Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/973

 

 

 

 

 

 

 

 

 

     2022             07             29                                              2022/ШЦТ/............

 

 

                                 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Лхагвасүрэн,

улсын яллагч: Н.Ундрах,

шүүгдэгч: Н.Х /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Х-ид холбогдох эрүүгийн 0000000000000 тоот хэргийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                            

              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Н-ын Х /РД:00000000/,

Монгол улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр ******** аймгийн *********** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, ээж, дүү, хүүхдийн хамт, А аймгийн Б сумын цагаан нуур 0 тоотод оршин суух хаягтай боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар гудамж, толгойтын 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Н.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Орбитын 0-0 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч В.О-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, зүүн шанаа болон уруул хэсэгт нь гараараа цохих, гуя руу өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын салстад шарх, зүүн бугалга, гуянд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Н.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Орбитын 0-0 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч В.О-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, зүүн шанаа болон уруул хэсэгт нь гараараа цохих, гуя руу өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд “олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын салстад шарх, зүүн бугалга, гуянд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

-Хохирогч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н.Х нь 2022 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн үед миний байсан айлд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай өөрийн хүүхдийг авна гээд миний шанаа хэсэгт миний хоёр гарыг орон дээр дарж байгаад 2-3 удаа цохиж, уруул хэсэгт гараараа цохисон. Тэгээд миний зүүн гуя хэсэгт 1 удаа өшиглөөд хүүхэд аваад гараад явсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-22 хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000  дугаартай:

 “...1. Б.О-ийн биед эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын салстад шарх, зүүн бугалга, гуянд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн 24 цагийн дотор үүссэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

 Шүүгдэгч Н.Х яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар саппороогийн ойролцоо хоолны газар хамтран амьдарч байсан Б.О-тэй 12 цагийн үед бид хоёр уулзсан. Тэгээд бид хоёр хоолны газраас гараад бид хоёр хоорондоо юм ярьж маргаад  Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ертөнцийн зүгээр баруун тийш явдаг автобусны буудлын ар талд байрлах төвд орж бид хоёр нэг, нэг шил сэнгүр пиво уусан. Тэгээд пиво ууж байх үед Б.О өөрийн хүүхдийг очиж авна гээд байхаар нь цамбагаравын явган хүний зам дагуух сандал дээр суусан чинь Б.О надтай ярилцаад өөрийн хүүхэд Х.Х-ийг авч явна гээд байхаар нь би явлаа гэсэн юм. Тэгээд би сандал дээрээс босохдоо баруун гарын алганы ар талаар О-ийн эрүү хэсэгт нь гараараа 1 удаа цохисон. Тэгээд би явах гэсэн чинь Б.О миний араас дагаад байхаар нь өөрийн цамцаар нүүр хэсэгт нь цамцаар нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо Хархорин захын замын ар талын  KFC орж хоол идэхээр орсон чинь Б.О эрүү хөндүүрлээд юм идэж болохгүй байна гээд байхаар нь гарч явсан. Тэгээд Б.О миний хүүхдийг өгч явуулахгүй бол амиа хорлоно гээд байхаар нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Виллмарт худалдааны төвийн замын эсрэг талын мал эмнэлгийн хашаанд байрлах гэртээ дагуулж очиж өөрийн хүүхдийг 16 цагийн үед өгч явуулсан. Тэгээд 2022 оны 5 дугаар сарын 19-ний өлөх 22 цагийн үедлд Б.О мессеж бичээд хүүхэд уйлаад байна ямар сүү уудаг юм бэ гээд байхаар нь уудаг сүүг нь хэлсэн боловч 23 цагийн үед Б.О надруу мессеж бичээд хүүхэдтэйгээ уулзаад болчихлоо ирээд ав гэсэн. Тэгэхээр нь би 2022 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Орбит 00-00 тоот буюу манай хамаатны эгч Б.Юмжавын гэрт очсон байхаар нь очиж авах гээд очсон чинь хүүхэд тэвэрч хэвтээд өгөхгүй байхаар нь хоёр гарыг орон дээр дарч байгаад хүүхдийг салгаж аваад зүүн хацар хэсэгт гараараа 1 удаа цохиод өөрийн хүүхэд Х.Х-ийг авч явсан... гэж /хавтаст хэргийн 48-49-р хуудас/  мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын хувьд иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 56-р хуудас/, 2022.03.23-ны өдөр төрсөн хүү Х.Х-ийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 58-р хуудас/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хавтаст хэргийн 59-р хуудас/,үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 60-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн төлөөрх тодорхойлолт /хавтаст хэргийн 61-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 62-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 63-р хуудас/, харилцах дансны харилцагчийн хуулга /хавтаст хэргийн 64-65 хуудас/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хавтаст хэргийн 53-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Х нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000  дугаартай дүгнэлтээр хохирогч Б.О-ийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон, шүүгдэгч Н.Х нь хохирогч Б.О-ийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, гуя руу өшиглөж байгаа нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.

Мөн түүнчлэн шүүгдэгчийн, гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагчийнхаа эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргаж байгаа нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.1."гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан /3.1.Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна: 3.1.1.эхнэр…хамтран амьдрагч.../ этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэж заасанд хамаарч байна.

Иймд Н.Х-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй бөгөөд прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирч байх тул уг зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Б.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Х-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Н.Х-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлттэй шүүгдэгч Н.Х нь мэтгэлцээгүй буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.  

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Н.Х-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ам бүл /ээж дүү хүүхэд/-ийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

 Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-ид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Х-ийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт Н-ын Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-ид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Н.Х-ид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

 

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.УРАНГУА