Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2024/0030

 

 

 

 

                                                                                        

 

 

 

 

 

Ч.О-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А-

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/368 дугаар захирамжийн Ц.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 778 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А-, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б-, Ц.Д- нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2023/0452/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/368 дугаар захирамжийн Ц.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 778 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.О-гээс гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/368 дугаар захирамжийн Ц.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

            3.1. “Шүүхийн шийдвэрийн үндэслэл нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газар тус тусдаа байршилд хоорондоо давхцахгүй, өөр өөр нэгж талбарын дугаартай тул хариуцагчийг Газрын тухай хуульд заасныг зөрчсөн гэх үндэслэлгүй гэжээ. Мөн үндэслэх хэсгийн 17 дугаарт: өөрөөр хэлбэл кадастрын зураглал ба Газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлнэ” ... кадастрын зургийг буруу хийсэн гэх асуудал нь Дүүргийн Засаг дарга биш дүүргийн газрын алба бөгөөд кадастрын зургийг буруу хийсэн нь Засаг даргын захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, нөлөө талаар нэхэмжлэгч тухайн асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй тул шүүхээс дүгнэлт хийх боломжгүй” хэмээн дүгнэж шийдвэрээ гаргажээ.

            3.2. Гэтэл энэхүү дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино” гэж заасныг ноцтой зөрчжээ.

            Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-т “нэхэмжлэгч Ч.О- 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их аманд зуслангийн зориулалтаар, харин гуравдагч этгээд Ц.О- нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Шар хоолойд” газар тус тус газар эзэмших хүсэлт гаргасан, гэрч газар зохион байгуулагч Б.О-ын “Ч.О-гийн амьдарч байгаа газарт очиж үзэн олголт хийх ажиллагаа явуулсан” гэх тайлбар хэрэгт авагдсан мөн газар зүйн хувьд Их ам, шар хоолой гэх газрууд нь хоорондоо 13 км-ийн зайтай газрууд байгаа тухай шүүх хуралдааны үед дурдагдсан зэргээс анх хүссэн газрын байршилд газар олгох Засаг даргын захирамж гарсан ч гэсэн засаг даргын захирамжийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэх ажиллагаа хуулийн хүрээнд явагдаагүй болохыг шүүх дүгнэж мэдсэн байна.

            3.3. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасныг зөрчиж анх хүссэнээс өөр газар бүртгэлжүүлж энэхүү маргаан дэгдэх асуудал үүсгэснийг шүүх анзаарсан ч нэхэмжлэгч энэ талаар маргаагүй гэдэг агуулгаар хуулийн 25.1-ийг зөрчиж шийдвэрлэсэн.

            3.4. Үүгээрээ шүүх нотлох зарчим буюу диспозитив зарчмыг зөрчиж улмаар бодит нөхцөл байдалд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй гэх хийсвэр бодит нөхцөл байдалд тохирохгүй дүгнэлт хийжээ.

Учир нь нэхэмжлэгчийн зүгээс тухайн амьдарч буй хашаандаа бусад хуулийн этгээдээр тодорхой үнээр мөнгө төлж хашаа бариулж, гэр барих мод тарих байдлаар амьдарсаар байтал эрх нь зөрчигдөөгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

            Иймээс шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан буюу нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагч байх этгээд биш гэдгийг мэдсээр атал энэ тухай хуульд заасан ажиллагааг гүйцэтгэлгүй шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй болсон тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0778 дугаар шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж Ч.О-гийн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/368 дугаар захирамжийн Ц.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна

3. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

3.1. Анх нэхэмжлэгч Ч.О-гээс Баянзүрх дүүргийн өмч харилцаа газрын албанд хандаж, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Их аманд 2014 оноос ахуйн хэрэгцээнд зориулж зуслангийн зориулалтаар 700 м.кв газар эзэмшиж байгаа тул эзэмших гэрчилгээ зөвшөөрөл олгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан,  дүүргийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/102 дугаар захирамжийн хавсралтаар мөн дүүргийн 20 дугаар хороо, “Гачуурт Их ам” гэх байршилд 700 м.кв газрыг түүнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Харин Ц.О-ээс “... Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шар хоолойд байрлах 700 м.кв хашааны газрыг баталгаажуулж, гэрчилгээ олгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн маргаан бүхий А/368 дугаар захирамжийн хавсралтаар мөн дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн ам гэсэн байршилд нэгж талбарын 13******* дугаар бүхий 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.

3.2. Нэхэмжлэгчээс энэхүү “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/368 дугаар захирамжийн Ц.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... өөрийн эзэмшлийн газартаа евро хийцийн 120 м бетон хашаа, гэр байшин барьж 112 ширхэг мод тарьсан, ... миний эзэмшлийн газартай давхцуулан газар олгосон, ... газар эзэмшүүлэхдээ хээрийн судалгаа хийгээгүй, ... Шар хоолой гэх газарт хүсэлт гаргасан байтал Их аманд газар олгосон” гэж тайлбарлан маргасныг анхан шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн нь буруу биш байна.

3.3. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасан.

3.4. Хэрэгт Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “... 1332*****, 13******* дугаартай газруудын эзэмшигчийн мэдээлэл болон талбайн хэмжээнд өөрчлөлт ороогүй” гэх 1/1696 дугаар албан бичиг, мөн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Баянзүрх дүүргийн 33 дугаар /хуучнаар 20 дугаар хороо/ хорооны Их аманд иргэн Ч.О- хүсэлт гаргаж кадастрын зураг хийлгэсэн байршилд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/102 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон бөгөөд тус иргэн нь өөрийн эзэмшлийн газрын эргэлтийн цэгээс өөр газар хашаа барьсан байсан. Иргэн Ч.О- нь “2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эзэмшсэн газарт зөвшөөрөлгүй хашаа барьсан байна гэх гомдлыг гаргаж, ... 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зөвшөөрөлгүй хашааг буулган газар чөлөөлсөн. Тухайн 2 иргэний хүсэлт өгсөн байршлын кадастрын зургууд хоорондоо давхцаагүй хүсэлт гаргасан кадастрын зургийн эргэлтийн цэгийн дагуу газар эзэмших эрх олгосон” гэх гуравдагч этгээд Ц.О-т хүргүүлсэн 16/507 дугаар албан бичиг авагдсан байна.

3.5. Мөн нэхэмжлэгчээс анх газар эзэмших хүсэлт гаргахдаа нэгж талбарын 1332***** дугаар бүхий кадастрын зураг, гуравдагчаас нэгж талбарын 13******* дугаар бүхий кадастрын зураг тус тус гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газар эзэмших хүсэлт гаргах үед тодорхойлсноор газар хариуцагчаас газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн, тэдгээрийн эзэмшлийн газрууд хоорондоо давхцалгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1/1696 дугаар, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 16/507 дугаар албан бичгүүдээр тогтоогдсон байх тул анхан шатны шүүх “... Газрын тухай хуульд зааснаар иргэний газар эзэмших эрх нь тухайн газрыг бодитоор ашигласнаар биш харин уг хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан баримт бичгийг бүрдүүлж хүсэлтээ гаргасан байхыг, тухайн хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмших ашиглах эрх бүхий газартай давхцаагүй байх талаарх хуулийн 31.3-д заасан шаардлагыг хангасан нөхцөлд хангагдах учиртай, эдгээр газрууд нь байршлын хувьд давхцаагүй байхад “... миний хүсэлт болгосон газар энэ мөн, кадастрын компани буруу зураг хийсэн байна” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй ... нэхэмжлэгч Ч.О- болон гуравдагч этгээд Ц.О- нарын эзэмших эрх бүхий газар нь 2 өөр нэгж талбарын дугаар бүхий хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй байх ба байршлын хувьд давхцаагүй болох нь тогтоогдсон, ... гуравдагч этгээд Ц.О-т газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/368 дугаар захирамжийн холбогдох хэсэг Газрын тухай хуулийн дээрх заалтуудад нийцсэн, уг захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь зөв байна.

3.7. Түүнчлэн Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэнэ”, 10.2-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 10.2.1-т “газрын кадастрыг удирдах, зохион байгуулах” гэж зааснаас үзвэл дүүргийн газрын кадастрыг газрын алба эрхлэн хэрэгжүүлэхээр байх бөгөөд нэхэмжлэгчээс кадастрын зураглалтай холбогдуулан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргаж маргаагүй байх тул газрын кадастрыг буруу хийсэн гэх асуудал нь дүүргийн Засаг даргын чиг үүрэгт хамаарах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн “... газрын кадастрыг эрхлэн хэрэгжүүлэгч байгууллага нь дүүргийн Засаг дарга биш дүүргийн газрын алба бөгөөд “кадастрын зургийг буруу хийсэн” гэх асуудал нь хариуцагч дүүргийн Засаг даргаас Ц.О-т газар эзэмших эрх олгосон захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй ...” гэж дүгнэснийг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 778 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                       Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ