Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 392

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Сагил сумын 2 дугаар багт оршин суух, 1992 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОВ92101407, И овогт Ч-ийн О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд хоригдож буй, 1990 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЛ90042578, Б овогт Б-ийн Б-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь нөхөр Б.Б-тай танилцаж 2012 онд гэр бүл болсон. Бидний хамт амьдрах хугацаанд бусдын адил сайхан байсан. Энэ хугацаанд буюу 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр охин С, 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүү Д нарыг төрсөн. 2017 оноос Б.Б ажлаас халагдаж, гэр орноосоо хөндийрч гадуур хонож, өөр хүнтэй явалдах болсон. Улмаар тэр хүний хүүхдийг хүчирхийлж, доромжилсноос болж шүүхээс ял авсан. Сүүлийн жилүүдэд бидний харьцаа хөндийрсөн. Шүүхээс эвлэрүүлэх хугацаа өгсөн боловч бид эвлэрээгүй. Би одоо гуанзанд ажиллаж байгаа, 2 хүүхдээ өсгөн хүмүүжүүлж чадна. Одоо би Б.Б-тай эвлэрэн нийлэх ямар ч боломж байхгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй 2 хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна. Биднийг гэр бүл болоход аав, ээж нар хэдэн тооны мал өгсөн боловч идэж уугаад дууссан, одоо ямар ч мал үлдээгүй. Иймд бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Ч.О-тэй 2012 онд гэр бүл болж 2 хүүхдийн аав, ээж болоод сайхан амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас миний бие архи уух болсон. Ч.О надад хайр халамж тавьдаггүй. Миний архи уух болон эрүүгийн хэрэгт холбогдсон явдал гэр бүлийн тааламжгүй уур амьсгалаас болсон гэж үзэж байна. Тэгээд ч миний бие эрүүгийн гэмт хэрэг үйлдээгүй, нотлох баримт байхгүй, анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан байгаа. Ч.О сална гээд байгаа бол салдаг юм байлгүй. Би охин Б.С өөрийн асрамжид авахыг хүсэж байна. Хурим найр болоход аав, ээжийн өгсөн хэдэн тооны мал байгаа. Гэвч албан ёсоор миний нэрэн дээр тоолуулж байгаагүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Б.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Ч.О, Б.Б нар 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болж, 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр охин Б.С, 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүү Б.Д төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбарууд, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны болон хариуцагч Б.Б нь эрүүгийн хэрэгт холбогдон цагдан хоригдсоны улмаас 2017 оны 12 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй, цаашид хамт амьдрах боломжгүй болох нь тогтоогдож байх тул Ч.О, Б.Б нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчдын дундаас төрсөн хүүхдүүдийн хувьд бага настай, хариуцагч Б.Б нь Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлсэн зэргийг харгалзан хүүхдүүдийг эх Ч.О-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин Б.С, хүү Б.Д нарыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Б.Б-аар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүх хүүхдийг эх Ч.О-ийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн хэдий ч хариуцагч нь “Хурим найр болоход аав, ээжийн өгсөн хэдэн тооны мал байгаа. Гэвч албан ёсоор миний нэрэн дээр тоолуулж байгаагүй” гэх боловч энэхүү тайлбараа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт хариуцагч Ч.Б-ы нэр дээр хэдэн тооны тооны мал тоолуулж байсан талаарх баримт авагдаагүй тул зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэж үзнэ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117.318 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-аас 117.318 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.О-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:             

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар И овогт Ч-ийн О, Б овогт Б-ийн Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Б.С, 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.Д нарыг эх Ч.О-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.С, хүү Б.Д нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Ч.Б-аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Жаргалсайханд даалгасугай.  

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117.318 /нэг зуун арван долоон мянга гурван зуун арван найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-аас 117.318 /нэг зуун арван долоон мянга гурван зуун арван найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.О-д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ