337422778 нэгж талбарын дугаартай газар нь сумын 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байршилд олголт хийгдсэн. Шинэ кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй”, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 07/1245 дугаар албан бичгээр “... 18603337422778 нэгж талбарын дугаар нь 2017 он хүртэл хэрэглэж байсан хуучин кадастрын мэдээллийн санд Р.З-гийн нэр дээр бүртгэгдсэн байна” гэж, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн Улсын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системийн лавлагаанд “А.Д нь газар нэг удаа үнэгүй өмчлөөгүй болохыг тодорхойлов” гэж, Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн А/143 дугаар захирамжийн хавсралт болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10/07 дугаар тогтоолоор баталсан сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд шинээр өмчлүүлэх байршилд Поошигт нэртэй газар тусгагдаагүй байх тул шүүхээс уг үйл баримтыг эргэлзээгүй байдлаар шалган тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой болно.  

10. Түүнчлэн Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газраас тус тус нотлох баримтаар ирүүлсэн, Баянчандмань сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/143 дугаар захирамжийн хавсралтууд хоорондоо зөрүүтэй, улсын бүртгэлийн байгууллагаас А.Д-ийн газар өмчлөх эрхийг баталгаажуулж, улмаар нэхэмжлэгч нарт шилжүүлэн бүртгэсэн улсын бүртгэл хүчин төгөлдөр байхад анхан шатны шүүх “А.Д-д газар өмчлөх эрх хуульд заасан журмын дагуу олгогдоогүй, тухайн газрыг өмчлөх эрхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

11. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газарт хоорондоо зөрүүтэй байдлаар хадгалагдаж байгаа сумын Засаг даргын 2016 оны А/143 дугаар захирамжийн хавсралтад нэр заасан иргэдийн хэн нь Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан газрыг зохих журмын дагуу өмчилж, кадастрын мэдээллийн санд бүртгүүлсэн зэрэг хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай.

12. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлж, нэхэмжлэлийн шаардлага хийгээд хэргийн нөхцөлд байдлыг бүрэн тодруулж дүгнээгүй, хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм. 

13. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

14. Хэрэгт хамтран хариуцагчаар оролцсон сумын Газрын даамал М.А-д хэргийн оролцогчийн эрх, үүрэг тайлбарласан талаар баримтжуулаагүй, хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн зэрэг нь тухайн асуудлаар хэргийн оролцогч гомдол гаргасан эсэхээс үл хамааран, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1 Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 123/ШШ2023/0043 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

              ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

 

 

              ШҮҮГЧ                                                                     Г.МӨНХТУЛГА

 

 

             ШҮҮГЧ                                                                      З.ГАНЗОРИГ