Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/508

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга И.Алтнай,

Улсын яллагч Б.Дөлгөөн,

Шүүгдэгч Д.Ж /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ж холбогдох эрүүгийн 2211 00227 0589 дугаартай хэргийг 2022 оны 05 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, , 1993 оны 3 сарын 13-ны өдөр Булган аймагт төрсөн 29 настай халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Гранд модерн” ХХК-д засал чимэглэлчин ажилтай, ам бүл 3 эх, ахын хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо дунд тасганы 1-7 тоотод оршин суух хаягтай, урьд Булган аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ял эдэлж байсан,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Ж нь 2022 оны 01 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Дунд тасганы 1-7 тоотод иргэн Б.Цэнд-Аюуштай архи ууж, улмаар хоорондоо маргалдан, хөргөгчинд байсан хутгыг авч Б.Цэнд-Аюушийг хатгаж түүний биед  баруун өгзөг, шилбэнд хатгагдсан шарх  бүхий гэмтэл үүсгэсэн болох нь тогтоогдож байна.

 

Дээрхи үйл баримт нь шүүгдэгч Д.Жоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Д.Жоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй..” гэсэн мэдүүлэг. /хх-29-30х/

Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ...Би Жанлав-Ойдов найз нөхдийн харилцаатай байдаг.  2022 оны 1 дүгээр сарын 13-ны шөнө 21 цагийн үед би өөрийн фэйсбүүк хаягаасаа Жанлав-Ойдовын фэйсбүүк хаяг руу би гэр лүүгээ харьж байна ганц юм уух уу, гэж асуусан тэгье Эх нялхсын автобусны буудал дээр хүрээд гэсэн. Улмаар бид 2 тухайн өдрийн 22 цагийн үед  Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Эх нялхсын автобусны буудал дээо уулзсан. Бид 2 уулзаад Жанлав-Ойдовын гэр болох Чингэлтэй дүүргийн 08 дугаар хороо Дунд тасганы 1-7 тоотод байрлах гэрт нь очиж 0.75 литрийн нэг шил архи, 2.5 литрийн Боргио пиво хувааж ууцгаасан. Хэдэн цагийн үед гэдгийг нь санахгүй байна, миний утас цэнэггүй болсон ба Жанлав-Ойдов өөринхөө утсыг ашиглахгүй байсан болохоор би өөрийн сим картаа Жанлав-Ойдовын утсанд хийж фэйсбүүк орж байсан дараагаар нь Жанлав-Ойдов утсаа авья гэсэн тэгэхэд нь би одоохон, одоохон гээд хэсэг байсан юм тэгэхэд Жанлав-Ойдов уурлаад маргаан болж зодолдъё гээд байсан ба Жанлав-Ойдов гэнэт хажууд байсан хөргөгчөөс хутга гаргаад ирсэн тэгэхэд нь би хутгыг тавиулах гэж оролдож ноцолдсон, тэгэхэд би орон дээр хойшоо уначихсан тэгэхэд Жанлав-Ойдов миний гэдсэн дээр гарч суусан, намайг...болохыг оролдох үед Жанлав-Ойдов миний баруун бөгс рүү нэг удаа, баруун өвдөгний доод талд нэг удаа тус тус дүрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-21-22/.

Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 1 дугаар сарын 13-ны орой 19 цагийн үед манай нөхөр Цэнд-Аюуш найзтайгаа уулзчихаад ирье гээд гэрээс гарсан. 00 цаг 20 минутын үед гаднаас согтуу орж ирээд намайг хүн хутгалчихлаа гэхээр нь би босоод үзэхэд баруун өвдөгний доод хэсэгт болон зүүн талын өгзөг хэсэгт зүсэгдэж цус гарсан байдалтай байсан. Би хэн хутгалсан юм бэ гэхэд манай найз Жанхрай гэдэг хүн гэсэн. Тэгээд би дотуур өмдийг нь солиулаад цагдаад дуудлага өгсөн..” гэсэн мэдүүлэг /хх-8-9/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Э 2022 оны 1 сарын 18-ний өдрийн 1813 дугаартай дүгнэлтэд: /хх-23/ “..Б.Цэнд-Аюушийн биед баруун өгзөг, шилбэнд хатгагдсан гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт, шүүгдэгч Д.Жын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-47/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Б.Ц учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Ж нь хохирогчийн биед баруун өгзөг, шилбэнд хатгагдсан шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

                                      

Иймд шүүгдэгч Д.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Д.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Жд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Д.Ц нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд шүүгчдэгч Д.Ж нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 45.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 Шүүгдэгч Д.Ж нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан авсан 24см урт бор иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Жд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Д.Ж нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 24см урт бор иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч авсан Д.Жд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР