Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/976

 

 

 

 

 

 

 

 

 

       2022             07             29                                                               2022/ШЦТ/......

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч: Э.Чанцалням,

шүүгдэгч: О.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Б-нд холбогдох эрүүгийн 0000000000000 тоот хэргийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                             

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт О-гийн Б /РД:000000000/,

Монгол Улсын иргэн, *****оны ** дугаар сарын ***-ны өдөр ********* хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал, мах махан бүтээгдэхүүн худалдан борлуулдаг ажилтай, ам бүл ганцаараа, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Нуур 0-0 тоотод оршин суух, урьд

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 163 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлд зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн.

 

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 Шүүгдэгч О.Б нь 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 1 дүгээр гудамжны 6 тоотод иргэн Д.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “Өвчтэй хүн дээр хүн дагуулж ирж архи уулаа” гэх шалтгаанаар маргалдан, улмаар цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь “цээжинд хатгагдсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:                

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч О.Б нь 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 1 дүгээр гудамжны 6 тоотод иргэн Д.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “Өвчтэй хүн дээр хүн дагуулж ирж архи уулаа” гэх шалтгаанаар маргалдан, улмаар цээжин тус газар нь 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь “цээжинд хатгагдсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

               -Хохирогч Д.М ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хамаатны Б ахыг эргэх гэж очсон. Тухайн өдөр Б ах, зүс таньдаг хүмүүстэй хамт архи уугаад сууж байхад гаднаас манай эхнэрийн хамаатны Б  орж ирээд хамт архи уусан хүмүүсийг явуулсан. Б ах бид гурав үлдсэн байх үед намайг “Бие муутай хүн дээр архичид дагуулж ирж архи уулаа гээд уурлаад байхаар нь би согтуу маргалдаад хөөсөн ...Б  бид хоёр хоорондоо бага зэрэг маргалдсан ба Б  гэрт байсан шаргал өнгийн иштэй хутгаар миний зүүн хавирга орчим нэг удаа хатгаж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14-р хуудас/,

               -гэрч А.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр намайг гэртээ байхад манай хүргэн М  намайг эргэж ирээд бид хоёр ойролцоо амьдардаг зүс таних хүмүүстэй 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. Гаднаас манай нагац дүү Б  ирээд хүмүүсийг хөөж явуулаад М  Б  нар хоорондоо “Архи уулаа'’ гээд маргалдаад байсан.      Гэнэт л М ын хавирганы зүүн хэсэгт Б  манай гэрт байсан шаргал өнгийн иштэй хутгаар нэг удаа хатгаж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-р хуудас/,

               -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч О.Н-гийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000  дугаартай:

               “....1. Д.М ын биед цээжинд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой.  

               3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.  

               4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-р зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-24-р хуудас/ гэх зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч О.Б ы яллагдагчаар өгсөн: “...гэртэй ганцаараа би пиво уусан байдалтай орж ирсэн ба хүргэн ах Д.М , Б ахын гэрт танихгүй архичид цуглуулсан ууж байхаар нь хамт архи ууж байсан танихгүй хүмүүсийг хөөж гаргаад Д.М  ах руу өвчтэй хүн дээр архичид цуглууллаа гэж хэлэхэд урдаас уурлаад зайл гээд маргалдсан ба би уурандаа ширээн дээр байсан шаргал өнгийн иштэй хутгаар айлгах гэж байгаад зүүн хавирга хэсэгт нэг удаа өнгөц хатгаж гэмтээсэн...би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэж /хавтаст хэргийн 60-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын хувьд Эмээлт зах ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 30-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 31-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 32-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 33-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 34-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 35-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 36-48-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 27-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Б нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч О.Н-гийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000   дугаартай дүгнэлтээр хохирогч Д.М ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон бөгөөд шүүгдэгч О.Б нь “хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч Д.М ын цээжин тус газар нь хутгалж байгаа нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.    

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирч байх тул шүүгдэгч О.Б ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Д.М  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч О.Б ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч О.Б-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  (зургаан зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн иштэй 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй  болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч О.Б нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч О.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлт /хувиараа мал, мах махан бүтээгдэхүүн худалдан борлуулдаг ажилтай/-ийг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

 Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-нд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн иштэй 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар зааж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Х овогт О-гийн Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-нд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар О.Б-нд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.   

 

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн иштэй 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар устгах комисст даалгасугай.   

 

          5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай

 

          6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.УРАНГУА