Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 326

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Б.К-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: УАЗД-д холбогдох,

      Ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүү, ээлжийн амралт, тэтгэлэгт нийт 6.945.542 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Б.К-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.К нь Увс аймгийн Өмнөговь сумын ахлах сургуульд тасралтгүй 21 жил ажиллаж байгаад 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн болно. Б.К нь 2016 оны 5 дугаар сард ээлжийн амралтаа аваад 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажилд ороод 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдөхдөө ажилласан хугацааны ээлжийн амралтыг тооцуулж аваагүй. Ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхээр нотлогдсон. Мөн шүүхийн шийдвэр биелүүлэх үйл ажиллагаа өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэрэгжих боломжтой болж ажил хүлээлцэх ажлын хэсэг 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан. Монгол Улсын Дээд шүүхХөдөлмөрийн хуулийг тайлбарлахдаа хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажлаас халагдсан өдөр-ийг ажил олгогчийн шийдвэр /тушаал, захирамж гэх мэт/-т заахдаа тухайн ажилтны ажилласан хугацаанд нь оногдвол зохих ээлжийн амралтын хоногийг урьдчилан тооцож, түүн дээр ажил хүлээлцэхэд зориулж тогтоосон хоногийг нэмж, сүүлчийнөдрийг тогтооно гэсэн боловч 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлсөн захирамжид энэ талаар тусгаагүй зэрэг нь ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй гэж үзэхээр /Амралтынмөнгөө авч, амрах ёстой боловч шүүхийн шийдвэр биелүүлэхийг хүлээсээр амарч чадаагүй/ байна. Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т зааснаар Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэсэн заалтаар өөрөөс үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан гэж үзэхээр байгаа зэргийг /2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн аймгийн Засаг даргын захирамж энэ талаар дурдаагүй байгаагүй болно/ үндэслэн дараах нэхэмжлэлийг гаргаж байна. 1. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл ажилгүй байсан ажлын 33 өдрийн нийт 2.032.338 төгрөг, 2. 2017 оны 2 дугаар сарын 01-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цалинг нэхэмжилсэн өргөдөл гаргахдаа дутуу тооцож нэхэмжлэл гаргасан байгаа тул зөрүү 288.671 төгрөг, 3. 2017 оны ээлжийн амралтын мөнгө 1.541.511 төгрөг, 4. Төрийн албаны хуульд зааснаар 3 сарын цалинтай тэнцэх тэтгэлэг болох 3.083.022 төгрөг, 5. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг зохих байгууллагаар нөхөн төлүүлэх, нийт 6.945.542 төгрөгийг нэхэмжилж байна. Б.К-ийн ажиллаж байсан байгууллага нь Увс аймгийн Өмнөговь сумын Ахлах сургууль бөгөөд энэ байгууллагын үүсгэн байгуулагч, мөн захирлыг томилдог эрх нь аймгийн Засаг даргад байдаг тул Өмнөговь сумын Ахлах сургуулийн төсвөөс гаргахыг даалгаж өгөхийг хүсье гэжээ.

     Хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Колягийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Б.Коля нь 2018 оны 1 дүгээр сард сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Чөлөөлөгдөхдөө урьд нь ажиллаж байсан Б.Л-г шүүхийн шийдвэрээр тухайн ажилд нь эгүүлэн тогтоосон гэх шалтгаанаар чөлөөлөгдсөн. 1. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацааны цалингаа танай шүүхийн шийдвэрээр гаргуулан авахаар шийдвэрлүүлсэн ба бүрэн нэхэмжилсэн гэж үзэж байна. Өмнө нь нэхэмжилсэн шийдвэр гарсан ба зөрүү, дутуу нэхэмжилсэн гэж үзэхгүй байна. 2. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацааны цалингийн хувьд Б.К-ийн үндсэн цалин 734.053 төгрөг, ур чадварын нэмэгдэл 183.513 төгрөг, Засгийн газрын 90 дүгээр тогтоолын нэмэгдэл 110.108 төгрөг олговол зохих цалин 1.027.674 төгрөг болж байна. 2017 оны 11 дүгээр сард ажлын 12 хоног 560.550 төгрөг, 12 дугаар сард ажлын 20 хоног 1.027.674 төгрөг, 2018 оны 1 дүгээр сард ажлын 1 хоног 46.712 төгрөг, нийт 1.634.936 төгрөг болж байна. 3. Ээлжийн амралтын хувьд Б.К 2016 оны 5 дугаар сард ээлжийн амралтаа авсан ба 7 дугаар сарын 01-ний өдрөөс захирлын ажилд томилогдсон. Энэ хугацаанаас хойш 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд ногдох ээлжийн амралтыг тооцоход 2016 оны 7 дугаар сард 16 хоног, 8 дугаар сард 23 хоног, 9 дүгээр сард 22 хоног, 10 дугаар сард 19 хоног, 11 дүгээр сард 21 хоног, 12 дугаар сард 21 хоног, 2017 оны 11 дүгээр сард 18 хоног, нийт 140 хоног ба эндээс тооцоход 17,5 хоногийн амралтад 987.000 төгрөгийн амралтын цалин бодогдохоор байна. 4. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар ажлаас чөлөөлөгдсөн тухай дурдаад 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө нэхэмжилснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Б.К нь Өмнөговь сумын ахлах сургуулийн захирлаар ажиллаж байсан ба энэ албан тушаалын орон тоо нь хасагдаагүй, харин өмнө нь ажиллаж байсан Б.Л нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөнийг эгүүлэн тогтоосон учир ажлаас чөлөөлөгдсөн болно. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар болон Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар тэтгэмж олгох үндэслэлгүй болно. Аймгийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Б/08 тоот захирамжийг нотлох баримтаар хүргүүлэв гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Б.К нь хариуцагч Увс аймгийн Засаг даргад холбогдуулан, ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүү, ээлжийн амралт, тэтгэлэгт нийт 6.945.542 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

       Увс аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Б/05 дугаартай захирамжаар Увс аймгийн Өмнөговь сумын Ахлах сургуулийн захирал Б.К-г ажлаас чөлөөлснийг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 37 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 477 тоот магадлалаар тухайн албан тушаалд эгүүлэн тогтоосон, мөн уг шүүхийн шийдвэрийн дагуу Увс аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/91 дугаартай захирамжаар ажилд томилогджээ.

        Түүнчлэн энэхүү хугацаанд Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 855 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 03 тоот магадлалаар Б.Коля 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагч Увс аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас гаргуулахаар, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр тогтоолгосон байна.

       Нэхэмжлэгч Б.К-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр хянаж, зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          1. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 2.032.338 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:

         2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 30-ны өдөр хүртэл ажлын 14 хоногийн цалин, 2017 оны 12 дугаар сарын ажлын 20 хоног /Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр 12 дугаар сарын 29-ний өдрийг хасч тооцов/, нийт 34 ажлын хоног байна.

           Б.К-ийн ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх сүүлийн 3 сарын цалин буюу 2016 оны 11 дүгээр сард авсан 1.080.107 төгрөг, 2016 оны 12 дугаар сард авсан 1.651.619 төгрө, 2017 оны 1 дүгээр сард авсан 1.027.674 төгрөг, нийт 3.759.400 төгрөгөөс 1 сард авсан дундаж цалинг тооцоход 1.253.133 төгрөг ба үүнийг ажлын дундаж хоног 21,5-д хуваахад, нэг өдрийн 58.285 төгрөг, үүнийг дээрх хугацаанд ажилгүй байсан 34 хоногт тооцоход 1.981.690 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж нэхэмжлэгч Б.К-д олгох нь зүйтэй ба үлдэх 50.648 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

            2. 2017 оны 2 дугаар сарын 01-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цалинг нэхэмжилсэн өргөдөл гаргахдаа дутуу тооцож нэхэмжлэл гаргасан байгаа тул зөрүү 288.671 төгрөг, 2017 оны ээлжийн амралтын мөнгө 1.541.511 төгрөг, Төрийн албаны хуульд зааснаар 3 сарын цалинтай тэнцэх тэтгэлэг болох 3.083.022 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн тухайд:

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 855 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 03 тоот магадлалаар Б.Коляд 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагч Увс аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар дахин хянан хэлэлцэх үндэслэлгүй.

           Өөрөөр хэлбэл, Б.К дээрх иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг гарахаас өмнө холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн, дутуу тооцсон цалин хөлсөө нэмж нэхэмжлэх эрхтэй байсан ба шүүхийн шийдвэрээр нэгэнт шийдвэрлэгдсэн хугацаанд дутуу олгогдсон гэх цалингийн зөрүү 288.671 төгрөгийг одоо гаргуулж олгох боломжгүй байна.

          Мөн 2017 оны ээлжийн амралтаа биеэр эдлээгүйтэй холбоотой ээлжийн амралтын 1.541.511 төгрөгийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу 2016 оны 7-12 дугаар сар буюу дарааллан 6 сараас дээш хугацаагаар ажиллаж байж, дараа оны ээлжийн амралт эдлэх эрх үүсэх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар энэ тухай гомдлын шаардлага гаргах 3 сарын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлжээ.

       2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хууль-ийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Ажил олгогч нь ажилтан цэргийн албанд татагдсан, аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, орон тоо цөөрсөн, ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон, 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлүүдээр ажлаас халагдсан бол ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэж тус тус заажээ.

        Б.К-ийн хувьд Увс аймгийн Өмнөговь сумын Ахлах сургуулийн захирлын орон тоо хасагдаагүй, тухайн байгууллага татан буугдах, эсхүл өөрчлөн байгуулагдсан зүйлгүй, харин Увс аймгийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Б/08 тоот захирамжийн агуулгаас үзэхэд урьдны захирал Б.Л шүүхийн шийдвэрийн үндсэн дээр тухайн ажилд томилогдсоноор Б.Коля уг албан үүргийг цаашид гүйцэтгэх боломжгүй болсон байх тул дээрх хуульд заасан нэг удаагийн тэтгэлэгийг авах эрх үүсээгүй байна.

       3. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанынийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:

         Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй гэж, 46.2-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж, мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж тус тус заасан.

          Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.К-ийн ажилгүй байсан 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-д даалгах нь зүйтэй байна.

           Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, 129 дүгээр зүйлийн 129.1, Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т тус тус зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 1.981.690 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.К-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2017 оны ээлжийн амралтын мөнгө 1.541.511 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд дутуу олгогдсон цалин 288.671 төгрөг, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг 3.083.022 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговороос 50.648 төгрөг, нийт 4.963.853 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.К-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас 46.657 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.К-д олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, 129 дүгээр зүйлийн 129.1, Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т тус тус зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 1.981.690 /нэг сая есөн зуун наян нэгэн мянга зургаан зуун ер/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.К-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2017 оны ээлжийн амралтын мөнгө 1.541.511 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд дутуу олгогдсон цалин 288.671 төгрөг, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг 3.083.022 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговороос 50.648 төгрөг, нийт 4.963.853 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Б.К-ийн ажилгүй байсан 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-д даалгасугай.
  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.К-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.100 /нэг зуун хорин зургаан мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас 46.657 /дөчин зургаан мянга зургаан зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Коляд олгосугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                       ДАРГАЛАГЧ,

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.ГЭРЭЛТУЯА