Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 578

 

186/2019/0202/Э

 

 

 

 

2019           6             11                                             2019/ДШМ/578

 

П.Г- холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Батбямба,

хохирогч Д.Хишигжаргал, Ж.Батчимэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулж,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Г- ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1711006380137 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э овгийн П-ийн Г, ................ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:............/;

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар 2 жилийн хугацаатай хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

П.Г-  нь 2017 оны 9 дүгээр сарын 2-ны орой Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 48 дугаар гудамжны 4082-Б тоотоос Ж.Батчимэгийн эзэмшлийн “Самсунг ЖИ-7” загварын гар утас, Д.Хишигжаргалын эзэмшлийн “Эл Жи О-4” загварын болон “Эл Жи Х230” загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, иргэн Х.Тилеубердийн итгэмжлэн хариуцуулсан Ш.Энхбатын “Сиеменс” загварын гар утсыг завшиж, бусдад нийт 765,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч П.Г- ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Г- ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар П.Г- оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногийн хорих ялаар сольж нийтдээ 30 хоногийн хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Г- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар П.Г- оногдуулсан 6 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Г- ийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 30 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч П.Г- өөс 420,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Батчимэгт, 320,000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Хишигжаргалд, 25,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Энхбатад тус тус олгохоор, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол П.Г- урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.Г-  давж заалдах гомдолдоо: “...Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, нийгэмд учрах хор уршгийг гүнээ ухамсарлаж байна. Би эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр хүүхдээ хараад гэртээ ажилгүй байдаг. Миний хувьд хулгай хийж амар аргаар мөнгө олж амьдрах гэсэн бодол санаа огт байхгүй. Би барилга дээр шавар, замаскны ажил хийдэг. Увс аймгийн Зүүнхангай суманд дүү дээр минь мал байдаг, би төлбөрөө бүрэн төлөх чадвартай. Бодит хохирлоо бүрэн барагдуулахаа илэрхийлж байна. Миний бие хийсэн үйлдэлдээ гэмшиж, үнэнч шударга амьдрахаа амлаж байна. Намайг нийгмээс тусгаарлахгүй хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

 

Хохирогч Д.Хишигжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирол төлбөр аваагүй. ...” гэв.

 

Хохирогч Ж.Батчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” гэв.

 

Прокуорор Ц.Батбямба тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...П.Г-  нь 2017 оны 9 дүгээр сарын 2-ны орой Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 48 дугаар гудамжны 4082-Б тоотоос Ж.Батчимэгийн эзэмшлийн “Самсунг ЖИ-7” загварын гар утас, Д.Хишигжаргалын эзэмшлийн “Эл Жи О-4” загварын болон “Эл Жи Х230” загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдсон. Энэ гэмт хэргийг үйлдэх үед хохирогч Ш.Энхбатын “Сиеменс” загварын гар утсыг итгэмжлэн хариуцаж авч, түүнийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Гэвч анхан шатны шүүх шүүгдэгч П.Г- ял шийтгэл оногдуулахдаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн буюу зүйлчлэл өөрчилж байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл болгож, зүйлчлэл өөрчилж шийдвэрлэсэн нь дээрх хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна” гэж заасан байтал өөрийн итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгийг залилж авсан гэж шүүх дүгнэж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож, өөрчлөлгүйгээр тогтоох хэсэгт дурдсан. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэж заасан. Гэтэл Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт эзэмшигч гэж хэн, өмчлөгч гэж хэн гэдгийг заасан. Тийм учраас хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь үндэслэлгүй, яаж өөрчилсөн үндэслэлээ тогтоох хэсэгт заагаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч П.Г-  нь 2017 оны 9 дүгээр сарын 2-ны орой Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 48 дугаар гудамжны 4082-Б тоотод айлын хуриманд очсон байхдаа хамт ажилладаг Ж.Батчимэгийн эзэмшлийн “Самсунг ЖИ-7” загварын гар утас, Д.Хишигжаргалын эзэмшлийн “Эл Жи О-4” загварын болон “Эл Жи Х230” загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 740,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Д.Хишигжаргалын “...Бид нар наргиж цэнгээд зарим хүмүүс согтоод байж байтал хурим дээр бид нарын араас Г-   ирсэн. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа би Мөнх-Эрдэний гэрийн тотгоны гадаа буюу хаалганы гадаа сууж байтал гэр дотор Г-   миний утсыг оролдоод сууж байсан. Тэгээд би утсаар тоглож байна гэж ойлгоод хүн тосох гээд төв зам руу явсан. Эргээд иртэл манай хамт олны тал нь тараад явчихсан байсан ба Батчимэг “миний гар утас алга болчихлоо” гэж уйлаад сууж байсан. Тэгээд би Батчимэгийг тайвшруулаад найз бүсгүйчүүдтэйгээ Мөнх-Эрдэнийн гэрээс явсан. Явахдаа би Г-  өөс утсаа авахаа мартаад явсан байсан. Тэгээд маргааш нь буюу 9 дүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд Г-   ажилдаа ирээгүй. Тэгээд 6-ны өдөр Г-  өөс “эгчийнхээ утсыг яасан бэ, эгчийнхээ утсыг өгчих” гэтэл “би таны утсыг хараагүй, аваагүй” гэсэн. ...” /хх 31-32/,

хохирогч Ж.Батчимэгийн “...Мөнх-Эрдэнийн гэр рүү орж өөрийн утсаа цүнхнээсээ авч, нөхөр Батбаяртай ярих гэсэн боловч миний цүнхэнд байсан гар утас байхгүй байсан. “Самсунг Жи-7” маркийн шаргал өнгийн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, хэвийн ажиллагаатай, шилэн наалтан дээр бага зэрэг цуурсан утас байсан. Намайг тухайн үед Мөнх-Эрдэнийн гэрээс гар утсаа авахаар ороход Мөнх-Эрдэнийн гэрт ямар нэгэн хүн байгаагүй. Харин Мөнх-Эрдэнийн гэрээс Г-   гэх залуу сэжиг бүхий байдалтай гарч байсан. Тэгээд би Г-  ийг “миний утсыг авчихлаа” гэж шөнөжингөө хайгаад олоогүй. Г-   нь хоёр хоног гэртээ болон ажилдаа ирээгүй. ...” /хх 36-37/,

шүүгдэгч П.Г- ийн “...Хурим болсон гэрийн зүүн талын орон дээр байсан “Самсунг Жи-7” маркийн гар утас байхаар нь түүнийг аваад халаасандаа хийсэн, хуримын үйл ажиллагаанд оролцсон хүмүүс гэр рүү буцаад ороод ирсэн. Дахин дуулж, хуурдаж байгаад гэрээс гарахад гэрийн хаалганы гадна “Эл Жи” загварын гар утас унасан байхаар нь түүнийг мөн адил аваад халаасандаа хийсэн. Хэсэг хүмүүс үлдсэн, энэ үед Ш.Энхбат гэх залуу надад “Сиеминс” загварын гар утас үлдээсэн. Харин Хишигжаргал, Батчимэг нар гар утсаа алдчихлаа гээд тэр орчимд хайгаад, хүмүүсийг нэгжээд байхаар нь би гэрээс гарч яваад, тэдгээр хүмүүсийг явсны дараа буцаад хурим хийсэн айлд ирэхэд манай ажлын газрынхан явчихсан байсан. ...” /хх 69-70/ гэсэн мэдүүлгүүд,

Дамно ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн ЧД2-19-083 дугаартай “...Самсунг маркийн гар утас 1 ширхэг 420,000 төгрөг, ЛЖИ К-4 маркийн гар утас 1 ширхэг 320,000 төгрөг. ...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 104-105/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч П.Г- ийн айлын хуриманд очсон байхдаа хамт ажилладаг Ж.Батчимэгийн эзэмшлийн “Самсунг ЖИ-7” загварын гар утас, Д.Хишигжаргалын эзэмшлийн “Эл Жи О-4” загварын болон “Эл Жи Х230” загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 740,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэмт хэргээр зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Мөн шүүгдэгч П.Г-  нь 2017 оны 9 дүгээр сарын 2-ны орой Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 48 дугаар гудамжны 4082-Б тоотод оршин хашаанд  иргэн Х.Тилеубердийн “...Ш.Энхбатад өгчихөөрэй...” гэж итгэмжлэн хариуцуулсан Ш.Энхбатын “Сиеменс” загварын гар утсыг завшиж, 25,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Ш.Энхбатын “...Би болон манай хамт ажилладаг хүмүүс найран дээр нэлээн ууж идээд байж байтал гаднаас Г-   ирсэн. ...Найр тараад би Сэр-Одын машинд унтаж байхад, Х.Тилеуберди миний утсыг надад өгөх гэхэд би унтаж байсан тул Х.Тилеуберди намайг сэрээхгүй гэж миний халаасанд миний гар утсыг хийх гэтэл Г-   “би өглөө Энхбатыг сэрэхээр өгнө” гэж миний гар утсыг авсан гэсэн. Тэгээд өглөө би сэрээд Г-  өөс “чи авсан шүү дээ, миний утсыг өгчих” гэтэл Г-   “надад байхгүй, би аваагүй” гээд өгөөгүй. ...” /хх 26-27/,

гэрч Х.Тилеубердийн “...Энхбат ахын гар утсыг би Г-  т үлдээгээд явсан. Би гэр рүүгээ явах гэж байтал Энхбат ахын гар утас цэнэг, нэгжтэй байсан тул ярих шаардлагатай хүмүүс рүү ярьж байгаад Энхбат ахад өгөх болтол Энхбат ах машин дотор согтуу унтаж байсан. Тэгэхээр нь би Мөнх-Эрдэнэ ахад хандан “та энэ утсыг авчих уу” гэж үлдээх гэтэл хажууд зогсож байсан Г-   “надаа үлдээчих, би өгчихье” гэхээр нь өгчхөөд гэр рүүгээ явсан. ...” /хх 47-18/, шүүгдэгч П.Г- ийн “...Ш.Энхбат гэх залуу надад “Сиеминс” загварын гар утас үлдээсэн. ...” /хх 69-70/ гэсэн мэдүүлгүүд,

Дамно ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн ЧД2-19-083 дугаартай “...Сиеменс маркийн гар утас 1 ширхэг 25,000 төгрөг, нийт 765,000 төгрөг. ...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 104-105/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Прокуоророос шүүхэд шилжүүлсэн шүүгдэгч П.Г- ийн иргэн Х.Тилеубердийн “...Ш.Энхбатад өгчихөөрэй...” гэж итгэмжлэн хариуцуулсан Ш.Энхбатын “Сиеменс” загварын гар утсыг завшиж, 25,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг анхан шатны шүүх бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

 

Учир нь,  Х.Тилеуберд нь тус Ш.Энхбатын гар утсыг тухайн цаг хугацаанд эзэмшиж, өмчилж байгаагүй, харин уг гар утсыг зориулалтын дагуу нь ашиглаж байсан этгээд учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлд заасан Ш.Энхбатын өмч болох гар утасны өмчлөх эрхийг бусдад шилжүүлэн өгөх эрх бүхий этгээд биш байжээ.

 

Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн тайлбарт “Энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт үйлдсэн тооцохгүй.” гэж заасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн ирүүлсэн П.Г- ийг 25,000 төгрөгийн үнэ бүхий “Сиеменс” загварын гар утсыг завшсан П.Г- ийн үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолын  П.Г- ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, тус зүйл хэсгээр ял оногдуулсан заалтуудыг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч П.Г- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...нийтэд тустай ажил хийлгэх, хорих...” төрлийн ялаас хорих ялыг сонгож, “...зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэснээс 6 сарын хугацаагаар буюу доод хугацаагаар оногдуулсан нь П.Г- ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээнд нийцжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн тул шүүгдэгч П.Г- ийн “...хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч П.Г- ийн төлөөгүй хохирлыг эд зүйлийн үнэлгээний дагуу түүнээс гаргуулан хохирогч нарт тус тус олгохоор заасан нь зөв байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч П.Г- ийн “...Х.Тилеубердийн итгэмжлэн хариуцуулсан Ш.Энхбатын “Сиеменс” загварын гар утсыг завшсан...” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай...” гэсэн нэмэлт заалт оруулж,

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч П.Г- ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг хүчингүй болгож, “...Шүүгдэгч П.Г- ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай...” гэснийг “...Шүүгдэгч П.Г- ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж өөрчилж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд устай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй...” гэснийг хүчингүй болгож, “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж өөрчилж,

 

тогтоох хэсгийн 4, 5 дахь заалтуудыг бүхэлд нь хүчингүй болгож,

 

тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар П.Г- оногдуулсан 6 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар П.Г- оногдуулсан 6 сар /зургаан сар/-ын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Г- ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ