Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 1205

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 28 өдөр          Дугаар 181/ШШ2018/01205          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, 30 дугаар байр, 19 тоотод оршин суух, Бөөрөлжүүт овогт Шагдарын Ш /РД:ЧР63061779/,

Нэхэмжлэгч:, Б овогт Ш С /РД: /,

Нэхэмжлэгч: Б овогт Ш Ө /РД: /,

Нэхэмжлэгч:, М овогт Б Д /РД: /,

Нэхэмжлэгч: О овогт Д О /РД: / нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б овогт З М /РД: /-д холбогдох,   

 

Барилга байгууламжийг албадан буулгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтантуяа, нарийн бичгийн даргаар Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарыг төлөөлж Ш.Шын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсээс Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Виктория центр” төвийн урд талд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, батлагдсан зураг төсөлгүй барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа асуудалд 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.5, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар 1702000019 дугаартай зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг тус хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Батцэнгэл явуулан иргэн Зандраагийн Мыг барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламж буюу зохих байгууллагын зөвшөөрөл, зураг төсөлгүйгээр хууль бусаар барилга барьж байгааг тогтоож Зөрчлийн хуулийн дагуу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн.

Зөрчлийн хэргийн хэрэг бүртгэлтийн шатанд 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 02 дугаартай “Үйл ажиллагааг түр зогсоох тухай” прокурорын тогтоолоор тухайн барилга угсралтын ажлыг бүхэлд нь зөрчлийн үр дагаврыг арилгах хүртэл хугацаанд зогсоох тухай шийдвэр гарсан боловч шийдвэрийг үл биелүүлэн өнөөдрийг хүртэл барилгын ажлыг үргэлжлүүлэн хийсээр зоорийн болон нэг давхрын барилга угсралтын ажлыг бүрэн хийж дуусган цахилгаан, дулааныг хууль зөрчин авч хэрэглэн уг барилгад одоо үйл ажиллагаа явуулахаар тоног төхөөрөмжөө суурилуулж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд энэхүү хууль бус барилга угсралтын ажлыг зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд зогсоохыг даалгасан 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “Үйл ажиллагаа зогсоох тухай” 02 дугаартай прокурорын тогтоолыг албадан гүйцэтгүүлэх шийдвэр гаргуулах хүсэлт гаргасны дагуу эрх бүхий албан тушаалтны даалгаврыг албадан гүйцэтгүүлэх тухай Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 128/Ш32017/7091 дугаартай “Шийтгэврийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж гарч мөн өдрийн 128/ГХ2017/00165 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэгдсэн.

Гэтэл өнөөдрийг хүртэл уг хууль бус барилгын барилга угсралтын үйл ажиллагаа явагдсаар үйл ажиллагаагаа огт зогсоохгүй явуулж байгаа бөгөөд энэхүү хууль бус барилга угсралтын ажлын зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд бүхэлд нь зогсоох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг албадан гүйцэтгэх ажлаа эрчимжүүлж өгөхийг хүссэн хүсэлтийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргаад байна.

Энэхүү зөрчлийн хэргийн хохирогч, уг барилгын 2, 3, 4 дүгээр давхрын өмчлөгч иргэд бид урьд нийтийн эзэмшил, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглаж байсан авто зогсоолын талбайд хууль бусаар баригдсан дээрхи барилгыг албадан буулгуулах шийдвэрийг зохих албан тушаалтнаар гаргуулан буулгуулах сонирхолтой байгаа юм.

Ийнхүү зөвшөөрөлгүй баригдсан барилгаас болж бидний өмчлөлийн хөрөнгө үнэгүйдэж, 1,000,000 ам.доллараар авсан хөрөнгө маань 500,000,000 төгрөгийн ханштай болж үнэ буурсан, мөн түрээслэгч иргэд, байгууллага гэрээгээ цуцалж, бид орлого олох боломж хомсдож, улмаар банкны зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрч хохирч байгаа тул нэхэмжлэл гаргаж байна.

Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь хэсэгт зааснаар “...барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг шүүхийн шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга нь албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх...” бүрэн эрхтэй гэж заажээ.

Иймд барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй хууль бусаар баригдаж байгаа дээрх барилга байгууламжийг буулгах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. “Виктория центр” нь өөрөө “Гранд Моторс” ХХК-ийн барьсан барилга. Орчны газар нь мөн тус компанийн эзэмшлийнх юм. Энэ төвийн 1 давхарыг З.М худалдаж авч, одоо өмчилдөг. Түүний барьсан өргөтгөлийн барилгын доорх газар нь “Гранд Моторс” ХХК-ийн эзэмшлийнх учир тус компанитай тохиролцож, уг газрыг худалдаж авсны үндсэн дээр 2017 оны 7 дугаар сараас эхлэн өргөтгөлийн барилга барьсан. Энэхүү барилга нь нийтийн эзэмшлийн талбайд ороогүй бөгөөд “Гранд Моторс” ХХК-ийн эзэмших эрхтэй байсан талбайд багтаж байгаа нь тогтоогдсон.

“Гранд Моторс” ХХК нь 2010 онд 5 жилийн хугацаагаар газар эзэмших эрх авсан бөгөөд 2015 онд хугацаа нь дууссан. Гэхдээ газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтийг 2017 оны 12 дугаар сард Газрын албанд өгсөн байдаг. Хариу өгөөгүй, сунгасан шийдвэр одоохондоо гараагүй юм билээ. Газар эзэмших эрхийг сунгачих юм бол З.Мын барьсан өргөтгөлийн барилгад шаардлагатай зөвшөөрлийг зохих газрууд өгөхөд татгалзахгүй гэдгээ хэлсэн байгаа.

Ер нь З.М өргөтгөл барьснаас болж нэхэмжлэгч нарын өмчлөлийн барилгын үнэ цэнэ буурсан, өмчлөгчдийн орлого буурсан гэж үзэх нотлох баримт байхгүй тул нэхэмжлэгч нарын шаардлага үндэслэлгүй.

“Виктория центр”-ийн өмнөх өргөтгөл барьсан байгаа талбайд өмнө нь “Гранд Моторс” ХХК-ийн захирал М.Мөнхбат, М.Мөнхбатын дүү л машинаа тавьдаг байсан болохоос өмчлөгч нар болон үйлчлүүлэгч нар хэзээ ч машин тавьж байгаагүй. Нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж байсан гэж үзэх үндэслэлгүй.

Тэгээд ч З.М дангаараа хариуцагч болох үндэслэлгүй, “Гранд Моторс” ХХК-ийг хариуцагчаар татах ёстой. Тэгж байж маргаан шийдвэрлэгдэх учиртай гэж үзэж байгаа. 

Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүх зохигчийн хүсэлтээр бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянан хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Ш, Ш.С, Ш.Ө, Б.Д, Д.О нар нь хариуцагч З.Мад холбогдуулан зөвшөөрөлгүй баригдсан өргөтгөлийн барилгыг буулгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

 

Хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч Ш.Ш, Ш.С, Ш.Ө, Д.О нар нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол 15141, Тусгаар тогтнолын талбай гудамж 3/1 байр буюу “Виктория центр”-ийн 3 дугаар давхар болон 4 дүгээр давхрын 1, 2, 3, 4, 5 тоотод байршилтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нар болох нь 2012 оны 6 дугаар сарын 26, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрүүдэд олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000468661, 000468660,  000468659, 000197834 тоот гэрчилгээнүүдээр нотлогдож байна.

 

Харин нэхэмжлэгч Б.Дгийн тухайд ямар нэг үл хөдлөх эд хөрөнгө өмчилдөг талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хариуцагч З.М нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол 15141, Тусгаар тогтнолын талбай гудамж 3/1 байр буюу “Виктория центр”-ийн 1 давхарыг өргөтгөж, 2 давхар бүхий өргөтгөлийн барилгын ажил /одоо 95%-ийн гүйцэтгэлтэй гэх/ -ыг гүйцэтгэж байгаа болох нь талуудын маргаагүй тайлбараар тогтоогджээ.

 

Мөн талуудын тайлбар, хэргийн баримтаар З.М нь Чингэлтэй дүүргийн Засаг даргаас “Гранд Моторс” ХХК-д 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр олгосон Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18642311353555 дугаар бүхий 850 м.кв газрын зарим хэсэг газар дээр өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ш.Ш, Ш.С, Ш.Ө, Б.Д, Д.О нар нь хариуцагч З.Мын зохих зөвшөөрөлгүй гүйцэтгэж буй өргөтгөлийн барилгын ажлаас болж өөрсдийн өмчлөлийн хөрөнгө үнэгүйдсэн, ашиг олох боломж хаагдсан, үүний улмаас банкнаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрч хохирч байна гэж үзэж, уг өргөтгөлийн барилгыг албадан буулгуулахаар шаардлага гаргасан байна.

 

Шүүх хуралдааны явцад талуудын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хариуцагч З.М нь өргөтгөлийн барилгын ажлыг барилгын ажлын зураг төсөлгүйгээр, барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр буюу Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.16, 40.2-т заасныг тус тус зөрчин явуулж байгаа үйл баримт нотлогдсон бөгөөд 5 жилийн хугацаагаар “Гранд Моторс” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хугацаа буюу “Гранд Моторс” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа дууссан, энэ эрхийг эрх бүхий байгууллагаас сунгаагүй байгаа үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтын талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...“Гранд Моторс” ХХК нь газар эзэмшүүлэх хугацаагаа сунгуулах хүсэлтийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохих журмын дагуу гаргасан боловч хараахан сунгагдаагүй, одоо судлагдаж байгаа, зөвшөөрөл олгогдмогц З.М нь барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах зохих зөвшөөрлүүдийг авах болно...” гэж тайлбарласан ба энэхүү тайлбар хуульд нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй болох нь илэрхий юм.

 

Гэхдээ хариуцагчийн хууль зөрчсөн дээрх ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарын өмчлөлийн хөрөнгө үнэгүйдсэн, тэдний орлого олох боломж хаагдсан, үүнээс үүдэн эдийн засгийн болон эд хөрөнгийн байдал доройтсон гэж үзэх үндэслэл нотлогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” гэж заасны дагуу  нэхэмжлэгч нар өмчлөлийн зүйлийн үндсэн дээр олж авах үр шим хүртэх эрх, өмчлөгчийн хувьд хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд хандан нэхэмжлэл гаргах замаар Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасан аргаар сэргээлгэх эрхтэй бөгөөд өөрсдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүрэгтэй.

 

Манай тохиолдолд хариуцагч З.М нь хууль бусаар өргөтгөлийн барилгын ажил гүйцэтгэж байгаа болох нь тогтоогдсон хэдий ч энэ ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарын хөрөнгө үнэгүйдсэн, орлого олох боломж нь хаагдсан, эдийн засгийн болон эд хөрөнгийн байдал доройтсон байдал нотлох баримтаар нотлогдохгүй байх тул шүүх нэхэмжлэгч нарын хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл баримтаар нотлогдоогүй үндэслэлээр шүүх З.Мын зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг албадан буулгуулах тухай тэдний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Энэхүү шийдвэр нь зохих зөвшөөрөлгүй гүйцэтгэсэн барилга байгууламжийн талаар хууль тогтоомжид заасан эрх, үүргийн хүрээнд эрх бүхий байгууллагаас зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан зөвшөөрөлгүй баригдсан өргөтгөлийн барилгыг буулгуулах тухай З.Мад холбогдуулан гаргасан Ш.Ш, Ш.С, Ш.Ө, Б.Д, Д.О нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор ирж гардан авах үүрэгтэй, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.        

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Ө.УЯНГА