| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2018/00752/И |
| Дугаар | 155/ШШ2018/00907 |
| Огноо | 2018-05-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2018/00907
| 2018 оны 05 сарын 11 өдөр | Дугаар 155/ШШ2018/00907 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Ц.Э даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Б.Г-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Э-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Ц.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.Г нь нөхөр Ц.Этай 1999 онд танилцаж үерхэж байгаад 2001 онд гэр бүл болж хамт амьдрах хугацаанд том охин Б.Дг 2001 оны 11 дүгээр сарын 02-нд, 2006 оны 7 дугаар сарын 17-нд хүү Э.И нарыг төрүүлсэн. Ц.Этай хэрүүл маргааны улмаас болж өнөөдөр тусдаа амьдарч байгаа ба нөхөр Ц.Э нь өөр хүүхэнтэй гэр бүлийн холбоотой болсноос салах шалтгаан болсон. Цаашид дээрх байдлаас болоод хамт амьдрах боломжгүй учир шүүхэд хандсан юм.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин хүү хоёроо өөрийн асрамжинд авч өсгөж хүмүүжүүлнэ. Тэтгэвэр тэтгэмж авахгүй, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэв.
Хариуцагч Ц.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний буруу байгаа ба хамт амьдрах хугацаандаа гадуур, дотуур архи дарс ууж явсан асуудал гаргаж байсан нь үнэн. Хамт амьдрах хугацаанд хоёр хүүхэдтэй болсон нь үнэн ба миний хүүхдүүд мөн тул маргаан байхгүй. Одоо нэгэнт сална гээд байгаа учир шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна.
Иймд гэр бүлээ цуцлуулж, хоёр хүүхдээ эхийнх нь асрамжинд өгнө. Хүүхдийн тэтгэлэг авна гэвэл өгнө. Хамтран өмчлөх эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Ц.Эаас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Ц.Э нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин Э.Д, хүү Э.И нар төрсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Тухайлбал;
Гэрлэгчдийг 2001 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр гэр бүл болсныг 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 06 дугаарт бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,
Тэдний дундаас 2001 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр охин Ц.Эын Д, 2006 оны 7 дугаар сарын 17-ны хүү Ц.Эын И нар төрсөн ба Төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар тус тус нотлогдож байна.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан байхгүй, нэхэмжлэгч нь гэр бүлээ цуцлах түүнийгээ нотолж чадахгүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд:
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас өнөөдөр тус тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан тохиролцсон, гэрлэлт цуцлуулах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх болон тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд маргаангүй байгаа зэргийг харгалзан үзээд шүүхээс гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан заалтыг хэрэглэх, гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байх тул гэрлэгчдийн гэр бүлийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иймд Б.Г, Ц.Э нарын гэрлэлтийг цуцалж насанд хүрээгүй охин Э.Д, хүү Э.И нарыг эх Б.Гын асрамжид үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн шүүхээр гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Эаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Ц.Э , Б.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2001 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Ц.Эын Д , 2006 оны 7 дугаар сарын 17-ний өдөр төрсөн И нарыг эх Б.Гын асрамжид үлдээсүгэй.
3. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Эаас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гд олгосугай
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ