Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 00143

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын МТЧ ХХК-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын АЭ ЗГБХН-д холбогдох

             01/16 тоот гэрээний үүргийн гүцэтгэлийн үлдэгдэл төлбөр 95162200 төгрөг, алданги 47581100 төгрөг, бүгд 142743300 төгрөгийг гаргуулах тухай, шатахуун борлуулах гэрээ болон барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай АЭ ЗГБХН-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан, Б.Оюунсувд, хариуцагч О.Эб, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунсанаа нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч МТЧ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани АЭ ЗГБХНөхөрлөлтэй байгуулсан 01/16 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 01/16 тоот гэрээний нэмэлт 1 гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 02/16 тоот барьцааны гэрээг 01/16 тоот гэрээний үүрэг дуусгавар болох хүртэл хугацаагаар байгуулсан.

01/16 тоот гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу зээлээр авсан барааны төлбөрийг сар бүрийн 30-ны дотор тооцоо нийлж акт үйлдэх ба тухайн сард хүлээн авсан барааны төлбөрийг дараа сарын 5-ны дотор компанийн дансанд шилжүүлэх эсхүл бэлнээр төлж барагдуулах байсан боловч өнөөдрийн байдлаар төлж барагдуулаагүй байна.

Иймд 01/16 тоот гэрээний 7.1-д заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 95162200 төгрөг, түүний хугацаа хэтрүүлсэн алданги 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт 281 хоног болсныг тооцоход 133702891 төгрөг болсныг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд хүргэж зогсооход 47581100 төгрөг болж байна.

01/16 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 95162200 төгрөг, алданги 47581100 төгрөг, нийт 142743300 төгрөгийг АЭ ЗГБХН-өөс гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 120-117 тоотод оршин суух, 1984 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, МТЧ ХХК-д хуулийн зөвлөх ажилтай, Боржигон овогт Ганхүүгийн Энхжавлангаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АЭ ЗГБХН-тэй 2016 онд 01/16 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй төлбөрийг төлөөгүйгээс үндсэн төлбөрт 95162200 төгрөг, хугацаа хэтэрсэн 281 хоногийн алданги нь 133702891 төгрөг болсон боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 47581100 төгрөгийг нэмж бүгд 142743300 төгрөгийг нэхэмжилж байна. Нийт 472956280 төгрөгийн шатахуун өгснөөс АЭ ЗГБХН нь 377794080 төгрөгийг төлж үлдэгдэл 95162200 төгрөгийн шатахууны үнийг төлөөгүй юм. АЭ ЗГБХН-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. АЭ ЗГБХН нь шатахуун борлуулах гэрээ байгуулсан боловч манай компанид хэдэн литр ямар бензин, түлш авах талаар захиалга ерөөсөө өгөөгүй учраас манай компани барааг нийлүүлээгүй. 01/16 тоот гэрээ нь 34/17 тоот гэрээтэй ямар ч холбоогүй тус тусдаа бие даасан гэрээ хэлцэл тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр орхиж өгнө үү гэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 1-248 тоотод оршин суух, 1986 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй, МТЧ ХХК-д хуулийн хэлтсийн ажилтан, Ураанхан овогт Баатархүүгийн Оюунсувдаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 142743300 төгрөгийг АЭ ЗГБХНөхөрлөлөөс нэхэмжилсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч * тоотод оршин суух, 1980 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, АЭ ЗГБХН-ийн эзэн, Боржигон овогт  Оюуны Эбаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Үндсэн төлбөр болох 95162200 төгрөгийг төлөх тал дээр бол маргах зүйл байхгүй. Алдангийг бол хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 34/17, 33/17 дугаартай шатахуун борлуулах болон барьцааны гэрээг байгуулсан. Гэтэл МТЧ ХХК нь шатахуун борлуулах гэрээний дагуу нэг ч литр шатах тослох материал нийлүүлээгүй учир би үндсэн төлбөр болох 95162200 төгрөгийг төлж чадаагүй. Хэрэв эдний компани энэ гэрээнд заасан үүргээ биелүүлсэн бол би үндсэн төлбөрийн 30-50 хувийг өдийд төлчих боломжтой байсан. Иймд 33/17, 34/17 тоот гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Зөвхөн манай шатахуун түгээх станцыг барьцаалах зорилгоор хийгдсэн болохоос шатахуун нийлүүлэх гэрээ биш байсан гэдэг нь харагдаж байна. МТЧ ХХК-ний менежер Соронзонболд гэдэг залуутай утсаар ярьж гэрээний дагуу захиалга өгөхөд өөдөөс танай шатахуун түгээх станцыг л манайх барьцаалах зорилготой байсан, шатахуун нийлүүлэхгүй гэж даажигнадаг байсан. Иймд 33/17, 34/17 тоот гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч МТЧ ХХК нь хариуцагч АЭ ЗГБХН-тэй газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулснаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь тэдгээрийн хооронд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах № 01/16 дугаартай гэрээ болон 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн № 02/16 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр нотлогдон тогтоогдож байх ба нэхэмжлэгч МТЧ ХХК нь хариуцагч АЭ ЗГБХН-өөс  худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж гэрээний гүцэтгэлийн үлдэгдэл төлбөр 95162200 төгрөг, алданги 47581100 төгрөг, нийт 142743300 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Зохигчид гэрээг бичгээр үйлдсэн байх ба талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн дүүрэн тусгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин хариуцагч АЭ ЗГБХН нь худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүссэн үлдэгдэл төлбөр 95162200 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлөх, алданги 47581100 төгрөгийг төлөхгүй гэж тайлбар гарган маргаж, мөн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн № 34/17 дугаартай гэрээт шатахуун түгээх станцад шатахуун борлуулах гэрээ, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн № 33/17 дугаартай барьцааны гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч АЭ ЗГБХН-ийн эзэн О.Эб нь нэхэмжлэгч МТЧ ХХК-ийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээт шатахуун түгээх станцад шатахуун борлуулах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 01/16 дугаартай гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадаагүй тул алдангийг төлөхгүй гэснийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь МТЧ ХХК АЭ ЗГБХН нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан № 01/16 дугаартай худалдах-худалдан авах гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон ба энэ хугацаанд 472956280 төгрөгийн шатахуун нийлүүлснээс АЭ ЗГБХН нь 377794080 төгрөгийн төлөлтийг буцаан төлж 95162200 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь 2017 онд 3 удаа тооцоо нийлсэн тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдож байх бөгөөд уг төлбөрийг төлөөгүйгээс гэрээнд заасны дагуу алданги тооцох үндэслэлтэй, мөн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан № 34/17 дугаартай шатахуун борлуулах гэрээний үүргийг нэхэмжлэгч МТЧ ХХК нь биелүүлээгүйгээс 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн № 01/16 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэл биелэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч АЭ ЗГБХН-өөс худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 95162200 төгрөг, алданги 47581100 төгрөг, бүгд 142743300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МТЧ ХХК-д олгох үндэслэлтэй байна.   

Нэхэмжлэгч МТЧ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан нь хариуцагч АЭ ЗГБХН-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүйгээр орхих саналыг гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь нэхэмжлэгч МТЧ ХХК нь хариуцагч АЭ ЗГБХН-тэй 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан № 34/17 дугаартай гэрээт шатахуун түгээх станцад шатахуун борлуулах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүх АЭ ЗГБХН-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдож байна гэж үзэн сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөн нэхэмжлэгч МТЧ ХХК нь гэрээт шатахуун түгээх станцад шатахуун борлуулах гэрээг АЭ ЗГБХН-тэй байгуулсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор нэг ч литр шатахуун нийлүүлээгүй, уг гэрээ цаашид биелэгдэх боломжгүй болсноос үзэхэд уг гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байх тул АЭ ЗГБХН-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж түүний МТЧ ХХК-тай байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн № 34/17, 33/17 дугаартай шатахуун борлуулах болон барьцааны гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч МТЧ ХХК нь 142743300 төгрөгийг нэхэмжилж улсын тэмдэгтийн хураамжинд 871667 төгрөг, хариуцагч АЭ ЗГБХН нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг тус тус төлснийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 100130400941, 100130400953 тоот дансанд буюу орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч АЭ ЗГБХН-өөс улсын тэмдэгтийн хураамж 871667 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МТЧ ХХК-д, нэхэмжлэгч МТЧ ХХК-иас 70200 төгрөгийг гаргуулж хариуцагч АЭ ЗГБХН-д тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                  Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан  хариуцагч АЭ ЗГБХ Нөхөрлөлөөс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн үлдэгдэл төлбөр 95162200 төгрөг, алданги 47581100 төгрөг, бүгд 142743300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МТЧ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч МТЧ ХХК, хариуцагч  АЭ ЗГБХН нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хийгдсэн гэрээт шатахуун түгээх станцад шатахуун борлуулах 34/17 дугаартай гэрээ, 33/17 дугаартай барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч МТЧ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 871667 төгрөг, хариуцагч АЭ ЗГБХН-өөс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн тушаасан дансанд хэвээр үлдээж, хариуцагч АЭ ЗГБХН-өөс улсын тэмдэгтийн хураамж 871667 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МТЧ ХХК-д, нэхэмжлэгч МТЧ ХХК-иас 70200 төгрөгийг гаргуулж хариуцагч АЭ ЗГБХН-д тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрсдөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                              

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН.