Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 155/2018/00678/И |
Дугаар | 155/ШШ2018/00965 |
Огноо | 2018-05-18 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2018/00965
2018 оны 05 сарын 18 өдөр | Дугаар 155/ШШ2018/00965 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч Ш.Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч М төвд холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2018/00678/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Ш.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, хариуцагчийн өмгөөлөгч Т.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Д миний бие М төвийн ерөнхий нягтлан бодогчоор 2015 оны 07 сарын 22-ны өдөр томилогдон 2018 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Гэтэл дарга Н.Б 2018 оны 03 сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай ажлаас чөлөөлөх тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн. Би энэхүү тушаалыг үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Учир нь манай байгууллага дээр аудитын хөндлөнгийн дүгнэлт хийх үед манай байгууллагын санхүүгийн байдалд зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргасан. Мөн зарим нэг зөрчил, алдаа гарсан нь ноцтой биш гэж үзэн зөвлөмж өгч залруулга хийсэн. Гэтэл Н.Б дарга 2017 онд томилогдсон даруй л манай санхүүгийнхэнтэй таарахгүй, хамтарч ажиллахгүй, хална, ашиг сонирхол нийлэхгүй, хамтарч ажиллах хүнээ авна гэж байнга хэлж байсан. Тэр хүсэл зорилгоо гүйцэлдүүлэх гэж намайг хууль бусаар ажлаас халсан. Иймд Ш.Д намайг Хөвсгөл аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийлгэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ш.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 7 дугаар сард М төвийн ахлах нягтлан бодогчоор ажиллах болсон. Намайг ажлаа авахад тухайн байгууллага нь санхүүгийн маш их зөрчилтэй байгууллага байсныг 2016 онд зөрчилгүй санал дүгнэлт, 2017 онд хязгаарлалттай санал дүгнэлт авсан. Би ажиллаж байх хугацаандаа 3 захиралтай хамтарч ажиллаж байсан. 2017 оны 11 дүгээр сард Н.Б дарга манай байгууллагын даргаар томилогдсон ба удаа дараа өөртэйгээ хамтарч ажиллах хүнээ ажилд авна гэж хэлдэг байсан. Намайг ажлаас халахын тулд арга хэмжээ аваад санхүүгийн зөрчилтэй гэсэн шалтгаанаар ажлаас халсан гэж үзэж байна. 2015 оноос хойш санхүүгийн зөрчил нь бага багаар арилж байсан. Энэ байдлыг маань үнэлээгүй. Өмнөх захирлууд бол санхүүгийн хувьд өөрчлөгдөж байна гэж надад хэлж байсан. Р захирлыг ажлаас халахдаа өөрийг нь өөр ажлын байранд томилсон байсан учир хэл ам хийгээгүй байх. Н.Б дарга өөрөө ажил хүлээлцэх гэж ирэхдээ багаа бүрдүүлнэ, хүмүүсийг ажлаас хална гэдэг байдлаар ажиллахгүй гэж хэлсэн. Гэвч хэлсэн үгэндээ хүрээгүй. Намайг ажлаас халах болсон шалтгааны хувьд аудитын дүгнэлт анх зөрчилгүй санал дүгнэлттэй гэж ярьж байсан боловч сүүлдээ хязгаарлалттай санал дүгнэлттэй болсон байсан. Гарсан асуудал нь дан ганц нягтлан бодогчийн алдаа биш. Халаалтын төлбөр болоод ажилчдад олгосон урамшууллыг захирлын тушаалаар олгодог. Малтай холбоотой асуудлыг өөрийнх нь зөвшөөрлөөр шийдсэн зүйл юм. Нэмэгдэл цалин, ур чадварын нэмэгдэл олгоход яамнаас олгосон зөвшөөрлийн хүрээнд тавигдсан асуудал байхад дан ганц нягтлан бодогчийг буруутгаад хариуцлага тооцож байгаад нь би харамсаж байна. Би аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж дээд шатны аудитын байгууллагад нь гомдол гаргаж байсан. Захиралд арга хэмжээ хариуцлага тооцоогүй. Намайг ажлаас халах гэсэн зорилготой хийсэн ажил гэж бодож байна. Өмнө нь санхүүгийн алдаа дутагдалтай байгууллага байхад яагаад дотоод хяналт, төрийн аудит нь арга хэмжээ авдаггүй байсан юм бэ? Одоо бол бүх зүйл нь эмх цэгцтэй болж алдаа зөрчилгүй ажиллах бүх нөхцөл нь бүрдсэн байгаа. Н.Б дарга өөрийн хүнээ авч ажиллуулах гэсэн зорилгын үүднээс намайг ажлаас халах болсон. 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн хамт олны хурал 13 цагаас эхэлнэ гэж байсан боловч 16 цаг өнгөрч эхэлсэн. Хурлаа хийгээд албан шаардлагаа танилцуулахад ажлын цаг өнгөрсөн байсан. Тэр албан шаардлага дээр хариуцлага тооц гэсэн байснаас ажлаас хал гэсэн зүйл байгаагүй. Тийм болохоор надад цалингийн хувиар л арга хэмжээ авах юм байна гэж бодсон. Гэтэл намайг ажлаас халах тушаал гаргаж түүнийгээ энэ хүнийг шүүхээр заргалдаад ч буцаад орохооргүй тушаал гаргасан гэж дарамталсан байдалтай хэлж байсан. ...Иймд би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа тул намайг Хөвсгөл аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт зохих бичилтийг хийлгэж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: М төвийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ш.Д нь дотоод аудит, хөндлөнгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн албан даалгавар болон зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/04 захирлын тушаалаар “сануулах” сахилгын шийтгэл оногдуулж, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ чанартай биелүүлж, нягтлан бодох бүртгэл, Төсвийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг хариуцлагатай мөрдөж, албан даалгавар болон зөвлөмжөөр өгсөн үүргийн хэрэгжилтийг хугацаанд нь хангаж ажиллахыг үүрэг болгосон байдаг. Гэвч Ш.Д нь хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заагдсан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн нь байгууллагын дотоод хяналтын нэгжийн зөвлөмжийг хугацаанд нь хэрэгжүүлээгүй, Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газраас тус сургуулийн 2017 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар “хязгаарлалттай” дүгнэлт авч эрх бүхий байгууллагын албан шаардлагын хүрээнд тогтоогдсон тул хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулж ажлаас чөлөөлсөн байдаг. Иймд М төвийн захирлын 2018 оны 03 сарын 01-ний өдрийн тушаал нь иргэн Ш.Дгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам болон холбогдох хууль тогтоомжид нийцсэн шийдвэр гэж үзэж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай М төв нь 2010 оноос хойш санхүүгийн бүх л төрлийн үйл ажиллагаа нь уруудах шинжтэй болсон байсан. 2010 оноос хойш өндөр эрсдэлтэй гэсэн санхүүгийн дүгнэлттэй байсан ч удаа бий. Ш.Д нягтлан бодогчийн тухайд 2015 оноос тус байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. Энэ хүнийг ажиллах явцад санхүүгийн үйл ажиллагаа нь 2017 онд өндөр эрсдлээс буурсан болохоос биш сайжирсан, зөрчилгүй байгууллага болсон зүйл байгаагүй юм. Нэхэмжлэгчийн тухайд Н.Б даргыг буруутгаад яриад байна. Энэ бол өөрөөс нь шалтгаалсан зүйл гэж хэлье. 2017 онд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны дотоод хяналтаас 3 дугаар сард шалгаад санхүүгийн байдал чинь ийм байна гээд зөвлөмж, тайлангаа өгөөд үүний дагуу ажлаа хий гэсэн байдаг. Үүний дараа аймгийн аудитын газраас мөн санхүүгийн шалгалт хийгээд зөвлөмж өгөөд үүний дагуу залруулаарай гэсэн. Дотоод хяналтаас нь 12 дугаар сард шалгалт хийгээд давтан зөрчил гаргахгүй байгаач гэж зөвлөмж өгөөд Ш.Д нягтлан бодогчид сануулах сахилгын арга хэмжээ авсан байдаг. Өөрт нь боломж бололцоо өгөөд засаж залруулаад явж болох байтал гаргасан алдаагаа засаж залруулахгүй, жил болгон хийгддэг санхүүгийн шалгалтаар өмнөх зөрчил нь гарч ирээд байсан учир ажлаасаа чөлөөлөгдсөн. Ш.Д нягтлан бодогчийг ажлаасаа чөлөөлөгдсөний дараа Н.Б дарга дотоод хяналтын нэгжийн ажилтнаар ажилд авъя гэсэн санал тавьсан байдаг. Энэ саналыг өөрөө хүлээн зөвшөөрөөгүй. Дараа нь бас “Ус суваг” хязгаарлагдмал хариуцлагатай компанид нягтлан бодогчоор ажиллуулах санал тавихад мөн хүлээж аваагүй. Заавал М төвийн нягтлан бодогчоор ажиллах сонирхолтой байгаа юм билээ. Бүх эрх мэдэл өөрт нь байсаар байтал ажлаа зөв зүйтэй болгож ажиллаж чадаагүй. Мөн өөрийнхөө байгууллага хамт олондоо үзүүлж байгаа харилцаа хандлагаа өөрчилж чадаагүй. ...Нягтлан бодогч хүн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар аливаа хууль бус зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байх эрхтэй, мөн байгууллагынхаа удирдлагад туслалцаа үзүүлэх үүрэгтэй байдаг. Байгууллагын 1, 2 дугаар гарын үсэг зурж байгаа юм бол хуулиараа тавь тавин хувийн хариуцлага хүлээх ёстой. Аймгийн аудитын газраас хүргүүлсэн албан шаардлага нь хариуцсан албан тушаалтанд нь хариуцлага тооцуулахаар хүргүүлсэн албан шаардлага байсан. Н.Б захиралд хариуцлага тооцох тухай албан шаардлагыг Хөдөлмөрийн яам руу нь хүргүүлэх ёстой. Үүнийг тус яам руу хүргүүлсэн эсэхийг би мэдэхгүй байна. Өмнөх захирал нь бас уг асуудлаас болж ажлаасаа чөлөөлөгдсөн. Өмнө гаргасан алдаа, зөрчлүүдийг дахин давтан гаргаад байсан учраас нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч М төвд холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гарган, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Ш.Д нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр М төвтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тус байгууллагын ахлах нягтлан бодогчийн үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байгаад хариуцагч байгууллагын захирлын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай “Ш.Дг ажлаас халах тухай” тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 4-6-р тал/ М төвийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай “Ш.Дг ажлаас халах тухай” тушаал /хх-ийн 3-р тал/ зэргээр тогтоогдож байна.
М төвийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай “Ш.Дг ажлаас халах тухай” тушаалаар нэхэмжлэгчийг Байгууллагын дотоод хяналтын нэгжийн дүгнэлтээр “Хангалтгүй” үнэлэгдсэн, өгөгдсөн зөвлөмжийг хугацаанд нь хэрэгжүүлээгүй, Хөвсгөл аймгийн Аудитын газраас сургуулийн 2017 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт авч хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 37 дугаар зүйлийн 37.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, М төвийн хөдөлмөрийн дотоод журмын 11.3.11 дэх заалтуудыг тус тус баримтлан ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 3-р тал/
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газраас хийсэн шалгалт болон дотоод хяналтаар илэрсэн зөрчлүүдэд дан ганц нягтлан бодогчийг буруутгаж ажлаас чөлөөлж байгааг зөвшөөрөхгүй. Ихэр Мөрөн аудитад давхардуулж олгосон гэх зөрчил нь намайг энэ ажлыг авахаас өмнөх үеийн зөрчил, дулааны төлбөрийг захиралтай зөвшилцсөний үндсэн дээр, ур чадварын нэмэгдлийг хавтгайруулан олгосон гэх зөрчлийн хувьд удирдлагаас гаргасан шийдвэр, үүргийг л биелүүлж мөнгийг шилжүүлж байснаас надад тийм эрх олгогдоогүй юм. Дотоод хяналтын дүгнэлтэд тусгагдсан зүйлүүд Төрийн аудитын газрын гаргасан дүгнэлтүүд утга агуулгын хувьд давхардсан ижил төрлийн зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг зөвшөөрөхгүй гэж,
Хариуцагч тал нэхэмжлэгч Ш.Дгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэл болон ажлаас чөлөөлөх болсон шалтгаанаа ... байгууллагын дотоод хяналтын нэгжийн зөвлөмжийг хугацаанд нь хэрэгжүүлээгүй, Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газраас тус сургуулийн 2017 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар “хязгаарлалттай” дүгнэлт авч өмнөх зөрчлүүдийг давтан гаргаад байсан учраас ажлаас халах шийтгэлийг ногдуулсан гэж тайлбарлаж, энэхүү тайлбартайгаа холбогдуулан Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын албан шаардлага, Аудитын гэрчилгээ гэх баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 18, 29-р тал/, М төвийн хөдөлмөрийн дотоод журам, 2017 оны санхүүгийн тайлан гэх баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 20-28, 30-36-р тал/, 2018 оны 03 сарын 01-ний өдрийн №02 дугаартай “Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 129-133-р тал/, М төвийн захирлын 2018 оны 01 сарын 10-ны өдрийн Б/04 дугаартай “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 134-р тал/, Ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 135-136-р тал/, Монгол улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 10 сарын 04-ний өдрийн Б/82 дугаартай “Ажлаас халах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 137-р тал/ зэрэг баримтуудыг тус тус нотлох баримтаар ирүүлсэн байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заажээ.
Хариуцагч тал нэхэмжлэгчийг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байх ба нэхэмжлэгч Ш.Дд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/04 дугаартай М төвийн захирлын тушаалаар “хөндлөнгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн албан даалгавар, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэлийг, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай тушаалаар “Байгууллагын дотоод хяналтын нэгжийн дүгнэлтээр хангалтгүй үнэлэгдсэн, өгөгдсөн зөвлөмжийг хугацаанд нь хэрэгжүүлээгүй, Хөвсгөл аймгийн Аудитын газраас сургуулийн 2017 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар хязгаарлалттай дүгнэлт авч хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэх үндэслэлээр ажлаас халах тухай сахилгын шийтгэлийг тус тус ногдуулжээ.
Хавтаст хэрэгт авагдсан М төвийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №01, 2018 оны 03 сарын 01-ний өдрийн №02 дугаартай Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл, Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын тайлан, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэн үзэхэд нэхэмжлэгч Ш.Д нь М төвийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг хүлээсэн бөгөөд ажил олгогчийн дээрх шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар буюу сахилгын шийтгэлийг буруу ногдуулсан тухай гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд гаргаагүй, зохигч дээрх үйл баримтанд маргаагүй тул нэхэмжлэгчийг хөндлөнгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн албан даалгавар, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй гэх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газраас тус төвийн 2017 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар ...”Хөвсгөл Дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанид түлш халаалтын зардалд 4134.6 мянган төгрөг, НИК-т тээвэр шатахууны зардалд 1277.5 мянган төгрөг, нийт 5452.2 мянган төгрөгийг илүү шилжүүлж авлага үүсгэсэн, ...Ихэрмөрөн-Аудит ХХК-д давхардуулан олгосон гэх 962.4 мянган төгрөг нь нотлох баримтгүй, тооцоо нийлсэн актгүй, маргаантай авлага данс бүртгэлд бүртгэгдсэн, ...нийт 36 хүнд 32056.3 мянган төгрөгийн ур чадварын нэмэгдлийг хавтгайруулан олгосон, ... зэрэг зөрчилд хязгаарлалттай дүгнэлт авсан /хх-ийн 33-36-р тал/ байх ба ажил олгогч нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай “Ш.Дг ажлаас халах тухай” тушаалын үндэслэлдээ байгууллагын дотоод хяналтын нэгжийн дүгнэлтээр “Хангалтгүй” үнэлэгдсэн, өгөгдсөн зөвлөмжийг хугацаанд нь хэрэгжүүлээгүй, Хөвсгөл аймгийн Аудитын газраас сургуулийн 2017 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар “Хязгаарлалттай дүгнэлт авч хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлийг дурдаж ажлаас чөлөөлсөн байх ба уг зөрчлийн үйл баримт нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/04 дугаартай тушаалд дурдагдсан үйл баримттай тохирч байх тул ажил олгогч байгууллагыг нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрийг давхардуулан авсан байна гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл ажилтан гаргасан зөрчилдөө шийтгэл хүлээсэн атал тухайн үндэслэлээр дахин ажлаас халах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасантай нийцэхгүй байна.
Иймд М төвийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай “Ажлаас халах тухай” тушаалаар Ш.Дг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэгч Ш.Дг М төвийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаа буюу 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилжээ.
Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д “...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2017 оны 12 сард Улсын Их Хурлын 2017 оны 67 дугаар тогтоолын дагуу олгогдсон 300.000 төгрөгийн мөнгөн урамшуулал авсан болох нь Ш.Дгийн №000595279 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн 2017 оны 1-3 дугаар сард авсан дундаж цалин хөлсөөр тодорхойллоо. Үүнд: 2017 оны 1-р сард 872.310 төгрөг, 2-р сард 822.377 төгрөг, 3-р сард 858.260 төгрөгийн цалин хөлс авч байсан нь түүний №000595274 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх ба 3 сарын цалин 2.552.947 төгрөг, нэг сард 850.982 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 39.580 төгрөг байна. Ажилгүй байсан хугацаа 2018 оны 03 сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 сарын 18-ны өдөр хүртэл ажлын нийт 55 хоногийн цалин 2.176.900 төгрөгийг М төвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасны дагуу Ш.Дгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.176.900 төгрөг гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 49.780 төгрөг, нийт 119.980 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Дг М төвийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар М төвөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.176.900 /хоёр сая нэг зуун далан зургаан мянга есөн зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Дд олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Дд олгосон ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 2.176.900 /хоёр сая нэг зуун далан зургаан мянга есөн зуу/ төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч М төвд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч М төвөөс улсын тэмдэгтийн хураамж 119.980 /нэг зуун арван есөн мянга есөн зуун ная/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН