| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
| Хэргийн индекс | 126/2021/0004/З |
| Дугаар | 126/ШШ2021/0011 |
| Огноо | 2021-02-19 |
| Маргааны төрөл | Бусад, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2021 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 126/ШШ2021/0011
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын улсын бүртгэгчид холбогдох “Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын улсын бүртгэгчийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хууль бусаар бүртгэсэн *******гийн*******,*******ын******* нарын гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Чой овогт *******гийн*******ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Батпүрэв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.Батпүрэв миний бие 2014 онд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын иргэн Г.Мягмарсүрэнтэй танилцаж нэг жилийн хугацаанд хамт амьдарч байгаад 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр охинтой болсон. Бид Хөвсгөл аймгийн Тариалан суманд амьдарч байтал охиныг 5 сартай байхад Г.Мягмарсүрэн гэртээ харьчихаад ирье гэж Эрдэнэбулган сум руу яваад буцаж ирээгүй. Би хойноос нь авахаар очсон боловч тусыг олоогүй. Түүнээс хойш би Хөвсгөл аймгийн Тариалан суманд ганцаараа мал маллан амьдарч байгаад 2018 онд одоогийн эхнэртэйгээ танилцсан бөгөөд 2020 онд гэрлэлтээ батлуулахаар Улсын бүртгэлийн газарт хандахад та өмнө нь гэрлэлтээ батлуулсан байна, өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа тул шинээр гэрлэлт бүртгэх боломжгүй гэсэн. Ингэж би Г.Мягмарсүрэн надад мэдэгдэхгүйгээр гэрлэлт бүртгүүлсэн болохыг мэдсэн. Улмаар би Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гомдол гаргахад тус хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/54 тоот албан бичгээр хяналтын улсын байцаагч дүгнэлт гаргах боломжгүй тул шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг ирүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д зааснаар миний хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахдаа С.Батпүрэв надад урьдчилан мэдэгдээгүй, миний оролцоог хангаж, надаас зөвшөөрөл авахгүйгээр гэрлэлтийг бүртгэж, бусдыг хууран мэхлэж, хууль бус арга хэрэглэж, хуурамч баримт бүрдүүлж, танил талаа ашиглаж захиргааны акт гаргуулсан байна. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Гэрлэхийг хүсэгчид дараах баримт бичгийг бүрдүүлж, гэрлэсний бүртгэлд өөрийн биеэр бүртгүүлнэ, 7.6-д Гэрлэсний бүртгэлийг хөтлөхдөө гэрлэхийг хүсэгчдийг гэрчийн хамт байлцуулах бөгөөд гэрчээр 18 насанд хүрсэн хүнийг оролцуулна гэж заасан байдаг. Гэтэл би гэрлэлт бүртгүүлсэн тухай огт мэдээгүй, гэрлэлт бүртгүүлэхэд өөрийн биеэр байгаагүй нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын улсын бүртгэгч Захиргааны ерөнхий хууль болон Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийг ноцтой зөрчиж, миний эрх ашгийг хөндсөн акт гаргасан болохыг харуулж байна. Мөн гэрлэлтийг бүртгүүлэхэд бүрдүүлсэн баримт бичиг нь миний оролцоогүй бүрдүүлсэн учраас хуурамч баримт болох юм. Тиймээс нэхэмжлэгч С.Батпүрэв миний эрх ашгийг зөрчсөн, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын улсын бүртгэгчийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хууль бусаар бүртгэсэн *******гийн*******,*******ын******* нарын гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч С.Батпүрэв болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржханд нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Нэхэмжлэгч С.Батпүрэв миний бие хууль бусаар бүртгэсэн С.Батпүрэв, Г.Мягмарсүрэн нарын гэрлэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хугацаанд хариуцагч Эрдэнэбулган сумын улсын бүртгэгч нь буруугаа хүлээж, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн газрын бүртгэлийн хяналтын улсын байцаагч хууль бус гэрлэлт болохыг тогтоож, гэрлэлтийг хүчингүй болгосон учир шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Батпүрэвийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын улсын бүртгэгчид холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын улсын бүртгэгчийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хууль бусаар бүртгэсэн *******гийн*******,*******ын******* нарын гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1. ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасан.
Нэхэмжлэгч С.Батпүрэв шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж буйгаа илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдъя.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын улсын бүртгэгч /С.Тэмүжин/-ээс 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Батпүрэвт олгох зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Батпүрэвийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын улсын бүртгэгчид холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын улсын бүртгэгчийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хууль бусаар бүртгэсэн *******гийн*******,*******ын******* нарын гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын улсын бүртгэгч /С.Тэмүжин/-ээс 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Батпүрэвт олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ