Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/464

 

 

 

 

 

 

 

2022       05          23                                   2022/ШЦТ/464     

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

           Улсын яллагч: П.Итгэл,

Нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,

Шүүгдэгч: Э.Б түүний өмгөөлөгч С.Болорчулуун нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б холбогдох эрүүгийн 2111009430489 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч,нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Э.Б, /РД: /, Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо ХААС 1 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух, урьд нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 cap хорих ял оногдуулсан, уг ялыг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 421 дугаартай шүүгчийн захирамжаар 9 сар 28 хоногийг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь контейнер худалдан авна гэж 3,500,000 төгрөг, хайгуулын өрөмдлөгийн гэрээний мөнгө гэж 37,500,000 төгрөг, хамтран ажиллуулж байгаа автомашины засварын мөнгө гэж 3,000,000, хайгуулын ажлын тайлан гаргуулна гэж 9,000,000 төгрөг, БНХАУ-аас 50 ажилчин оруулж ирэх зөвшөөрөл авна гэж 10,000,000 төгрөг, визний зориулалт өөрчилж өгнө гэж 10,620,000 төгрөгийг БНХАУ-ын иргэн Gerileqiqige /Г/-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хооронд эхнэр О.Оюу-Номины “Хаан” банкны 5163439977 тоот дансаар нийт 73,620,000 /далан гурван сая зургаан зуун хорин мянга/ төгрөгийг шилжүүлэн авсан, БНХАУ-аас оруулж ирсэн 101,773,980 /нэг зуун нэг сая долоон зуун далан гурван мянга есөн зуун ная/ төгрөгийн үнэ бүхий хоёр ширхэг цемент тээвэрлэгч автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч залилан их хэмжээний буюу нийт 175,393,980 /нэг зуун далан таван сая гурван зуун ерэн гурван мянга есөн зуун ная/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэрэгт холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2111009430489 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Г “...Тэгсэн чинь 2021 оны 02 дугаар сард Б өөрөө над руу 90880522 дугаарын утаснаас миний утас руу залгаад манай компани үйл ажиллагаа явуулахаа больсон, та харин нөгөө ангилал солиулах асуудлаа надаар хөөцөлдүүлэх юм уу? Гадаадын иргэн харъяатын асуудал эрхэлсэн газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга Бэхбат манай ээжийн төрсөн дүү нь байгаа гэж хэлсэн. Тэгээд намайг дагуулж ажил дээр нь очоод уулзуулсан. Бэхбат дарга та нар визний зөрчилтэй орж ирсэн байна, хөрөнгө оруулагч нарыг одоо яах ёстой эсэхийг бид нар хурлаар шийдвэрлэнэ, ямар ч гэсэн та нарын санал хүсэлтийг хүлээн авлаа гэж хэлсэн. Тэгээд надтай хамт орж ирсэн 8-9 хүн бүгд байцаагч нартай нь уулзаад мэдүүлэг өгсөн. Би ингээд Быг танил тал ихтэй сайн хүн юм байна гээд итгээд эхэлсэн, өөрөө ч маш олон танилтай гэж ярьж байсан. Түүнээс хойш Б над руу байнга л утсаар ярьдаг байсан. Тэгээд 2021 оны 03 дугаар сард манай махны үйлдвэр корона вирусээс болж үйл ажиллагаа нь зогссон. Манай ажил зогссоныг Б мэдэж байсан. Тэгсэн чинь Б над руу залгаад би хувьдаа барилгын компанитай, та хоёр ширхэг миксер машин өгөх юм бол нэг машинаас гэхэд л цэвэр 20,000,000 төгрөгийн ашиг олох боломжтой, та машин оруулаад ирэх боломж байна уу гэхээр нь манай ажил зогсчихсон, ажилчдын цалин өгөх хэрэгтэй болохоор нь Хятад улсаад хуучин ашиглагдаж байсан 2 ширхэг миксер машиныг 300,000 юань буюу тухайн үеийн ханшаар Монгол төгрөгөөр 133,000,000 төгрөгөөр оруулж ирсэн. Машин 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр орж ирсэн, Хятад улсаас явуулах ажпыг манай нөхөр хийсэн, харин Монголд хүлээж авах гаалийн бүрдүүлэлт хийх зэрэг ажпыг Б хариуцаж хийсэн. Хятад улсаас 300.000 юанаар авсан болохыг нотлох бүх баримт надад байгаа, би гаргаж өгсөн. Монголд хэний нэрээр орж ирсэн эсэхийг мэдээгүй, ингээд дээрхи машин нь 75- 39УАС, 75-29УАС улсын дугаартай миний нэр дээр бүртгэгдсэн. Б 2 ширхэг гэрчилгээний зургийг над руу явуулсан, үүний дараа 04 дүгээр сарын 05- ны өдөр Б машиныг надад хэлэхгүйгээр өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчихсан байсан. Эзэмшигч зөвшөөрөөгүй байхад яаж шилжүүлсэнийг мэдэхгүй байна, хуурамч баримт бүрдүүлсэн байх. Үүний өмнө Б машин хилээр орж ирээгүй байхад таны оршин суух визний асуудал чинь шийдэгдээгүй байгаа юм чинь хэрвээ надад итгэвэл машин орж ирэнгүүт би өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авъя гэхээр нь уучлаарай би тэрийг чинь зөвшөөрч чадахгүй, хэрвээ тэгж байгаа бол машиныг замаас буцаая гэсэн чинь заза ямар ч гэсэн ороод ирэг, таны нэр дээр л авъя гэж хэлсэн. Машин орж ирээд хэд хоногийн дараа Тахилт гэх газарт хашаанд байхад нэг удаа харж байсан. Тэрнээс хойш нэг ч удаа хараагүй. Машины зураг нь надад байдаг. Машин гаалиар орж ирэх үед гаалийн бүрдүүлэлтэнд мөнгө хэрэгтэй гэхээр нь 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Бын эхнэр О хаан банкны 5163439977 дугаарын данс руу 16,000,000 төгрөг шилжүүлсэн. Өөрөө л 16,000,000 төгрөг хэрэгтэй гэж хэлсэн, яг хэдэн төгрөг зарцуулсан эсэхийг эргээд надад тайлагнаагүй. Ингээд Б нь 133,000,000 төгрөгийн үнэтэй, 75-39УАС, 75- 29УАС улсын дугаартай 2 ширхэг миксер загварын автомашиныг залилан авсан. 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Б над руу 90880522 дугаарын утсаараа залгаад таны уурхай дээр хайгуулын өрөмдпөг хийх компани олчихлоо гэж хэлээд тухайн компаний мэдээллийг над руу “ви чат”-аар явуулсан. Энэ компаний талаар Цэрмаа /9908-9192/ гэдэг хамтран ажилладаг хүнээс тодруулахад “Нэгүн дриллинг” компани бол гайгүй компани шүү гэж хэлсэн. Тэгээд Б би таны өмнөөс гэрээ хийчихье гэж хэлээд нөгөө компанитай гэрээ байгуулаад тэрийгээ зургийг нь дараад явуулсан. Яг тухайн үед би коронавирусын халдвар аваад гэртээ тусгаарлалтанд байсан юм. Хамтран ажиллах компанитай гэрээ байгуулчихсан байхаар нь итгээд байж байтал одоо урьчилгаа 37,500,000 төгрөгийг шилжүүлэх хэрэгтэй гэхээр нь би тэр компанийн дансыг өгчих гэж хэлсэн чинь үгүй ээ та манай эхнэр Оюуномингийн дансруу шилжүүлчих би харин дараа нь тэр мөнгийг яг юунд зарцуулсан болохыг нэгбүрчлэн тайлан гаргаад явъя гээд байхаар нь О 5163439977 дугаарын дансруу 37,500,000 төгрөг шилжүүлсэн. Тэр мөнгийг манай нөхөр Батбаяр Хятад улсаас мөнгө шилжүүлдэг хүмүүсээр дамжуулаад шилжүүлсэн. Гэрээнд нийт үнийн дүн 75,000,000 төгрөг урьдчилгаа 37,500,000 төгрөгийг шилжүүлнэ гэж заасан байсан юм. Ингээд хэд хоногийн дараа Нэгүн дриллинг компаний Энх-Очир /99112670/ гэдэг захирал руу залгаад танайх руу 37,500,000 төгрөг шилжүүлсэн байгаа, одоо ажпаа эхлүүлмээр байна гэж хэлсэн чинь нөгөө хүн Б гэдэг хүн гэрээ байгуулчихаад маргаашнаас нь утсаа авахгүй таг чиг алга болчихсон, манай ямар ч мөнгө хүлээж аваагүи, ер нь манайх ингэж урьдчилгаа мөнгө авдаггүй шүү дээ, манай өрмийн машин танай талбай дээр очсон үеэс л мөнгөө авч эхэлдэг юм гэж хэлсэн. Ингээд Баас энэ ямар учиртай юм вэ гэж асуухаар намайг хэл амаар доромжпоод чамд ямар хамаатай юм, тэрийг чинь би өөр хүнд шилжүүлчихсэн за юу гэж хэлсэн. Эхнэр Оюу-Номин нь Бтай байнга л хамт явж байдаг болохоор эхнэрийнх нь 90550522 дугаарын утас руу нь залгаад хэлсэн чинь эхнэр нь мэдээгүй байсан, Б утасны цаанаас эхнэрт нь хэллээ гээд уурлаад хэл амаар доромжпоод би чамайг яавал яана шүү гэж хэлж байсан. Ингээд 37.500.000 төгрөгөө алдчихсан. 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Б над руу 90880522 дугаарын утсаараа залгаад нөгөө хоёр ширхэг миксер машинаа өдөр шөнөгүй ажиллуулж байгаа, одоо помп аваад солих засварын ажил хийх хэрэгтэй байна, яаралтай 3,000,000 төгрөг шилжүүлээч гэхээр нь чи юу яриад байгаа юм вэ би машинаа хармаар байна, машии хаана байна, өнгөрсөн хугацааны ашиг нь хаана байгаа юм гэхэд санаа зоволтгүй ээ машин ажилдаа явж байгаа, cap сарын баримт бүгд байгаа, миний ажил ерөөсөө амжихгүй байна, 2-3 хоногоос тантай уулзаад тооцоо хийе гэж хэлсэн, ингээд шалаад нэхээд байхаар нь би өөрийнхөө данснаас эхнэр нь болох О данс руу шилжүүлсэн. Тэр мөнгө юунд зарцуулагдсан талаар надад мэдээлэл өгөөгүй мөнгөө аваад л таг чиг алга болсон. Ингээд би цагаан хадны уурхайн ажлаа цэгцлээд зохих бүх бичиг баримтуудаа бэлтгээд явж байсан. Явц дундаа Хятад улсаас мэргэжилтэн оруулж ирэх хэрэгтэй болсон, Бд 10 мэргэжилтэн оруулж ирмээр байна гэхэд та 50 мэргэжилтэн оруулж ирэх эрх аваач гэхээр нь надад тийм олон хүн хэрэгггүй 10 байхад болно гэж хэлсэн чинь тэр хамаагүй эхлээд 50 хүн оруулж ирэх эрх авчих, тэр эрхээр хэдэн хүн орж ирсэн ч болно гэхээр нь тэгвэл яах вэ гэсэн чинь Хөдөлмөрийн яаманд нэг хүний 500,000 төгрөг урьдчилгаа төлнө, 50 хүн нийлээд 25.000.000 төгрөг болно, үүний 50 хувь 12,500,000 төгрөгийг урьдчилаад төлөх ёстой гэхээр нь эхнэр нь болох О 15163439977 дугаарын данс руу Хятад улсаас шилжүүлүүлсэн. 'О дансыг гүйлгээний дүн нь байгаа. Б надад энэ мөнгийг тушааснаар гаргуулах гээд байна гээд яаруулаад байсан болохоор итгээд шилжүүлчихсэн. Ингээд эрх нь олгогдохгүй байхаар нь Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын мэргэжилтэн Алтансувд гэх хүнд мөнгөө тушаагаад материалаа өгчихсөн гэж хэлсэн. Материалыг нь бид нар урьдчилаад бэлдээд өгсөн юм. Алтансувд /88806260/ гэх хүн рүү залгаад асуусан чинь ямар ч материал, мөнгө аваагүй, чи юу яриад байгаа юм, манайд тийм материал мөнгө төгрөг авдаггүй шүү гэж хэлсэн. Ингээд Бд энэ юу болоод байгаа юм вэ гэж асуусан чинь би чиний өмнөөс хүнд хахууль өгчихсөн гэж хэлсэн. Юун хахууль вэ, юу яриад байгаа юм вэ гэсэн чинь чиний ажпыг явуулахаар хүнд хахууль өгчихсөн гэж хэлсэн. Хэнд хахууль өгсөн талаараа хэлээгүй. Бид хоёр ямар ч тийм юм тохироогүй, уулзаад мөнгөө нэхэхээр л миний өмнөөс дайраад хэл амаар доромжилсон. 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр би Бд чи анх оруулж ирэхдээ визний ангиллын хөдөлмөрчинөөр биш хөрөнгө оруулагчаар өөрчилж өгнө гэж хэлсэн, одоо 9 сард хугацаа дууслаа, энийгээ яах юм вэ гэж хэлсэн чинь асуудалгүй ээ, Гадаадын харъяатын асуудал эрхэлсэн газрын хэлтсийн дарга Бэхбат миний ах асуудалгүй шийдээд өгнө гэж хэлсэн. Мөн Гадаадын харъяатын газарт хөдөлмөрийн мөнгө гэж нэг хүн 1 сая гаруй төгрөг төлнө, 4 хүн нийлээд 6.000.000 төгрөг болно, энэ мөнгөө өг гэхээр нь би 3,500,000 төгрөгөөр, 2,500,000 төгрөгөөр хоёр удаа шилжүүлсэн. Би энэ мөнгийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Ялалт плаза төвд байх ажпын байран дээрээ байхдаа шилжүүлсэн. Дараа нь энэ мөнгөний талаар асуухад хөдөлмөр эрхлэлтийн мөнгө гэж огт төлдөггүй, тийм асуудал огт байдаггүй юм билээ, миний энэ асуудлыг мэдэхгүй байдлыг далимдуулж мөнгө авсан байгаа юм. Мөн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 2.100.000 төгрөг, мөн 2,520,000 төгрөг мөн шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 110-114-р хуудас/,

Хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-ийн 117-123-р хуудас/

Гэрч Х.Б “...2021 оны 05 дугаар сарын үед Г дахиад миний ажил дээр уулзсан. Тантай уулзахаар ирлээ гэсэн. За юу болов гэсэн чинь би Б гэх хүнд их хэмжээний мөнгө алдчихлаа, тэр хүнээ эргээд олдоггүй ээ, надаас зугатаагаад байна яах вэ, туслаач ээ гэж хэлсэн. Үгүй ээ тэгээд цагдаад өгөөч гэж хэлсэн чинь наад хүн чинь таны хамаатан гэсэн биз дээ гэж хэлсэн. Ер нь би танай байгууллангын үйл ажиллагааг хараад ойлголоо, ямар нэгэн зуучлагчгүйгээр шууд дуудаж уулзаад асуудлыг нь шийдэж өгдөг юм байна. Гэтэл надаас виз гаргуулж өгнө гэж хэлээд Б гэх хүнд нилээд их хэмжээний мөнгө авсан, одоо хүртэл өгөөгүй байна, таны дүү гэхээр нь би итгээд хүлээж байсан юм гэсэн. Тэгж явахдаа Бд мөнгө өгсөн баримтуудаа үзүүлсэн юм. Тэгээд за би чамд зөвөлгөө өгье би дээр чамайг дагуулж ирэхээр чинь анх удаагаа тааралдсан наад хүн чинь миний дүү биш шүү, би наад хунтэй чинь ямар ч харилцаа холбоогүй шүү, миний утасны дугаарыг ав, дахиад чамаас мөнгө нэхэх юм бол над руу ярь. Чи хууль хяналтын байгууллагад хандсан тэгсэн чинь Б шоронд сууж байгаад гарч ирсэн гэсэн, манай гэрт ирсэн, миний талаар нилээд мэдээлэлтэй, би айгаад байна гэж хэлсэн. Айх юмгүй хуулийн байгууллагад ханд гэдгийг нь хэлээд явуулсан.” мэдүүлэг /1-р хх-ийн 125-126-р хуудас/,

Гэрч Д.Э “Би “Нэгүүн дриллинг” компанийг 2013 онд анх үүсгэн байгуулсан. Тэрнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Болсон асуудлын талаар гэвэл 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өөрийгөө Б гэж танилцуулсан хүн надтай ирж уулзсан. Тэгээд Дорноговь аймгийн Сайхандулаан суманд хайгуулын ажил хийлгэмээр байна гэсэн. Ингээд надтай ярилцаж байгаад хайгуулын өрөмдлөгийн гэрээ байгуулсан, нийт үнийн дүн нь 75,000,000 төгрөг байхаар тохироод урьдчилгаа 50 хувийг манай данс руу шилжүүлсэн тохиолдолд ажпаа эхлүүлэхээр тохирсон. Хоёр хувь гэрээ байгуулаад надаар гарын үсэг зуруулаад аваад явсан. Тэр захиралдаа танилцуулаад гарын үсгийн зуруулаад аваад ирье гэж хэлсэн. Ингээд дахин ирж уулзаагүй, холбоо бариагүй. Тэгээд нилээд хугацааны дараа над руу танихгүй дугаараас өөрийгөө Г гэж танилцуулсан хүн залгаад “танайх хэзээ ажлаа эхлүүлэх гэж байна” гэж асуусан. Тэгэхээр нь “ажпаа эхлүүлэх гэхээр танайх мөнгөө шилжүүлээгүй болохоор танайхыг л хараад байгаа шүү дээ” гэж хэлсэн. Тэр эмэгтэй жаахан аялагатай яриад байсан, “би хайгуулын урьдчилгаа мөнгийг Бд өгчихсөн байгаа шүү дээ, танайд өгөөгүй юм уу" гэж асуухаар нь “манайд ямар ч мөнгө орж ирээгүй, гэрээ ёсоор урьдчилгаа 50 хувийг нь төлсөн тохиолдолд ажлаа эхлүүлэх ёстой” гэсэн. Тэр хүмүүс хоорондоо хэрхэн яаж мөнгө төгрөг шилжүүлсэн эсэхийг мэдэхгүй байна. Би Б гэдэг хүнийг огт танихгүй, надтай утсаар холбогдож байгаад ирж уулзсан юм.” гэсэн мэдүүлэг /1-р хх- ийн 140-р хуудас/,

Гэрч Г.А “Би Хөдөлмөр халамжийн өрөнхий газарт Гадаадаас ажиллах хүч авах хэлтэст 2013 оноос хойш мэргэжилтнээр ажиллаж байна. Болсон асуудлын талаар гэвэл 2021 оны 05 дугаар сарын үед байх миний 8880- 6260 дугаарын утас руу өөрийгөө Г гэж танилцуулсан хүн залгаад манай Б гэдэг ажилтан танд бичиг баримт өгсөн үү, өгнө гэж хэлчихээд алга болчихлоо, бид нар бас мөнгө төгрөгний асуудалтай байгаа юм гэхээр нь би Б гэдэг хүнийг огт танихгүй ээ, надад ямар ч бичиг баримт өгөөгүй ээ, тэгээд ч би мөнгө төгрөг хүлээж авдаггүй. Гадаадаас ажиллах хүч оруулж ирэх гэж байгаа бол шаардлага хангасан компанид манайхаас гадаад улсаас ажиллах хүч оруулж ирэх тухай зөвшөөрөл олгоно. Тэрний тулд эхлээд бичиг баримтуудаа бүрдүүлээд манай бичиг хэргийн ажилтанд хүлээлгэж өгнө, шаардлага хангаж байна гэж үзвэл гадаадаас орж ирэх ажиллах хүчний 1 сарын төлбөр 840,000 төгрөг байдаг, хэдэн cap болох юм, хэр хугацаанд ажиллах вэ гэдгээс хамаараад дээрх мөнгийг үржүүлж бодоод Төрийн сан дах Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан руу банкаар дамжуулан мөнгөө тушаагаад манайд зөвхөн баримтаа авчирч өгнө...Урьдчилгаа гэдэг ойлголт огт байхгүй, нэг cap нь 840,000 төгрөгөөр тооцоод мөнгөө тушаах ёстой. Би Б гэдэг хүнийг огт танихгүй. Тэр хүнээс ямар ч урьдчилгаа мөнгө хүлээж авахгүй, ингэж хүлээж авах хориотой, тэр хүн яагаад надад өгсөн гэж худлаа хэлснийг би ойлгохгүй байна. Манай байгууллага зохих шаардлага хангасан газарт зөвшөөрөл өгнө, тэгээд тухайн байгууллага хүмүүсээ оруулж ирдэг, манайхаас ажиллах хүч оруулж ирдэггүй. Нэгэнт орж ирсэн ажиллах хүчинд Гадаадын харъяатын газар хяналт тавьж ажилладаг.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 142-р хуудас/,

Гэрч Б.С “Би Жи Эс Би Капитал банк бус санхүүгийн байгууллагын Саппоро дахь салбарт захирлаар ажилладаг. Уг компанид 2020 оны 05 дугаар сараас хойш ажиллаж байна. Болсон асуудлын талаар гэвэл Б гэх хүн 75-29УАС, 75-39УАС улсын дугаартай 2 ширхэг Миксер загварын том оврын автомашиныг зээлийн барьцаанд тавих хүсэлт гаргасан. Тухайн 2 ширхэг машиныг галиар өөрөө оруулж ирсэн гээд гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн баримтуудаа үзүүлсэн. Машинаа помп авч тавих зориулалтаар зээл авч байгаа гэж хэлсэн. 40,000,000 төгрөгийн зээл хүссэний дагуу материалыг нь судалж үзээд тухайн дүнгээр нь зээл олгоод дээрх хоёр машиныг манай компани нэр дээрээ шилжүүлэн авсан. Машиныг өөрийнхөө нэрээр гаапиар оруулж ирсэн баримтуудаа үзүүлсэн болохоор өөрийнх нь машин мөн юм байна гэж итгээд зээл олгосон. Тэгээд ч Авто тээврийн үндэсний төвөөс ямар ч асуудалгүй манай нэр дээр шилжүүлээд өгчихсөн юм. Ингээд 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулаад Бд 40,000,000 төфөгийн зээл олгосон. Зээлийг Бын Хас банкны 5003884763 дугаарын данс руу шилжүүлсэн. Ингээд 2021 оны 05 дугаар сард нэг удаа зээлийн эргэн төлөлт хийсэн, тэрнээс хойш өдгөөг хүртэл нэг ч удаа зээлээ эргэн төлөөгүй, утас нь холбогдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа. Бид нар араас нь хайж явж байгаад 75-29УАС улсын дугаартай машиныг нь олж авсан, машин нийтийн хэллэгээр 22-ын товчоо орчим байрлах компаний агуулах аж ахуйн зориулалтаар ашиглагддаг хашаанд байгаа. Нөгөө машин нь хаана байгааг мэдэхгүй байна, Б өөрөө мэдэж байгаа байх.” гэсэн мэдүүлэг/1-p хх-ийн 144-р хуудас/,

Гэрч Ли Тианшуйгийн “...Гийн өөрийнх нь мөнгө. Шинэ баялаг компаниас Бд өгсөн мөнгө байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 151-р хуудас/,

Гэрч О.О “...Тухайн 5163439977 дансыг миний нөхөр Б ашигладаг юм. Өөрөө банкны дансаа битүүмжлүүлсэн болохоор миний дансыг ашигладаг юм. Г эгчээс мөнгө орж ирсэн гэж Б надад хэлж байсан, хэзээ, хэдэн төгрөг орж ирсэн, тэр нь юунд зарцуулагдсан эсэхийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг/1-p хх-ийн 137-р хуудас/,

О.О Хаан банкны 5163439977 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 -р хх-ийн 154-159-р хуудас/,

Автотээврийн үндэсний төвөөс авсан лавлагаа, /1-р хх-ийн 176-199-р хуудас/,

“Нэгүн дриллинг” ХХК-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 202-р хуудас/,

Гэрч Б.Б “Б надад төлөвлөгөө гаргуулахаар ямар нэгэн мөнгө өгсөн асуудал байхгүй ээ. Харин би Г рүү “Шинэ баялаг” компанийн 40 хувийн хувьцаагаа зараад шилжүүлээд өгөх гэхээр тайлан тооцооноос авхуулаад бичиг баримтын бүрдлийн дутуу ажлууд маш их байсан. Тэгээд Баар тэр ажлуудыг хөөцөлдүүлсэн юм. Тэр хүнтэй уулзаад ийм бичиг баримтууд бүрдүүлээгэй, тэрэнтэй уулзаад тайлангаа гаргуулаарай гэж холбож зуучилж өгөөд уулзуулдаг байсан. Гэтэл Б нөгөө хүмүүсээс тайлан тооцоо гаргуулах ажлыг хийчихээд мөнгөө өгөхгүй байна гэж над руу яриад байхаар нь 5 орчим сая төгрөг өгүүлсэн санаж байна. Би тэрнээс ямар ч мөнгө төгрөг аваагүй. Б надад ямар ч төлөвлөгөө гаргуулахаар мөнгө өгөөгүй, харин би өөрөө хийлгээд Гт өгсөн байгаа” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 29-р хуудас/,

Гэрч Х.А “...2021 оны 03 дугаар сарын үед би Б руу утсаар ярьсан юм. Тэр нэлээн хүн амыан таньдаг болохоор нь хүн олоод өгч магадгүй гэж бодоод надад нэг чингэлэг байгаа юм, банканд зээл төлөх хугацаа болчихоод байна, 40 тонн-ын бор улаан өнгөтэй чингэлэг байна авах хүн байна уу гэж асуутал хэдээр зарах юм гэхээр нь 3,500,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн чинь тэгвэл би авчихъя гэж хэлээд мөнгөө бэлнээр авчирч өгөөд чингэлэгээ аваад явсан юм. Одоо энэ чингэлэг нилээд үнэтэй болчихсон байгаа, тухайн үед мөнгөний хэрэг гараад яаралтай зарсан юм. Би доторлогоо хийгээд янзалж байсан, гэхдээ дуусаагүй байсан л даа” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 33-р хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” компанийн 75-92 УАС улсын дугаартай 2003 онд үйлдвэрлэгдсэн Beiben ND1250 маркийн цемент холигч, тээвэрлэгч автомашиныг 45,136,350 төгрөгөөр үнэлсэн тайлан /2-р хх-ийн 45-47-р хуудас/,

 Хөрөнгийн үнэлгээний “Дамно” компанийн 75-39 УАС улсын дугаартай 2008 онд үйлдвэрлэгдсэн Beiben ND1250 маркийн цемент холигч, тээвэрлэгч автомашиныг 56,637,630 төгрөгөөр үнэлсэн тайлан /2-р хх-ийн 57-59-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь контейнер худалдан авна гэж 3,500,000 төгрөг, хайгуулын өрөмдлөгийн гэрээний мөнгө гэж 37,500,000 төгрөг, хамтран ажиллуулж байгаа автомашины засварын мөнгө гэж 3,000,000, хайгуулын ажлын тайлан гаргуулна гэж 9,000,000 төгрөг, БНХАУ-аас 50 ажилчин оруулж ирэх зөвшөөрөл авна гэж 10,000,000 төгрөг, визний зориулалт өөрчилж өгнө гэж 10,620,000 төгрөгийг БНХАУ-ын иргэн Gerileqiqige /Г/-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хооронд эхнэр О.Оюу-Номины “Хаан” банкны 5163439977 тоот дансаар нийт 73,620,000 /далан гурван сая зургаан зуун хорин мянга/ төгрөгийг шилжүүлэн авсан, БНХАУ-аас оруулж ирсэн 101,773,980 /нэг зуун нэг сая долоон зуун далан гурван мянга есөн зуун ная/ төгрөгийн үнэ бүхий хоёр ширхэг цемент тээвэрлэгч автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч залилан их хэмжээний буюу нийт 175,393,980 /нэг зуун далан таван сая гурван зуун ерэн гурван мянга есөн зуун ная/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдлоо.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Э.Б нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “их хэмжээний хохирол” учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч GERILEQIQIGE /Г/ нь “... миний хохирол төлбөр бүрэн барагдсан бөгөөд Э.Бд холбогдуулан гаргах ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлжээ./хх-ийн 217/

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д “...Бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Э.Бд ял шийтгэл оногдуулахдаа хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Б нь хохирогчид их хэмжээний хохирол учруулсан зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан дээрх ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутай тооцсугай

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Быг 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1  /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            5. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

  7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.Б