Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2018/00775

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2018/00775

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Г-д холбогдох

2.300.000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч 155/2018/00475/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Н.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагч Х.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Д нь иргэн Х.Гг Жи таймд оруулж өгье мөнгө их олдог юм гэхээр нь 2017 оны 1 сарын 16-ны өдөр Т сум дахь Төрийн банкнаас малчны зээл авч 2017 оны 01 сарын 18-ны өдөр Х.Ггийн мөнгө шилжүүл гэсэн 0000000000 дугаартай дансанд 2.300.000 төгрөгийг шилжүүлж өгсөн юм. Х.Ггаас лавлахад намайг Жи таймд оруулсан гээд байсан. Сүүлд нь нэрээ шүүлгэхэд миний нэр байхгүй байсан. Тэгэхээр нь Х.Ггаас асуухад таны мөнгөөр өөр хүн оруулчихсан гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан юм. Цагдаа болохоор Х.Гг авсан мөнгийг нь буцааж өг гэж хэлсэн. Одоо мөнгө өгөхгүй нэг жил гаруй болж байгаа тул танай шүүхэд хандаж байна. Иймд Х.Ггаас 2.300.000 төгрөгийг надад гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Г болоод түүний аав ээж нь намайг Жи таймд ор гэж ятгасны үндсэн дээр 2017 оны 01 сарын 18-ны өдөр банкнаас зээл авч Х.Ггийн хийгээрэй гэсэн дансанд 2.300.000 төгрөгөө шилжүүлсэн. Ингээд хавар болж манайх Т сумаас Хатгал руу очиж хаваржиж зусдаг учир энэ сүлжээний талаар мэддэг хүнээр нь өөрийнхөө нэрийг шүүлгэж үзэхэд таны нэр энэ сүлжээнд байхгүй байна гэсэн. Ийм учраас намайг хууран мэхэлж залилсан байна гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Х.Г надад хэлж ойлгуулахдаа Жи таймд та дээгүүр толгойд явж байгаа гэж хэлсэн болохоос биш таны оронд өөр хүн оруулаад бүртгүүлчихсэн гэж надад хэлээгүй. Би Х.Ггийн явуул гэсэн данс руу банкнаас хүүтэй мөнгө зээлж авч хийсэн болохоор Х.Ггаас 2.300.000 төгрөгийг гаргуулж авмаар байна гэв.  

Хариуцагч Х.Г шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2017 оны 10 дугаар сарын эхээр Жи таймд Б овогтой Нр ахлуулсан багт 230.000 төгрөгөөр элсэн орсон. Үүний дараа Н ахлуулсан багт VIP-ээр 2.300.000 төгрөгөөр гурван баг болж элсэн орсны нэг нь иргэн Н.Д байсан. Тухайн үед оройн 23 цагийн үед ахлагч Н шивэлт хийх гэсэн юм гурван багийн нэр регистрийг хурдан явуул гэхээр нь Н.Д эгч рүү залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Мөн дүү Б руу нь залгасан ч холбогдоогүй. Иймээс Э гэдэг нэрээр шивчих гэж Нт хэлсэн. Миний бие Х.Г нь Н.Дгээс гар дээр бэлэн мөнгө аваагүй, мөн өөрийн дансыг өгч хийлгээгүй нь үнэн болно. Тиймээс миний бие Нт зуулчилж өгсөн болохоос Н.Дгээс гар дээр болон банкаар мөнгө аваагүй нь үнэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Х.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх 2017 оны 11 сард манай найз охин санал болгосных нь дагуу Жи тайм сүлжээнд элсэн орж байсан. Ингээд элссэнийхээ дараа нөхрөө, Н.Д эгчийг гээд бид гурав гурван баг болгож элссэн. Энэ сүлжээнд би ч өөрөө ороод хохирчихсон, өргөдөл номоо өгөөд явж байгаа. Одоогоор энэ хохирлын асуудал шийдвэрлэгдээгүй байгаа юм. Манай аав, ээж энэ хүнийг Жи таймд элс гэж хэлж ярьж ятгаагүй, өөрөө орно гээд л орсон.  Мөн Н.Дгийн шилжүүлсэн мөнгийг би өөрийн дансаар, өөртөө авч ашиглаагүй, Н гэдэг хүний данс руу орсон учраас тэр хүн хариуцах байх. Тухайн үед нэр регистрийн дугаараар элсэх шаардлагатай байсан ба Н.Дгийн утас нь холбогдохгүй, регистрийн дугаарыг нь мэдэхгүй учир Энэбиш гэдэг нэртэй манай дүүгийн нэрээр нээж элсүүлсэн. Би ч өөрөө ялгаагүй мөнгө өгөөд хохирчихоод байгаа учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв. 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч Х.Ггаас 2.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ “Жи тайм сүлжээний бизнест элсэхээр 2017 оны 01 сарын 18-ны өдөр Х.Ггийн өгсөн данс руу 2.300.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа энэ сүлжээний бизнесийн талаар сайн мэдэх хүнээр өөрийнхөө нэрийг шүүлгэж үзэхэд таны нэр байхгүй байна гэсэн. Ийм учраас Х.Г нь намайг хууран мэхэлж залилсан тул хохирлыг барагдуулж өгнө үү гэж, хариуцагч хариу тайлбараа үндэслэхдээ “...Энэ мөнгийг би өөрийн гараар болоод дансаар хүлээж аваагүй. Н гэдэг хүний явуулсан данс руу л өөрөө шилжүүлсэн. Түүнээс биш надаар дамжаад ч юм уу би өөртөө авч ашиглаагүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Н.Д нь сүлжээний бизнес эрхэлдэг “Жи тайм” гэх гадаадын компанид элсэн орохоор 2.300.000 төгрөгийг ХААН банкны 0000000000 дугаарын данс эзэмшдэг Эрхий мэргэн овогт Гантөмөрийн Арсайгийн данс руу шилжүүлсэн болох нь ХААН банкны 2018 оны 04 сарын 18-ны өдрийн 5890/303 дугаартай лавлагаа, Н.Бын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

Иймд хариуцагч Х.Г нь нэхэмжлэгчийн дээрх 2.300.000 төгрөгийг хүлээн авч, өөртөө авч ашигласан гэх үйл баримт хавтаст хэрэгт цугларсан болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу талуудын эрх тэгш мэтгэлцэх зарчмын үндсэн дээр мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно.” гэж заасны дагуу дээрхи мөнгийг бодитойгоор шилжүүлж өгсөн гэж нэхэмжлэгч хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа бол нэхэмжлэгч дээрхи мөнгийг шилжүүлсэн гэдэг үндэслэлээ өөрөө эхлээд нотлох үүрэгтэй бөгөөд, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;”, 38 дугаар зүйлийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь  өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөнгийг хариуцагчид бодитойгоор шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 51.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч Х.Ггаас 2.300.000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Н.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 51.750 /тавин нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.БЯМБАСҮРЭН