Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 368

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч:Банкны нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: БЗ ХХК,

      Хариуцагч: М.Б,

      Хариуцагч: Ж.Б нарт холбогдох,

    162000372298 тоот зээлийн гэрээний дагуу 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацааны хүү 11.930.386 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын харицааны ахлах менежер Э.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч БЗ ХХК, хамтран зээлдэгч М.Б, Ж.Б нараас 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шаардсан ба тус шүүхийн шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 69 тоот захирамж гарах хүртэл хугацааны үндсэн зээлийн хүүний төлбөр 11.930.386 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 205.836 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Зээлдэгч БЗ ХХК нь ....... банкнаас 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 162000372298 тоот зээлийн гэрээний дагуу 650.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,3 хувийн, жилийн 27,6 хувийн хүүтэйгээр үйлчилгээний төв өргөтгөх засвар хийх зориулалтаар зээлдэн авсан. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт болон, үндсэн хүүний төлбөрийг 144 хоног хэтрүүлсэн байна. Зээлийг зориулалт бусаар ашигласан бөгөөд зээлдэгч нар зээлийн төлбөрийг удаа дараа хугацаа хэтрүүлсэн, цаашид зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу хэвийн төлөх боломжгүй гэж үзэж байгаа тул зээлийн гэрээний 7 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай удаа дараа шаардлага хүргүүлсэн. Зээлийн барьцаанд 1. Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах 436,8 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-1520002001 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, 1183,2 м.кв талбай бүхий гэрчилгээний 000487566, нэгж талбарын 8516000432 дугаартай газрын хамт, 2. Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 16 айлын орон сууцанд байрлах 39 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-1520003225 дугаартай орон сууц, 3. Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 16 айлын орон сууцны пудволд байрлах 56 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Ү-1520003233 дугаартай байр, 4. Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, 13х9,5 м.кв талбай бүхий 2 давхар, улсын бүртгэлийн Ү-1520001874, гэрчилгээний 0013540 дугаартай хувийн сууц, мөн 315 м.кв талбай бүхий газрын хамт, 5. Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 55 айлын орон сууцны доод давхарт байрлах, 310 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-1520004230 дугаартай сауны зориулалттай барилга, 6. Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 55 айлын орон сууцны доод давхарт байрлах, 310 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-1520004248 дугаартай граж, 7. 21-41 УВХ улсын дугаартай, FORD F-150 маркийн 2012 онд үйлдвэрлэгдсэн суудлын автомашин, 8. 31-41 УВА улсын дугаартай, ISUZU ELF маркийн, 1999 онд үйлдвэрлэгдсэн ачааны автомашин, 9. 35-47 УВА улсын дугаартай,TOYOTA SPACIO маркийн, 2002 онд үйлдвэрлэгдсэн суудлын автомашин, 10. 25-73 УН улсын дугаартай,HYUNDAI LOO маркийн 2003 онд үйлдвэрлэгдсэн эксковатор, 11. Байшин кран зэргийг тус тус барьцаалсан байна гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч ..... банк нь хариуцагч М.Б, Ж.Б, БЗ ХХК-д тус тус холбогдуулан 162000372298 тоот зээлийн гэрээний дагуу 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацааны хүү 11.930.386 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

          Зээлдэгч буюу хариуцагч БЗ ХХК /Захирал М.Б/, Ж.Б нар ........... банктай 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 162000372298 дугаартай Зээлийн гэрээ байгуулан, 650.000.000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар сарын 2,30 хувь, жилийн 27,60 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан байна.

         Нэхэмжлэгч ............. банкнаас 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхэд дээрх зээлийн болох барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргаж, шүүх 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцээд, 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон 69 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн байна.

         Өөрөөр хэлбэл, Төрийн банк гэрээнээс татгалзаж, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөр тасалбар болгон хүү, нэмэгдүүлсэн хүү болон үндсэн зээлийн төлбөр гаргуулах, мөн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

         Гэтэл нэхэмжлэгч нь 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хооронд тооцогдсон хүү нэмж гаргуулахаар шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй байх ба нэгэнт шүүхээр хянан шийдвэрлэгдсэн маргааныг дахин шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.

         Харин ........... банкнаас тус шүүхийн 2018 оны 69 тоот шийдвэрийг гарахаас өмнө нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн холбогдох гэрээний үүргийг шаардах эрхтэй байсан ба энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй нь хариуцагчид нэмэлт үүрэг хүлээлгэх үндэслэл болохгүй юм.

               Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч БЗ ХХК, М.Б, Ж.Б нараас 162000372298 тоот зээлийн гэрээний дагуу 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацааны хүү11.930.386 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч ............ банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ........... банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 205.836 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

                  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч БЗ ХХК, М.Б, Ж.Б нараас 162000372298 тоот зээлийн гэрээнийдагуу 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацааны хүү 11.930.386 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч ........ банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ................ банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 205.836 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                                          ДАРГАЛАГЧ,

                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ГЭРЭЛТУЯА