Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 370

 

             Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: банкны нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Л.Б,

         Хариуцагч: Ж.Э нарт холбогдох,

          Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу 1660003703 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 19.594.272,84 төгрөг, зээлийн хүү 4.497.556,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32.332,39 төгрөг, нийт 24.124.161,87 төгрөг, 1660008214 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 1.654.590 төгрөг, зээлийн хүү 485.255,54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21.543,67 төгрөг, нийт 2.161.359,21 төгрөг, нотариатын зардал 21.500 төгрөг, нийт 26.307.021,08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, мөн өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, Б.О, хариуцагч Л.Б, Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч ....... банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын захирал Ю.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Л.Б, Ж.Э нар 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хас банктай 1660003703 дугаартай барьцаат зээлийн гэрээнд заасан хөрөнгүүдийг барьцаалан 22.000.000 төгрөгийн зээлийг 120 сарын хугацаатай, 365 хоногт 20,5 хувийн хүүтэй, хашаа байшин барих зориулалтаар, мөн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хас банктай 1660008214 дугаартай барьцаат зээлийн гэрээнд заасан хөрөнгүүдийг барьцаалан 2.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 27 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээ-ний зориулалтаар тус тус авсан. Зээлийн барьцаанд дараах хөрөнгийг барьцаалсан байна. Үүнд: 1. Маzda Bongo маркийн 1990 онд үйлдвэрлэгдсэн, 48-57 УВА улсын дугаартай, гэрчилгээний 00186908, аралын SЕ28М302353 дугаартай ачааны автомашин, 2. Увс аймаг, Улаангом сум, 7 дугаар баг, 3-9 тоотод байрлах, 63 м.кв талбайтай, гэрчилгээний000061121, улсын бүртгэлийн Ү-1520001779 дугаартай хувийн орон сууц, мөн хаягт байрлах 579,9 м.кв талбайтай, гэрчилгээний 000154880, улсын бүртгэлийн Г-1520002494 дугаартай өмчлөх эрхтэй газар зэргийг барьцаалсан байна. Зээлдэгч Л.Б, Ж.Э нар 1660003703, 1660008214 тоот зээлийн гэрээний 1 дүгээр хавсралтад тус тус заасан хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн төлбөр төлөх үүрэгтэй боловч 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төлөлт нь доголдож, хугацаа хэтрүүлж эхэлсэн. 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар1660003703 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 19.594.272,84 төгрөг, зээлийн хүү 4.497.556,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32.332,39 төгрөг, нийт 24.124.161,87 төгрөг, 1660008214 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 1.654.590 төгрөг, зээлийн хүү 485.255,54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21.543,67 төгрөг, нийт 2.161.359,21 төгрөг, нотариатын зардал 21.500 төгрөг, нийт 26.307.021,08 төгрөг байна. Иймд 1660003703, 1660008214 тоот гэрээний үүргийг тус тус Л.Б, Ж.Э нараас гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч Л.Б, Ж.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид 2014 оны 6 дугаар сард .......... банктай гэрээ хийн 22.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Гэрээний дагуу сар тутам 450.000-аас 500.000 төгрөгийн зээлийн төлөлт хийж байсан. Нийт 20.400.000 гаруй төгрөг төлсөн. 2014 оны 12 дугаар сард эхнэр Ж.Э гутал оёж байгаад нүдээ шөвгөөр хатган хараагүй болж группт орсон. 2017 оноос өөрийн бие хүндээр өвдөж элэгний хатууралтай /хавдар/ гэсэн оноштой 3 сар тутам Улаанбаатар хотод өндөр өртөг бүхий оношилгоо, эмчилгээ хийлгэдэг. Цаашид элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон тул банкинд мөнгөө төлж чадахгүй байдалд ороод байгаа билээ. Иймд би ............ банкинд хүсэлт гарган сард төлж чадах мөнгө 200.000-аас 250.000 төгрөг энэ мөнгөнд тааруулж зээлийн хүүг бууруулж хугацааг нь сунгаж өгөх хүсэлт гаргасан боловч зөвшилцөлд хүрээгүй. Банк нэхэмжилж байгаа нийт мөнгө 26.000.000 төгрөг 2017 оны 3 дугаар сард эдийн засагч нь 19.500.000 төгрөг төлөөд танай зээл бүрмөсөн хаагдана гэсэн. Одоо нэхэмжлэлдээ 26.307.021 төгрөг гэж байна. Энэ мөнгийг ямар нэгэн байдлаар төлөөд явна гэжээ.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч ......... банк нь хариуцагч Л.Б, Ж.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу 1660003703 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 19.594.272,84 төгрөг, зээлийн хүү 4.497.556,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32.332,39 төгрөг, нийт 24.124.161,87 төгрөг, 1660008214 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 1.654.590 төгрөг, зээлийн хүү 485.255,54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21.543,67төгрөг, нийт 2.161.359,21 төгрөг, нотариатын зардал 21.500 төгрөг, нийт 26.307.021,08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Зээлдэгч буюу хариуцагч Л.Б, Ж.Э нар ........... банктай 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 1660003703 дугаартай зээлийн гэрээ байгуулан, 22.000.000 төгрөгийн зээлийг 120 сарын хугацаатай, 365 хоногт 20,5 хувийн хүүтэй, хашаа байшин барих зориулалтаар, мөн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 1660008214 дугаартай Зээлийн гэрээ байгуулан, 2.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 27 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар тус тус авсан.

           Зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 3-9 тоотод байрлах, 106 м.кв талбай бүхий, 3 өрөө амины орон сууц, гаражийн хамт /улсын бүртгэлийн Ү-1520001779 дугаартай/, мөн хаягт байрлах, 579,9 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар /гэрчилгээний 000154880, улсын бүртгэлийн Г-1520002494 дугаартай/, 48-57 УВА улсын дугаартай, Мазда Вонго маркийн, 1990 онд үйлдвэрлэгдсэн, аралын SE28M302353 дугаартай суудлын автомашин, 56-24 УВХ улсын дугаартай, Honda CR-V маркийн, аралынRD11099437, гэрчилгээний 01051208 дугаартай суудлын автомашин зэргийг тус тус барьцаалжээ.

          Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2019 оны 8 дугаар сарын 05, 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр тус тус дуусах боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга зэргээр нотлогдож байх тул ... банк гэрээг цуцалж, хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн гэрээг цуцалснаас учирсан хохирол тус тус нэхэмжлэх эрхтэй байна.

          Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 26.307.021,08 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгааг дурдах нь зүйтэй.

         Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Л.Б, Ж.Э нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу 1660003703 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 19.594.272,84 төгрөг, зээлийн хүү 4.497.556,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32.332,39 төгрөг, 1660008214 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 1.654.590 төгрөг, зээлийн хүү 485.255,54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21.543,67 төгрөг, нотариатын зардал 21.500 төгрөг, нийт 26.307.021,08 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .......... банкинд олгож шийдвэрлэлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хас банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289.485 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б, Ж.Э нараас 289.485 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Л.Б, Ж.Э нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу 1660003703 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 19.594.272,84 төгрөг, зээлийн хүү 4.497.556,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32.332,39 төгрөг, 1660008214 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 1.654.590 төгрөг, зээлийн хүү 485.255,54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21.543,67 төгрөг, нотариатын зардал 21.500 төгрөг, нийт 26.307.021,08 /хорин зургаан сая гурван зуун долоон мянга хорин нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ................. банкинд олгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ................. банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289.485 /хоёр зуун наян есөн мянга дөрвөн зуун наян тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б, Ж.Э нараас 289.485 /хоёр зуун наян есөн мянга дөрвөн зуун наян тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                              ДАРГАЛАГЧ,

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА