| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2022/0516/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/545 |
| Огноо | 2022-06-22 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/545
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Алтнай,
Улсын яллагч Г.Ууганбаатар,
Шүүгдэгч Б.С,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхбадрах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С холбогдох эрүүгийн 2202 00199 0145 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Б.С 1998 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Төв аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Орхон их сургуулийн 4 дүгээр курсын оюутан гэх, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.С нь 2021 оны 7 дугаар сард дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, нийт 41.4 грамм цэвэр жинтэй өвс гэх бодисыг олж авч, 2022 оны 3 дугаар сарын 18-ны орой 19 цаг хүртэл 67-58 УАА улсын дугаартай хар өнгийн Тоёота Харриер загварын тээврийн хэрэгсэлд хууль бусаар хатааж бэлтгэн, хадгалсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Сээс мэдүүлсэн: “..2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр буюу Цэргийн баяраар Сүхбат найз маань над руу чатаар залгаад уулзахаар болсон. Тэрнээс өмнө би Монелд хашаа байшинд очиж бага зэрэг аж ахуйн ажил хийсэн. Тэгээд 19 цагийн үед уулзах газар буюу Соёл урлагийн их сургуулийн гадаа очоод хүлээж байтал С, Бо, Э гурав ирээд тебантин гэх нэртэй эм авчирсан талаараа надад хэлж тарьж үзэх үү гэхээр нь би тэгье гэж хэлсэн. Тэр үед судас руу тариагаа хатгахаар нь гэнэт айгаад би чадахгүй юм байна болъё гэтэл Сүхбат за гээд тариаг цонхоороо гаргаад шахаад асгасан. Түүний дараа би эмээгээ авах ёстой байсан учраас явлаа гэхэд орой 23 цагт компьютер тоглоомын газар тоглоё гэж хэлсэн. Тэгэхээр нь би хариуд нь эмээгээ авчаад хүргэж өгчөөд буцаад ирье гэж хэлээд явах гэж байтал цагдаа нар ирж гавлаад Нийслэлийн хар тамхитай тэмцэх хэлтэс дээр авчирсан. Өвсийг Зүүнхараа руу явахдаа авч байсан. Зүүнхараагаас гарах гэж байтал өмнө нь Ютүбээс “Монголиан канабэс” нэртэй Монгол залуугийн хийдэг бичлэг дээр Зүүнхараагаас гарах замд эргэдэг уулзвар дээр өвс ургадаг гэж хэлж байсныг нь санаад тэндээс нэг атгыг аваад машиныхаа ард хийсэн. Түүнээс хойш машиныхаа ард хийсэн байснаа мартсан байж байгаад 3 дугаар сарын 18-нд хашаандаа аж ахуйн ажил хийж байгаад машиныхаа арыг цэвэрлэхдээ олсон гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Б.Сээс мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн: “..Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн үед ээж Т.Т эзэмшилийн 67-58 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Монел гэх газар очиж хашаа байшингаа эргээд нохойгоо хооллоод хашаагаа цэвэрлээд 17 цагийн үед ажлаа дуусаад хэдэн найз нартайгаа уулзахаар болсон. Манай найз нар Соёл урлагийн их сургуулийн гадаа зогсоол дээр уулзахаар болсон. Би зам түгжрэлтэй байсан болохоор явсаар байгаад 19 цагийн үед СУИС-ийн урд талын зогсоол дээр очиход манай найз нар ирээгүй байсан. Би зогсоол дээр өөрийн машин дотроо суугаад хүлээж байсан. Удалгүй Сүхбат машинтайгаа Сүхбаттай Эрдэнэт-Од, Болд-Эрдэнэ энэ гурав ирсэн юм. Би өөрийн машинаас буугаад Сүхбатын цагаан өнгийн Ниссан Тийда маркын тээврийн хэрэгсэл рүү суухад арын суудал дээр Болд-Эрдэнэ сууж байсан. Ур талын суудал дээр Эрдэнэт-Од, жолооч нь Сүхбат сууж байсан. Намайг машинд нь суунгуут Сүхбат Тебантин гэх эм гаргаж ирээд тарих юм уу гээд 5 ширхэг Тебантин эм надад өгсөн. Тариур луу 5 ширхэг тебантин эм кавсалыг нь задлаад дээрээс нь тарианы шингэн ус хийгээд өөрөө өөрсдийгөө тарихаар болсон. Эрдэнэт-Од, Сүхбат хоёр бол тебантин эм тарьсан Би тарих гэх гэж байгаад айгаад больсон. Би тариураа өөрлүүгээ хийж хатгаад айгаад буцаад сугалж авсан чинь судас минь хагарсан. Болд-Эрдэнэ өөрийгөө тарьсан үгүйг санахгүй байна. Би тэгээд өөрийн машиндаа суугаад байж байтал цагдаа нар ирж шалгахад миний машины машины арын суудал дээр хар өнгийн цүнхийг шалгахад дотроос нь өвс гарч ирсэн юм. Уг өвсийг би 2021 оны 7 дугаар сарын дундуур өөрийн танил дүү бйлох Монхоогийн хамт Зүүн хараа яваад Зүүн хараад дүү Монхоог буулгаад зүүн хараагаас буцаад Улаанбаатар хотруу явж байхдаа замын хажуунаас ганц атга өвс тасалж аваад гялгар уутанд хийсэн байсан. Тэрнийгээ саяханыг хүртэл хадгалж байсан юм. Би машины ард цүнхэндээ хийгээд мартсан байна..” гэсэн мэдүүлэг /2хх-8-9/,
Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-78/ “..Болд-Эрдэнэ, Эрдэнэт-Од бид 3 машинтайгаа СУИС-ийн урд зогсоол дээр ирж зогссон, тэр үед найз Сайнбилэг машинтайгаа зогсоол дээр ирчихсэн зогсож байсан. Тэгээд Сайнбилэг манай машинд орж ирэхэд нь худалдаж авсан. Тебантин эмнээсээ 5 ширхэг Сайнбилэгт өгсөн. Тэгээд үлдсэн эмнээсээ 12 ширхэгийг натрийн хлоридийн усаар найруулж тариурт хийгээд өөрийнхөө зүүн гарын шууны дотор хэсгийн судсанд тарьсан. Тэр үед Эрдэнэт-Од, Сайнбилэг нарт бас тебантин эмийг найруулж өөр өөрсдөө гарандаа тарьсан..” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1853 дугаартай дүгнэлтээд: “..Сайнбилэг НЭ98100316 гэж хаягласан шээсний дээжнээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно..” гэх шинжээчийн дүгнэлт /хх-128-129/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 1859 дугаартай дүгнэлтэнд: /хх-139/ “..Шинжилгээнд ирүүлсэн дээж тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ. 4 гэж дугаарласан тугалган цаас, 5 гэж дугаарласан AN5906811 серийн дугаартай 10 төгрөг, 6 гэж дугаарласан Лидокайн гэсэн бичиглэлтэй шилтэй шингэн зүйл тус бүрээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. 1 гэж дугаарласан ургамал мэт зүйл, 2 гэж дугаарласан ургамал мэт зүйл, 3 гэж дугаарласан тирко мэт зүйл тус бүрээс дельта 9-тетрагидроканнабинол илэрсэн. Дельта 9-тетрагидроканнабинол нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд хамаарна. 1 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 45.0 грамм, цэвэр жин нь 40.0 грамм, 2 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 2.8 грамм, цэвзр жин нь 1.4 грамм тус тус байна..” гэх шинжээчийн дүгнэлт/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 69 дугаартай прокурорын тогтоол /хх-5/, Эд зүйл, тээврийн хэрэгсэлд /6169 УНМ Ниссан Тийда/ нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17, 38, 57, 67/, Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15, 43, 54/, Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6758 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл /хх-33/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: /хх-155-157/ “..2010 онд үйлдвэрлэгдсэн 2019 онд Монгол Улсад орж ирсэн Тоёота харриер 67-58 УАА тээврийн хэрэгслийн үнэ 30.936.400 төгрөг..” гэх үнэлгээ, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-97, 101/, Шинжээч М.Арвижихын “Дүгнэлтүүд дээр Тетрагидроканнабинол бодис илэрсэн нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна. 2 дугаар жагсаалтад хамаарна” гэх мэдүүлэг /хх-147/,
Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 340 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “.Б.С нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Б.С нь одоо сэтгэцийн өвчтэй гэх баримт , шинж үгүй байна. Б.С нь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна. Б.С нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. /хх-149-150/,
67-58 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-165/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-169/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-162/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.С нь уг өвсийг 2021 оны 7 дугаар сарын дундуур өөрийн танил дүү болох Монхоогийн хамт Сэлэнгэ аймгийн Зүүнхараад явж байхдаа замын хажуунаас тасалж аваад гялгар уутанд хийн машины ард цүнхэндээ хадгалсан талаараа мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Шүүгдэгч Б.С нь цахим сүлжээгээр уг өвсийг судлаж таньж, түүж бэлтгэж хадгалж түүгээр ч барахгүй хэрхэн яаж боловсруулах аргыг олж мэдсэн байна. Гэвч прокуророос шүүгдэгч Б.Ст ял сонсгож яллах дүгнэлт үйлдэхдээ мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг зөвхөн хадгалсан шинжээр нь шүүхэд ирүүлсэн нь учир дутагдалтай юм. Улсын яллагчаас үүнийг “Б.С нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө уг мансуурлах эм, сэтгэцэд нөлөөт ургамлыг 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймаг явах замдаа түүж авч байсан гэж мэдүүлсэн боловч энэхүү мэдүүлгийг нотолсон өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй учир Сайнбилэгийн үйлдлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн гэдэг шинжийг нэмж зүйчлээгүй болно” гэж тайлбарласан. Гэвч шүүгдэгчийн дээрхи мэдүүлэг нь эд мөрийн баримтаар давхар нотлогдсон, хэрэгт авагдсан ямар нэг өөр нотлох баримт үгүйсгэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн түүж бэлтгээд хадгалж байсан эд зүйлийг шинжилгээнд өгч, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргасан байна.
Иймд шүүх шүүхийн хэлэлцүүлэгээр шүүгдэгч Б.С нь дээрхи мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг байгаль дээрээс таньж түүж олж аван, хатааж бэлтгэн, автомашиныхаа ард хадгалж байсан болохыг сэргээн тогтоосон гэж үзлээ.
Шүүгдэгчийн үйлдэл санамсар болгоомжгүй үйлдэл биш санаатай үйлдэл бөгөөд тэрээр бусдад зарж борлуулах зорилготой байсан гэж үзэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Шүүгдэгч Б.Сээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгахад шүүгдэгч Б.Сийн шээсэнд тетрагидроканнабинол агуулга илэрсэн, эд мөрийн баримтаар хураан авсан 1 гэж дугаарласан ургамал мэт зүйл, 2 гэж дугаарласан ургамал мэт зүйл, 3 гэж дугаарласан тирко мэт зүйлд.. делта-9 тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн бөгөөд Делта 9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаардаг болохыг тогтоожээ.
Иймд шүүгдэгч Б.Сийг 2021 оны 7 дугаар сард дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, нийт 41.4 грамм цэвэр жинтэй өвс гэх бодисыг олж авч, 2022 оны 3 дугаар сарын 18-ны орой 19 цаг хүртэл 67-58 УАА улсын дугаартай хар өнгийн Тоёота Харриер загварын тээврийн хэрэгсэлд хууль бусаар хатааж бэлтгэн, хадгалсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч өөрийн үйлдлийн сайн дураар хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авч, хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурорын дүгнэлт дээр шүүгдэгчийн гэмт үйлдэлд “олж авч, бэлтгэсэн” шинжийг шүүхээс нэмж дүгнэх нь хууль зөрчөөгүй, зүйлчлэл өөрчлөгдөхгүй тул шүүгдэгчийн эрхийг дордуулаагүй гэж үзлээ.
Шүүхийн хуралдааны шүүмжлэлийн шатанд улсын яллагчаас “хэрэг болсон тухайн цаг хугацаанд Б, Э, Сүхбат, С нар нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Соёл урлагийн их сургуулийн авто зогсоол орчимд уулзахдаа Сүхбатын унаж ирсэн 61-69 УНМ улсын дугаартай цагаан өнгийн Ниссан Тийда тээврийн хэрэгсэл дотор тебантин гэх эмийг натри хлоридын уусмалтай найруулан гарын шууны судсанд тарьж мансуурч байсан болох нь Болд-Эрдэнэ, Эрдэнэт-Од, Сүхбат, Сайнбилэг нарын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1858, 1853 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус нотлогдон тогтоодож байна. Сүхбат, Болд-Эрдэнэ, Эрдэнэт-Од нарын мансуурсан үйлдэл нь зөрчлийн шинжтэй үйлдэл тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн. Болд-Эрдэнэ нь 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө миний бие нь одоогоос 1 сарын өмнө орцны гадна байдаг хогийн савнаас гялгар ууттай өвс шиг зүйл байхаар нь аваад цүнхэндээ хадгалсан байсан. Ингээд найрамдал явахдаа нөгөө гялгар ууттай өвсөө куртикнийхээ халаасандаа хийгээд аваад явсан. Түүнийгээ найрамдалд сороод дуусгасан. Надад өөр юу ч байхгүй, ашигласан тугалган цаас зэрэг зүйлүүдийг би гараараа хийсэн гэж мэдүүлсэн ба дан ганц энэхүү өгсөн мэдүүлгээр түүнийг буруутгаж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэнийг шүүх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Ст гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Учир нь “мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис” нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй нөлөө үүсгэж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис юм.
Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюул, уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдэд Эрүүгийн хуульд заасан хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх, ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Ст шүүхээс оногдуулсан уг ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан одоо Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “№1 гэж дугаарласан гялгар ууттай өвс мэт зүйл цэвэр жин нь 40 грамм, №2 гэж дугаарлан гялгар ууттай ургамал мэт зүйл цэвэр жин 1.4 грамм, №3 гэж дугаарласан гялгар ууттай хар болон бор өнгийн трико мэт зүйл, №4 гэж дугаарласан гялгар ууттай тугалган цаас 1 ширхэг, №5 гэж дугаарласан гялгар ууттай 10 төгрөг 1 ширхэг, №6 гэж дугаарласан Лидокайн гэсэн бичиглэлтэй тарианы шилтэй өнгөгүй 5 ширхэг эд зүйл, №1 гэж дугаарласан цус мэт зүйлээр бохирлогдсон 25 мл-ийн тариур зүүний хамт 1 ширхэг, натрийн хлорид гэсэн бичигтэй уут-1 ширхэг, цус мэт зүйлээр бохирдлогдсон зүү-1 ширхэг, шинэ задлаагүй тариур 2 ширхэг, №2 гэж дугаарласан натрийн хлорид гэсэн бичигтэй уут2 ширхэг, лидкайн гэсэн бичигтэй эмний цаасан хайрцаг, цус мэт зүйлээр бохирлогдсон тариур зүүний хамт 1 ширхэг, натрийн хлорид гэсэн бичигтэй уут 5 ширхэг, №3 гэж дугаарласан Тебантин гэх бичигтэй эмний цаасан хайрцагт цус мэт зүйлээр бохирлогдсон тариур зүүний хамт 1 ширхэг, тебантин эмний савалгаа 5 ширхэг, шар өнгийн капсул-17 ширхэг, нартийн хлорид гэсэн бичигтэй тарианы шил 8 ширхэг, №4 гэж дугаарласан ариутгагч хөвөн гэх ууттай хөвөн, шар өнгийн эмний капсул мэт зүйл 12 ширхэг, Тебантин эмний хоосон савалгаа” зүйл зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авч, хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан одоо Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №1 гэж дугаарласан гялгар ууттай өвс мэт зүйл цэвэр жин нь 40 грамм, №2 гэж дугаарлан гялгар ууттай ургамал мэт зүйл цэвэр жин 1.4 грамм, №3 гэж дугаарласан гялгар ууттай хар болон бор өнгийн трико мэт зүйл, №4 гэж дугаарласан гялгар ууттай тугалган цаас 1 ширхэг, №5 гэж дугаарласан гялгар ууттай 10 төгрөг 1 ширхэг, №6 гэж дугаарласан Лидокайн гэсэн бичиглэлтэй тарианы шилтэй өнгөгүй 5 ширхэг эд зүйл, №1 гэж дугаарласан цус мэт зүйлээр бохирлогдсон 25 мл-ийн тариур зүүний хамт 1 ширхэг, натрийн хлорид гэсэн бичигтэй уут-1 ширхэг, цус мэт зүйлээр бохирдлогдсон зүү-1 ширхэг, шинэ задлаагүй тариур 2 ширхэг, №2 гэж дугаарласан натрийн хлорид гэсэн бичигтэй уут-2 ширхэг, лидкайн гэсэн бичигтэй эмний цаасан хайрцаг, цус мэт зүйлээр бохирлогдсон тариур зүүний хамт 1 ширхэг, натрийн хлорид гэсэн бичигтэй уут 5 ширхэг, №3 гэж дугаарласан Тебантин гэх бичигтэй эмний цаасан хайрцагт цус мэт зүйлээр бохирлогдсон тариур зүүний хамт 1 ширхэг, тебантин эмний савалгаа 5 ширхэг, шар өнгийн капсул-17 ширхэг, нартийн хлорид гэсэн бичигтэй тарианы шил 8 ширхэг, №4 гэж дугаарласан ариутгагч хөвөн гэх ууттай хөвөн, шар өнгийн эмний капсул мэт зүйл 12 ширхэг, Тебантин эмний хоосон савалгаа зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамихтай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР