| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2018/00314/И |
| Дугаар | 376 |
| Огноо | 2018-05-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 376
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: х тоотод оршин суух, Т овогт Х-ийн Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Дулааны хоёрдугаар станц, Дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ-т холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, гэрч Х.Э, Х.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Увс аймгийн Дулааны 2 дугаар станц буюу Шинэ дулааны станцыг анх ашиглалтад орсон цагаас эхлэн дулаан дамжуулах төвийн шугам хоолойн слесариар томилогдон ажиллаж байсан. Миний ажлын байр нь хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байнгын ажлын байр юм. Ажиллах хутацаандаа би хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хэвийн гүйцэтгэж ирсэн. 2018 оны 3 дугаар сарын 27-ны өглөө би ээлжинд гарах байсан бөгөөд 8 цагт ээлжээ авахаар очиход шугам сүлжээний инженер Б.А намайг Чи архи уусан байна, чамайг ээлжинд гаргахгүй, чиний оронд өөр хүн гарганагэж хөөсөн. Тухайн үед би архи уугаагүй байсан ба намайг ээлжинд гаргахгүй болохоор нь гараад явж байтал Б.А инженер намайг араас дуудаж, элдвээр доромжлоод байхаар нь би маргаж хэдэн үг хэлчихээд явчихсан юм. Маргааш нь намайг ажил дээр хүний нөөцийн мэргэжилтэн М 10 цагт захирлын зөвлөлийн хуралтай гэж дуудсан. Захирлын зөвлөлийн хурал 2018 оны 3 дугаар сарын 28-ны өглөө болсон бөгөөд уг зөвлөлийн хурлаар 4-5 хүн орсон. Захирлын зөвлөлийн хурлаар орох хүмүүс ээлж дарааллан нэг нэгээрээ орсон бөгөөд намайг дуудаж оруулаагүй. Удалгүй зөвлөлийн хурал тарж, хурлын бүрэлдэхүүн цайндаа явж ямарч хүн үлдээгүй тул би мөн гэрлүүгээ явсан. Үдээс хойш нь 2 цагийн үед хүний нөөцийн мэргэжилтэн рүү би утсаар ярьж, юу болсон талаар асуухад Захирлын зөвлөлийн хурлаар чамайг ажлаас чинь халсан гэж хэлэхэд нь би итгээгүй. Тэгээд хамт ажилладаг, тухайн өдрийн захирлын зөвлөлийн хурлаар орсон дулаан дамжуулах төвийн жижүүр Х.П ах руу утасдаж юу болсон талаар асуухад Захирлын зөвлөлийн хурлаар чамайг ажлаас чинь халчихлаа, намайг бас халсан, захирлын зөвлөлийн хурал дээр инженер Б.А нь би Х.П, Х.Э, П.Б нарыг ажлаас халах саналтай байна гэж хэлээд халчихлаа гэж хэлсэн. Ингээд би 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ажил дээр очиж захиралтай уулзаж, ажлаас халагдсан шалтгаанаа мэдэхийг хүсэж, мөн хувийн амьдрал байдлаа танилцуулж, цалингийн зээлтэй гэдэг талаараа ярихад Одоо надтай яриад нэмэргүй, чи өмнө нь архи ууж арга хэмжээ авахуулж байсан, дахиад чамайг ээлж авах өдрөө архи үнэртүүлж ирсэн гэж инженер Б.А надад танилцуулсан, тийм болохоор чи одоо ажлаас гарах өргөдлөө өөрөө бичиж өгөөд тушаалаа авч, тэтгэмжээ ав гэж дарамталсан. Дулааны станц бол бусад байгууллагаас өөр, улирлын чанартай ажиллаж, 5 сард дулаан зогсоохоор бид амралтын мөнгөө бодуулж аваад намар 9 сар хүртэл сул зогсдог. Гэтэл ажил дуусах дөхөж байхад хүсэлтээрээ халагдахыг хэн хүсэх билээ. Тэгээд ч цалингийн зээлтэй байсан учир би ажлаас хүсэлтээрээ халагдахыг хүсээгүй. Гэтэл архи уусан учраас хүсэлтээрээ ажлаас гар, тэгэхгүй бол тэтгэмж ч олдохгүй гэж дарамталсан учраас би аргагүйн эрхэнд хүсээгүй байж хүсэлт бичиж өгсөн боловч намайг хүсэлт бичиж өгөхөөс өмнө захирлын зөвлөлийн хурал хуралдаж Архи ууж зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр намайг аль хэдийнээ ажлаас халсан байсан. Өмнө нь би 2017 оны 11 дүгээр сарын үед нэг удаа архи уусан зөрчил гаргаж сахилгын арга хэмжээ авагдаж байсан хэдий ч дараа нь буюу 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр архи уугаагүй байхад архи уусан гэж хэлмэгдүүлж ажлаас халсанд гомдолтой байна. Надад хөдөлмөр эрхлэхэд саад болохуйц ямар нэгэн өвчин хууч байхгүй, бие өвдөж эмнэлэгт хэвтэж байсан удаагүй тул эрүүл мэндийн шалтгаанаар халсан гэж тушаалд бичсэн нь ч үндэслэлгүй байна.Иймд Увс аймгийн Дулааны 2 дугаар станц, Дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ-ын дулаан дамжуулах төвийн шугам хоолойн слесарийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Увс Дулааны хоёрдугаар станц, Дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ-ын захирал Ю.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тайж овгийн Х-ийн Э нь ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна. Х.Э нь 2018 оны 3-р сарын 27-ны өглөө 8-н цагт ээлжинд ажиллахаар ирэхдээ архи уусан согтуу ирсэн тул хариуцсан шугам сүлжээний инженер Б.А та согтуу байна таны оронд хүн гаргана та харьж амар гээд явуулсан байна. Ингээд оронд нь шугам хоолойн слесарь Б.Б-г ажилд гаргасан юм. Тухайн үед ээлжинд диспетчер Б.А ажиллаж байсан, ажлаас буулгах үед инженер Б.А, П.Б бусад өдрийн слесарууд байсан. Х.Э нь тухайн үедээ архи ууснаа хүлээн зөвшөөрч маргаан үүсгээд ажлаас бууж явсан. Хэрэв өөрийгөө архи уугаагүй гэж үзсэн бол цагдаа дуудаж согтолтын зэргээ тогтоолгох эрүүл хэвийн гэдгээ шалгуулах боломжтой байсан. Эрүүл гэдгээ тогтоолгосон бол оронд нь өөр хүн гаргах, хөдөлмөрийн тухай хууль зөрчин ажил таслах шаардлагагүй юм. Манай Дулааны станц нь Улсын онцгой объектод хамаарагддаг согтуу байтугай эрүүл хүн ажиллахад анхаарал болгоомж их шаарддаг өдөр бүр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөгддөг эргэх механизм, тоног төхөөрөмжүүдтэй, тог цахилгаантай байнга харьцдаг анхаарал сонор сэрэмжтэй ажиллах ёстой байгууллага юм. Тухайн ажилтан ээлжинд ирэхдээ согтуугаар ажилд гарч дулааны станцын үйл ажиллагааг доголдуулж гэмтэл гаргавал, ажилтны эрүүл мэнд, амь насанд эрсдэл үүсэх мөн байгууллагын болон цаашилбал аймаг орон нутгийн хэмжээнд ихээхэн хэмжээний хохирол үүсэх аюултай юмаа.
1. Х.Э нь 2015 оны 04-р сарын 6-нд ажлын байран дээрээ архи ууж ирсэн тул хөдөлмөрийн гэрээний 7.11 заалтаар нэг сарын цалингийн 20%- иар сахилгын арга хэмжээ авхуулсан. Тухайн үед дахин архи уухгүй уусан тохиолдолд өөрөө ажлаас чөлөөлөгдөнө гэж өргөдөл бичиж өгсөн.
2. 2017 оны 9 сар болон 10 саруудад архидан согтуурч ажлаа 2 удаа тасалсан тул мөн хөдөлмөрийн гэрээний 7.14 заалтаар 3 сарын цалингийн 20%-иар сахилгын арга хэмжээ авагдсан. 2018 оны 3 сарын 27-нд архи ууж ажилдаа согтуу ирсэн тул Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрээр ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.
3. Х.Э нь Хөдөлмөрийн гэрээний 7.7 дахь заалтыг зөрчин хувиараа давхар ажил үйлчилгээ хийж байгаа нь илэрсэн юм. Ямар нэгэн байдлаар өргөдлөө өг гэж дарамтлаагүй бөгөөд Захирлын зөвлөлийн хуралд өөрөө ороогүй тул шийдвэрийг нь танилцуулсан болно. Хэрэв дараа дахин өөр ажилд ороход согтуугаар ажлаас чөлөөлөгдсөн гэдэг тушаалтай байвал ажилд орох боломжгүй байдаг гэдгийг нь харгалзан үзэж өөрийнх хүсэлтээр бид тушаалаа эргэн харж Х.Э-ын бичсэн өргөдлийн дагуу эрүүл мэндийн шалтгаанаар гэж тушаал гаргасан юм гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч Увс аймгийн Дулааны хоёрдугаар станц, Дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Х.Э нь Увс аймгийн Дулааны хоёрдугаар станц, Дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ-т дулаан дамжуулах төвийн шугам хоолойн слесариар ажиллаж байгаад Увс аймгийн Дулааны хоёрдугаар станц, Дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ-ын захирлын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн б/13 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэг заалт, мөн өөрийн гаргасан хүсэлтийг тус тус үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс ажлаас чөлөөлөгджээ.
Хариуцагч нь Х.Э-ыг 2017 оны 9 болон 10 дугаар саруудад архидан согтуурч ажлаа 2 удаа тасалсан, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөх архи ууж ажилдаа согтуу ирсэн тул захирлын зөвлөлийн хурлын шийдвэрээр ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон хэмээн маргаж байна.
Гэтэл ажил олгогчийн түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийг харахад эрүүл мэндийн шалтгаанаар, өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн агуулгатай байна.
Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар, түүний хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлөх эрхтэй ба ажилтны өөрийн гаргасан хүсэлт байгаа боловч ажилтан нь өөрийн хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн байх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан үндэслэлд хамаарна.
Гэтэл нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Х.П, Х.Э нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд ажил олгогчийн зүгээс эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдвөл тэтгэмж авна, дараагийн ажилд чинь саад болохгүй, архи уусан шалтгаанаар ажлаас халагдвал чамд ямар нэгэн ажил олдоход хэцүү гэх мэтээр шахалт үзүүлж нэхэмжлэгч Х.Э-аас хүсэлт бичүүлсэн болох нь тогтоогджээ.
Мөн нэхэмжлэгч Х.Э нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхийг хүсч, сайн дурын үндсэн дээр хүсэлт гаргасан бол шүүхэд гомдол гаргах шаардлагагүй бөгөөд нэхэмжлэгчийн эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл, Увс аймгийн Дулааны станцын ашиглалтын өмнөх захиргааны захирлын 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн б/3 тоот Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал, 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Х.Э-ын бичсэн өргөдөл, Увс аймгийн Дулааны хоёрдугаар станц, Дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ-ын захирлын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн б/24 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, инженер Б.А-ийн тэмдэглэл, ажлын цагийн тооцоо зэрэг баримтууд нь хариуцагчийн гаргасан тушаалын үндэслэлд хамааралгүй тул үнэлээгүй болно.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Э-ыг Увс аймгийн Дулааны хоёрдугаар станц, Дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ-ын дулаан дамжуулах төвийн шугам хоолойн слесарийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Дулааны хоёрдугаар станц, Дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ-аас 70.200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000957 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Э-ыг Увс аймгийн Дулааны хоёрдугаар станц, Дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ-ын дулаан дамжуулах төвийн шугам хоолойн слесарийн ажилдэгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Дулааны хоёрдугаар станц, Дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ-аас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000957 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР