Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2024/0050

 

Б.Б-, Б.Д- нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Т.Энхмаа,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас

Нэхэмжлэгч: Б.Б-, Б.Д-

Хариуцагч: Т аймгийн Э сумын Засаг дарга, газрын даамал

Гуравдагч этгээд: Нийслэлийн Н- дүүрэг, ГТ-н бц- газрын хамгаалалтын захиргаа,

Нэхэмжлэлийн шаардлага: “Б.Б-, Б.Д- нарын тус бүр 2.5 га газрыг Газрын кадастрын Ланд менежер программд бүртгэхгүй байгаа газрын даамлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрыг мэдээллийн санд бүртгэхийг хариуцагчид даалгах”

Гуравдагч этгээд ГТ-н бц- газрын хамгаалалтын захиргааны “Т аймгийн Э сумын Засаг даргын 2008 оны  05 дугаар сарын 27-ны өдрийн 186, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/432 дугаар захирамжуудыг тус тус Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлага,

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн 0042 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа,

Хэргийн индекс: 123/2022/0048/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн 0042 дугаар шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-, Б.Д- нараас Э сумын газрын даамалд холбогдуулан гаргасан “Б.Б-, Б.Д- нарын тус бүр 2.5 га газрыг Газрын кадастрын Ланд менежер программд бүртгэхгүй байгаа газрын даамлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрыг мэдээллийн санд бүртгэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд ГТ-н бц- газрын хамгаалалтын захиргааны бие даасан шаардлагыг хангаж, Т аймгийн Э сумын Засаг даргын 2008 оны  05 дугаар сарын 27-ны өдрийн 186, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/432 дугаар захирамжуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

2. Давж заалдах гомдлын агуулга:

2.1. Хууль хэрэглээгүй

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.1.3-4.1.4-т тус тус зааснаар  хэдийгээр сумын газрын даамалд Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй” гээд 23.4.3-д “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэглүүлж, координатжуулах, тэдгээрийг кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх” үүрэгтэй байх боловч Нийслэлийн Н- дүүрэг, Т аймгийн Э сумын хилийн цэсийн маргааныг эрх бүхий байгууллагаас эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хилийн цэсийн маргаан бүхий 54118.5 га газарт аль нэг засаг захиргааны нэгжээс шийдвэр гаргахгүй байх, газрын кадастрын Ланд менежер программд бүртгэл хийхгүй, түр хаасан болох нь Газар зохион байгууллт, геодези зураг зүйн газрын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1/534 дугаар албан бичгээр нотлогдож байна. Иймээс сумын газрын даамлыг үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь илтэд алдаатай дүгнэлт болжээ.

Учир нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д эрх бүхий этгээд газар эзэмшүүлэх шийдвэр гаргаснаас хойш ажлын 15 хоногийн дотор мэдээллийн санд оруулна гэж маш тодорхой заасан бөгөөд өмнө нь уг зохицуулалтын дагуу хуучин программд байсан ч шинэчилсэн программд бүртгэгдээгүй буюу бүртгэлийн алдаа болсон байсан. Уг бүртгэлийн алдааг засахыг нэхэмжлэгчийн зүгээс хүссэн ч шүүхийн зүгээс шинээр газар олгосон нөхцөлд бүртгэлд бүртгэхгүй байх нэг агентлагийн бусад байгууллагууд өгсөн албан бичгээр хуулийг хэрэгжүүлэхээс татгалзаж буй нь хууль хэрэглээгүй нөхцөлийг бүрдүүлжээ.

Мөн Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлнэ” гэж зааснаар газрын даамал хэрэгжүүлэх үүрэгтэй байна. Гэтэл энэ үүргээ хариуцагчийн зүгээс дээд байгууллагаас нэвтрэх эрхийг хааснаас үүдэлтэй хэрэгжүүлэхгүй байна гэх тайлбарыг үндэслэж шийдвэр гаргахдаа шүүх хууль хэрэглээний ноцтой алдаа мөн нотлох баримтыг зөв ойлгож дүгнээгүй байна.

Хариуцагчийн тайлбарт дурдагдаж буй Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолын 2.2-т “газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэр, холбогдох мэдээллийг зарын кадастрын улсын мэдээллийн санд тусгах болон улсын бүртгэлийн дундын мэдээллийн санд бүртгэх ажлыг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан гүйцэтгэх” гэж зааснаас үзвэл хориглох хязгаарлах зохицуулалтыг агуулаагүй байхад хариуцагч буруу тайлбарлаж, шүүх ч буруугаар дүгнэсэн байна.

Нөгөө талаас газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/209 дугаар тушаалаар батлагдсан “Хилийн цэсийн маргаан шийдвэрлэх заавар” баталсан бөгөөд уг зааврын 5 дугаар зүйлд зааснаар иргэдийг хөөх, олгохгүй байх, эсхүл олгосон газрыг цуцалж чөлөөлөх агуулга ерөөсөө байхгүй бөгөөд зөвхөн зохицуулж аль нэг талд нь бүртгэнэ гэсэн байхад шүүх уг асуудлаар огт дүгнэлт хийгээгүй байна.

2.2. Бие даасан шаардлагын хувьд

Гуравдагч этгээдийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд илт хууль бус болохыг тогтоолгох акт нь 2008 оны иргэн Б.Б-эд олгосон газар эзэмших эрх байдаг. Гуравдагч этгээд захиргааны ерөнхий хуулийг хэрэглэж уг актыг илт хууль бус болохыг тогтоолгох боломжгүй бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлээр шаардлагаа тодорхойлох ёстой байсан талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний бие маргасан хэдий ч гуравдагч этгээд энэ талаар тайлбарлаж чадаагүй бөгөөд бие даасан шаардлагын үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлээр эцсийн байдлаар тодорхойлсон.

Гэвч шүүх захиргааны байгууллагын алдааг засаж шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасныг удирдлага болгон бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчиж шийдвэр гаргажээ.

Шүүхийн хийсэн бас нэгэн том алдаатай дүгнэлт нь 2008 онд иргэн Б.Б-эд Т аймгийн Эрдэнэ сумаас газар эзэмших эрх олгож байхад тухайн газар нь Эрдэнэ сум, Н- дүүрэг болон Нагалхааны хамгаалалтын захиргааны газрын алинд нь байсныг тодруулаагүй. Учир нь 2008 онд аливаа байдлаар хилийн цэсийн маргаан байгаагүй бөгөөд 2013 онд Нагалхааны тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа бий болж түүнд газрын хил тогтоож өгснөөр Н-, Эрдэнэ, Хамгаалалтын захиргааны дунд хилийн маргаан үүссэн байдаг. Ийм учраас 2008 онд байгуулагдаагүй байсан хамгаалалтын захиргааны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, илт хууль бус акт гаргах боломж байхгүй. Хоёрдугаарт Б.Б- эхлээд газар эзэмших эрхтэй болсон байгааг анхаараагүй.

Нөгөө талаар хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрүүдээр өмнө нь олгогдсон байсан газрыг хилийн цэсийн маргааны улмаас хүчингүй болгох ямар ч эрх хэмжээг аль ч байгууллагад олгоогүй байна.

Иймээс Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 123/ШШ2023/0042 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлыг тодруулаагүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Б.Б-, Б.Д- нараас “Б.Б-, Б.Д- нарын тус бүр 2.5 га газрыг Газрын кадастрын Ланд менежер программд бүртгэхгүй байгаа газрын даамлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрыг мэдээллийн санд бүртгэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Т аймгийн Э сумын газрын даамалд холбогдуулан гаргажээ.

2.1. Шүүх нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэрэг үүсгэж шийдвэрлэсэн нь буруу байна. Учир нь,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:, 52.5.1-т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 53 дугаар зүйлийн  53.3-т “Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно” гэж тус тус заасан.

2.2. Нэхэмжлэгч нараас “... Газрын тухай хууль тогтоомж, газрын нэгдсэн систем бүртгэлд өөрчлөлт орсонтой холбоотойгоор газрын кадастрын мэдээллийн санг хөтлөх систем шинэчлэгдсэн. Систем шинэчлэгдэхэд хуучин системд байсан мэдээлэл шинэ системд байхгүй болсон. Хариуцагчийн татгалзал хуульд үндэслээгүй ...” гэх үндэслэлээр “Б.Б-, Б.Д- нарын тус бүр 2.5 га газрыг Газрын кадастрын Ланд менежер программд бүртгэхгүй байгаа газрын даамлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрыг мэдээллийн санд бүртгэхийг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч шүүх нэхэмжлэгч нь хариуцагчийн хэдэн оны эс үйлдэхүйтэй маргаж байгаа эсэх нь тодорхойгүй, өмнө нь ашиглагдаж байсан газрын кадастрын программд бүртгэлтэй байсан эсэх, тухайн үед нэхэмжлэгчээс хандаж байсан эсэх, уг программ хэзээ шинэчлэгдсэн болох, газрын кадастрын хамгийн сүүлийн программ нь хэзээнээс нэвтэрч эхэлсэн, уг программ нэвтэрсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс хэзээ хэрхэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандсан зэргийг тодруулж дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй байна. 

2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заажээ.

 2.4. Нэхэмжлэгчээс мөн “... Хилийн цэсийн маргаантай явж байх хугацаанд газар олгоогүй. Газар эзэмших эрх буюу эхлэл цэг нь 2008 оноос хойш эхэлсэн” гэсэн үндэслэлийг нэхэмжлэлд дурдсан байна.  

2.5. Хариуцагчаас “... Монгол Улсын Их Хурлаар хилийн цэсийг шинэчлэн баталж, шийдвэрлэх хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж тайлбарлан маргасан байна.

2.6. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/209 дугаар тушаалаар батлагдсан “Хилийн цэсийн маргаан шийдвэрлэх заавар”-аар хилийн цэсийн маргаанд дүн шинжилгээ хийж бодит болон бодит бус маргааныг ангилан тодорхойлох, зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай бодит маргааныг хууль, журмын дагуу саналыг боловсруулж холбогдох байгууллагад уламжлах, бодит бус маргааныг орон нутгийн удирдлага, малчид, иргэдэд үнэн зөв мэдээллийг хүргэж, ойлголтын зөрүүг шийдвэрлэхээр заажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1/534 дугаар албан бичгээр шүүхэд “... газруудын эргэлтийн цэгүүдийн координатыг шалгаж үзэхэд Нийслэлийн Н- дүүрэг, Т аймгийн Э сумын хилийн цэсийн маргаантай бүс нутагт хамаарч байна, ... хилийн цэсийн маргааныг эрх бүхий байгууллагаас эцэслэн шийдвэрлэх хүртэл шинээр газар олгох, газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгах, зориулалт өөрчлөх, мэдээллийн санд нөхөн бүртгэх үйл ажиллагааг Барилга, хот байгуулалтын яамны 2022 оны 3/2464 тоот албан бичгийн дагуу Газрын кадастрын мэдээллийн санд түр хугацаагаар хаагаад байна” гэжээ.

2.7. Нэхэмжлэгч нарын эзэмшлийн газартай давхцалтай гэх ГТ-н бц- газрын хамгаалалтын бүс хэзээнээс тогтсон болох нь тодорхой бус, Газар, зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас шүүхэд тус газар нь хилийн цэсийн маргаантай гэх хариуг өгсөн байхад шүүхээс “ГТ-н бц-ой давхцуулан Б.Д-д 5 га газар эзэмшүүлсэн Э сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 27-ны 186 дугаар захирамж болон Б.Д-, Б.Б- нарт тус бүр 2.5 га газар эзэмшүүлсэн Э сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/432 дугаар захирамжууд ... илт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байна” гэж дүгнэж, мөн нөхөн олговрын асуудлыг “ нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, газрын кадастрын мэдээллийн санд /хуучин сан/ бүртгэсэн бөгөөд нэхэмжлэгч нар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 35.3.1-т заасны дагуу газрыг зориулалтын дагуу уг газрыг эзэмшиж, ашиглан, газрын төлбөрийг төлж үүргээ биелүүлж байсан нь нотлогдсон, ... 2008 оноос 2022 он хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нарыг тухайн газрыг эзэмших эрхгүй гэх үндэслэлээр маргаагүй, газар чөлөөлөх тухай мэдэгдэл, шаардлага өгөөгүй, нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн захирамжийг өөрчлөх хүчингүй болгох шийдвэрийг хариуцагчаас гаргаж байгаагүй, ... тухайн захиргааны маргааны улмаас нэхэмжлэгч нарын тухайн газрыг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна, ... нэхэмжлэгч нарт энэ тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй” гэж зөрүүтэй байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

2.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулахаар хуульчилсан.

2.9. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно”, 35 дугаар 35.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д заасан журмыг баримтлан газар ашиглах зөвшөөрөл авах, сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлтээ тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “”нэхэмжлэл"..., хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ГТ-н бц- газрын хамгаалалтын захиргаа нь газар ашиглах эрх олгох, бүрэн эрх бүхий этгээд байх бөгөөд шүүхээс тус газарт нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг тусгайлан зааж хуульчилсан эсэх зэргийг тодруулж, хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

2.10. Анхан шатны шүүхээс дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэргийн оролцогчийн эрх зүйн байдал зэргийг бүрэн тодруулж, холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, дүгнэлт өгөөгүй, тодруулбал, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлийг тогтоож, дүгнэлт өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн 0042 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                       Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ