| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2022/0535/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/562 |
| Огноо | 2022-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Азжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/562
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Алтнай,
Улсын яллагч А.Азжаргал,
Хохирогч Ш.О,
Шүүгдэгч Т.Г /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г холбогдох эрүүгийн 2211000001264 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Т.Г 1991 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан-Өлгий 4 дүгээр гудамжны 70 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Чикаго гэх нэртэй бааранд 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 02 цагийн үед “миний сууж байсан ширээн дээр суулаа” гэх шалтгааны улмаас Э.Ундрамтай маргалдаж улмаар дээрх маргааныг салгах гэж очсон хохирогч Ш.Оийн толгойн тус газарт гараараа цохих, үсдэх, үсдэж чирэх зэргээр хохирогч Ш.Оийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус хуралт, баруун тохойн цус хуралт, зүүн дунд, ядам хурууны хумсны хугарал бүхий гэмтэл үүсгэсэн болох нь:
Шүүгдэгч Т.Гаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Тухайн үйл явдал болсон өдөр найзтайгаа хамт найзынхаа таньдаг эгч дээр орсон. Тэгээд зөөгч нь нэг ширээнд 2 хүн сууж байгаа гэж хэлээд бид хоёрыг нэмж ширээнд суулгасан. Ширээнд суусны дараа бид 2 нэг шил архи захиалж аваад түүнийгээ уулгүй гарч бүжиглэсэн. Бүжиглэж байгаад иртэл манай ширээнд 4 хүн суусан байсан. Тухайн үед энэ бидний сууж байгаа газар гэж зөөгч нь 2 хүн сууж байгаа гэсэн яагаад дөрвүүлээ байгаа юм бэ гэхэд өөр газар очоод суу, чи ширээгээ андуурч суусан байна мэтээр хэлж өөрсдөө хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгээд Одончимэгийн найз гэх бүсгүйтэй муудалцаж байхад Одончимэг нь надад тайлбарлах гэж очсон гэж мэдүүлэгтээ хэлсэн боловч тийм зүйл болоогүй, надтай хэрэлдэх гэж ирсэн. Муудалцаж байгаад би уурандаа санаандгүй Одончимэгийг цохисон. Би санаатайгаар цохьё гэж бодоогүй. Тухайн үед Одончимэг нь найз нартайгаа дөрвүүлээ нийлж байгаад намайг зодсон. Муудалцах үеэр нэг нь миний хамар руу цохиод хөхөрсөн, өөр нэг эмэгтэй нь миний сав руу буюу хэвлий хэсэгт өшиглөсөн ба би 2 хоног ариун цэврийн өрөө ороход хүндрэлтэй байсан. Мөн цээжин дээр минь маажсан, үсийг туг тугаар нь зулгаасан байсан. Тэр үед би адилхан эмэгтэй хүмүүс хоорондоо муудалцсан юм чинь гээд шүүх эмнэлэг орж гэмтлийн зэрэг тогтоолгүй, эмчид хандалгүй өнгөрсөн. Би өнөөдрийн шүүх хурал дээр л хохирогчийг харж байна. Өмнө нь утсаар ярьж уучлалт гуйгаад эмчилгээний зардлыг төлье гэтэл үгүй чамтай уулзахгүй, би чамаас сая саяар нь мөнгө авна, ялыг чинь эдлүүлнэ гээд утсаа тасалсан. Түүнээс хойш огт утсаар яриагүй.” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Т.Гаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын биед гэмтэл учруулсан үйлдэлээ харамсаж байна. Надад зодуулсан гэх эмэгтэйтэй утсаар нь холбогдсон боловч надаас сая, сая төгрөг нэхнэ. Би чамтай уулзахгүй гэж хэлсэн. Тэгэхээр шүүх хуралаас гаргасан хохирогчийн хохирлыг төлж барагдуулах болно..” гэсэн мэдүүлэг. /хх-28/
Хохирогч Ш.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Тухайн өдөр 3 найзтайгаа “Чикаго” баранд баярт үйл явдлаа тэмдэглэн бүжиглэхээр орсон. Ороод ширээндээ суучаад бүжиглэхээр яваад эргээд суух гэтэл нэг эмэгтэй манай ширээнд сууж байсан. Тэр сууж байсан эмэгтэй босоод явсны дараа дахиад өөр эмэгтэй ирж суусан нь Ганцацрал байсан. Ганцацрал нь ирээд та нар юун хүмүүс вэ ширээнээс бос гээд асуудал үүсэхэд би зөөгчийг дуудтал зөөгч нь ирэхгүй байсан. Тухайн зодоон эхлэхэд би Ундармаа гэж найзынхаа ард байсан ба найзыгаа цохиулахгүй гэж хамгаалаад холдуултал намайг шууд цохиж аваад үсдээд, хамгаалагч нь арай гэж холдуулаад бөөн асуудал болоод дууссан. Би 5 дугаар сарын 30-ны өдөр Төрийн ордонд орж одон медалиа гардаж авах яаралтай хэрэгтэй байгаагүй бол тухайн үүссэн гэмтлийг өөрөөр нь эдгээх байсан. Би үүссэн хөхрөлт хавдалтаа хурдан эдгээхийн тулд бүх боломжтой газраар явсан. Миний бие эмчилгээ хийлгэсэн төлбөр, унааны мөнгө зэргээ л нэхэмжилж байна. Би шүүх эмнэлэгт очсоныхоо дараа хумсаа янзлуулах гэж гоо сайхны салоноор явсан ба таны хумсны мах гарсан маникюр хийх боломжгүй гэдэг хариу авсан. Тэгээд өөрөө маникюрийн хийдэг хэрэгсэл худалдан авч өөрийнхөө мах гарсан хумсыг түлж маникюр хийсэн. Тухайн үед мөрдөгч нь надад та үйлчилгээ авсан материалаа бүрдүүлээд дуудсан цагт ирээрэй гэсэн болохоор би үйлчилгээ авсан дариудаа баримтуудаа авахгүй дараа нь авъя гэж бодоод явж байсан. Тэгээд мөрдөн байцаагч нь залгах үед миний баримт авах ёстой үйлчилгээний байгууллагын ажилчид зуны амралтаа аваад зугаалахаар явсан байсан учир өнөөдрийн шүүх хуралд зарим баримтуудыг гаргаж өгч чадаагүй. Би төрийн ордонд орсон 5 дугаар сарын 30-ны өдрөөс хойш ямар нэг үйлчилгээ аваагүй өөрөөр нь эдгээсэн. Ганц тохиох баярын өдрөө хөхөрсөн нүүртэй төрийн ордонд орсон учраас маш их гомдолтой байна..” гэсэн мэдүүлэг.
Хохирогч Ш.Оээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..би 2022 оны 5 сарын 21-ний өдрийн 23 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чикаго бааранд Ундармаа, Гэрэлээ, Должинсүрэн, нарын хамт ороод хамтдаа сэнгүр гэх 0.5 литрийн пивоноос 2 шилийг уусан.. талбай дээр бүжиглэж байгаад ширээн дээрээ ирэхэд хоёр танихгүй эмэгтэй сууж байхаар нь надтай ойрхон байсан даашинзтай эмэгтэйтэй мэндэлсэн..ингээд хүрч ирээд дөнгөж суусан чинь тэр хоёрын араас цэнхэр хослолтой эмэгтэй ирэнгүүтээ Ундармаатай муудалцаж, хэрэлдэж эхэлсэн. Тэгэхээр маргааныг зохицуулах санаатай баарны зөөгчид хэлэхэд баарны зөөгч эмэгтэй би мэдэхгүй гээд яваад өгсөн..Тэгээд нөгөө эмэгтэй хана руу ойгоод буцаж ирэнгүүтээ миний нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохиод тэгснээ шууд үснээс зуураад үснээс чирээд цаашаагаа чирээд явчихсан. Намайг газраар үсээр минь татаж чирсэн..Одоо миний зүүн нүд маш том хөхөрч хавдсан, улмаар дотроо улайлт үрэвсэлтэй байна гэж Талимаа гэсэн нүдний эмнэлгийн эмч хэлсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн, үнэхээр гомдолтой байна. Толгойн зураг авхуулахад 260.000 төгрөг, нүдний эмнэлэгт үзүүлж эм авахад 110.500 төгрөг, дусал тариа хийлгэхэд 42.000 төгрөг зарцуулсан. Өөр нэмж эм тариа авч хийлгэнэ. Тэр мөнгийг баримтаараа гаргаж өгч нэхэмжлэх болно..Би одоо тухайн эмэгтэйгээс 2.000.000 төгрөг нэхэмжилж байна..” гэсэн мэдүүлэг /хх-7-9/,
Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Одончимэг салгахаар очтол Одончимэгийн нүүр лүү гараараа цохиод үснээс зуураад чирсэн. Тэгж байтал 2 хамгаалагч ирээд салгаад цагдаа дуудсан..” гэсэн мэдүүлэг /хх-11/,
Гэрч Э.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..намайг гараараа цохих гэтэл би бултаад түүнийг өөрөөсөө ходуулж түлхсэн чинь Одончимэг тухайн эмэгтэйг болиулж тайлбарлах гээд очтол Одончимэгийн нүд рүү нь гараараа нэг удаа шанаадаж, үснээс зулгааж элдвээр хараагаад эхэлсэн..” гэсэн мэдүүлэг /хх-13/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 7480 дугаартай дүгнэлтэнд: “..Ш.Оийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус хуралт, баруун тохойн цус хуралт, зүүн дунд, ядам хурууны хумсны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь нийтдээ болон тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь нэг хоногийн дотор үүссэн шинэ гэмтэл байна..” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-17-18/, шүүгдэгч Т.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-31/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Ш.От учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Г нь Ш.Оийн толгойн тус газарт гараараа цохих, үсдэх, үсдэж чирэх зэргээр түүний биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус хуралт, баруун тохойн цус хуралт, зүүн дунд, ядам хурууны хумсны хугарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Т.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шатгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар харгалзан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Гыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу шүүгдэгчийн оршин суух газар болох Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан-Өлгий 4 дүгээр гудамжны 70 тоотоос эмнэлгийн тусламж авахаас бусад тохиолдолд явахыг хориглож шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Гд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Шүүх хуралдаанд хохирогч Ш.О нь гомдолтой байна шүүгдэгчээс нийт 2.000.000 төгрөг нэхэмжилж байна гэсэн бөгөөд хавтаст хэргийн материалд баримтаар авагдсан 600.000 төгрөгийн хохирол тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Гаас 600.000 төгрөгийг гаргуулан хохирогч Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 42-9 тоотод оршин суух Дуутан овогт Шаравдагвын Одончимэгт /РД:ЧО83080566/ олгуулах нь зүйтэй байна. Харин хохирогчийн нэхэмжлэлээс үлдсэн 1.400.000 төгрөгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаарлдагаа нотлоогүй, баримтаа гаргаж өгөөгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Гыг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу эмнэлэгийн тусламж авахаас бусад тохиолдолд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан-Өлгий 4 дүгээр гудамжны 70 тоотоос гадагш явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Т.Гд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ш.Оээс нэхэмжилсэн 2.000.000 төгрөгнөөс 1.400.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, баримтаар тогтоогдсон 600.000 төгрөгийг шүүгдэгч Т.Гаас гаргуулан хохирогч оршин суух олгуулсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР