Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/561

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ч.Алтнай,

Улсын яллагч Ц.Майбаяр /томилолтоор/,

Шүүгдэгч Б.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 2211 00000 0337 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Б.Б , 1979 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо баг дарь эхийн 2-1539 тоотод оршин суудаг, урьд урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй,

 

Шүүгдэгч Б.Б нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2022 оны 1 дүгээр сарын 21-нээс 22-ны өдрийг шилжих шөнө 04:06 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МН товарын В1 давхрын гарашид А.Оийг унтаж байхад нь Самсунг А52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад 704.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 1 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 04:06 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МН товарын В1 давхрын гарашид А.Оийг унтаж байхад нь Самсунг А52 загварын гар утсыг нууцаар авч 704.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

шүүгдэгч Б.Баас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Б.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 1 дүгээр сарын 21-нэээс 2022 оны 1 дүгээр сарын 22-ны шилжих шөнө ажил дээрээ ганцаараа архи уусан байсан тэгээд тэрийгээ доор ажилчдын хувцас хунар сольдог өрөөнд орж байгаад архиа ууж дуусгасан байсан тэгээд тэрнийхээ дараагаар нь нөгөө доод В1 давхарт байрладаг хамгаалагчийн өрөөнд нь ороод түүний гар утсыг нь аваад явсан тэгээд буцаж өрөөндөө ороод хувцсаа солиод шууд гэрлүүгээ яваад өгсөн юм. Ингээд би гэртээ хариуд унтаж байсан чинь манай эхнэр намайг загнаад чи хүний гар утас хулгайлж авсан байна гээд загнаад байсан тэгж байгаад миний халааснаас нөгөө хамгаалагчийн гар утсыг нь аваад аваачиж өгнө гэж хэлээд аваад ажилдаа явж байсан ингээд би өөрөө буруугаа хүлээн зөвшөөрч байна тэр хамгаалагчийн гар утсыг нь аваад архины барьцаанд тавьж архи уух гэж байсан юм. Цаашид дахин ийм алдаа дутагдал гаргахгүй гэж бодож би ингээд буруугаа хүлээж байна..” гэх мэдүүлэг /хх-44-45/,

Хохирогч А.Оээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 1 дүгээр сарын 21-ээс 22-ны шилжих шөнө 04:06 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МН товарын В1 давхрын ажлын өрөөндөө унтаж байсан ингээд үүрээр шөнийн 04:00 цагийн үед доод В1 давхрын ажлын өрөөндөө унтаж байсан тэгтэл өглөө 06:00 цаг өнгөрөөгөөд сэрсэничинь миний гар утас алга болсон байсан тэгээд би өөрийнхөө ажлынхаа утсаар цагдаагийн 102 дугаарлуу дуудлага өгсөн юм. Тэгтэл манай ажлын газрын 6 давхарт байрладаг Хот Пот нэртэй хоолны газрын угаагч залуу болох би одоо нэрийг нь мэдэхгүй байна тэр залуу манай өрөөнд 04:35 минутын үед ороод гарсан хяналтын камерын бичлэг нь байгаа юм тэрний эхнэр нь бас тэр газарт гал тогоонд ажилдаг юм байна лээ, тэгээд эхнэртэй нь гар утсаар нь залгаж ярихад эхнэр нь нөхрөөсөө асуугаадахъя гэж байсан тэгээд хэсэг хугацааны дараагаар нь дахиж ярьсан тэгээд эхнэр нь манай нөхөр rap утсыг чинь авсан байна гэж хэлээд миний гар утсыг сая өглөөний 09:00 цагийн үед авчирч өгч байсан юм.. гэсэн мэдүүлэг /хх-17-20/,

 

Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 1 дүгээр сарын 22-ны өглөө 07:00 цаг өнгөрч байхад манай ажлын газрын харуулаас ярьж байна гэж хэлээд надтай нэг залуу гар утасныхаа цаанаас залгаад ярьж байсан танай нөхөр гэртээ ирсэн үү гэж надаас асууж байсан тэгээд нөхөр чинь миний гар утсыг аваад явчихсан байна гэж хэлэхээр нь би нөхрийгөө тэр үед нь ирээгүй байсан тул алга байна гэж хэлж байсан тэгтэл нөгөө харуул залуу та ирэхээр нь миний гар утсыг аваад ирээрэй гэж хэлэхээр нь би нөхрийгөө удалгүй ирэхээр нь гадуур куртикний халаасанд нь гар утсыг нь үзтэл нөгөө хамгаалагч залуугийн гар утас гараад ирсэн тэгээд би нөхөртөө чи яах гэж хүний гар утас авч байгаа юм бэ гэж асуусан чинь манай нөхөр Б.Б нь өөдөөс би архи уучихсан согтуу байж байгаад хүний гар утсыг нь аваад ирлээ гэж хэлж байсан тэгэхээр нь би нөхрөө нэг удаа түүнийг нуруу руу нь гараараа нэг удаа цохиж аваад гэрээсээ гараад наашаа ажилруугаа хүрээд ирсэн юм.. гэх мэдүүлэг /хх-21-22/,

 

Гэрч О.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр ажил дээрээ ажлаа хийж байсан би өөрөө МН товарын хамгаалалтын албаны оператор ажилтай байсан тэгээд тэр шөнө манай 6 давхарт байдаг рестораны угаагч нь нэг эрэгтэй хүн согтуу жорлонд унтаж байсан тэгээд түүнийг зохион байгуулагчид мэдэгдэж байсан тэр нь шөнийн 01:00 цагийн үед хэлж байсан тэгээд тэр хүнийг зохион байгуулагч нь хүүхэд нь ирж авна гэж хэлж байсан тэгээд нэг хэсэг хүүхдийг нь хүлээгээд унтуулж байсан би ч өөрөө дэлгэцэн дээрээ өрөөндөө сууж байсан чинь нөгөө угаагч согтуу хүн шөнийн 04:00 цагийн үед гадагшаа гарах гэж байсан би түүнийг архи чинь гарсан уу зүгээр үү та явж чадах уу гэж асууж байсан тэгсэн чинь тэр ах зүгээр яваад гэртээ харина гэж байсан тул би тэр хүнийг гаргаад явуулж байсан тэр үед 04:30 минутын үед Ононбилэг гар утсаа алдчихлаа гэж хэлж байсан тэр өөрөө В1 давхарт гарашид амарч байсан бид нар ээлжээр амардаг байсан юм, тэгээд түүнийг нь камер шүүж үзэж байсан бид нар тэр үедээ гурвуулаа Ононбилэг слесарь Батсайхан бид нар камераа шүүгээд үзсэн чинь нөгөө угаагч согтуу ах Ононбилэгийн байгаа газарт 2-3 удаа орж гараад яваад байсан камерт бичигдсэн байсан тэгээд хамгийн сүүлд нь орж гарахдаа бараг 5-10 минут болж байгаад эргээд гарч ирээд шууд манай өрөөнд орж ирээд гадагшаа гараад явж байсан юм..” гэсэн мэдүүлэг /хх-25-26/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Самсунг А52 гар утсыг 704.600 төгрөгөөр үнэлэгдсэн /хх-28-29, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-15/, шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-35/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-33/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б нь прокуророос яллаж буй хэргийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээж мэдүүлсэн, түүний мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Бын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж прокурор, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан саналыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Бд нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор  тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдаанаас өмнө 28 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагт тооцон нийт 224 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч тооцон түүний биечлэн эдлэх ялыг 8 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч А.О нь хохирлоо бүрэн барагдуулж авсан мөрдөн шалгах ажиллагааны үед гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

.

Шүүгдэгч Б.Бын бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасанбусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагт тооцон нийт 224 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч тооцон түүний биечлэн эдлэх ялыг 8 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МӨНХБАЯР