| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2018/00283/и |
| Дугаар | 325 |
| Огноо | 2018-05-04 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 325
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: УАЗД-д холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин 9.423.549 төгрөг, төрийн албан хаагчдад өгсөн мөнгөн тэтгэмж 300.000 төгрөг, Улаанбаатар хот явж, ирсэн зардал 255.600 төгрөг, бүгд 9.979.149 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1990 оноос хойш Боловсролын салбарт 27 жил ажилласан. 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс Түргэн сумын Дунд сургуульд захирлаар ажиллаж байтал 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/34 тоот аймгийн Засаг даргын захирамжаар улс төрийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн. Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 67 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 72 тоот тогтоолоор намайг халсан тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоосон. Би Улсын дээд шүүхийн тогтоолоо 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гардан авсан. Иймд шүүхэд хандаж 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин болон төрийн албан хаагчдад өгсөн мөнгөн тэтгэмж, Улаанбаатар хот явах болон хяналтын шатны шүүхэд оролцохоор явсан зардал зэргийг нэхэмжилж байна. Мөн нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, шимтгэлийг төлүүлж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Увс аймгийн Засаг даргад холбогдуулан, ажилгүй байсан хугацааны цалин 9.423.549 төгрөг, төрийн албан хаагчдад өгсөн мөнгөн тэтгэмж 300.000 төгрөг, Улаанбаатар хот явж, ирсэн зардал 255.600 төгрөг, бүгд 9.979.149 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Увс аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/31 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжаар Увс аймгийн Түргэн сумын Дунд сургуулийн захирал С.Б-эд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байх боловч Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 767 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 72 дугаар тогтоолоор тус тус нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон байна.
Хэдийгээр шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй байгаа боловч нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулахаар шаардах эрхтэй байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин 9.423.549 төгрөгийг гаргуулах-аар нэхэмжилсэн нь бүрэн үндэслэлтэй, мөн Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын дагуу төрийн албан хаагчийн ажлын үр дүнгийн урамшуулал 300.000 төгрөгийг нэмж, хариуцагч Увс аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулан С.Б-эд олгох нь зүйтэй.
Харин С.Б өөрийн эрх, ашиг сонирхлоо хамгаалах үүднээс шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээ эдэлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Монгол Улсын Дээд шүүхийн хуралдаанд оролцсон байх бөгөөд эдгээртэй холбоотой нэхэмжлэгчээс гарсан зардал нь зайлшгүй гарах байсан зардал биш тул Замын зардал 255.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болно.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 9.423.549 төгрөг, төрийн албан хаагчийн ажлын үр дүнгийн урамшуулал 300.000 төгрөг, нийт 9.723.549 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б-эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Замын зардал255.600 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч С.Б-ийн ажилгүй байсан 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-д даалгах нь зүйтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ад 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан танилцуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх мөн зүйлийн 72.3-т заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.616 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас 170.527 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б-эд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА