Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 134/ШШ2018/00083

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М-д холбогдох

гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, хариуцагч М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б нь хариуцагч М-д холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 онд М-тэй танилцаад 2014 онд гэрлэлтээ батлуулж амьдарсан ба энэ хугацаанд хүү М төрсөн. Би М-тай хамтран амьдарч чадахгүй болсон. Шалтгаан нь сэтгэл санаа, зан ааш нь таарч тохирохгүй, мөн М нь хааяа гар хүрч архи, пиво ууж мөрийтэй тоглож гэр орноо авч явж чадахгүй, амьдралын идэвхи байхгүй. Би хүүхдээ хаяж яваагүй, бид 2 ажилтай болоод түр зуур эгчийнд нь үлдээж байсан. Би одоо хотод ахындаа түр амьдарч байгаа. Иймд миний хувьд ирээдүйн амьдралаа бодож салахаар шийдсэн учир гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэв.

Хариуцагч М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Б миний араар нэг залуутай явдаг байсан, тэрэнтэйгээ одоо хамт хотод амьдардаг гэсэн. Одоо жирэмсэн болсон. Б хүүхдээ дөнгөж 1 настай байхад нь үхээд өгөөч, миний амьдралд гай болсон гээд зодоод байхаар нь би нэг удаа алгадаж унагаасан. Би хөдөө явж ажилладаг, гэтэл араас байнга утасдаад хүүхдээ ирж ав гээд тайван ажил хийлгэдэггүй. Гадуур, найз нөхөд дээрээ очиж хоноод гэртээ ирэхээ больсон. Тэгээд нэг өдөр ирээд чамаас сална гээд хамаг хувцсаа аваад явсан. Би хүүхдээ өөрийнхөө асрамжинд авах хүсэлтэй байна. 1 настайд хаяж яваад 2017 оны 08 сард буцааж авсан гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б нь хариуцагч М-д холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Б, хариуцагч М нар нь 2013 онд танилцаж, 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр албан ёсоор гэр бүл болж, гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн байх ба хамтын амьдралын хугацаанд 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүү М төрсөн болох нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Эрүүл мэндийн төвийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн М-ын эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт, М-ын 42040000-- дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дугаар багийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1-- дугаартай ...Б нь хүүхдийн хамт оршин суудаг тухай тодорхойлолт, М, Б нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, талуудын маргаангүй тайлбар зэргээр тогтоогдож байна.

            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч ...талууд цаашид эвлэрэн хамт амьдрах боломжгүй үндэслэлээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0- дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тэмдэглэл-ээр уг ажиллагааг дуусгавар болгосон байна.

Хариуцагч М нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн, гэрлэгчдийн хооронд зан харилцааны таарамжгүй байдал үүссэний улмаас цаашид хэн аль нь эвлэрэн хамтдаа амьдрах хүсэл сонирхолгүй байдлаа илэрхийлж гэрлэгчид харилцан тохиролцсон, тодорхой хугацаанд тусдаа амьдарсан, эхнэр Б нь өөр бусадтай эр эмийн харилцаа үүсгэж жирэмсэн болсон зэрэг байдлыг үндэслэн тэднийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр, гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь хүүхдийн асрамж, тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаангүй үүсгээгүй хэдий ч хариуцагч М нь хүү М-ыг өөрийн асрамжинд үлдээж өгнө үү гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан байна.

Гэтэл талуудын хэн аль нь цаашид хүүхэд амьдрах газрыг шүүхээс тогтооход шаардлагатай нөхцөл байдлууд болох эцэг, эх нь хүүхдийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх боломж, ахуйн нөхцөл бололцоо, өөрсдийн ёс суртахууны болон хувийн шинж чанарууд, хүүхэд хэндээ илүү ээнэгшин дассан байдал, өөрсдийн оршин сууж буй газрын нөхцөл байдал, ажил хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн нөхцөл бололцоо зэргийг нотлох баримтуудыг гаргаж ирүүлээгүй байх тул шүүх хүүхдийн насны /бага настай/ байдлыг харгалзан хүү М-ыг эх Б-ын асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй талаараа ...цаашид би өөрөө хүүхдээ тэжээн тэтгээд явах бүрэн боломжтой гэж тайлбарласан тул шүүх тэтгэлэг тогтоох шаардлагагүй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72 000 төгрөгнөөс нэхэмжлэлийн шаардлагад ноогдох 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 800 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар М, Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү М-г эх Б-н асрамжинд үлдээсүгэй.

3.Зохигчид хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

4.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэлт цуцлуулсан иргэн нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 10 хоногийн дотор гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлэхийг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72 000 төгрөгнөөс 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 800 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч М-ээс 70 200 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Б-д олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.