Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2018/00030/И |
Дугаар | 134/ШШ2018/00090 |
Огноо | 2018-05-15 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 134/ШШ2018/00090
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: К-д холбогдох
тус коллежийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/-- дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г, түүний өмгөөлөгч Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхсан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тус сургуулийн захирал О-ын гаргасан сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Энэ тушаалаар нийгмийн ажилтан нь хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн заалтаар арга хэмжээ авагдсан. Тухайн үед надад ямар үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан талаар ойлгомжгүй, хэн ч тайлбарлаж хэлээгүй, явцын дунд прокуророос ирсэн албан бичгийн хариу хоцроосон, мөн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн албан мэдэгдлийн дагуу арга хэмжээ авсан гэж тайлбарласан. Миний бие энэхүү хоёр үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь миний бие 12 дугаар сарын 01-11 хүртэл эмнэлэгт хэвтсэн. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өглөө ажилдаа ирээд ажлын төлөвлөгөөгөө гаргасан, миний хар дэвтэр дээр бичээстэй байгаа. Тэгэхэд захирал намайг өрөөндөө дуудаж чи 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 5 хоног сургалтанд явах боллоо гэж хэлсэн. Би дэвтэр дээрээ нэмэлт төлөвлөгөө гаргаж тухайн Прокурорт явах байсан тайланг ирээд явуулах төлөвлөгөө гаргасан. Тухайн тайлант бичгийн хариу 12 дугаар сарын 20-ны өдөр явах ёстой байсныг би мэдэж байсан учраас тайлангаа бичиж өгчихөөд явъя гэж бодоод 2017-2018 онд хийсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын бүх тайлангаа бичсэн. Тэгээд олон хоногийн өмнө бичээд өгөхөөр хаягдчих болов уу гээд өөрийн компьютер дээрээ хадгалж орхиод 2018 оны 12 дугаар сарын 18-ны өглөө ирээд тухайн тайланг бичиг хэрэг Анхсүрэнд өөрийнхөө томилолтын хамт ширээн дээр нь тавьж өгсөн. Тэгэхэд ямар нэгэн бичиг тэмдэглэгээ хийлгүй авсан мөртлөө миний томилолтыг нягтланд өгсөн байсан. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө 24 цагийн үед Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ажилтан Нандинзаяа гэдэг эмэгтэй намайг гэртээ унтаж байхад залгаж маргааш ямар нэгэн үйл ажиллагаа болох гэж байгаа талаар хэлэхэд нь би манайх руу албан тоот өгчихөөрэй гэж хэлсэн. Маргааш өглөө нь би сургалтын албан дээр очиж манай сургуульд ямар нэгэн албан бичиг ирсэн үү? өнөөдөр ямар нэгэн үйл ажиллагаа болно гэж байх шиг байсан гэхэд Ганчимэг багш тийм тийм гээд намайг өрөөндөө дагуулж ороод надад тэр бичгийг харуулсан. Тэгээд би жижүүр багшид ангиудаар яваад зарлачих гэж үүрэг даалгавар өгсөн байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн өдрийн жижүүр багш нарт танилцуулж үүрэг өгөөд, надад үүрэг болгож өгөөгүй гэж ойлгоод өөрийнхөө тухайн өдрийн төлөвлөгөөт хийх ёстой байсан ажлаа хийж гүйцэтгэсэн. Мөн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга миний нэрийг цохож, миний хөдөлмөрлөх эрхэд хөндлөнгөөс халдаж албан бичиг хүргүүлсэн байдлыг миний бие ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Энэ мэдэгдлийн дагуу надад сахилгын шийтгэл ногдуулсан байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд К-ийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/-- тоот тушаалыг хүчингүй болгож, 2018 оны 2-4 дүгээр саруудын ур чадварын нэмэгдэл, нэгдүгээр улирлын үр дүнгийн гэрээний зөрүү нийт 498 934 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус сургуулийн нийгмийн ажилтан Г нь К-ийн хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Хөдөлмөрийн гэрээний 3.4.1, 3.4.2, 3.4.3, 3.4.11 дэх заалтуудыг үндэслэн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд К-н захирлын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/-- дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г нь К-ын захирлын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/-- дугаартай Г-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шийтгэлтэй холбоотойгоор олгогдоогүй 2018 оны 2,3,4 дүгээр сарын ур чадварын нэмэгдэл 456 342 төгрөг, 2018 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллын зөрүү 42592 төгрөг, бүгд 498 934 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Хариуцагч талаас шийтгэл ногдуулсан тушаал үндэслэлтэй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитойгоор харьцуулан дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:
Нэхэмжлэгч Г нь К-ийн нийгмийн ажилтнаар ажилладаг бөгөөд талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолт, цалингийн картууд, талуудын маргаангүй тайлбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулах эрхтэй ба тус коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч О нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Б/18 дугаар тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Нийгмийн халамжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8, Политехник коллежийн Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.2.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.5, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх заалтыг тус тус үндэслэн Тус сургуулийн нийгмийн ажилтан Г нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, нийгмийн ажилтны үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр Сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Ажил олгогч дээрх тушаалдаа ажилтны хэзээ гаргасан, ямар үйл баримттай холбоотой зөрчилд хариуцлага тооцсон талаараа тодорхой тэмдэглээгүй, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М нь ...манай байгууллага хөдөлмөрийн гэрээний 3.4.1, 3.4.2, 3.4.3, 3.4.11 дэх заалтуудыг үндэслэн ажилтанд сахилгын шийтгэл оногдуулсан гэж тайлбарлаж, хариу тайлбараа нотолж Э, А нараас гэрчийн мэдүүлэг авахуулж, Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01 тоот Мэдэгдэл хүргүүлэх нь гэсэн албан бичиг, Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00017-- тоот шийтгэлийн хуудсыг шүүхэд ирүүлсэн байна.
Харин нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолж хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажил байдлын тодорхойлолт, цалингийн картууд, 2017 оны 4 дүгээр улирлын ажлын тайлан, нийгмийн ажилтанд цохолт хийсэн баримтууд, тус коллежийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 13 тоот албан бичиг, Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 16 тоот албан бичиг зэргийг шүүхэд гаргаж, М, Г, Д, Э, Б нарыг гэрчээр асуулгажээ.
Ажил олгогчийн гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар шийдвэрт баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчилтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулиудад нийцнэ.
Гэтэл ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулсан тушаалдаа баримталсан Нийгмийн халамжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8, Политехник коллежийн Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.2.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.5 дахь заалтуудыг зөрчсөн үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтуудаа шүүхэд цуглуулж, гаргаж өгөөгүй байна.
Харин талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нийгмийн ажилтан Г-ыг Прокурорын газраас ирүүлсэн мэдэгдлийн хариуг хугацаанд нь хүргүүлээгүй, Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан Хуулиа мөрдье-21 аяны нээлтийн үйл ажиллагаанд оюутнуудыг оролцуулаагүй хэмээн буруутгаж, хөдөлмөрийн гэрээний 3.4.1, 3.4.2, 3.4.3, 3.4.11 дэх заалтуудыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэхээр байна.
Иймд зөрчил тус бүрээр дүгнэн үзвэл:
1.Хариуцагч нь нийгмийн ажилтан Г-г Прокурорын газраас 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр /гэрч А-ын мэдүүлгээр/ ирүүлсэн мэдэгдлийн хариуг хугацаанд нь хүргүүлээгүй гэж буруутгасан нь дараах байдлаар нотлогдохгүй байна.Үүнд:
Хаанахын Прокурорын газраас, хэзээ, ямар агуулгатай бичиг ирүүлсэн, Г-т хэрхэн хариуцуулсан, хариуг нь хэзээ хүргүүлэх ёстой байсан, ямар учраас Г-ийг хариуг хугацаанд хүргүүлээгүй гэж үзсэн талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Тухайлбал уг асуудалтай холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж Прокурорын мэдэгдлийн хариуг хугацаанд нь ирүүлээгүй үндэслэлэээр тухайн байгууллагыг 1 000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан /хх-ийн 72/ байх бөгөөд зөрчил хянан шалгасан цагдаагийн албан хаагч, гэрч Э-ыг ...Зөрчилтэй холбоотойгоор А, Г нараас гэрчийн мэдүүлэг авсан. Гэрэлцэцэг болохоор хариуг нь боловсруулаад хугацаатай явах бичиг шүү гэж хэлээд Анхсүрэнд өгсөн гэж хэлдэг гэсэн, гэрч А-ынн ...Г надад тайлан хүлээлгэж өгөөгүй гэсэн мэдүүлэг, Нийгмийн ажилтан Г-ийн 2017 оны 4 дүгээр улирлын ...Аймгийн Прокурорт ГХУС ажлын тайлан гаргаж хүргүүлсэн гэсэн тайлан, нэхэмжлэгчийн өдөр тутмын ажлаа төлөвлөдөг гэх тэмдэглэлийн дэвтэр, нэхэмжлэгч Г-ийн шүүх хуралдаанд гаргасан ...2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр уг мэдэгдлийн хариуг хүний нөөц, бичиг хэргийн ажилтан А-д хүлээлгэж өгсөн гэсэн тайлбар, зэргийг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч Г нь сахилгын зөрчил гаргасан гэж үзэхэд эргэлзээтэй байна.
Өөрөөр хэлбэл Прокурорын мэдэгдлийн хариуг хугацаанд нь ирүүлээгүй үндэслэлээр байгууллагад захиргааны шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг үндэслэж нийгмийн ажилтан Г-д хариуцлага тооцох боломжгүй.
Учир нь нийгмийн ажилтан Г нь сургуулийн захирлын зүгээс уг мэдэгдлийн хариуг явуулах үүргийг өөрт нь даалгасан гэдэгт маргаангүй боловч Хөдөлмөрийн гэрээний 3.4.3, 3.4.11 дэх хэсэгт заасан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь үл биелүүлэх, ажил үүргийн хуваарийн дагуу тайлан мэдээг хугацаандаа өгөөгүй, мэдээллийг санаатай хоцроох гэснийг зөрчсөн гэдэг нь баримтаар нотлогдоогүй байхад түүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм.
2.Нэхэмжлэгч Г нь Хөдөлмөрийн гэрээний 3.4.1-т зааснаар ажил олгогчийн өмнө хүлээсэн хөдөлмөрлөх үүргээ ажлын байрны тодорхойлолтын дагуу гүйцэтгэх, 3.4.3-т зааснаар ...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх үүргээ зөрчсөн болох нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна.
Тухайлбал нэхэмжлэгч Г нь сургуулийн нийгмийн ажилтны хувьд ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд 3.Хүүхэд бүрийн сурах, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхийг баталгаажуулах, 4.Суралцагчийн эрхийн хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийх, хянах, үнэлэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах гол үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй байтал сургалтын менежер Г-ын өгсөн үүрэг даалгаврын дагуу Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зохион явуулсан Хуулиа мөрдье-21 аяны нээлтийн үйл ажиллагаанд оюутнуудыг оролцуулаагүй болох нь Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01 тоот Мэдэгдэл хүргүүлэх нь гэсэн албан бичиг, Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай албан бичиг, гэрч Г-ын ...ирсэн бичгийг үзүүлэхдээ жижүүр багшаар зар тараалгасан байгаа, энэ цуглаанд хүүхдүүдээ оруулаарай гэж хэлсэн. Хичнээн өөрт нь цохож өгөөгүй ч гэсэн өөрөө урьд нь надаас асууж байсан. Тэгэхээр хүүхдүүд маань арга хэмжээндээ явж байна уу үгүй юу гээд хяналтаа тавиад явахад болохгүй юм байхгүй. Жижүүр багш зар тараасан ч гэсэн өөрөө хүүхдүүдээ явуулах л ёстой гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Хэдийгээр нэхэмжлэгч Г нь ...сургалтын албанаас надад үүрэг даалгавар өгөхдөө бичгээр цохолт хийж өгдөг. Тэр өдрийн албан бичгийг сургалтын менежер Г надад цохолт хийж өгөөгүй гэж тайлбарлаж байх байх боловч гэрч Г-н ...яг тэр албан бичгийн тухай Г-ийн хувьд ирэхээс нь өмнө мэдсэн байсан. Надаас лавлаад асуусан, хүүхдүүдээ хамруулах ёстой гэдгээ өөрөө мэдсэн. Би тэр бичгийг өөрт нь харуулаад үзүүлсэн учраас тэрэн дээр заавал цохох шаардлага байхгүй байсан гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл удирдах албан тушаалтнаас ажилтанд заавал бичгээр үүрэг даалгавар өгөгдөх ёстой гэснийг нотлох баримт байхгүй байна.
Гэхдээ шүүх уг зөрчилд заавал сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй байжээ гэж үзэв. Учир нь:
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа түүний гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагавар зэргийг харгалзан үзэж шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцнэ. Гэтэл ажилтны гаргасан зөрчлийг хэрхэн шалгаж, хариуцлага хүлээлгэсэн нь тодорхойгүй байна.
Тухайн үйл баримтаас үзэхэд Хуулиа мөрдье-21 аяны нээлтийн үйл ажиллагаанд хамрагдах талаар оюутнуудад жижүүр багш буюу гэрч Б-ийн ...Борхүү багш бид хоёр зар тараасан гэсэн мэдүүлгээр зар тараасан болох нь нотлогдож байх бөгөөд оюутнууд тухайн үйл ажиллагаанд оролцох талаар мэдсэн боловч оролцоогүй явдалд нийгмийн ажилтныг шууд буруутгах боломжгүй байна.
Тухайлбал Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 7/-д зааснаар монгол улсын иргэн сурч боловсрох эрхтэй болохоос үүрэггүй.
Түүнчлэн хэрэгт авагдсан тус сургуулийн сургалтын менежер, сургуулийн захирал нараас олгосон ажил байдлын тодорхойлолт, 2017 оны 4 дүгээр улирлын ажлын тайлан, гэрч Г-ийн ...ажилдаа бол хариуцлагатай ханддаг, өгсөн үүргийг цаг хугацаанд нь биелүүлдэг гэсэн, гэрч Д-ийн ...Оюутны хүмүүжил төлөвшилд зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгааны ажлыг байнга хийдэг. ...жилдээ 3-4 удаа иймэрхүү ажлыг зохион байгуулдаг гэсэн, гэрч А-ийн ...ер нь бол идэвхи санаачлагатай ажилладаг. Манай байгууллагад 5,6 жил ажиллахдаа сайн ажиллаж байгаа гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчилд ногдуулсан Сануулах шийтгэл нь зөрчлийн шинж чанар, үр дагаврын хувьд тохироогүй байна гэж үзлээ.
Мөн хавтаст хэргийн 71 дүгээр хуудсанд авагдсан албан бичгийн цохолтоос үзэхэд нэхэмжлэгч Г-ийн гаргасан зөрчлийн талаар 2018 оны 01 дүгээр сарын 29-нд сургуулийн удирдлага мэдсэн байх бөгөөд түүнд 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргасан нь Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн хөөн хэлэлцэх хугацаа зөрчөөгүй байна.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:
Шүүхээс хэдийгээр сахилгын шийтгэл ногдуулахгүй байх боломжтой байсан гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдсон тул ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшууллыг нөхөн олгох үндэслэлгүй байна.
Улмаар Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрин 96 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам-д зааснаар эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг буюу илүү дэвшилтэт арга барилаар ажиллаж өндөр амжилт гаргасан, эсвэл гоц авьяастай ажилтанд ур чадварын нэмэгдэл олгоно, Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 1996 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 63/104 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам-д зааснаар эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд тогтмол сайн гүйцэтгэсэн буюу бусдаас илүү идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчдад ур чадварын нэмэгдлийг олгох, мөн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 346 дугаар тушаалаар батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, туслах багш, албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох журам-д зааснаар улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг сургалтын байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн, байгууллагын орчин, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, хариуцлага, ёс зүйн зөрчил гаргаагүй багш, туслах багш, албан хаагчдад олгоно гэсэн шалгуур үзүүлэлтийг нэхэмжлэгч Г нь 2018 оны 2,3,4 дүгээр саруудад болон 2018 оны 1 дүгээр улиралд хэрхэн хангаж ажилласан нь нотлогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл дээрх зөрчлийг гаргасан хэдий ч бусад ажлын үзүүлэлтээр нэмэгдэл цалин хөлс авах эрхтэй байсан гэдгээ нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал нийт 498 934 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Хэрэгт авагдсан гэрч Г-ийн ...Г, М нар нь бусдаас дотно харилцаатай. Ажлын байранд байхад өрөө өрөөндөө орж гарч байдаг. Бусад улсуудыг бодвол хоорондоо хандах хандлагаас найз нөхдийн харилцаатай гэж харагддаг гэсэн мэдүүлгийг үндэслэн гэрч М-ийн мэдүүлгийг /хх-ийн 62-63/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар ...үнэн зөв болох нь эргэлзээтэй, мөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хавтаст хэргийн 82-90 дүгээр хуудсанд авагдсан нийгмийн ажилтанд цохолт хийсэн гэх баримтууд болон гэрч Э-ийн мэдүүлэг /хх-ийн 108/, Г-ийн сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд гаргасан өргөдөл, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос сургуулийн захиралд хаягласан санал зэргийг тухайн хэрэгт хамааралгүй үндэслэлээр тус тус шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангасан шаардлагад ноогдох улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М-д шүүх хуралдааны товыг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр биечлэн мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг нэхэмжлэгч түүнийг эзгүйд хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар хариуцагч К-н захирлын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/--дугаартай Г-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1-т зааснаар нэхэмжлэгч Г-ийн ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал 498 934 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч К-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.