Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2018/00911

 

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2018/00911

Хөвсгөл аймаг

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох

“Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 155/2017/00547/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Р.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Л.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1994 оноос 2002 оныг хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн Монгол улсын Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “төр өмчийн бүх төрөл, хэлбэр чөлөөтэй хөгжих нөхцлийг бүрдүүлж, тэдгээрийн халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасны дагуу 1996 оноос эхлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль батлагдаж хүчин төгөлдөр мөрдөгдөж, Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, энэхүү хуулийн хүрээнд улсын өмчлөлд байсан бүх өмч төрийн өмчид бүртгэгдэн, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Төрийн нийтийн зориулалттай өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг Улсын Их Хурал хэрэгжүүлэх ба үүнтэй холбогдон үүсэх харилцаанд энэ хууль үйлчлэхгүй” гэж заасны дагуу тухайн үеийн нийтийн өмч бүгд төрийн өмчид бүртгэлтэй болж, Монгол улсын Их Хурлаас захиран зарцуулах эрхтэй байсан. Хуулийн тогтоосон өмчлөгчийн эрх хэмжээгээ хэрэгжүүлж УИХ-аас “Аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай” 1999 оны 29 дүгээр тогтоол гарч, Т сумын уурын зуухны барилга, тоног төхөөрөмж, үндсэн хөрөнгийг  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмчлөлд шилжүүлэн шийдвэрлэсэн. Үүнээс хойш аймгийн ИТХТ-ийн 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 99 дүгээр тогтоол гарч Т сумын уурын зуухыг “Хөвсгөл дулаан” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн, үйл ажиллагааг мэргэжлийн хүрээнд нэгтгэж ажиллах шийдвэрийг өмчлөгч АИТХ гаргасан. Гэтэл Т сумын ИТХ-аас АИТХТ-ийн 2011 оны 99 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулж, АИТХ-аас өмчлөгчийн эрхээ сумын ИТХ-д шилжүүлсэн гэж үзэж Т сумын ИТХТ-ийн 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 26 дугаар тогтоол гарч, “Т” ОНӨААТҮГазрыг байгуулж дүрмийг баталсан байна. АИТХурал өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор Т ОНӨҮГ-ыг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ХХК болгон зохион байгуулалтын хэлбэрийг өөрчлөн шийдвэрлэсэн. Гэтэл Т сумын ИТХурал өөрийн өмч хөрөнгө гэж үзэж маргаж байгаа. Төрийн өмчөөс орон нутагт шилжиж ирсэн хөрөнгийн өмчлөгч нь аймгийн ИТХ уу эсвэл сумын ИТХурал уу гэсэн эргэлзээтэй байдал үүссэн ба аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Улсын Их Хурлаас шилжүүлсэн өмчлөгчийн бүрэн эрхийг сумын ИТХуралд шилжүүлээгүй байхад сумын ИТХурал дур мэдэн шийдвэр гаргаж аймгийн ИТХурлын өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа тул тухайн маргаж буй хөрөнгө буюу Т ХХК-ийн өмчлөгч нь  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мөн болохыг тогтоон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон хэлбэрийг өөрчилсөнтэй холбогдуулан маргаан гарсан ба энэ маргаан нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүх гээд 3 шатны шүүхээр явж байгаад шийдвэрлэгдсэн. Тэгэхлээр Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоолоор төрийн өмчөөс орон нутгийн өмчид дээрх маргаж буй хөрөнгө шилжиж ирсэн ба аймгийн Иргэдийн хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх, өмчлөгч нь мөн юмаа гэдгээ шүүхийн шийдвэрээр баталгаажуулах үүднээс нэхэмжлэлийг гаргасан. Мөн 1990-ээд оноос өмнө Монгол улс социалист чиг баримжаатай нийтийн өмчтэй, төрийн өмчид бүх эд хөрөнгө өмчлөгдөж явж байсан. 1997 оны төрийн өмчийн тооллогын үндсэн дээр төрөөс аймаг нийслэлд өмч хөрөнгө шилжүүлэх 1999 оны Улсын Их Хурлын тогтоол гарсан. Энэ тогтоолын дагуу  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ард иргэдээ төлөөлөн өмчлөгч байна гэх хуулийн дагуу Хөвсгөл аймагт шилжиж ирсэн хөрөнгийн өмчлөгчөөр өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Төрийн нэгдсэн өмчлөлд байх хугацаанд  Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харъяанд сумдын уурын зуухнууд байсан юм билээ. Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн газар дээр харъяалагдаж байсан уурын зуухнуудыг 1994 оны аймгийн Засаг даргын захирамжаар сумдын Засаг даргын Тамгын газарт эзэмших эрхийг нь шилжүүлээд, хувьчлах тохиолдолд өмчлөгчтэй зөвшилцсөний дараа уг асуудлыг шийдвэрлэж байна гэх заалттайгаар тухайн сумын Засаг даргын Тамгын газарт харъяалуулан эзэмших эрхийг шилжүүлсэн шийдвэртэй явж байгаад Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоолоор сумын Засаг даргын Тамгын газрын  эзэмшлийн хөрөнгийн дүн дотор уурын зуухны тоног төхөөрөмж гэсэн жагсаалтаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өмчлөл нь шилжиж ирсэн юм билээ гэв.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сард баталсан тогтоолоор өмчлөлийн эрхээ хэрэгжүүлж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд аж ахуйн нэгжийг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлаар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраа хязгаарлагдмал хариуцлагатай компани болгосон. Хязгаарлагдмал хариуцлагатай компани болгосонтой холбогдуулаад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамрах асуудлыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нь хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль бус байна гэх асуудлаар Захиргааны хэргийн шүүхийн 3 шатны шүүхэд хандаж, энэ 3 шатны шүүхээр шийдвэрлэхдээ Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн энэхүү тогтоол нь хуулийн хүчинтэй юм. Улсын Их Хурлаас шилжүүлж өгсөн эрхийнхээ дагуу өөрийн өмчөө тухайн орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь мэднэ гэх хуулийн заалтаа мөрдсөн байна гэх агуулгатай 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа өмчлөлийн эрхийн асуудал хаана байх ёстой юм бэ гэх асуудлаар эцэслэн шийдвэрлүүлэхээр  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Т сумын “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн  өмчлөгч нь мөн юм гэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Иймд Т сум дахь Т хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үндсэн хөрөнгийн өмчлөгч нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбаллхүндэв шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйл “Орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах” 75.2 дахь заалт “Төрийн өмчөөс хууль тогтоомжийн дагуу хуваарилж шилжүүлсэн эд хөрөнгө”, 75.3 дахь заалт “Орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн орон нутгийн өмчид ногдох ашгаар олж авсан эд хөрөнгө” гэж тус тус заажээ. Улсын Их Хурлын 1999 оны “Аймаг нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай” 29 дүгээр тогтоолын хавсралт “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчлөлд шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалт “-ын ХХ Хөвсгөл аймаг хэсгийн В.Байгууллагын эзэмшилд байгаа бусад хөрөнгө жагсаалтын 23 дугаарт Эд хөрөнгө оршин байгаа газар нь Т сум, 2 дугаар багана буюу Эд хөрөнгө нь шилжих байгууллагын нэр нь сумын Засаг даргын Тамгын газар, нийт хөрөнгийн дүн 41814.0 мянган төгрөг гэж зааснаас үзэхэд уг хөрөнгийг тус тогтоолоор Т сумын өмчлөлд шилжүүлсэн гэж үзэж байна. Түүнчлэн Т орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь дүрмийнхээ хүрээнд:

Сумын төвийн төвлөрсөн дулаан халаалтын асуудлыг шийдвэрлэх, мэргэжил арга зүйгээр хангах

Сумын барилга байгууламжийн дотор монтаж засвар үйлчилгээг хариуцах, Булаг багийн хэрэглэгчдийг цэвэр усаар хангах, бохир ус зөөвөрлөх

Сумын иргэдийн ундны цэвэр усыг тасралтгүй хангах

Булаг багийн орчны бохирдол, хог цэвэрлэгээний асуудлыг шийдвэрлэх, хогийн төв цэгийг тэмдэгжүүлсэн хэмжээнд байлгах

 Сумын төв гудамжны гэрэлтүүлгийг тогтмол ажиллагаатай байлгах

Орон нутгийн мал өвөлжилтийн бэлтгэл ажил хангахад тогтмол оролцох

Ахуй үйлчилгээний үйл ажиллагааг тогтмол явуулах зэрэг суманд зайлшгүй шаардлагатай ажил үүргийг хэрэгжүүлэн ажиллаж тайлангаа сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнаж ажилладаг байгууллага бөгөөд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 104 дүгээр тогтоол нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалт “...сум дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харъяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй...”, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалт “Хууль тогтоомжид зөвхөн сум, дүүргийн Хуралд олгосон бүрэн эрхийг аймаг нийслэлийн хурал тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр хэлэлцэн шийдвэрлэхийг хориглоно”-ыг тус тус зөрчиж батлагдсанаар Т орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хариуцан гүйцэтгэж байсан дээрх ажлууд орхигдож төрийн үйлчилгээ эзэнгүйдэж, орон нутгийн иргэдийн эрх ашигт сөргөөр нөлөөлж, хохирол учруулж буй үйлдэл мөн юм. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч болох  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн зүгээс нэхэмжлэгч талын нэхэмжлэлтэй танилцаад тус нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбарыг бичгээр гаргасан. Нэхэмжлэгч тал төрийн өмчлөлд байсан өмчийг УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоолоор  өмчлөлд шилжүүлж өгсөн. Үүний хүрээнд бид өмчөө мэдэж захиран зарцуулж, холбогдох тогтоол шийдвэрийг гаргаад явж байгаа. Энэ нөхцөл байдалд саад учруулж байна гэх утгатай байдлаар нэхэмжлэл гаргасан байсан. Гэтэл хариуцагч байгууллага болох  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн зүгээс тус Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоол нь төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчлөлд шилжүүлэх, эд хөрөнгийн жагсаалтыг хавсралт хэсгээр баталсугай гэх ерөнхий гарчигтай боловч тус жагсаалтын 20 дугаар хэсгийн “В” хэсгийн заалтад дэс дугаар, эд хөрөнгө, оршин байгаа газар, эд хөрөнгө нь шилжих байгууллагын нэр, нийт хөрөнгийн дүн гэх 4-н баганатайгаар хөрөнгүүдийн жагсаалтыг гаргасан байгаа. Энэ жагсаалтын 23 мөрөнд эд хөрөнгө оршин байгаа газар нь Т сум, эд хөрөнгө шилжих байгууллагын нэр нь сумын Засаг даргын Тамгын газар, нийт хөрөнгийн дүн 41.814 төгрөг гэх заалт байгаа. Тэгэхээр уг заалт нь Т сумын өмчлөлд тухайн төрийн өмчийг шилжүүлсэн тогтоол юм гэж ойлгож, хэрэгжүүлж байгаа. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах хэлбэр гэж заасан байгаа. Үүнд: Төрийн өмчөөс хууль тогтоомжоор хуваарилж шилжүүлсэн эд хөрөнгө гэх 2 дахь заалтад заасан байдаг. Ийм учраас тус сумын өмчлөлийн эд хөрөнгө мөн бөгөөд Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйл нь өөрөө сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх гэх бүлэг байдаг. Тус 18.1.3 дугаар зүйлийн Ж, З заалтуудад орон нутгийн өмчийн талаар авч хэрэгжүүлэх сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг тодорхой тусгаж өгсөн байгаа. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь заалтад хууль тогтоомжид зөвхөн сум, дүүргийн хуралд олгосон бүрэн эрхийг аймаг, нийслэлийн хурал тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр хэлэлцэж, шийдвэрлэхийг хориглоно гэж заасан байгаа. Тэгэхээр хариуцагч талын зүгээс энэхүү Т аж ахуйт тооцоот үйлдвэрийн газрын үндсэн болоод эргэлтийн хөрөнгө, нийт хөрөнгө нь бүхэлдээ тус сумын өмч хөрөнгө мөн бөгөөд энэ нь сумын өмч хөрөнгөтэй холбоотой аливаа шийдвэрийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэр гаргах бүрэн эрхтэй гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг хариуцагчаар татаж,  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч тал Улсын Их Хурлаас “Аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай” 1999 оны 29 дүгээр тогтоол гарч, Т сумын уурын зуухны барилга, тоног төхөөрөмж, үндсэн хөрөнгийг  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмчлөлд шилжүүлэн шийдвэрлэсэн ба бид өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлж, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 104 дугаартай тогтоолоороо “Т” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон зохион байгуулалтын хэлбэрийг өөрчлөн шийдвэрлэсэн. Гэтэл Т сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийн өмч хөрөнгө гэж үзэж маргаж байгаа тул  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмчлөгч нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид мөн болохыг тогтоож өгнө үү гэж,

Хариуцагч тал Улсын Их Хурлын 1999 оны “Аймаг нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай” 29 дүгээр тогтоолын хавсралт “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчлөлд шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалт “-ын Хөвсгөл аймаг хэсгийн В.Байгууллагын эзэмшилд байгаа бусад хөрөнгө жагсаалтын 23 дугаарт Эд хөрөнгө оршин байгаа газар нь Т сум, 2 дугаар багана буюу Эд хөрөнгө нь шилжих байгууллагын нэр нь сумын Засаг даргын Тамгын газар, нийт хөрөнгийн дүн 41814.0 мянган төгрөг гэж зааснаас үзэхэд уг хөрөнгийг тус тогтоолоор Т сумын өмчлөлд шилжүүлсэн гэж үзэж байна. ...”Т” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хариуцан хийж гүйцэтгэж байсан нийтлэг үйлчилгээ орхигдож, төрийн үйлчилгээ эзэнгүйдэж орон нутгийн иргэдийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй ... гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлын 1999 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 29 дугаартай “Аймаг нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай” тогтоолоор 41814,0 мянган төгрөгийн үнэ бүхий өртөгтэй  Засаг даргын Тамгын газар нь  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн өмчлөлд шилжиж иржээ.

 Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон “Т” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон зохион байгуулалтын хэлбэрийг өөрчилсөн тогтоолыг гаргасан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон  Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1/532 дугаартай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000127697 дугаартай гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар Иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч байх, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1.4-т зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих бүрэн эрхтэй байхаар хуульчилжээ.

Харин хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь  6 дугаар багийн нутагт байрлах “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хууль ёсны өмчлөгч гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй, хариуцагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн эсэхээ баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар үгүйсгэж чадаагүй байна гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч  Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээс 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүх зохигч талуудаас хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 99 дугаартай “Хөрөнгө шилжүүлэх тухай” тогтоолын хуулбар, /хх-ийн 13-р тал/, “Орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийг өөрчлөн байгуулах тухай” 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 104 дугаартай тогтоолын хуулбар, мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/104 дугаартай “Тайлбар хүсэх тухай” гэх албан бичгийн хуулбар,  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 59 дугаартай “Дүрэм батлах тухай” тогтоолын хуулбар, “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ажилтнуудтай хийсэн уулзалтын тэмдэглэл гэх баримт зэрэг баримтууд нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй тул үнэлээгүйг дурдаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билэгт-Отгон нь өөрт олгогдсон эрхийг эдэлж шүүхэд нотлох баримтаа гарган өгч, хэргийн материал танилцан, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, эрхээ хэрэгжүүлэхэд шүүх ямар нэгэн байдлаар саад болоогүй төдийгүй түүний эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүйг дурдаж байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билэгт-Отгонд 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 15 цаг 30 минут, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 15 цаг 00 минут, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 30 минутанд товлосон шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын  шүүх хуралдаанд гаргасан хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар  6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмчлөгч  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч  Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээс 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.БЯМБАСҮРЭН