| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2022/0533/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/560 |
| Огноо | 2022-06-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/560
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Алтнай,
Улсын яллагч Ц.Майбаяр /томилолтоор/,
Шүүгдэгч Н.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хянга овогт Нэргүйн Баянхангайд холбогдох эрүүгийн 2211 000000 169 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Н.Б 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймаг, Улиастай суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютерын инженер мэргэжилтэй, хувиараа ажилтай, ам бүл 7, эх, дүү нарын хамт Улаанбаатар, Завхан аймгийн Улиастай Өлзийт багийн Баялагийн 6 дугаар гудамжны 8 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянгол дүүргийн 7 дугаар хороо гэмтэл согог судлалын үндэсний төвийн ард байрлах байр түрээслэн суудаг, урьд ял шийтгэж байгаагүй,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 1 дүгээр сарын 13-аас 14-ний шилжих шөнө фэйсбүүкээр Э.Хтэй Г.Нарка болон Н.Карлъ нэрээр холбогдож Самсунг А52 утсыг нь 750.000 мянган төгрөгөөр худалдаж авахаар итгүүлэн, маргааш нь уулзан утсаа өгч байдаа гэж хуурч аваад зугтаасан байна. энэ нь чингэтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бөгөөд утсыг 724.600 төгрөгөөр үнэлсэн болох нь:
Шүүгдэгч Н.Бгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Н.Бгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө өөрийн Н.Карло болон Г.Нарка гэсэн фейсбуук хаягаар Хэ Ка гэсэн фейсбуук хаяг руу утсаа зарах уу гэж чат бичсэн. Тэгтэл тэр Хэ Ка гэх хаягнаас надад утсаа 750.000 төгрөгөнд зарна гэсэн хариу ирэхээр нь би маргааш авъя гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 16-17 цагийн хооронд Гандангийн автобусны буудал дээр цэнхэр куртиктай намхан махлахдуу охинтой уулзсан. Тэгээд би тэр охины хамтаар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, цагаан байрны орчим очоод цэнхэр өнгийн Самсунг А52 загварын гар утсыг нь шалгаад өгье, ярьж үзэх хэрэгтэй байна холдож байгаад чам руу залгаж үзээд хэр сонсогдохыг нь үзье гэж хэлээд тэр охиноос утсаа авангуутаа шууд зугтааж чигээрээ гүйж тэр охиноос холдоод эзэнгүй хашаанд ороод нуугдаад 1 цаг орчим хүлээгээд явахаар нь тэндээсээ өөрийн амьдарч байсан байрандаа орсон..Маргаан нь би утсыг Заяат гэх дэлгүүр 530.000 төгрөгөөр ломбарданд тавьсан..” гэсэн мэдүүлэг /хх-25-26, 38-39/,
Хохирогч Э.Хгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 1 сарын 13-аас 14-ний шилжих шөнө фэйсбүүкээр Г.Нарка болон Н.Карлъ нэрээр холбогдоод Самсунг А52 утас байгаа юу гэсэн. Тэгээд би зургийг явуулаад байгаа гэж хэлсэн. Утсаа хэдээр зарах вэ? гээд 750.000 мянган төгрөгөөр зарна гэсэн. Фэйсбүүк чатаар Маргааш уулзаад авна гэвэл дундаа уулзана гэж хэлсэн. Манай ажил Баянбүрдийн тэнд учраас тийшээ дөхүүлээд өгч болох уу? гэхээр нь болно маргааш өдөрхөн очих байх шүү гэсэн чинь намайг гэрээсээ гарахдаа хэлээрэй гэж хэлсэн. Би гэрээсээ гарахдаа одоо гарч байна шүү гэж чат бичсэн. Тэгээд би найзтайгаа уулзаад тэгсэн нөгөө залуу ирсэн тэгээд бид 3 гэр хороолол дундуур гараад цагаан байрны автобусны буудлын ойролцоо ирээд. Нийтийн байрны хашаа руу орсон. Нөгөө залуу ийшээ ороод утсыг чинь авна гэсэн хүнийг дуудаадахъя гээд орчоод ганцаараа гарч ирээд заа утсыг одоо үзье гэж хэлээд миний утсыг үзсэн. Буцаагаад надад өгсөн зарах үнэ 750.000 мянгатэй гээд манай найзын дансыг авсан. Тэгээд утсан дээрх юмнуудаа устгачих гэж хэлсэн. Би утсан дээрх юмнуудаа устгаад байж байсан чинь надаа өгч бай нэг шалгаадахъя гэж хэлээд аваад зугтсан, манай найз араас нь хөөсөн чинь барьж авч чадаагүй. Тэр эрэгтэй хүн саарал бор өнгийн саравчтай малгайтай, цэнхэр хар өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй, хар өнгийн ботинктой байсан. Өндөр нь 165 см орчимтой, бор царайтай залуу байсан..” гэсэн мэдүүлэг /хх-18-19, 22-23/,
Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би ямар хэргийн учир цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг мэдэж байгаа. 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр бид хоёр таарамж муутай байсан. Тэгсэн Н.Б гарчхаад ирнэ гэж хэлээд гараад явсан. Тэгээд би хэсэг унтчихсан байсан тэгсэн хаалга цохиод Н.Б орж ирсэн гаднаас орж ирэхдээ амьсгаадсан байдалтай байсан. Тэгээд хэсэг хугацаанд хэвтэж байгаад цэнхэр өнгийн гар утас гаргаж ирээд утсаа ухаад хэвтээд байсан. Анх орж ирэхдээ надад нэг гар утас аваад ирлээ яаж авснаа тухайн үед хэлж байсан тэгэхлээр нь би жаахан тайвшраа гэж хэлээд хэвтүүлсэн. Тэгээд тэр гар утсыг маргааш өдөр нь буюу 1 дүгээр сарын 15-ний өдөр 1 хороололд байх Заяа гэсэн нэртэй ломбардад 530.000 төгрөгөөр барьцаанд тавьсан ..” гэсэн мэдүүлэг /хх-28/,
Иргэний нэхэмжлэгч Н.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “.. 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ... Нэргүй овогтой Баянхангай гэж жижиг биетэй намхан залуу нэг охины хамтаар ирж Самсунг А52 загварын чирнээлин ягаан өнгийн гар утсыг 530.000 төгрөгийн үнэлгээтэй тавьсан..” гэсэн мэдүүлэг /1хх-61/,
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-7/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-13/, Эд мөрийн баримтыг хураан авах тухай тогтоол /хх-56/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-30-31/, шүүгдэгч Н.Бн Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-43/, шүүгдэгч Н.Бн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-44/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-47/ Асап сангийн лавлагаа /хх-48-50/, Эд зүйлс эрэн сурвалжилсан бүртгэл /хх-52-53/, Заяат ломбардны бичиг /хх-62/, зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Б нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч Б.Баянхангайгийн бусдыг эд зүйлсийг худалдаж авъя, өгч бай гэж хуурч авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн дээрхи гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй бөгөөд прокуророос зүйлчилсэн Эрүүгийн хуулийн зүйл заалт зөв байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Б нь шүүх хуралдаан болохоос өмнө 14 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон 1 хоногийг 8 цагаар тооцон нийт 112 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч тооцон, түүний биечлэн эдлэх ялыг 608 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Хохирогч утсаа биет байдлаар буцаан хүлээн авсан, шүүгдэгч Н.Б нь иргэний нэхэмжлэгч Н.Б 530.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Бн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Б Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бн цагдан хоригдсон 14 хоногийн 1 хоногийг 8 цагт тооцон нийт 112 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч тооцон түүний биечлэн эдлэх ялыг 608 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Бд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР