Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/512

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ч.Алтнай,

Улсын яллагч А.Азжаргал,

Хохирогч Л.Б,

Шүүгдэгч Б.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н холбогдох эрүүгийн 2211 00249 0846 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Н 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 2 дүү нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сум Ганзамын гудамж 1127-1-14 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Чингэлтэй дүүргийн 5-р хороо 31-53 тоотод түр оршин суух хаягтай, урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, 2 удаагийн ял шийтгэлтэй

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар: 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны 53 тоотод найз бүсгүй гэх хохирогч Л.Бийг дуудан ирүүлж, Тоёота приүс-20 маркын авто машиныг нь авч Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас ирэх өөрийн танил ахыгаа тосож үйлчилэхээр гуйсан байна. Хохирогч Л.Б нь түүнтэй хамт амьдардаггүй буюу нэг гэрт амьдарч эд хөрөнгөө хамтран эзэмшдэггүй, цагаан сарын үеэр өөрийн авто машиныг хэрэглэх хэрэгцээ шаардлага их, Б.Н архи согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн байгаагаас болж авто машинаа өгөхөөс татгалзсан байна. Үүний дараа шүүгдэгч Б.Н нь хамаатны ахаасаа авто машиныг нь авахаар гуйж утасдахад ах нь мөн зөвшөөрөөгүй тул өөрийн гар утсаа ханаруу шидэн эвдэж хохирогчийн Самсунг А-50 загварын гар утас, дээрхи авто машины түлхүүрийг авчээ. Ингэхдээ гар утасгүй болсон тул энийг зарж 2 утас авна гэж айлган сүрдүүлсэн бөгөөд машины түлхүүрийг буцаан өгч хамт гарсан байна. Хохирогч жолооны ард сууж машинаа асаатал шүүгдэгч Б.Н нь хохирогчийн гарыг урд хоёр суудлын голын хайрцагны тагаар хэд хэдэн удаа цохиж, машинаас нь чирч буулган авто машиныг нь авч явсан болох нь:

 

Шүүгдэгч Б.Нэс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..2022 оны 02 дугаар сарын 02-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд дүүгийнхээ гэрт байж байгаад бид 2 гараад би Батцэцэгийн машины түлхүүрийг нь өгсөн. Дараа нь бид 2 бага зэрэг маргалдсан. Тэгээд Батцэцэг надад маргалдаж дууссаныхаа дараа машины түлхүүрийг өгсөн. Би булааж авсан зүйл байхгүй. Би тухайн үед Баясаа ахыг тосож авах гээд утсаар ярих хэрэгтэй байтал би өөрийн утсыг шидээд эвдэлсэн байсан учир Батцэцэгийн утсыг авсан. Тэгээд Баясаа ахтай ярьж тосож авахаар болон мөн нэг шил архи авч өгье гэж бодоод Батцэцэгийн утсыг ломбарданд тавьсан. Түүний дараа Баясаа ахтай уулзаад буцаад 10 дугаар хороололд Батцэцэгийн гэрийнхэн гадаа очоод хүүхэд байхад согтуу байдалтай оролтой нь биш гэж бодоод гэрийн гадаа машин дотор унтсан байсан. Өглөө нь дахиад модны 2-т  Баясаа ах дээр очоод  180.000 орчим төгрөгтэй байсан ба дахиж архи авч ууж байгаад унтсан байсан. Тэгтэл Баясаа ах машиныг чинь ачаад явлаа гэсэн. Надаас энэ хэний машин бэ гэж цагдаа асуухад би Батцэцэгийн машиныг авч явсан байсан учир миний машин гэж хэлээд эрхээ хасуулсан..” гэх мэдүүлэг.

Шүүгдэгч Б.Нэс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-22, 53/  “..Би анх Б.Батцэцэг гэх эмэгтэйтэй 2 жилийн өмнө Төв аймгийн Номын санд засвар хийж байгаад анх танилцаж байсан. Тэр үеэс хойш Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Орчлон хорооллын 53-98 тоотод хамт амьдарч байсан. 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэчихээд хамаатны дүү болох Тогтохын Чингэлтэй дүүргийн 5 хороо 31-53 тоот гэрт нь байж байгаад Батцэцэгийг дуудсан юм. Тэгээд Батцэцэг дүүгийн гэрт ирчихсэн бид 2 хамт байж байтал түүний гар утас нь дуугараад хүнтэй юм яриад байхаар нь уур хөдлөөд архи уучихсан байсан болохоор өөрийнхөө утсыг ханаруу шидээд хагалчихсан. Тэгээд Батцэцэгийн гар утсыг гэрт байхдаа булааж аваад би одоо гар утасгүй болсон учраас энэ утсыг чинь 2 ширхэг утас болгоно гээд авсан. Тухайн үед Батцэцэгийн машиных нь түлхүүрийг нь бас хүчээр булааж аваад гэрээс гарч Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчим байрлах нэрийг нь мэдэхгүй байна ломбарданд 180,000 төгрөгөөр Батцэцэгийн гар утсыг нь тавьж дахин дэлгүүр орж 1 шил архи авч ганцаараа уусан. Тэгээд нэг сэрэхэд маргааш өглөө нь 10 дугаар хороололд хажуудаа архи тавьчихсан нилээн халамцуу Батцэцэгийн гэрийнх нь гадаа сэрсэн. Тэгээд гэдэс өлсөөд байхаар нь Си Юу дэлгүүр орох гээд явж байгаад үл таних 2 залуу, 1 хүүхэнтэй таарч танилцсан. Тэгэхэд нөгөө хүмүүс шартаад байна архи аваад өгөөч гэхээр нь архи авч өгтөл манай гэрт очиж архиа ууя гэхээр нь би зөвшөөрөөд Батцэцэгийн машиныг аваад бөөнөөрөө Гандан орсон. Тэр хүмүүс машинд суугаад архи ууж эхэлсэн харин би эхлээд уухгүй байж байгаад Ганданд очоод хашааныхан гадаа машиныг нь тавиад тэгээд гэрт нь орж архи уусан. Би өмнөх өдөр нь архи уусан болохоор бага зэрэг архи уугаад тасарчихсан. Тэгээд нөгөө айлдаа сэргэтэл гаднаас ирээд машиныг чинь ачаад аваад явчихлаа гэж хэлсэн. Тэр үед цагдаа нар ирээд намайг үлээлгэсэн гэж хамт архи ууж байсан хүмүүс хэлсэн. Би тэр талаар сайн мэдэхгүй байгаа юм. Түүнээс хойш 20 орчим хоногийн дараа би Батцэцэгтэй холбогдож байгаад дансруу нь 165.000 төгрөг шилжүүлээд машиныг нь журмын хашаанаас авч өгсөн. Харин замын цагдаа нар надруу залгаад байхаар нь би архи уугаад байсан болохоор очоогүй юм..” гэх мэдүүлэг,

Хохирогч Л.Бээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..2022 оны 02 сарын 02-ны өдөр орой 22 цагийн орчимд хамаатныдаа байхад Наран-Эрдэнэ над руу залгасан. Хүрээд ирээч ярих юм байна гэсэн. Утсаар ярьчих гэсэн чинь хүрээд ир гэхээр нь Наран-Эрдэнэ дээр очсон. Наран-Эрдэнэ дээр очтол ганцаараа 1 шил архи уусан байсан. Тэгээд  намайг ортол Наран-Эрдэнэ манай найз ирж байгаа машинаа өгөөч гэсэн. Би тэр үед цагаан сар болж байна ээж, аав дээрээ очиж золгоно өгч чадахгүй гэж хэлсэн. Тэгтэл Наран-Эрдэнэ би ах руугаа яриад үзье гээд залгатал ах нь машинаа өгөхгүй гэж хэлсэн. Тэгээд тэр уурлаад утсаа шидсэн. Дараа нь надад миний утас эвдэрчлээ одоо чиний утсыг зараад 2 утас болгоно гэж хэлсэн. Би тухайн үед гэрт ороход ариун цэврийн өрөө орох шаардлагатай байсан тул Наран-Эрдэний гэрийн үүдний тавиур дээр утас, машины түлхүүрээ тавьсан байсан. Тэгээд миний утас, машины түлхүүр байгааг хараад авсан. Би тэр үедээ аргалж байгаад авчъя гээд хүлээж байсан ч Наран-Эрдэнэ нь усанд орж гарч ирчээд машины түлхүүр өгсөн боловч утсыг маань өгөөгүй. Гэрээ цоожлоод гарч ирээд би тамхи татах гээд машины голын хайрцагнаас тамхиа авах гэтэл Наран-Эрдэнэ нь намайг тамхи татахад дургүй байдаг учир  машины урд хайрцагны тагаар миний гарыг хэд хэдэн удаа цохисон. Тэгээд намайг чи машин барьж чаддаг юм шиг гээд доромжлон машинаас чирж буулгаад явсан. Би тэр даруй Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст очсон.

Шүүгдэгч Н-тэй Төв аймгийн  2019 оны 6 дугаар сард нэг газар ажиллаж байгаад танилцсан. Түүний дараа хамт амьдарсан. Тэгээд дараа нь энэ хүн  архины хамааралтай хүн юм байна. Надаас салах юм бол алж байгаад сална гээд эсвэл дугуй хагалаад эсвэл согтуу ирж айлган сүрдүүлдэг. Энэ хүнд хүүхдүүдээс эмээдэг ухамсар байдаг. Гэхдээ хэт их архины хамааралтай болсон архи ууж байвал л болно гэсэн санаатай байдаг. Архи авахын тулд бүх зүйлийг хийдэг. Би сүүлд нь Наран-Эрдэнэ олдохгүй, өөрөө утасгүй 2 дугаар сарын 26-ны өглөө би машинаа авсан. Тэр хугацаанд би үнэхээр машин тэрэг бариагүй бол очоод нотлоодох чи тамхи татдаггүй байтал машинд тамхины иш байна, чи очоод машиныг согтуу жолоодоогүй гэдгээ нотолчих гэсэн, даанч өөрөө араас нь яваагүй. Ямар ч зорилгогүй архи уух л зорилготой байдаг. Одоо хамт амьдрахгүй байгаа ба хамт байгаагийн хувьд хамт байгаа. Гэхдээ хамт амьдрах бодол байхгүй.  Би хэд хоног сайхан байж байгаад явъя. Би шийдсэн хүн. Би чамайг алаад явчиж чадна. Чи намайг ялд унагаачаад үхлээ юу гэх зэргээр байнга дарамталж шөнө архи ууж ирээд хүн амраадаггүй.  Би энэ хүнээс салах гэж өчнөөн удаа үзсэн..” гэсэн.

 

Хохирогч Л.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Өнөөдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн орчимд Баянхошуунд хамаатны айлд сууж байсан чинь найз залуу Б.Н нь 89011077 дугаараас залгаж хүрээд ир гээд дуудсан. Тэгээд би айлаас гараад өөрийнхөө 54-87 УБЯ улсын дугаартай, приүс 20 маркийн, саарал өнгийн тээврийн хэрэгслээр гэртээ очиж гэрийнхээ гадаа хүүхдүүдийг буулгаж улмаар 22 цагийн орчимд Тэнгис кино театрын ар талд байрлах 31 дүгээр байрны 2 давхрын шатны өөдөөс харсан тоотод байх Наран-Эрдэний гэрт ирсэн чинь тэрээр халамцуу байсан. ..Тэгээд бид хоёр гэрээс гараад явж байхад надад машины түлхүүрийг өгсөн. Тэгээд би машин асаагаад халаагаад сууж улмаар голын хайрцагнаас тамхиа авах гээд хайрцагнаас тамхиа авах гэтэл юу хайгаад байгаа бэ гээд хайрцагны тагаар миний гарыг хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би өвдөөд байна гээд өөрийнх нь гарыг цохисон чинь чи миний дургүйг хүргэлээ гээд машин унтраагаад түлхүүрийг авч намайг машинаас чирч буулгаад өөрөө миний машиныг унаж аваад яваад өгсөн. ..Би өөрийнхөө гар утсыг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Наран-Эрдэнэ хүнсний 4 дүгээр дэлгүүрт байрлах ломбарданд 180.000 төгрөгөөр тавьсан байхад нь авсан. Уг ломбардны мөнгийг Наран-Эрдэнэ төлөөгүй байгаа. Миний машиныг надаас хүчээр авч яваад урд гуперний 2 талыг нь тэр чигт нь зурсан, баруун урд карлан хэсгээр мөргөлдсөн бололтой зурчихсан байсан. Хойд гуперийн баруун хэсэг зурагдаж хагарсан байсан. ..Миний машиныг надаас хүчээр авч яваад урд гуперний 2 хаалгыг нь тэр чигт нь зурсан, баруун урд карлан хэсгээр мөргөлдсөн бололтой зурчихсан байсан.

Б.Н нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр миний тээврийн хэрэгслийн эвдрэлийн мөнгө болох 500.000 төгрөгийг, мөн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр машины торгуулийн мөнгө болох 400.000 төгрөг, согтуу машин барьж яваад бусдад хохирол учруулсан мөнгө болох 822.000 төгрөг мөн миний машингүй байх үеийн хохирол болох 778.000 төгрөгийн миний хаан банкны 5025199851 дугаарын данс руу шилжүүлсэн. Надад одоо ямар нэгэн нэхэмжлэх гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг /хх-10-15/,

 

Иргэний нэхэмжлэгч О.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-19-20/ “..2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ЕЙ89111514 регистрийн дугаартай Баатаржавын Наран-Эрдэнэ нь манай газарт Самсунг А-50 загварын ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гар утсыг 14 хоногийн хугацаатайгаар барьцаанд тавьсан. Тухайн үед өөрийнх нь гар утас мөн эсэхийг шалгуулахаар дэлгэцийн кодыг гаргуулахад өөрөө гаргаж өгсөн юм. Ингээд 180.000 төгрөгөөр барьцаанд авсан. Тухайн үед Б.Н нь өөрийн цахим үнэмлэхээр барьцаанд тавьсан юм. ..2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн Хаан банкны 5006586615 дугаарын дансаар 194.400 төгрөгийг авсан. Тийм учраас одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй байна..” гэх мэдүүлэг,

 

Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 4 сарын 06-ны өдрийн ТХҮ-622/3445 дугаартай үнэлгээний тайланд /хх-34-36/ “..Самсунг А-50 маркийн гар утас 350.000 төгрөг, Тоёота приүс маркийн автомашин 10.000.000 төгрөг, нийт үнэ 10.350.000 төгрөг..” гэх үнэлгээний тайлан,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2510 дугаартай дүгнэлтэнд: /хх-38-39/ “..Л.Бийн биед зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй..” гэх дүгнэлт, Б.Наран-Эрдэний иргэний үнэмлэхний лавлагаа /хх-76/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-78/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчилгүй байна.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Бийн зүүн гарын бугалганд цус хуралт үүссэн, энэ нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх боловч зүүн гарын бугалганд цус хуралт үүссэн нь хохирогчид хүч хэрэглэсэн болохыг нотлож байна. Мөн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчийн эзэмшлийн Тоёота приүс маркийн автомашиныг 10.000.000 төгрөгөөр, Самсунг А-50 маркын гар утсыг 350.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

 

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны 53 тоотод хохирогч Л.Бийн эзэмшлийн Самсунг А-50 маркын гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж, тухайн байрны гаднах талбай дээрээс мөн хохирогчийн эзэмшлийн 54-87УБЯ улсын дугаартай Тоёота приүс маркийн авто машиныг хохирогчийн гарыг цохих, чирч буулган авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч Б.Н нь дээрэмдсэн эд зүйлсээс Самсунг А-50 маркын гар утсыг барьцаалан зээлдүүлэх газарт 180.000 төгрөгийг барьцаанд тавьж архи авч уун, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 10 хороолол орчимд машин дотроо унтсан бөгөөд түүнийг бусадтай айлд архи ууж байхад нь эрэн сурвалжлагдаж байсан авто машиныг цагдаагийн байгууллагаас ачиж, журмын хашаанд хийсэн болох нь шүүгдэгчийн, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Энэ гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үеэс төгсдөг бөгөөд шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар ямар нэг маргаан гаргаагүй, гэм буруугаа хүлээн завшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж байжээ. Гэвч яллагдагчид хүлээлгэх эрүүгийн харуицлагын талаар прокурор, яллагдагч нар хоорондоо санал зөрсөн учир прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээс татгалзаж шийдвэрлсэн байна.

 

Хэргийг шүүхэд ирүүлсэний дараа шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гаргаж, урьчилсан хэлэлцүүлгээр өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг шүүх хэлэлцэхгүй орхиж анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болно. Хүсэлтэд “уг автомашиныг Баясаа гэгч унаж яваад осол гарган цагдаад баригдсан, Б.Н нь хүнд туслаж яваад хохирсон тул хэргийг прокурорт буцаах, эсхүл цагаатгаж өгнө үү” гэсэн байх бөгөөд хэрэгт Баясаа гэгч гэрч, бусад хэргийн оролцогч байхгүй, авто машиныг хэрэг болсоны дараа хэн унаж явсан талаар маргаан байхгүй буюу хэрэгт хамааралгүй зүйлийн талаар хүсэлт гаргасан гэж шүүх үзсэн болно.

 

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Б.Н нь хохирогчийн эд зүйлс болох дээрхи гар утас, автомашиныг хамтран эзэмшихийг хохирогч зөвшөөрдөг эсэх талаар хохирогчоос тодруулахад “шүүгдэгчтэй 2 жилийн өмнө танилцсан, манай гэрт хамт амьдрах гэсэн боловч архи их хэрэглэдэг шалтгаанаар хамт амьдрахаа больсон. Түүнээс хойш шөнө орой ирж амгалан тайван байдал их алдагдуулдаг, авто машины дугуй хагалаж янз бүрээр дарамталдаг, одоо би хэд хоног сайхан байж байгаад явъя, би шийдсэн хүн, чамайг алаад явчиж чадна, чи намайг ялд унагаачаад.. гэх зэргээр байнга дарамталж шөнө архи ууж ирээд хүн амраадаггүй, миний эд зүйлсийг хамтран эзэмших эрхгүй, би зөвшөөрдөгүй гэж мэдүүлсэн болно. Түүний мэдүүлгийг хууль сануулж авсан бөгөөд үнэн зөв гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Наран-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал, зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох авто машин, гар утсыг биет байдлаар буцаан хохирогч Л.Бт өгсөн бөгөөд хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад “авто машины эврэлийг засуулах 500.000 төгрөг, журмын хашаа, торгуульд 400.000 төгрөг, согтуу машин барьж яваад бусдад учруулсан хохирол 822.000 төгрөг, машингүй байх үеийн хохирол 778.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн авсан одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй”, шүүх хуралдаанд “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Наран-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй , эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол, шүүгдэгч Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.МӨНХБАЯР