| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 185/2019/0366/Э |
| Дугаар | 579 |
| Огноо | 2019-06-11 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 579
2019 6 11 2019/ДШМ/579
Б.А- холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Б.А- , түүний өмгөөлөгч Ц.Оргил,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулж,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 405 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А- , түүний өмгөөлөгч Ц.Оргил нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.А- холбогдох 1902000990072 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овогт Б-ын А- , ........... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ..../;
Б.А- нь 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 4,2006 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.А- ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.А- ийг хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.А- ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар Б.А- оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4,2006 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодис, хар тамхийг буталж нунтаглах зориулалт бүхий хар өнгийн цилиндр хэлбэртэй төмөр сав зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шүүгдэгч Б.А- урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсныг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.А- миний бие Монгол улсын хүн амын эрүүл мэнд, удмын сан, нийгмийн сайн сайханд маш ноцтойгоор хор хөнөөл учруулахуйц гэмт хэрэг үйлдсэндээ Монгол улсын шүүхийн өмнө энэ нийгмээс уучлал хүсч байна.
Хар тамхи гэдэг зүйл нь дан ганц надад болон миний ойр дотнын хүмүүс хохироод зогсохгүй, нийгэм, хүний удмын санд хүртэл нөлөөлдөг маш хор уршигтай зүйл гэдгийг энэ хэрэгт холбогдон хоригдож байх хугацаанд өөрийн эрхгүй ухамсарлан ойлгож байна. Шүүх миний хорих ялыг хөнгөрүүлж, тэнсэж хэвээр үлдээсэн ч хар тамхи гэдэг хор уршигтай зүйлийн талаар түүний хор уршиг, хууль эрх зүйн орчин, урьдчилан сэргийлэх талаар судлан таниулах ажлыг өөрийн санаачлагаар зохион байгуулж түгээх болно.
Энэ хорих ангид надтай адил хоригдон ял эдэлж байгаа залуус байна, тэдгээр залуус хар тамхи гэдэг зүйлийн хор уршиг, хууль зүйн орчныг сайтар ойлгоогүй, таниагүй байдал түгээмэл байна. Би ч мөн адил ойлголт тааруу байж. Харин хорих ялыг биеэр эдэлж эхэлснээр хар тамхи гэдэг ямар хор хөнөөлтэй, хатуу чанга хуультай болохыг ойлгож мэдэж байна. Хэрэв би энэ хэргийг үйлдээгүй байсан энэ жил сургуулиа төгсөх байсан. Мөн удахгүй гэр бүл зохиохоор төлөвлөж, сайн сайхан ирээдүйг төсөөлж байсан. Би өөрийн 60 гарсан эцэг, эхдээ санаа зовж, ичиж байна. Гэвч эцэг, эх маань намайг дахин гэмт хэрэгт холбогдуулсан хар тамхитай холбоотой ямар нэгэн асуудалд оруулахгүй байлгах талаар батлан даалт гаргаж байгааг ухамсартайгаар амьдрах болно.
Иймд миний амьдралд нэг удаа сайн сайхан амьдрах, эцэг, эхийгээ түшиж асрах, гэр бүл зохиох боломжийг олгож өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.А- ийн өмгөөлөгч Ц.Оргил гаргасан давж заалдах гомдолдоо: “...Б.А- хувийн байдал талаасаа өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй, сургуульд суралцахын хажуугаар эцэг н.Баасанхандын “Нарийн гол гоулд” ХХК-д ажил хөдөлмөр эрхэлдэг, нийгэмд идэвхтэй байр суурьтай иргэн.
Хэрэгт холбогдохоос өмнө “Зохиомж” дээд сургуулийн 4 дүгээр дамжаанд суралцаж байсан бөгөөд энэ жил төгсөх байсан. Гэвч энэ хэрэгт холбогдож жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр 14 хоногийн хугацаанд баривчлах захиргааны шийтгэл хүлээснээр сургуулиас чөлөө авсан байна. Цаашид түүний хувьд сургуулиа төгсөж, тогтвортой ажил хөдөлмөр хийх, гэр бүл зохиох зэрэг сайн сайхан ирээдүйтэй амьдрал харагдаж байсан. Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр мансуурах бодист хамааралтай болоогүй, донтоогүй зэрэг нөхцөл байдлуудаас үзвэл жирийн эрүүл сэтгэхүйтэй, цаашид хар тамхи, ер нь гэмт хэргийн хор хөнөөл, үр дагаврыг ухамсарлаж амьдрах чадвартай хүн гэж үзэхээр байгаа. Мөн эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилдөө 14 хоногийн хугацаанд захиргааны журмаар баривчлагдсан.
Шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хорих 409 дүгээр хаалттай ангид хоригдож байгаа, энэ хэргээс шалтгаалан сурч байгаа сургууль нь орхигдсон, жар гаруй насны эцэг, эхийн сэтгэл санаа зовинож байгаа зэрэг нь хийсэн хэрэгтээ гэмших бодит нөхцөл болж байна. Уг гэмт хэрэг нь нийгэмд ямар их хор хөнөөлтэй байгааг сайтар ухамсарлан гэмшиж, цаашид гэмт хэрэг үйлдэхгүй, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодистой ямар нэгэн байдлаар холбогдохгүй байхаа амлаж байгаагаа илэрхийлсэн байна. Түүний эцэг н.Баасанханд, эх Ш.Алтанцэцэг, ах Б.Лувсандаш нарын зүгээс Б.А- ийг цаашид гэмт хэрэгт холбогдохгүй байх, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодистой ямар нэгэн байдлаар холбогдохгүй байлгах талаар онцгой анхаарч батлан дааж байгаагаа илэрхийлсэн зэргээс үзвэл Б.А- нь өөрийгөө татаж авах боломжтой бөгөөд хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбогдохгүйгээр ажиллаж амьдрах боломжтой гэж үзэж байна. Түүний үйлдсэн гэмт хэрэг нь хүн төрөлхтний болон Монгол улсын хүн амын эрүүл мэнд, удмын сан, нийгмийн сайн сайхан, хүмүүсийн аюулгүй аж байдалд маш ноцтой хор хохирол бүхий гэмт хэрэг мөн бөгөөд Нэгдсэн үндэстний байгууллагаас хориглосон Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар зүйлд энэ гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг хамгийн чанга хатуугаар оногдуулж байхаар заасан байдаг хэдий ч манай улсын хуулинд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн... бол үйлдсэн хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, хорих ял оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан. Энэ зүйл хэсгээр түүнд оногдуулсан хорих ялыг өөрчилж, тодорхой хугацаагаар тэнсэх боломж хууль зүйн хувьд байна гэж үзэж байна.
Иймд түүнд оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдал, гэмт хэргийн хор уршгийг ухамсарлан гэмшсэн байдал, эцэг, эх, ах нарын зүгээс цаашид гэмт хэрэг үйлдүүлэхгүй байх талаар батлан даахаа илэрхийлсэн байдал зэргийг харгалзан үзэж, Б.А- нэг удаа боломж олгож, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох боломжтой байгааг харгалзан үзэж өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.А- нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх хянан хэлэлцэж, гэмт хэргийн шинж чанар, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн шүүгдэгч Б.А- ийн хувийн байдлыг харгалзан үзэж, шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэх боломжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.А- нь 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 4,2006 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:
гэрч Ц.Дүүрэнбилэгийн “...2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Монгол улсын их сургуулийн 1 дүгээр байрны баруун урд уулзварт үүрэг гүйцэтгэж байхад 11:00 цагийн үед цагдаа зохицуулагч ахлах ахлагч ...Б.Амарбатын шаардлагыг жолооч биелүүлэхгүй байгаа бололтой байхаар нь очоод, тухайн залууг гавласан. ...Монгол улсын их сургуулийн 1 дүгээр байрны гадна байрлах хогийн сав руу уг залуу 2-3 удаа хурууны 1 үе шиг хэмжээтэй цаас базаад шидээд байхаар нь “Чи болио. наадахыг чинь хүмүүс цэвэрлэдэг юм. Наадахаа очиж ав, хогийн сав руу авч хий” гэж хэлсэн чинь өөрөө очоод газраас авч байсан. Би хогийн сав руу хийж байх үед нь үйлдлийг нь нарийн анзаарч харалгүй тарьсан хогоо хаяж байна гэж бодсон. ...хогийн савны хажууд зогсож байсан Приус-11 маркийн машинтай залуу машиныхаа дуут дохиог дараад нааш ир гээд намайг дуудаад байсан. Би яваад очсон чинь “Та хоёрыг урагшаа уулзвар руу харж байх хооронд хоёр ууттай зүйлийг түрүүний гавтай залуу энэ хогийн сав руу хийчихсэн” гээд түрдэг дугуйтай том хогийн савыг заасан. Тэр залуугийн заасан хогийн сав руу очиж харахад доор нь хоёр тунгалаг гялгар ууттай зүйл байсан. Уутанд нь ногоон өнгийн навчтай ургамал, нөгөө уутанд нь цаас нугалж хийсэн байсан ба уутны ёроолд нунтаг ногоон зүйлтэй байсан. Би энэ зүйлийг мансууруулах бодис гэдгийг хараад таньсан. ...” /хх 34-35/,
гэрч Б.Алтанбаганын “...Би машин дотроо түгжрээд 1 дүгээр эгнээнд байх үед цагдаагийн 2 алба хаагчийг цаашаа харах хооронд гавтай залуу нь куртикнийхээ энгэрээс 2 ширхэг гялгар ууттай, дотроо ногоон өнгөтэй зүйлтэй, нөгөө уут нь дотроо цагаан цаастай зүйлийг гаргаж ирээд хогийн сав руу хийчихсэн юм. Би тухайн залуугаас 5 метр хүрэхгүй зайтай зогсож байсан. Би үнийг хараад, машины дуут сигнал дуугаргаад хоёр цагдааг дуудсан. ...” /хх 37/,
шүүгдэгч Б.А- ийн “...Би татсан мансууруулах өвс болон хогийн саванд хаясан мансууруулах өвсийг 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр найзуудтайгаа наргиж байгаа танихгүй гадаад хүнээс авсан юм. ...Тэр залуу өөрийгөө “Том” гэж танилцуулсан. Канад улсаас ирсэн” гэж хэлж байсан. Харин Монголд ямар зорилгоор ирсэн, юу хийдэг талаар хэлээгүй. Бид хоёр хамт миний машин руу явсан. Би машины урд, Том машины хойд талын суудалд суусан. Том надад халааснаасаа 1 ширхэг янжуур тамхи гаргаж өгсөн. Тэрийг нь аваад харахад янжуур тамхины дотор талыг нь үүрүүлж асгаад оронд нь өөр нунтаг зүйл хийсэн байсан. Би түүнээс 3-4 сороход надад ямар нэгэн мэдрэмж төрөөгүй, ямар нэгэн нөлөө үзүүлээгүй, зүгээр тамхи татаж байгаа юм шиг санагдаж байсан. Намайг тэр тамхинаас нь татаж байхад халааснаасаа ууттай, ногоон өнгөтэй өвс гаргаж үзүүлээд “үүнийг хийсэн юм, наадах чинь хор биш, чамайг гоё болгоно” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлгүүд /хх 41-42/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 1019 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “RAW natural rolling papes” гэсэн бичиглэлтэй хар өнгийн төмөр сав, ...гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahudrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно...” /хх 50-51/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 1020 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “...Б.А- ээс шээлгүүлж авсан 70 мл хэмжээтэй шээс” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. ...” /хх 55-56/ гэсэн дүгнэлтүүд,
эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 31/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 19, 21-23, 26, 29-30/ зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогджээ.
Б.А- ийн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 4,2006 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх Б.А- ийн үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчилсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Б.А- , түүний өмгөөлөгч Ц.Оргил нар нь “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэнэ үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Шүүхээс Б.А- ийн гэмт хэргийн идэвхитэй үйлдэл, оролцоо, хувийн байдал, энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээгээр буюу их биш хэмжээгээр ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршигт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “....Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А- , түүний өмгөөлөгч Ц.Оргил нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 405 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А- , түүний өмгөөлөгч Ц.Оргил нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ