Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 00113

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: * банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй  

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Партизаны № 73 тоотод оршин суух, 1989 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, Бичээч овогт Базарваанийн Б-д холбогдох

            7295034 төгрөгийг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасансүрэн, хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Нямсүрэн нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч * банкны Зүүнхараа салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Б нь тус банкны Зүүнхараа салбараас 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 8499200 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, өрхийн хэрэгцээндээ зарцуулах зорилгоор зээлсэн бөгөөд тус зээлийн барьцаанд тэтгэврийн орлогыг барьцаалуулан зээлийг авсан юм.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу тэтгэврийн зээлийн үндсэн зээлд 2699257 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9043 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 2078300 төгрөг төлж барагдуулсан болно.

Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч /285 хоног/, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах:

1.Үндсэн зээлийн үлдэгдэл 5799943 төгрөг

2.Зээлийн хүүгийн төлбөр 1305796 төгрөг

3.Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 173795 төгрөг

4.Нотариатын үйлчилгээний төлбөр 15500 төгрөг, нийт 7295034 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Монгол улсын ИХШХШ тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан үл хөдлөх/ хөдлөх эд хөрөнгө, түүний банк дахь мөнгөн хөрөнгө, бусад зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч * банкны Зүүнхараа салбарыг төлөөлж * тоотод оршин суух, 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, * банкны Зүүнхараа салбарт зээлийн багц хариуцсан менежер ажилтай, Жагар овогт Ганбатын Баасансүрэнгээс /РД:*/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Шагдарын Дүгэрсүрэн гэдэг хүний тэтгэврийн зээлд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурж жилийн 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай 8499200 төгрөгийг авсан. Тус зээлд тэтгэврийн орлого барьцаалсан. 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үндсэн зээлдэгч Боржигон овогт Шагдарын Дүгэрсүрэн нас барсан тул Б.Бийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан. 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 540000 төгрөг, 2017 оны 09 дүгэр сарын 28-ны өдөр 22000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 505000 төгрөгийг уг зээлийг авснаас хойш төлсөн байдаг. Үүнээс өөр төлөлт хийгдээгүй. * банкны Зүүнхараа салбар нь Б.Боос 7295034 төгрөгийг нэхэмжилж байна. Ш.Дүгэрсүрэн нь 2014 оноос сүүлийн тэтгэврийн зээл авах хүртэл 5 удаагийн тэтгэврийн зээл авсан байдаг бөгөөд энэ 5 удаагийн зээлд бүгдэд нь Б.Б хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан байдаг. Б.Б нь * банкинд эрсдэл гарвал би хариуцна гэсэн өргөдлийг бичиж өгч байсан гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний хойд эцэг Шагдарын Дүгэрсүрэн нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тус банкнаас 8499200 төгрөгийн тэтгэврийн зээлийг авахад би хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан. Ажил хийдэг хүн олж ир гэсэн гэхээр нь очоод гарын үсэг зурсан. Энэ зээлнээс би нэг ч төгрөг аваагүй. Иймд би энэ нэхэмжилж байгаа мөнгийг төлөхгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

Хариуцагч Б.Б нь зээлдэгч Ш.Дүгэрсүрэнг * банкны Зүүнхараа салбараас 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 8499200 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, тэтгэврийн орлогыг барьцаалж зээл авахад нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож гарын үсэг зурсан байх ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн болох нь  тэдгээрийн хооронд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан тэтгэврийн зээлийн гэрээгээр нотлогдон тогтоогдож байна.

Зохигчид гэрээг бичгээр үйлдсэн байх ба талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн дүүрэн тусгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч * банкны Зүүнхараа салбар нь үндсэн зээлдэгч Ш.Дүгэрсүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан тул зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Бийг хариуцагчаар татан үндсэн зээл 5799943 төгрөг, зээлийн хүү 1305796 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 173795 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 15500 төгрөг, бүгд 7295034 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Б нь ажил эрхэлдэг хамтрах хүн олж ир гэсэн очоод гарын үсэг зураад өгөөч гэхээр нь би очиж гарын үсэг зурсан, энэ зээлийн мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй, бусдын авч хэрэглэсэн мөнгийг би төлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Мөн түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд үндсэн зээлдэгч Ш.Дүгэрсүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан бөгөөд тэтгэврийн зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ гэж заасан боловч энэ гэрээний 3.1.1 болон 3.1.4-д зааснаас бусад тохиолдолд эрх эдэлж үүрэг хүлээхийг зааж өгсөн, зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-д зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсноор гэрээнд заасан нөхцлөөр зээлийг авч ашиглах, 3.1.4-д гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн нөхцөлд Банкны зээлийн журмын дагуу дахин зээл авах, бусад урамшуулалд хамрагдах гэж заасан, мөн Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-д .... үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан... бол үүрэг дуусгавар болно гэж заасан нь уг тэтгэврийн зээл нь үндсэн үүрэг гүйцэтгэгчтэй холбоотой болохоос хамтран үүрэг гүйцэтгэгчид хамааралгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Зээлдэгч Ш.Дүгэрсүрэн нь 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс хойш 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд 5 удаа тэтгэврийн зээлээ нэмэгдүүлж авсан бөгөөд энэ бүхэнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Б.Б гарын үсэг зурж байсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасансүрэн мэдүүлж байх бөгөөд хавтаст хэргийн 16-17 дугаар талд * банкны Зүүнхараа салбар, зээлдэгч Ш.Дүгэрсүрэн, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Б нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан, хавтаст хэргийн 19-20 дугаар талд * банкны Зүүнхараа салбар, зээлдэгч Ш.Дүгэрсүрэн, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Б нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан тэтгэврийн зээлийн гэрээ тус тус авагдсан байна.

Зээлдэгч Ш.Дүгэрсүрэн нь * банкны Зүүнхараа салбараас 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 7226699 төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл дээр 1272500 төгрөгийг нэмж бүгд 8499200 төгрөгийн тэтгэврийн зээлийг авахад нь хариуцагч Б.Б нь өөрийн хүсэл зоригийнхоо  дагуу гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож, гэрээнд заасан нөхцлийг зөвшөөрч гарын үсэг зурсан, тэтгэврийн зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зээлдэгч, хамтран үүрэг гүйэтгэгчийн эрх, үүргийг зааж өгсөн, мөн Б.Б нь хавтаст хэргийн 07 дугаар талд сар бүрийн 25-30-ны хооронд төлөх, хавтаст хэргийн 09 дүгээр талд ямар нэгэн эрсдэл гаргахад бүрэн хариуцна, хавтаст хэргийн 21 дүгээр талд ямар нэг байдлаар зээлээ төлж чадахгүй бол төлж барагдуулах талаар бичгийн тодорхойлолт гаргаж өгснөөс үзэхэд тэтгэврийн зээлийн гэрээний нөхцлийг ойлгон ухамсарлаж байсан бөгөөд ажил төрөлтэй гэдэг утгаар гэрээнд гарын үсэг зурж хэлбэрийн төдий оролцсон болох нь нотлогдохгүй байх ба * банкнаас зээлдэгч Ш.Дүгэрсүрэнгийн авсан тэтгэврийн зээлийг зээлдэгч өөрөө ашигласан уу хамтран үүрэг гүйцэтгэгч ашигласан уу гэдэг нь тогтоогдоогүй тул хэн ашигласан нь энэ гэрээнд хамааралгүй, гагцхүү гэрээнд заасан төлбөрийг гүйцэтгэх үүргийг зээлдэгч биелүүлж чадахгүй болсон тохиолдолд  хамтран үүрэг гүйцэтгэгчээр төлүүлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Иймд хариуцагч Б.Боос үндсэн зээл 5799943 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1305796 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 173795 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 15500 төгрөг, бүгд 7295034 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч * банкны Зүүнхараа салбарт олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэггчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 131671 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100130400941 тоот дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир хариуцагч Б.Боос 131671 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч * банкны Зүүнхараа салбарт олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                  Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт хариуцагч Б.Боос үндсэн зээл 5799943 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1305796 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 173795 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 15500 төгрөг, бүгд 7295034 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч * банкны Зүүнхараа салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжинд төлсөн 131641 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Боос 131671 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч * банкны Зүүнхараа салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                  

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН.