Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
Хэргийн индекс | 186/2022/0378/Э |
Дугаар | 2022/ШЦТ/469 |
Огноо | 2022-05-24 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/469
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
Улсын яллагч Р.Энх-Оюун, /томилолтоор/
Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч С.Соронзонболд нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М холбогдох эрүүгийн 2111 00828 0595 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.М 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 18 нас 8 сартай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ахтайгаа хувиараа юм хийдэг, ам бүл 1,Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Голден парк 103-15 тоотод түр оршин суудаг, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 708 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэгдсэн,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М нь 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай “Орон зай” худалдааны төвийн хаалганы шилийг чулуугаар хагалан нэвтэрч, хохирогч Э.Сосорбурамын эзэмшлийн “Ай фоне-8”, “GalaxyTab A”, “Xiaomi red A”, “LG Q928”, “Samsung Galaxy A9”, “Samsung Galaxy Note 9”, “Samsung Galaxy А51”загварын нийт 32 rap утсыг, хохирогч М.Эрхэмбаярын эзэмшлийн “Iwatch” маркын цаг 2 ширхэг, Нокио маркын гар утас 1 ширхгийг авч, хохирогч Э.Сосорбурамд 16.750.000 төгрөгийн, хохирогч М.Эрхэмбаярт 55.000 төгрөгийн, “ХСТЛ” ХХК-нд 1.230.000 төгрөгийн хохирол тус бүр учруулж, бусдад нийт 18.035.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч Б.Мгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэх мэдүүлэг.
Шүүгдэгч Б.Мгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 23 цагийн үед өөрийн найз нар болох Цогт-Од, Шинэбаяр, Жавхаа нарын хамтаар гадуур баранд орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Тэгээд шөнийн 01 цагийн үед барнаас гараад бид дөрөв Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 27 дугаар байранд байх хуурай ах Түвшинбаярын гэрт ирэхэд Түвшинбаяр ах гэртээ байгаагүй ба бид дөрөв хамтдаа пиво ууцгаасан юм. Тэгээд пиво ууж байгаад би Жавхаатай муудалцаад Түвшинбаяр ахын гэрээс гараад явсан ба тухайн үед нилээн их согтуу байсан. Нэг мэдсэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх "Орон зай" худалдааны төв дотор орчихсон байсан ба лангуунуудын хаалгыг татаж үзээд өшиглөөд эвдээд цонхыг хагалаад явж байгаад өөрийн зүүн гарын шууг шилэнд зүссэн юм. Тэгээд би нэг лангуунаас гар утаснуудыг уутанд хийгээд авч байсан ба ер нь нилээн их согтолттой байсан тул өөрийн хийж байгааг үйлдлийг сайн мэдэхгүй, ухаан санаа орж гараад байсан юм. Гар утаснуудыг аваад уг худалдааны төвөөс гараад төв замаас такси бариад 5 шард байх гэртээ очсон ба гэр лүү өөрийн авсан утаснуудыг аваад ороход гэрт Цогт-Од, Шинэбаяр, Жавхаа нар ирчихсэн байсан ба намайг юун гар утас авчирсан юм гэхээр нь би согтуудаа лангуунаас гар утас авчихсан байна гээд нилээн сандарсан чинь тэр гурав хэрэгт орох юм бишүү гээд манай хуурай ах Түвшинбаярыг дуудсан ба Түвшинбаяр ахыг ирэхээр нь би хамтдаа цагдаагийн газарт очиж өөрийн хийсэн үйлдлийг үнэн зөвөөр хэлээд авсан эд зүйлсээ хүлээлгэн өгсөн юм..” гэх мэдүүлэг /хх-138-139/,
Хохирогч Э.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2010 оноос хойш одоог хүртэл Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Орон зай худалдааны төвийн 2 давхрын В9 павилонд “Happy story” гэх нэрээр гар утас худалдааны дэлгүүр ажилуулж, наймаа эрхэлж байгаа ба би энэ дэлгүүрийн захирал юм. Намайг 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймагт явж байхад манай эхнэр над руу залгаад манай дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн өдрөө Хөвсгөл аймгаас гараад 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод ирээд “Happy story” rap утас худалдааны дэлгүүр дээрээ очиход манай дэлгүүрийн хаалганы шил хагарсан, лангуунд хулгай орж гар утаснууд алдагдсан байсан. Би өөрийн эхнэр Мядагбадамын хамт 2021 оны 7 дугаар сарын 10-ны орой 17 цагийн үед дэлгүүрээ хаагаад гарсан ба дэлгүүрээ хаагаад гарахад манай дэлгүүрийн гар утас болон бараа бүтээгдэхүүн бүрэн бүтэн байсан. Би өөрийн биеэр дэлгүүрийн хаалгаа цоожлоод гарсан юм. Манай дэлгүүрээс..нийт 31 ширхэг гар утас алдагдсан байгаа...Би уг лангууг “ХСТЛ” ХХК-аас түрээслэн ажиллуулдаг. Лангуун дээр зарагдаж байгаа гар утаснууд миний өмчлөлийн эд зүйлс байгаа юм. Харин лангуу болон шилэн хаалт, хаалга зэргүүд нь “ХСТЛ” ХХК-ний өмчлөлийн эд зүйлс байгаа юм..Би өөрийн алдсан гар утаснуудыг цагдаагийн байгууллагаас бүрэн бүтнээр нь хүлээж авсан учраас надад гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг /хх-80-83/,
Хохирогч М.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 09 цаг 50 минутанд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Орон зай худалдааны төвд байрлах ажил дээрээ ирэхэд худалдааны төвийн шилэн хаалга хагарсан, цагдаа нар ирчихсэн бид нарыг оруулахгүй байсан юм. Тэгээд 11 цагийн үед лангуу нь хагарсан хүмүүсийг оруулахаар нь 2 давхарын Б-3 номерийн өөрийн ажилладаг лангуун дээрээ очиход хаалганы цүү нь эвдэрхий лангууны эд эүйлс эмх цэгцгүй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсан..Хар ягаан өнгийн айватчи цаг 2 ширхэг, Нокиа маркын гар утас 1 ширхэг зэргийг алдсан. Би уг лангууг “ХСТЛ” ХХК-иас түрээслэн ажиллуулдаг. Лангуун дээр зарагдаж байгаа гар утаснууд миний өмчлөлийн эд зүйлс байгаа юм. Харин лангуу болон шилэн хаалт, хаалга зэргүүд нь “ХСТЛ” ХХК-ний өмчлөлийн эд зүйлс байгаа юм. ...Би өөрийн алдсан гар утаснуудаа цагдаагийн байгууллагаас бүрэн бүтнээр нь хүлээж авсан учраас надад гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг/хх-85-88/,
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Манай “Орон зай” худалдааны төвийн лангуу түрээслэгч Сосорбарам, Эрхэмбаяр гэх хүмүүсийн лангуун дээр зарагдаж байсан эд зүйлс алдагдсан байсан. Өөр эд зүйлс алдагдаагүй ба Сосорбарам, Эрхэмбаяр нар өөрсдийн эд зүйлсийг цагдаагийн байгууллагаас бүрэн бүтэн хүлээж авсан. Лангууны худалдагч нар манайд түрээслэн суудаг юм. Тийм болохоор лангуу болон худалдааны төв манай байгууллагын өмчлөлийн эд зүйлс учир хагарсан шил, цонх, хаалга зэрэг нь манай байгууллагын өмч байгаа юм. Эд зүйлийн үнэлгээнд дурьдагдсан хагарч эвдэрсэн эд зүйлсийн мөнгийг нэхэмжилж байна. Манай эвдэрсэн эд зүйлсээ өөрсдөө янзалсан. Хохирлоо барагдуулж авбал гомдолгүй..” гэх мэдүүлэг /хх-75-77/,
Гэрч Ж.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн өглөөний 10 цагаас эхлэн хамгаалалтыььүүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдөр өдрийн цагаар худалдааны төв ажиллаагүй байсан учраас ямар ч хүн байхгүй байсан. Тэгээд өдөржин өрөөндөө байж байгаад шөнийн 22 цагийн үед миний даралт ихсээд байхаар нь эм уугаад хэвтээд унтаад өгсөн. Тэгээд өглөөний 07 цагийн үед боссон. Тэгсэн үүдний хаалга бага зэрэг онгойчихсон байсан. Тэгэхээр нь бүх давхраар бүх хаалгыг шалгаж үзсэн, 8 дугаар давхрын аваарын хаалга цөм өшгилчихсөн байсан бөгөөд хаалга нь салаад газар унчихсан байсан. Тэгээд энүүгээр хүн амьтан ормооргүй л юм даа гээд бодоод доошоо 1 дүгээр давхар луу буцаад буусан чинь цагдаа ирчихсэн байсан, тэгээд тус эргүүлийн 2 цагдаатай уулзаад болсон явдлыг хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-90/,
Гэрч И.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/хх-93-94/ “..2021 оны 07 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед Мөнхдалай, Цогт-Од, Жавхлантөгс бид дөрөв Сонгинохайрхан дүүрэгт байх Залуус хорооллын 486-482 тоот гэртээ 1 ширхэг 0,5 литррийн хэмжээтэй соёрхол архи, 1ширхэг 2,5литрийн хэмжээтэй Сэнгүүр нэртэй пиво ууцгаасан. Ингэж ууж байгаад бид халаад 23 цагийн үед гэрээсээ гараад Чингэлтэй дүүрэгт байрлах Тайгер нэртэй баарлуу 23:30 цагийн үед очиж 00 цагийн орчим дотогш баар луу орж үйлчлүүлэн хүний тус бүр 1 шилтэй пиво ууцгаасан ба ороод удаагүй байхад цагдаа нар орж ирээд баарыг хаалгасан. Ингээд баарнаас гараад урт цагаан дээр явж байгаад Б.М бид хоёр маргалдаж улмаар Мөнхдалай ганцаараа салаад явчихсан. Тэгээд Мөнхдалайг араас ирэх байлгүй гэж бодоод бид гурав гэртээ очоод амарцгаасан. Ингээд бид гурав унтаж байхад 05 цагийн үед Б.М гаднаас орж ирэхдээ 2 ууттай гар утас бариад ороод ирсэн юм. Б.Мгаас энэ гар утаснуудыг хаанаас авсан юм гэхэд хариулахгүй байсан болохоор нь би хаалгаа түгжээд Түвшинбаяр ахтай утсаар ярьж дуудсан ба Түвшинбаяр ах эхнэр Ганцэцэгийн хамт ирээд Мөнхдалайтай уулзаад хаанаас тухайн гар утаснуудыг авсан талаар асууж ярилцахад Мөнхдалай нь Орон зай худалдааны төвөөс авсан гэсэн тул Мөнхдалайг аваад бид дөрөв Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирсэн юм..” гэх мэдүүлэг, Дамно ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, /хх-44-46/, Дамно ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-51-52/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд /хх-17-26/, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хх-35-37/, шүүгдэгч Б.Мгийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-119/ Үрчилж авсан талаарх баримт /хх-120/ ял шалгасан
хуудас /хх-108/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Мгийн дээрхи үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, үйлдсэн нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болж байна.
Шүүгдэгч Б.М болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэг дуусаж шүүхээс шүүгдэгч Б.Мг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Х 1.230.000 төгрөгийн төгрөг төлөх төлбөртэйг тогтоосны дараа шүүгдэгч болон, түүний өмгөөлөгч нараас хохирогчид хохирол төлөх санал, хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Б.М нь тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй зэрэг нь түүний гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авахгүй байх үндэслэл болж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, дээрх гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч Б.М нь 17 нас 9 сартай байсан, одоо тэрээр 18 нас 8 сартай болох нь төрсөний гэрчилгээний хуулбар, нас тоолсон баримт зэргээр тогтоогдож байгаа зэргийг харгалзан шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалиад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.М нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 047-ны өдрийн 2021/ШЦТ/708 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн боловч уг ялыг эдлээгүй байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж, ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.М нь хохирогч Э.С 16.750.000 төгрөгийн, хохирогч М.Э 55.000 төгрөгийн төлөх төлбөртэйгээс гар утсуудыг биет байдлаар буцаан өгсөн тул хохирогч Э.С , М.Э нарт төлөх төлбөргүй байна. Харин “ХСТЛ” ХХК-нд учруулсан 1.230.000 төгрөгийн хохиролыг төлөөгүй байх тул шүүгдэгч Б.Мгаас 1.230.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 39-29 тоотод оршин суух олгуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Мг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж, эдлэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгаас 1.230.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 39-29 тоотод оршин суух олгуулсугай.
6. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР