| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2018/00440/И |
| Дугаар | 155/ШШ2018/00705 |
| Огноо | 2018-04-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2018/00705
| 2018 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 155/ШШ2018/00705 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч.Я-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.М-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2018/00440/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Ч.Я, хариуцагч Д.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Я шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Я нь Д.Мтай 2009 онд танилцаж үерхэж байгаад 2013 оны 8 сарын 23-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн билээ. Энэ үеэс эхлэн бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад охин М.Б 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдөр, охин М.У 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн. Хамтын амьдралын явцад үзэл бодол, зан байдлын хувьд таарч тохирохгүй болж, үргэлж маргалдан хэрэлдэх болсон. Нөхөр болон Д.М ингэж амьдарч байхаар ер нь холдож амьдарна гээд аавынх руугаа явсан. Тэгээд эргэж ирээгүй 2 жил гаран болж байна. Тийм учраас гэр бүл цуцлуулах болсон. Энэ байдал нь хүүхдийн эрх ашиг, хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон учраас цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй боллоо. Иймд 2013 оны 8 сарын 23-ны өдөр батлуулсан гэрлэлтийн гэрчилгээ бүхий гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би охин М.Б, охин М.У нарыг өөрийнхөө асрамжид авч хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан авахыг хүсэж байгаа ба бидний хооронд эд хөрөнгийн талаар ямарч маргаан байхгүй болно гэв.
Хариуцагч Д.М шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М миний бие эхнэр Ч.Ятай Ц суманд ЕБС-д сурч байх үеэс мэдэх бөгөөд Ч.Я манай дээд ангид сурдаг, нэг голд ойрхон амьдардаг байсан. Бид 2008 онд танилууд байсан, уулздаг найзууд байснаас албан ёсоор нөхөрлөж, үерхэж байгаагүй. Бид 2015 оны 10-р сараас хойш тусдаа амьдарч байгаа. Цаашид бид хамт нэг гэр бүл болж амьдрахгүй гээд байгаа учир гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Мөн хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэгт би сар бүрийн тогтмол орлогогүй, малчин учир сар бүр төлөх боломжгүй байх тул улиралд тодорхой хэмжээгээр хуваан төлөх саналтай байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Я нь хариуцагч Д.Мд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болж, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь №0178065-22 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2012 оны 03 дугаар сарын 17-ны өдөр охин М.Б төрсөн болох нь 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бүртгүүлж авсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр охин М.У төрсөн болох нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бүртгүүлж авсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2015 оны 10 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч байгаа, зохигч нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон талаарх тэмдэглэл, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2012 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрөн охин М.Б, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин М.У нарыг хүүхдийн нас, хүүхдэд тавих эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо зэргийг харгалзан эх Ч.Ягийн асрамжид үлдээж эцэг Д.Мгаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин М.Б, охин М.У нарыг эх Ч.Ягийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ч.Я нь улсын тэмдэгтийн хураамжид 130.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Мгаас эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх 70.200 төгрөгийг мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2012 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрөн охин М.Б нь 6 настай, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин М.У нь 3 нас хүрсэн байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг хүүхэд тус бүрт сар болгон хариуцагч Д.М төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин М.Б, М.У нарт сар бүр төлөх тэтгэлэг 182.600 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.191.200 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 50.009 төгрөг, нийт 120.209 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Ягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130.000 төгрөгөөс 120.209 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 9991 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Мгаас 120.209 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ч.Я, Д.М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин М.Б, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин М.У нарыг эх Ч.Ягийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин М.Б, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин М.У нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцвал 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Мгаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Д.Мд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ч.Яд тус тус даалгасугай.
5. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөгөөс 120.209 /нэг зуун хорин мянга хоёр зуун ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 9.991/есөн мянга есөн зуун ерэн нэг/ төгрөгийг улсын орлогоос буцаан, хариуцагч Д.Мгаас 120.209 /нэг зуун хорин мянга хоёр зуун ес/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.Яд олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА