Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 146/ШШ2018/00081

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ...... тоотод оршин суух, 1989 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, Ц овгийн О.О-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн .... тоотод оршин суух, 1988 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, П овгийн Ж.Б-д холбогдох

“Гэрлэлт цуцлуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.О, хариуцагч Ж.Б, нарийн бичгийн дарга Б.Сосорбарам нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Ж.Б-тэй 2007 онд танилцаж, 2008 онд гэр бүл болж 3 хүүхдийн аав ээж болсон. 2011 онд хүү Б.Б, 2013 онд охин Б.Б, 2015 онд хүү Б.Б төрсөн. Хамт амьдрах хугацаанд Ж.Б нь ажил төрөл хийсэн ч тухайн байгууллагын удирдлага, ажилчидтай маргалдах, зүй бус харьцаанаасаа болоод өөрийн хүсэлтээр ажлаасаа хэд хэдэн удаа дараалан гарч байсан. Тиймээс тодорхой ажил төрөл хийхгүй, архи дарс хэрэглэх болсон. Машин авч хувиараа тээвэр хийж, жуулчинд яв гэж удаа дараалан миний бие цалингийн зээл, ээжийнхээ нэр дээр малчны зээл, өндөр настны тэтгэврийн зээл авч ачааны, суудлын пургон машин зэргийг авч өгч байсан бөгөөд тухайн үедээ шалтаг тоочоод машинаар ажилд явж байгаагүй. 2017 онд 2 удаа жуулчинд явсан. Тэгээд л шалтаг тоочоод машинаа зарчихдаг байсан. Ингэж гэр орондоо дорвитой орлого олох ажил хийхгүйгээс гадна миний бие болох О.О-г ажил хийлгэхгүй цаг минут тутамд утсаар залгаж, утсаа авахгүй болохоор чи ажил дээрээ хэнтэй юу хийгээд байгаа юм гэж хардаж сэтгэл санааны дарамт байнга учруулдаг байсан. Ажлын бус цагаар ээж, ах дүү хамаатныдаа орох, ангийхан, ажлынхантайгаа уулзах, гадуур гарах эрх арван жил амьдрахад нэг ч удаа байгаагүй. Яваад ирье гэхээр уурлаж, загнаж өмнөөс нь юм ярихаар ойр орчмын юмаа эвдэлж, 3 нялх хүүхдийнхээ дэргэд үхлээ гэж хоолойгоо боож, укс ус, тосол уулаа гэж байсан удаа олон бөгөөд гэртээ буу тавьж байсан ч удаатай. Ингэж амиа хорлох гэхэд нь цагдаад хэлье, хүнд хэлье гэхээр шууд үхлээ гэж олон удаа айлгаж сүрдүүлж аргадуулж зүгээр болдог байсан. 3 хүүхдээ машиндаа суулгаад хоногоор сураггүй алга болно. Би 3 хүүхдээ алчихаад өөрийгөө одоо алах гээд байж байна, би машинтайгаа осолд орсон байна, нисэж үхэж байна гэх мэтчилэн удаа дараа айлган сүрдүүлж байдаг байсан. Цагдаад хэлэх юм бол би нүүрэн дээр нь укс ус уулаа гэж бэлдэнэ, машинтайгаа хясаан дээр байна ганцаараа ирвэл зүгээр хүнтэй, цагдаатай ирвэл шууд хясаа руу нислээ гэж айлгадаг байсан. Ингээд миний бие үргэлж айдсаар дүүрэн 3 хүүхдийнхээ төлөө тэвчиж аргадаж амьдарч байсан бөгөөд сүүлдээ удаа дараалан хүүхнүүдтэй, өөр эмэгтэйчүүдтэй уулзаж дотносох болсон. Ийм байдлаас миний тэвчээр алдагдаж хоёулаа салья. Би ажил төрөлтэй юм чинь бүх өр зээлээ даръя, 3 хүүхдээ аваад үлдэе, чи ганц бие эрэгтэй хүн болно. Хаа нэг газар очиж ажил хий гэсэн. Тэгтэл чамайг хүчиндэж ална гэж шөнөжин дайрч хувцас урж хүчирхийлсэн. Гэр бүлийн зураг, хувцас гээд хамаг эд зүйлээ эвдэлж шатаана гэсэн. Машинаа унаад бас л хэдэн хоногоор алга болохдоо би үхлээ, осолд орсон гэж сүрдүүлсээр. Ах дүү нарт нь хэлэхээр яадгийн үхэж байг хамаагүй гээд тоохгүй байтал би машиныг чинь зарлаа эсвэл чи мөнгө өг гэсэн. Би 3 нялх хүүхэд зөөх хүн цалингаа зээлж авсан машинаа өгөхөд хэцүү санагдаж өг гэсэн 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг цалингаа зээлж өгөх болсон. Ингээд өгөх гээд машиндаа суутал шууд мод руу авч явж хоёулаа үхнэ дуусна гэж айлгаж хоолой боож, ам барьсан. Ингэж намайг айлгачихаад өөрийгөө хутгаар сийчиж эхэлсэн. Би сэмхэн ах, эгчийг нь дуудаж хүлээлгэж өгсөн. Үүний дараа мөнгөө авч хот явж мөнгөө үрж ирчихээд уулзъя гэсэн. Би 3 хүүхэдтэйгээ нэг сарын хугацаанд нуугдаж айлаар явсан. Тэгээд ээж маань хөдөөнөөс ирээд гэрийнхэнтэй нь уулзаад сууж байтал гаднаас орж ирээд өөр лүүгээ шүдэнз хавирч өөрийгөө шатаасан. Шүүхэд салах өргөдлөө өгөхөөр бэлдсэн байсан ч ийм явдлаас биеийн байдлыг нь 3 сар хараад өгөөгүй. Одоогийн байдлаар хөл дээрээ боссон байгаа. Бие нь өвдсөн энэ үед би хэрүүл хийгээгүй, юу ч яриагүй бөгөөд сумын иргэдийн хов жив, сул яриагаар үг хийж дарамталж эхэлсэн. Одоо 3 хүүхдийнхээ төлөө биеэ сайн эмчилж эдгээж ав гэхээр одоо би нэгэнт ийм болсон юу ч хийхээс буцахгүй, чи харж байгаа биз дээ би зоригтой байгаа биз, чиний амьдралыг там болгоно, та нарыг шатааж чадна, би яг одоо үхээд өгөх үү гэх мэтээр байнга айлган сүрдүүлж, дарамталж, мөн эгч нар нь миний дүүд ямар нэг зүйл тохиолдвол чамаас амийг нь нэхнэ, нохой гичий минь гээд дарамт үүсгэж байна. Иймээс ажил төрлөө тайван хийж чадахгүй, хаалга дуугарсан ч айж чичрэх боллоо. Мөн зүй зохисгүй ийм байдлууд нь 3 хүүхдүүдийн хүмүүжилд ч сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал болоод байна.

 Иймээс цаашид энэ хүнтэй хамтран амьдарч чадахгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. 3 хүүхдээ өөрийн асрамжинд авч өсгөх хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...Бид хоёр 2007 онд танилцаж, 2008 онд гэр бүл болж 3 хүүхдийн эцэг, эх болсон. Миний бие хамт амьдрах хугацаандаа буруу зүйл их хийсэн, мөн сүүлийн үед архи их уух болсон зэрэг миний буруу. Цаашид О.О надтай хамт амьдрах боломжгүй болоод байгаа нөхцөлд оруулсан байгаа. Хайрлаж байсан хайрыг нь дааж чадаагүйд уучлаарай. Иймээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 3 хүүхэд болох Б, Б, Б нарыг эх О.О-гийн асрамжинд үлдээх хүсэлтэй байна. Иймд хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад         

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.О нь “Гэрлэлт цуцлуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

О.О, Ж.Б нар нь 2008 онд гэр бүл болсон, 2011 оны 01 дүгээр 04-ний өдөр хүү Б.Б, 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр охин Б.Б, 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.Б нарыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, №0000564658/09, №0000865955/Г-082, №6207000040 дугаартай төрсний гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч, хариуцагч нар нь цаашид хамт амьдрах боломжгүй, эвлэрэх хугацаа авалгүйгээр гэрлэлтээ цуцлуулах хүсэлт гаргасан  бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан нөхцөл байдал үүсч байсан, цаашдаа үүсч болзошгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангаж, гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв. “Хамт амьдрах хугацаандаа байнга айдас, сэтгэл санааны хувьд дарамтад оруулдаг байсан” талаар нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул шүүх дээрх дүгнэлтийг хийсэн болно.

            Нэхэмжлэгч хүүхдээ өөрийн асрамжид үлдээхийг хүссэн ба хүүхдийн санал, хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн зэргийг харгалзан 2011 онд төрсөн хүү Б.Б, 2013 онд төрсөн охин Б.Б, 2015 онд төрсөн хүү Б.Б нарыг эх О.Огийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

            Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 38 дугаар зүйлийн 38.1, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдийг эрүүл саруул өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул аюулгүй бусад шаардлагатай зүйлээр хангах зэрэг эцгийн үүргээ гэрлэлт цуцалснаас үл хамааран зохих ёсоор биелүүлэхийг эцэг Ж.Б-д, уг үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг эх О.О-д тус тус даалгаж, зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг тус тус дурдав.

          Хариуцагч Ж.Б-эс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

          Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг тус тус дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар П овгийн Ж.Б, Ц овгийн О.О нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт зааснаар 2011 оны 01 дүгээр 04-ний өдөр төрсөн хүү Б.Б, 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Б.Б, 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.Б нарыг эх О.О-гийн асрамжид үлдээсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 38 дугаар зүйлийн 38.1, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдийг эрүүл саруул өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул аюулгүй бусад шаардлагатай зүйлээр хангах зэрэг эцгийн үүргээ гэрлэлт цуцалснаас үл хамааран зохих ёсоор биелүүлэхийг эцэг Ж.Б-д, уг үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг эх О.О нарт тус тус даалгасугай.
  4. Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
  5. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.
  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Б-эс 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
  7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ж.Мөнхтуяад даалгасугай.
  8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
  9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр
    зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноос хүчинтэй болох бөгөөд 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр
    танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХ-АМГАЛАН