Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 366

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Х.П-ын нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: ДХС, ДШСОНӨААТҮГ-т холбогдох,

      Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагч Ю.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Х.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1984 оноос хойш хуучин Дулааны станцад түлш дамжуулах машинчаар тасралтгүй ажиллаж байгаад 2014 оны 9 дүгээр сараас шинэ Дулааны станц буюу Увс аймгийн Дулааны 2 дугаар станц шинээр ашиглалтад орох үед тус байгууллагад шилжин ажилласан хүн юм. Би Шинэ Дулааны станцад дулаан дамжуулах төвийн машинчаар шилжин ажиллаж байгаад сүүлийн нэг жилийн хугацаанд дулаан дамжуулах төвийн жижүүрийн үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан. Миний ажлын байр нь хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байнгын ажлын байр бөгөөд би ажиллах хугацаандаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хэвийн гүйцэтгэж ирсэн. Гэтэл Увс аймгийн Дулааны 2 дугаар станц, Дулааны шугам сүлжээ Орон нутгийн өмчит аж ахуйт тооцоотой үйлдвэрийн газрын захирлын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Б/12 тоот тушаалаар намайг эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосныг үндэслэлгүй гэж үзэж байна. Надтай хамт ажиллаж байсан Х.Энхбаатар, П.Баттөр нар болон бас надтай яг адил үндэслэлээр буюу эрүүл мэндийн шалтгааны улмаасажлаас чөлөөлсөн байгаа. Надад эрхэлж байгаа ажил албан тушаалаа гүйцэтгэхэд саад болохуйц ямар нэгэн өвчин,хууч байхгүй. Энэ жил би 56 настай бөгөөд байгууллагын захиргааны зүгээс намайг тэтгэврийн нас ойртсон, хөгшин зэм гэх мэтээр шуурхай хурал дээр хэлж ярьж, миний 60 нас хүртэл хөдөлмөрлөх эрхэд удаа дараа халдаж байсан удаатай. Энэ бүхнийг би тэвчин өнгөрүүлж байсан. 2018 оны 2 дугаар сарын эхээр, 05-ны үед манай байгууллагын настай голдуу 7-8 хүнийг байгууллагын захиргаа хүлээж авсан. Тухайн өдөр би орой 20 цагаас ажилд гарах ээлжтэй байсан. Ингээд би 5 цагт цайллагад очиж, хоол унд идээд нэг дуу дуулж өгчихөөд байгууллагын захирал Ю.Сайнжаргал, үйлдвэрчний хорооны дарга нарын задалсан архинаас хагас, хагас рүнк уугаад Би ээлжийн ажилтай гэдгээ хэлээд ажилдаа гарсан. Тэр шөнө би ажил үүргээ 100 хувь хэвийн гүйцэтгэсэн. Гэтэл намайг тухайн өдөр архи уусан үедээ ээлжинд гарсан зөрчил гаргасан гэж үзсэн. Гэхдээ уг зөрчилд арга хэмжээ авагдаагүй. Үүний дараа намайг 2018 оны 3 дугаар сарын 26-ны орой 20 цагаас ээлж хүлээж аваад ажил үүргээ гүйцэтгээд байж байтал 21 цагийн үед инженер Б.Алтангэрэл ирээд Танаас архи үнэртэж байна гэхээр нь би уугаагүй гэдгээ хэлсэн, гэтэл инженер Б.Алтангэрэл намайг Яв, зайл хөгшин төгцөг гэх мэтээр доромжилж, ажлын байран дээр дарамтлахад нь би Хоёулаа цагдаа явж миний эрүүл, согтууг тогтоолгоё гэсэн боловч яваагүй. Намайг Зайл, таны оронд хүн гаргалаагэж хэлээд өөр хүн гаргасан. 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр захирал дуудахаар нь очиж уулзахад Та чөлөөндөө гарах цаг болсон, та тэтгэврээ тогтоолго, тэтгэвэр яагаад тогтохгүй байгаа юм, би тогтоолгож өгнө, хүсэлт гаргавал гэнэт халагдсаны мөнгө олдоно, хүсэлтээ бичиж өгч тушаалаа ав гэж дарамталсан. Тэгээд би аргагүйн эрхэнд ажлын байрны дарамт шахалтад орж, хүсэлтээ бичиж өгсөн. Хүсэлтээ өгснийхөө дараа буцааж авахгэхэд хүний нөөцийн мэргэжилтэн надад өгөхгүй гээд өгөөгүй. Ингээд би ажлаас халагдаж цалин тэтгэвэргүй болж хохирч байна. Миний эхнэр А.Тогтуур элэгний церроз гэх хүнд өвчтэй, одоо хэвтэрт байгаа, цалингийн зээлтэй, зээлээ төлөөд үлдэгдэл мөнгөөрөө эхнэрийнхээ хоол, эм тариаг залгуулж амьдарч байсан. Одоо амьдрал үнэхээр хүнд байна. Иймд Увс аймгийн Дулааны 2 дугаар станц, Дулааны шугам сүлжээ Орон нутгийн өмчит аж ахуйт тооцоотой үйлдвэрийн газрын захирлын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/12 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг тус Дулааны станцын дулаан дамжуулах төвийн жижүүрийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож өгнө үүгэжээ.

        Хариуцагч ДХС, ДШСОНӨААТҮГ-ын захирал Ю.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.П ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна. 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдөр манай байгууллага нь ахмад ажилчидаа хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ цайллаганд Х.Порчихоод хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчин согтуу ажилдаа очиж ээлж авч хоносон. Мөн 3 дугаар сарын 26-ны орой 20 цагт ээлж хүлээн авахдаа согтуу ирсэн тул шугам сүлжээний инженер Б.Алтангэрэл Та согтуу байна, таны оронд хүн гаргана, та харьж амар гээд явуулсан байна. Ингээд оронд нь шугам хоолойн слессарь Б.Сайнбилэгийг дуудаж ажилд гаргасан юм. Тухайн үед ажлаас буулгах үед диспетчер Оросоо, Мягмарнаран, слессарь Цэвээн, инженер Б.Алтангэрэл нар байсан. Х.Пүрэвжав нь тухайн үедээ архи ууснаа хүлээн зөвшөөрч маргаан үүсгээд ажлаас бууж явсан. Хэрэв өөрийгөө архи уугаагүй гэж үзсэн бол цагдаа дуудаж согтолтын зэргээ тогтоолгох, эрүүл хэвийн гэдгээ шалгуулах боломжтой байсан. Эрүүл гэдгээ тогтоолгосон бол оронд нь өөр хүн гаргах, Хөдөлмөрийн тухай хууль зөрчин ажил таслах шаардлагагүй юм. Манай Дулааны станц нь улсын онцгой объектод хамаарагддаг, согтуу байтугай эрүүл хүн ажиллахад анхаарал болгоомж их шаарддаг. Өдөр бүр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөгддөг. Эргэх механизм, тоног төхөөрөмжүүдтэй, тог цахилгаантай байнга харьцдаг анхаарал сонор сэрэмжтэй ажиллах ёстой байгууллага юм. Тухайн ажилтан ээлжинд ирэхдээ согтуугаар ажилд гарч дулааны станцын үйл ажиллагааг доголдуулж гэмтэл гаргавал, ажилтны эрүүл мэнд, амь насанд эрсдэл үүсэх, мөн байгууллагын болон цаашилбал, аймаг орон нутгийн хэмжээнд ихээхэн хэмжээний хохирол үүсэх аюултай юмаа. Иймд 2018 оны 3дугаар сарын 26-ны өдөр архи ууж ажилдаа согтуу ирсэн тул захирлын зөвлөлийн хурлын шийдвэрээр ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Хэрэв дараа дахин өөр ажилд ороход согтуугаар ажлаас чөлөөлөгдсөн гэдэг тушаалтай байвал ажилд орох боломжгүй байдаг гэдгийг нь харгалзан үзэж өөрийнх нь хүсэлтээр бид тушаалаа эргэн харж Х.Пүрэвжавын бичсэн өргөдөлийн дагуу эрүүл мэндийн шалтгаанаар гэж тушаал гаргасан юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

         Нэхэмжлэгч Х.Пнь хариуцагч ДДХС, ДШСОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

         ДХС, ДШСОНӨААТҮГ-ын захирлын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/12 тоот тушаалаар Х.П-ыг тус газрын Дулаан дамжуулах төвийн жижүүрийн үүрэгт ажлаас Эрүүл мэндийн шалтгааны улмаас, мөн өөрийн гаргасан хүсэлт-ийг үндэслэн гээд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.

         Хэдийгээр нэхэмжлэгч, хариуцагч нар Х.П 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдөр болон 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажилдаа ирсэн гэх асуудлаар маргаж, мэтгэлцэж байгаа боловч ажил олгогчийн тушаалын үндэслэлээс үзэхэд Эрүүл мэндийн шалтгаанаар, өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн агуулгатай байна.

        Мөн ажил олгогч хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар, түүний хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлөх эрхтэй ба ажилтны өөрийн гаргасан хүсэлт нь хэрэгт авагдсан байх боловч ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл байх учиргүй бөгөөд ажилтан өөрийн хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн байх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан үндэслэлд хамаарна.

         Гэтэл гэрч А.Тогтуур, Х.Энхбаатар нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн өөрийн тайлбар зэргээс үзэхэд ажил олгогчоос Зөрчлийн улмаас ажлаас чөлөөлөгдвөл тэтгэвэр, тэтгэмжид хамарагдах боломжгүй болно. Тэгэхээр та өөрөө хүсэлтээ гарга гэх байдлаар шахалт үзүүлж, ажилнаар хүсэлт бичүүлсэн байдал тогтоогдож байгаа ба бодит байдалд нэхэмжлэгч Х.П ажлаас чөлөөлөгдөх сонирхолгүй байжээ.

             Мөн нэхэмжлэгч Х.П үнэхээр ажлаас чөлөөлөгдөхийг хүсч, сайн дурын үндсэн дээр хүсэлт гаргасан бол шүүхэд гомдол гаргах шаардлагагүй бөгөөд нэхэмжлэгчийн Эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдгийг нотолсон баримт, эмч, эмнэлгийн байгууллагын тодорхойлолт хэрэгт авагдаагүй байна.

          Харин гэрч Б.Алтангэрэл, Б.Мягмарнаран, С.Цэвээн нарын Х.П ажлын байран дээрээ архи уусан байдалтай ирсэн гэх мэдүүлэг, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл,Дулааны хоёрдугаар станц, Дулааны шугам сүлжээ Орон нутгийн өмчит аж ахуйт тооцоотой үйлдвэрийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/53 тоот тушаал зэрэг баримт нь хариуцагчийн гаргасан тушаалын үндэслэлд хамааралгүй тул тухайн баримтуудыг шүүх үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

     Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.П-ыг ДХС, ДШСОНӨААТҮГ-ын Дулаан дамжуулах төвийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.П нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ДХС, ДШСОНӨААТҮГ-аас 70.200 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000957 тоот дансанд оруулах нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныгтус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.П-ыг Дулааны хоёрдугаар станц, ДХС, ДШСОНӨААТҮГ-ын Дулаан дамжуулах төвийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.П нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ДХС, ДШСОНӨААТҮГ-аас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000957 тоот дансанд оруулсугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                 ДАРГАЛАГЧ,

                                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.ГЭРЭЛТУЯА