| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2018/0103/И |
| Дугаар | 134 |
| Огноо | 2018-05-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х банк ХХК-ний Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р багт оршин суух, ажилтай, Х овогт Д.И,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б овогт А.А нарт холбогдох
Зээлийн төлбөр 17.377.880 төгрөг 7 мөнгийг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.Д, хариуцагч Д.И, А.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.И, А.А нар нь 2017 оны 08-р сарын 16-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулан 17.000.000 /арван долоон сая/ төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн бүтээгдэхүүнээр авсан байна. Уг зээлийг үндсэн зээлдэгч Д.И, хамтран үүрэг гүйцэтгэгч авгын хүүхэд А.А нараас нэхэмжилж байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.3 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 679,976.12 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,677,623.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,228.17 төгрөг нийт 2,360,828.17 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч Д.И нь одоо гаалийн бүрдүүлэгчээр ажиллаж байгаа бөгөөд манай банкнаас зээл авахдаа давхар өөр банкнаас зээл авч банкыг хууран мэхэлсэн байна. Д.И-д зээлээ төлөхийг олон удаа хэлж шаардсан боловч зээл төлөх боломжгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээл төлөгдөхгүй өнөөдрийн байдлаар 132 хоног хугацаа хэтэрч байна. Үүнд: 1.Зээлийн төлбөр үндсэн зээлийн төлбөр 16.320.023,88 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.046.293,09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 11.563,73 төгрөг нийт 17.377.880,7 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.И шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д овогтой И нь 2017 оны 08 сард Замын-Үүд Х банкнаас цалингийн зээл болох 17 сая төгрөгийн зээлийг авсан нь үнэн. Уг зээлээ зээлийнх нь графикт хугацаанд төлж чадахгүй хугацаа хэтрүүлж хариуцлага алдсан тул миний энэ үйлдлийг уучилж зээлээ төлж барагдуулах хугацаа олгож өгнө үү. Мөн уг зээлийг авахад хамтран зээлдэгчийн гарын үсэг хэрэгтэй байсан тул хамаатны дүүгээ гуйсан юм. Тухайн охин маань А.А нь ямар ч ашиг сонирхлын санаа байгаагүй. Зөвхөн надад тусалсан нь үнэн. Дүү маань нялх хүүхэдтэй тодорхой хийсэн ажилгүй хөлсний байранд амьдардаг ганц нөхрийн цалингаар амь зуудаг төдийгүй ээж нь эмчийн хяналтад хүнд өвчтэй хэцүү амьдардаг юм. Энэ асуудлаас болж ээж нь сэтгэлээр унаж нөхөртэйгөө таарамжгүй айлын амьдрал салах дээрээ тулаад хүнд байна. Тиймээс энэ хүүхдийг энэ зээлээс чөлөөлж өгч туслаач миний бие хариуцлагаа өөрөө бүрэн хариуцаж банкаа хохиролгүй болгож өгнө. Учир нь банкандаа хандан хүсэхэд миний бие тухайн зээлээ бүрэн дүүрэн төлж дуусахад тодорхой хугацаа хэрэгтэй байгаа тул надад ахин нэг удаа итгэл хүлээлгэн уг хугацааг 2018 оны 08 сарын 10-н хүртэл 3 сарын хугацаа олгож өгнө үү. Энэ хугацаанд хариуцлагатайгаар өр төлбөрөө дуусгаж банкийг хохиролгүй болгож өгөхөө мэдэгдэж байна. Та бүхэн миний хариуцлагагүй үйлдлийг уучилж эцсийн удаа хугацаа өгч итгэл хүлээлгэнэ үү. Миний бие хариуцлагагүй үйлдлээ засаж залруулж хэлсэн хугацаандаа хохиролгүй болгож өгөхөө амлаж байна. Тухайн байдлуудыг минь харгалзаж үзэж шийдэж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: А овогтой А миний бие Д.И гэх хүнд тус болж Х банкин дахь зээлийн батлан даагч болж гарын үсэг зурсан. Миний бие тэр зээлээс хувьдаа мөнгө авч зарцуулаагүй нь үнэн болно. Д.И нь цалингийн зээлээ төлөөгүйн улмаас надад хариуцлага тооцоогдож банкны өдөр тутмын гүйлгээ, хүүхдийн мөнгө гэх мэт үйлчилгээнүүд авч чадахгүй хүндрэлтэй байгаа тул тус банканд байгуулсан гэрээнээс миний нэрийг чөлөөлж өгнө үү. Миний бие нь тус зээлийг төлж чадахгүй чадваргүй өрх толгойлсон эрхэлсэн тодорхой ажилгүй болно гэжээ.
Хариуцагч Д.И шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг төлж барагдуулна гэв.
Хариуцагч А.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. И эгчийг гуйгаад байхаар нь л очиж гарын үсэг зурсан гэв.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.Д шүүхэд гаргасан нэмэлт тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Үндсэн зээлдэгч Д.И-д 2018 оны 06 сарын 29-н хүртэл хугацаа өгч байна. Хамтран үүрэг гүйцэтгэгч А.А-г хамтран үүрэг гүйцэтгэлийн батлан даагчаас салгах боломжгүй байна. Уг зээлийн гэрээн дээр А гарын үсэг зурж батлан даагаагүй бол энэ зээл олгогдохгүй байсан. А-н хүүхдийн мөнгө манай банкаар дамждаггүй. Үндсэн зээлдэгч И нь манай банкнаас зээл авч байх үедээ өөр банкнаас давхар цалингийн зээл авч банкийг хууран мэхэлсэн. Хамтран үүрэг гүйцэтгэгч А.А-г үүргийн гүйцэтгэлээс хасах боломжгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхэд нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Д.И, А.А нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17.377.880 төгрөг 7 мөнгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.И нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн боловч хамтран үүрэг гүйцэтгэгч хариуцагч А.А нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хариуцагч Д.И, А.А нар нь 2017 оны 08-р сарын 16-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулан 17.000.000 /арван долоон сая/ төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн бүтээгдэхүүнээр авсан байх ба зохигч нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгууллагдсан байх тул нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Д.И, А.А нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хариуцагч Д.И нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17.377.880 төгрөг 7 мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа боловч хамтран үүрэг гүйцэтгэгч А.А нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч татгалзлаа нотлох баримтын хүрээнд шүүхэд гаргаж өгөөгүй, өрөөр хэлбэл татгалзлаа нотолж чадаагүй гэж шүүх үзлээ.
Зохигчид буюу гэрээний талууд нь зээлийн гэрээнд харилцан хүсэл зоригоо илэрхийлж гэрээг байгуулсан байх ба гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.3 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу төлөх үүргээ хариуцагч Д.И, А.А нар нь биелүүлээгүй удаа дараа зөрчин 132 хоног хугацаа хэтэрч эргэн төлөлт хийгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч Д.И, А.А нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17.377.880 төгрөг 7 мөнгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Д.И, А.А нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17.377.880 төгрөг 7 мөнгийг гаргуулж нэхэмжлэгч Дорноговь аймгийн Х банкны Замын-Үүд салбарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 244.839 төгрөг 41 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 244.839 төгрөг 41 мөнгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б