Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 134/ШШ2018/00091

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:П-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О-д холбогдох

гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П, хариуцагч О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П нь хариуцагч О-д холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П миний бие О-тай 2006 онд танилцсан. 2008 онд гэрлэлтээ батлуулсан. 2008 онд том хүү Б, 2 дахь хүү Э 2011 онд, 3 дахь хүү А 2014 онд тус тус төрсөн. Миний бие нь хувь хүмүүст их хэмжээний өр төлбөр хийснээс гэр бүлд хэрүүл тасрахаа байсан. Энэ асуудлаас болж би хорих 425 дугаар ангид хоригдсоны улмаас О Солонгос улс руу яваад 2 жил гаруй болж байна. Нэгэнт 2 тийшээ болоод удсан болохоор салахаар шийдсэн. Эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлгийн маргаан байхгүй болно. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд үлдээнэ. О-ыг Солонгосоос иртэл нь төрсөн эгч М нь манай хүүхдүүдийг асрамжиндаа байлгана. Би ойр зуур очоод харж ханддаг. Миний хувьд ээжтэйгээ амьдарч байгаа, цалингаа өрөндөө суутгуулдаг. Өр төлбөрөө дарж дуусгаад амьдрал гайгүй болохоор хүүхдүүдээ асрамжилна. Иймд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч О шүүхэд гаргасан хүсэлтэндээ: О миний бие П-тэй 2007 онд танилцаж, 2008 онд гэрлэлтээ батлуулж, түүнээс хойш 3 хүүхэдтэй болсон. 2015 оноос манай гэр бүлийн байдал хэрүүл маргаантай, тогтворгүй болж П нь хувь хүмүүст их хэмжээний өр төлбөр тавьж өрөнд орж, өөрийн гэсэн орон байргүй болсон учир цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Одоогоор би БНСолонгос улсад ажиллаж, амьдарч байгаа. Миний бие 2016 онд өөрийн төрсөн эгч М-д ямар нэгэн маргаан болон бусад асуудалд өөрийн өмнөөс оролцох итгэмжлэл хийж, нотариатаар баталгаажуулан үлдээсэн тул итгэмжлэлийг үндэслэн эгч М-ыг шүүх хуралд төлөөлөгчөөр оролцуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П-ийн гэрлэлтээ цуцлуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. О одоогоор Солонгос улсад амьдарч байгаа тул шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй. Эд нар 2016 оноос хойш таарамжгүй харилцаатай болж П-ийн анхаарал халамж муудаж, архи дарс ууж, бусдад их хэмжээний өр зээл тавьсан байсан. Сүүлдээ орон байраа зарж орох оронгүй болсон. Тиймээс амьдрах нөхцөл боломжгүй болсон тул би 3 хүүхдийг нь асран хамгаалж байгаа П заримдаа хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгээс нь авдаг, амралтын өдрүүдээр ирдэг. Ээжийг нь Солонгосоос иртэл хүүхдүүдийг нь би өөр дээрээ байлгаж чадна. Ээж нь хүүхдүүддээ сар бүр хэрэгцээнийх нь мөнгийг явуулдаг. О цаашдаа хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд авна гэсэн. Одоо бол П-тэй эвлэрч хамт амьдрах боломжгүй гэж хэлсэн гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П нь хариуцагч О-д холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч О нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш БНСолонгос улсад ажиллаж, амьдарч байгаа болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2-5а/204- тоот албан бичиг, гадаад паспортын хуулбараар тогтоогдож байх бөгөөд түүний хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр М 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр олгосон итгэмжлэлээр оролцсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т зааснаар зохигчийн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ч гэсэн гэрлэгчид өөрсдөө шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх үүрэгтэй.

Гэвч хариуцагч нь гадаад улсад оршин сууж байгаа гэсэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө байхгүйд хэргийг хянан шийдвэрлэхийг хүсч бичгээр хүсэлт гаргасан тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитойгоор харьцуулан дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Учир нь:

Нэхэмжлэгч П, хариуцагч О нар нь 2006 онд танилцаж, 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдөр албан ёсоор гэр бүл болж, гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн байх ба хамтын амьдралын хугацаанд 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүү Б, 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүү Э, 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүү А нарыг төрүүлсэн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, П, О нарын 0035496--- дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 6- дугаартай ...Б нь 4а ангид суралцдаг гэсэн тодорхойлолт, А нь 4 настай эрүүл бойжиж байгаа гэсэн өрхийн эмчийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолт, Э 1а ангид суралцдаг гэсэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сургалтын менежерийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 97- дугаартай ...П нь эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг нь үнэн болно гэсэн тодорхойлолт, талуудын маргаангүй тайлбар зэргээр тогтоогдож байна.

            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч ...талууд эвлэрч хамтран амьдрах боломжгүй үндэслэлээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн -- дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тэмдэглэл-ээр уг ажиллагааг дуусгавар болгосон байна.

            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан. Гэтэл гэрлэгчдийн хооронд дээрх хуульд заасан ноцтой нөхцөл байдал бий болсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

            Гэвч хариуцагч О нь гадаад улсад ажиллаж амьдарч байгаа шалтгааны улмаас шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах бодит нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Иймд хариуцагч О нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн, өөрөө гэрлэлтьээ цуцлуулах асуудлаар эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан, тодорхой хугацаанд тусдаа амьдарсан, гэрлэгчдийн хооронд өр төлбөрийн асуудал үүсэж, нөхөр П нь хорих газарт ял эдэлсэний улмаас цаашид хэн аль нь эвлэрэн хамтдаа амьдрах хүсэл сонирхолгүй байдлаа илэрхийлж гэрлэгчид харилцан тохиролцсон зэрэг байдлыг үндэслэн тэднийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр, гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь хүүхдийн асрамж, тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаангүй үүсгээгүй, хүүхдүүдээ цаашид эхийнх нь асрамжинд үлдээхээр харилцан тохиролцсон, одоогоор хүүхдүүд О-ын төрсөн эгч М-ын асрамжинд байгаа, тэрээр эхийг нь Монгол Улсад иртэл асрамжиндаа байлгах бололцоотой гэж байгаа боловч шүүхээс хүү Б, Э, А нарыг эцэг П-ийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд улмаар мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д заасан бүтэн өнчин, эцэг, эх нь хоёулаа эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран хамгаалах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаалдаг.

Тиймээс хариуцагч О-ын төрсөн эгч м хүүхдүүдийг асран хамгаалах үүргийг хуулиар хүлээгээгүй, дээрх нөхцөл байдал бий болоогүй байх тул эцэг, эх өөрсдөө хүүхдүүдээ асрамжлах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл хэдийгээр талууд хүүхдүүдээ эхийнх нь асрамжинд үлдээхээр харилцан тохиролцсон байгаа ч хүүхдүүдийг хариуцагч Оын эзгүйд М-ын асрамжинд үлдээх боломжгүй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир нэхэмжлэгч П-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар П, О нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү А, Э, Б нарыг эцэг П-ийн асрамжинд үлдээсүгэй.

3.Зохигчид хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

4.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэлт цуцлуулсан иргэн нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 10 хоногийн дотор гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлэхийг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.