Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 132

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Б би, Б.Э-н нэхэмжлэлтэй Х.Ч-д холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваарилуулах, Х.Ч, Р.Б нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны  өдөр хүлээн авч, 2018 оны 01 сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь: 

            Нэхэмжлэгч Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 11-р хороонд оршин суух,  Б овогт Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э миний бие нь Х.Ч-тай 2007 онд танилцаж, 2008 онд гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2012 оны 06 сарын 19ний өдөр хүү Ч.Э төрсөн. Бид 9 жил хамт амьдарсан бөгөөд таарамжгүй харилцаа болон Х.Ч-н байнгын хүч хэрэглэж, биед халдсан үйлдлээс болж бид Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 03 сарын 30-ны өдрийн 146 дугаар шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, хүү Ч.Э-г өөрийн асрамжид авч хүүгээ өсгөн хүмүүжүүлж байна. Бид хамтран амьдрах хугацаанд 2011 онд Х.Ч-н нагац ах болох Р.Б-с Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 11 хороонд байрлах хашаа байшинг 3.000.000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд тухайн үед сууц эзэмшигчийн дугаар гэрчилгээгээр баталгаажсан. Мөн бидний хамтын амьдралын хугацаанд 2015 оны 07 сарын 01-ний өдөр улсын дугаартай Тоёота маркийн тээврийн хэрэгслийг 5.500.000 төгрөгөөр худалдаж авч дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр өмчлөлдөө авч бид өөрсдийн хэрэгцээнд ашиглаж байсан. Иймд биднийг хамтран амьдрах хугацаанд үүссэн эд хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 11 хорооны хашаа байшинг, улсын дугаартай Тоёота маркийн тээврийн хэрэгсэл зэрэг гэр бүлийн дундын эд хөрөнгийн ноогдох хэсгийг хүү Ч.Э бид хоёрт хуваарилж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Эрдэнэ сум 5-р багт оршин суух, Б овогт Х.Ч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2018 оны 05 сарын 17-ны өдөр Б.Э-той 5.200.000 төгрөгөөр тохиролцсон тул энэ мөнгийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцов. Б.Э нь Чингэлтэй дүүргийн тоот хашаа байшинг 2018 оны 06 сарын 30-ны өдөр суллаж өгөхөөр тохиролцсон. Тэмдэгтийн хураамж болох 50 хувийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Э шүүхэд гаргаж өгсөн нэмэлт тайлбартаа: Б.Э-н нэхэмжлэлтэй Х.Ч-д холбогдох дундын эд хөрөнгө хуваарилуулж өөрт ноогдох 7.828.686 төгрөг гаргуулах, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.Ч-тай ярилцаж тохиролцоод дараах байдлаар тохиролцсон болно. 1. Хариуцагч Х.Ч нь нэхэмжлэлийн шаардлагаас 5.200.000 төгрөгийг 2018 оны 05 сараас хойш 4 сарын дотор нэхэмжлэгч Б.Э-т төлж барагдуулах 2. Нэхэмжлэгч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага 2.628.686 төгрөгөөс татгалзах, 3. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 11-р хорооны хашаа байшинг Б.Э нь 2018 оны 06 сарын 30-ны өдөр суллаж өгөхөөр тус тус тохиролцож эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э хариуцагч Х.Ч-д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваарилуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Х.Ч шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэгч Б.Э-т 5.200.000 төгрөгийг 2018 оны 05 сараас эхлэн 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулна, маргааны зүйл болох Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 11 хороо тоотын хашаа байшинг 2018 оны 06 сарын 30-ны өдөр суллуулах хүсэлттэй гэжээ. Нэхэмжлэгч нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаас 2.628.686 төгрөгөөс татгалзаж зохигчид эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Э-н нэхэмжлэлтэй, Х.Ч-д холбогдох, дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваарилуулах, Х.Ч, Р.Б нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.Ч нь 5.200.000 төгрөгийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,  нэхэмжлэгч Б.Э нь 2.628.686 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, талууд харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэлийн шаардлагаас 2.628.686 төгрөгөөс татгалзсаныг баталсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 210.400 төлсөн  төгрөгийн 50 хувь буюу 105.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос үлдэх 105.200 төгрөгийг, хариуцагч Х.Ч-с 5.200.000 төгрөг, болон хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тэмдэгтийн хураамж 168.350 төгрөгийн 50 хувь болох 84.175 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Э-т олгосугай.

4. Энэхүү захирамжийг хариуцагч Х.Ч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

5. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.                                               

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ       Э.Б