Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2018/00816

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 04 өдөр

     Дугаар 184/ШШ2018/00816

Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

  Нэхэмжлэгч: ..тоот хаягт оршин суух,....овогт..-ийн Б.../РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

 

  Хариуцагч: .... тоот хаягт байрлах, .... “Т” ХХК РД:......../-д холбогдох 

 

Ажил олгогчоос 28.897.815 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Б- би 2010 оны 8 сард анх “Т-” ХХК-д ажилд ороод 2011 оны 07 сард үндсэн ажилтан болсон. 2013 оны 11 сарын 1-нээс эхлэн өрмийн мастераар дэвшин ажилласан. Ажиллаж байх хугацаанд компаниас цалинг цаг тухайд нь эсвэл сараар хойшлуулаад олгодог байсан. Ажил олгогчоос “компанийн санхүүгийн нөхцөл байдлыг ойлгож ажиллахыг хүсэж, цалинг дараа олгоно хэмээн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцэхүйц хэмжээний бичилт хийж, миний 2013 оны 10,11 дүгээр сарын цалин, 2014 оны цалингаас эрсдэлийн санд суутгасан суутгал, 2015 оны 8, 12 сарын цалин хөлсийг олгоогүй бөгөөд компанийн зүгээс дээрх саруудын цалин эрсдэлийн санд суутгасан суутгалд 9.648.725 төгрөгийг надад олгох тооцоог гаргаж өгсөн.  Ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн шалтгаанаар гээд байгууллагын захирал н.Ч-тай биечлэн уулзаж цалингаа шаардаж байсан. Мөн өргөдөл гомдол, хүсэлт, шаардлага бүх зүйлийг хүргүүлсэн. Гэвч бичгээр хариу өгдөггүй байсан. Эсвэл уулзаад түр хүлээж бай, дараа сард өгье гээд хойшлогдоод яваад байсан. Би өөрөө хагалгаанд орсон байхдаа хүртэл захиралд хандсан. Уучлаарай мөнгөгүй, боломжгүй байна гэж хэлдэг байсан. Сүүлдээ аргаа бараад Т- ХХК-ийн хуульч, санхүүгийн алба, хүний нөөц, захирлын албанд тус тус шаардлага хүргүүлсэн. Санхүүгийн албанаас өгнө гэсэн албан бичиг, нотлох баримт гаргаж өгдөггүй. Чи гараараа бичиж ав, би чамд хэлээд өгье гээд санхүүгийн албаны цалингийн нягтлан тэгж ханддаг байсан. Ингээд 2017 оны 10, 11 сард хуваагаад олгоно” гэж амаар хэлсэн боловч өгөөгүй. Би цалин гаргуулах асуудлаараа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид өргөдөл гаргасан боловч гомдлыг маань хүлээн аваагүй. Тиймээс 2013 оны 10, 11 дүгээр сарын цалин 8.632.883 төгрөг, 2014 оны цалингаас эрсдэлийн санд суутгасан суутгал 827.862 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын цалин 63.343 төгрөг,12 дугаар сарын цалин 124.637 төгрөг, нийт 9.648.725 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар цалин хөлс хугацаанд нь олголгүй хугацаа хэтрүүлсэн 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэлх 665 хоног тутамд 0,3 хувиар тооцон алданги 19.249.090 төгрөг, нийтдээ 28.879.815 төгрөгийг хариуцагч “Т-” ХХК-иас гаргуулж, 2013 оны 10, 11 сарын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б- нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Г.Б- “Т-” ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж сар бүр тогтмол цалин авч байсан. 2011 оны 7 сарын 1-нээс 2016 оны 02 сарын 15 хүртэл ажилласан. Ажил олгогчоос олгоогүй цалин хөлс 9.648.725 төгрөгийг ямар гэрээний үндсэн дээр “Т-” ХХК-иас гаргуулахаар шаардаж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй, нотлох баримтгүй байгаа. Мөн алданги гэж 19.249.090 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа боловч энэ нь үйл баримтаар нотлогдохгүй, үүнийгээ нотолж чадахгүй байна. 2013 оны 10, 11 сар, 2015 оны 8,12 сард цалин хөлс авч, нийгмийн даатгал төлөгдөж байсан нь Г.Б-ын нийгмийн даатгалын дэвтрээс харагдаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 141.4-т ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй хожимдуулсан тохиолдолд 0.3 хувийн алданги тооцож шүүх ногдуулж ажилтанд олгоно гэж заасан. Гэвч шүүхийн өмнөөс шийдвэр гаргаад байгаа юм уу, тогтоосон гэж ямар хугацааг хэлээд байгаа нь ойлгомжгүй, тогтоогдохгүй байна. Г.Б-той байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 0.3 хувийн алданги тооцохоор тохирсон зүйл огт байхгүй. Хөдөлмөрийн гэрээ нь нотлох баримтаар хэрэгт байгаа. Иймд олгоогүй цалин гэх 9.648.725 төгрөг, алданги 19.249.090 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Цалин олгогдоогүй сарын эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэн, нөхөн бичилт хийлгэх гэж шаардсан байгаа. Энэ шаардлага нь бас үндэслэлгүй. Ажиллаж байсан 2011 оноос 2016 оны 02 сарын 15-ны өдөр хүртэлх эрүүл мэнд, нийгмийн даатгалд бөглөгдөөгүй орхигдсон сар байхгүй. Хөдөлмөрийн гэрээнд байгуулсан “Т-” ХХК нь улирлын чанартай ажил гүйцэтгэдэг учир ажилчдын цалинг бүрэн өгдөг. Сул зогсолттой байх хугацаандаа өөр компанид ажиллахыг зөвшөөрдөг. Г.Б- ч гэсэн сул зогсолтынхоо цалинг бүрэн аваад өөр компанид давхар ажилладаг байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 46.3-т улирлын шинжтэй үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллагын үндсэн ажилтны ажиллаагүй хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг цалин хөлсний доод хэмжээгээр ажил олгогч төлнө гэж заасан. Хуулийн хүрээнд ажилчдынхаа асуудлыг шийддэг байсан. Санхүүгийн байдлаас шалтгаалан сул зогсолттой зарим сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг байсан. Иймд цалин хөлс олгогдоогүй сарын эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх гэснийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Б- нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-т заасны дагуу чөлөөлөгдөх тул тэмдэгтийн хураамж төлөөгүй болно гэж нэхэмжлэлдээ бичсэн байна. Харин хуульд гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэсэн байна. Гомдол гаргасан юм уу нэхэмжлэл гаргасан юм уу ойлгомжгүй байна. Гомдол гаргасан бол “Т-” ХХК-ийн хэн гэдэг ямар албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдож байгаа вэ гэдэг нь баримтаар нотлогдохгүй. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэж үзэх хангалттай үндэслэл байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.2-т нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт эсвэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг хавсаргана гэж заасан байдаг. Тийм хүсэлт ч алга. Мөн хуулийн 155.2-т гомдолд ямар байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргаж байгаа, тухайн шийдвэр, үйл ажиллагаа нь ямар хууль тогтоомжид харшилж байгаа үндэслэл нотолгоог заана гэсэн байгаа. Ийм үндэслэл нотолгоо огт байхгүй. Иймд гомдол гэж үзэж улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж болохгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлж чадаагүй. Ямар ч баримт нотолгоогүй зүйл шаардаж байна. Цалин хөлс нэхсэн үү, гомдол гаргаад байгаа юм уу, амлалт нэхээд байгаа юм уу тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон үйл баримт огт байхгүй. Нягтлан бодогчоос асуухад 9 сая төгрөг авна гэсэн байна. Энэ нь нягтлан бодогчийн алдаатай бодож хэлснийг авна гэж бодоод байгууллагаа шүүхэд өгсөн байна. Хөдөлмөрийн гэрээнд заасан болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажлаа гүйцэтгэж, авах ёстой цалингаа авсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд Г.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Б- нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. Гэхдээ ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтаар тодорхойлсон үүргээ хэрэгжүүлэлгүй, гэрээний гол нөхцөлийн талаар тохиролгүй, нэмэгдэл цалин хөлс гэх нэрийдлээр ажилтны үндсэн цалин хөлсийг гэрээнд заалгүйгээр, үүнийгээ үндэслээд ажилтны цалин хөлсийг олгохгүй байсан юм. Ийм учраас хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж цалин хөлс авч байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Огт цалин хөлс аваагүй гэж нэхэмжлээгүй. Үндсэн гэрээнд заасан цалин хөлсийг олгосон боловч хийсэн ажилд нь дүйцүүлэн олгох ёстой цалинг нь олгоогүй гэсэн үндэслэлээр шаардлагаа гаргаж байгаа. Уул уурхайн компанид өрмийн мастераар ажилладаг байсан. Өрмийн мастерын цалин хөлсний доод хэмжээ жишиг мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 2 дахин илүү байхаар хуульчилсан Засгийн газрын гурван талт гэрээ байдаг. Аль ч уул уурхайн компани мөрдөж ажиллах үүрэгтэй. Ажил олгогч ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр олгоно гэж заасан. Иймд хийсэн ажлынхаа цалин хөлсийг нэхэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 49.1-т зааснаар өрмийн мастер хийснээрээ цалингаа авах ёстой. Мөн хуулийн 49.3-т нарийн мэргэшил, мэргэжил, мэдлэг шаардах, эсвэл онцгой нөхцөлтэй хөдөлмөрийн үнэлгээ илүү байна гэж заасан. Хуулийн заалтын дагуу өрмийн мастерууддаа хөдөлмөрийн гэрээнд зааснаас илүү цалинг өгөөгүй нь гэрчийн мэдүүлэг, өрмийн мастеруудын өрмийн журнал зэргээр хангалттай нотлогдож байгаа. Ажил олгогч өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчөөд ажилтны хийснээрээ авах ёстой цалин хөлсийг гэрээнд нь тусгаж өгөөгүй нь хариуцлагагүй үйлдэл. Хөдөлмөрийн гэрээнд тухайн ажилтны цалин хөлсийг тухайн сардаа олгоно гэсэн. Ажил олгогч сарын эхний 15 хоног болон сүүлийн долоо хоногт олгоно гэсэн зохицуулалт нь байна. Энэ дагуу хугацаагаа тогтоогоод алданги нэхэж байгаа юм. Хугацаа тогтоосон байдал бол эргэлзээгүйгээр нотлогдож байна. Гэрээнд алданги тусгаагүй гэсэн нь хөдөлмөрийн гэрээ өөрөө онцлог харилцаа бөгөөд иргэний эрх зүйн харилцаанаас ялгаатай хэрэглэгддэг эрхзүйн зохицуулалт нь ч өөр юм. Иргэний эрхзүйн гэрээнд алдангийг гэрээгээрээ тохироогүй бол алданги тооцох эрхгүй байдаг. Хөдөлмөрийн харилцаагаар бол гэрээнд заавал заах зохицуулалт байхгүй. Хуулиар ажил олгогч тогтоосон хугацаанд ажилтны цалин хөлсийг олгоогүй бол алданги төлнө гэж үүрэгжүүлсэн. Энэ зохицуулалтын хүрээнд алдангийг тооцож байгаа юм. 2013 оны 10, 11 сард ажлын гүйцэтгэл нь өөр байсан учраас тэр үеийн 8.362.888 төгрөгийн цалин хөлсийг олгоогүй гэж нэхэж байна. Үүнийг нөгөө 400.000 төгрөгөөр төлсөн юм гэж тайлбарлаад байна. Өөрөөр ажил олгогч тухайн гэрээнд заасан хугацаандаа ажилтанд олгоод, тэгээд нийгмийн даатгалыг төлөөд дэвтэрт нь бичилт хийх ёстой байсан. Гэтэл бичилт хийгээгүй өнөөдрийг хүрсэн учир энэ хэмжээндээ нөхөн төлөлт хийлгэж, бичилтийг хийлгэе гэж шаардлага гаргаж байгаа. Ажил олгогч ажлаа гүйцэтгүүлсэн мөртлөө ажилтны цалин хөлсийг олгохгүй байж болохгүй. Тодорхой гэрээт компаниудын ажлыг гүйцэтгэсэн байгаа. Тухайн өрмийн ажлаа гүйцэтгээд тэр компаниас гэрээний хөлсөө авсан нь тодорхой. Гэтэл авчхаад энэ хүмүүсийн хөдөлмөрөөр үндэслэлгүй хөрөнгөжихийг хуулиар хориглосон. Тэмдэгтийн хураамжийн хувьд хуулиар тогтоосон асуудал бөгөөд шүүхийн практикт эргэлзээгүй тогтоогдсон. Хөдөлмөрийн маргааны цалин хөлс нэхэмжилсэн хэрэг өөрөө тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг. Аль ч шатны шүүхэд энэ асуудлыг чөлөөлж шийддэг. 2013 оны 11 сараас хойш өнөөг хүртэл компанийн удирдлагаас олгогдоогүй цалин хөлсөө гаргуулахыг шаардаад яваад байна. Компанийн удирдлагаас санхүүгийн нөхцөл байдал сайжрахаар олгоё, тэвчээртэй хүлээж бай, ойлгооч гэж хүссэний дагуу хүлээгээд л байсан. Цалин хөлсөө шаардаад явж байтал цаашид ажиллах боломжгүй боллоо хүсэлтээ өгөөд ажлаасаа гараач гэж хүссэн байдаг. 2016 оны 2 сараас ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэ үед компанийн удирдлагууд цалинг чинь удахгүй өгнө гээд хугацаа заагаад хойшлуулаад байсан. 2013 оны 12 сараас хойш нийт 15-16 удаа “Т-” ХХК-ийн удирдлагуудад хүсэлт, шаардлага зэргийг гаргаад явсан. Захирал хүлээн зөвшөөрөхгүй байна гээд бичгээр хариу өгдөггүй байсан. 2017 оны 08 сарын 29-ний өдөр дахин шаардах бичиг өгсөн.  2017 оны 10 болон 11 сард хувааж олгоё гэж амаар хариу өгсөн. 2017 оны 10 сарын 18-ны өдөр компанийн удирдлагадаа дахин албан бичгээр шаардлага өгсөн. Хүний нөөцийн ажилтан, санхүүгийн ажилтнууд шаардлагыг хүлээн авсан. 4 жилийн хугацаанд шаардаад баримт авч чадаагүй учир бичлэг хийж авсан. Хүний нөөцийн ажилтан өгнө, 2 хуваагаад өгнө гэсэн шүү дээ, чи битгий байнга бичиг өгөөд бай л даа гэж хэлдэг. Энэ байдлаараа ажилтнуудад итгэл төрүүлээд явдаг байсан. Олон ажилчид ийм байдалтай байгаа нь гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Маргаан үүсээд ирэхээр тийм цалин тохироогүй. Чамд өгье гэж хэлээгүй гэж гүрийсэн. Ажил олгогч ажилтны эрхийг илтэд хохироосон, ажил олгогчийн давуу байдлаа ашигласан үйлдлүүд байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Б- нь 2013 оны 10, 11 сарын цалин 8.632.883 төгрөг, 2014 оны цалингаас эрсдэлийн санд суутгасан суутгал 827.862 төгрөг, 2015 оны 8 сарын цалин 63.343 төгрөг,12 сарын цалин 124.637 төгрөг, нийт 9.648.725 төгрөг, 665 хоногийн 0,3 хувиар тооцон алданги 19.249.090 төгрөг, нийтдээ 28.879.815 төгрөг гаргуулж, 2013 оны 10, 11 сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Т-” ХХК-д холбогдуулан гаргажээ.

 

Хариуцагч “Т-” ХХК нь “...нэхэмжилж байгаа саруудын цалин хөлсийг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын төлбөрийг бүрэн төлж бичилтийг хийлгэсэн. Энэ нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт хийсэн бичилтээр нотлогдоно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргав. 

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд “Т-” ХХК-ийн захирлын 2011 оны 06 сарын 30-ны өдрийн 118 тоот тушаалаар Г.Б-ыг тус компанид өрмийн ажилчнаар, 2011 оны 11 сарын 01-ний өдрийн 353 тоот тушаалаар өрмийн мастераар томилсон болох нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2013 оны 3 сарын 01-ний өдрийн 85 дугаартай хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтаар тогтоогдов. /хх-6-9, 36-38х/

 

Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаа үүссэн тул нэхэмжлэгч хариуцагч байгууллагад холбогдуулан цалин хөлсний талаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

 

2016 оны 02 сарын 15-ны өдрийн 04 тоот тушаалаар Г.Б- ажлаас чөлөөлөгджээ. Г.Б- нь “...өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн...” хэмээн тайлбарлах бөгөөд түүнийг анх ажилд орсон болон эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч 2013 оны 10, 11 сард Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Шинэ Монгол” төсөл дээр ажилласан ажлын  цалин 8.632.883 төгрөг, 2014 онд Төв аймагт “Дэлгэрхаан” төсөлд ажилласан цалингаас эрсдэлийн санд суутгасан суутгал 827.862 төгрөгийг ямар нэгэн эрсдэл гаргаагүй тул буцаан авах, “Асем” нэртэй төсөлд ажилласан 2015 оны 8 сарын цалин 63.343 төгрөг, 12 сарын цалин 124.637 төгрөг, нийт 9.648.725 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3-т зааснаар ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд буюу 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл 665 хоног тутамд 0,3 хувиар алданги тооцон 19.249.090 төгрөг, нийтдээ 28.897.815 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж, 2013 оны 10, 11 сарын олгогдоогүй цалингаас эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.5-д “ажил олгогч ажилтны цалин хөлснөөс хууль бусаар суутгал хийсэн бол уг суутгасан мөнгийг эгүүлэн олгох тухай гомдлыг хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргана” гэж,  мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т шүүхээр хянан шийдвэрлэх хөдөлмөрийн маргааныг тус тус заасан бөгөөд хариуцагч байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тул цалин хөлс, суутгалтай холбоотой нэхэмжлэлийг нэхэмжлэгч тус шүүхэд гаргасан нь буруутгах үндэслэлгүй.  

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй”, 129.3-т  “...хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болох” талаар заасан.  

 

Нэхэмжлэгч Г.Б-ын хувьд 2013, 2014, 2015 оны цалин хөлс, суутгалын талаарх нэхэмжлэлээ 2017 оны 10 сарын 30-ны өдөр тус шүүхэд гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй байна. Г.Б- 2013, 2014, 2015 оны цалин хөлс, суутгалыг аваагүй гэдгээ тухай бүрд нь мэдэж байсан бөгөөд ажил олгогч байгууллагын зүгээс “...өгнө, хүлээж бай, санхүүжилт орж ирмэгц олгоно...” гэх мэтээр итгэл төрүүлэн хойшлуулсаар байсан талаар нэхэмжлэгч тайлбарладаг.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ цалин хөлс хугацаанд нь олгоогүй алдангийг 665 хоногоор тооцсон талаар тайлбарласан, хөдөлмөрийн харилцаа 2016 оны 2 сард Г.Б- ажлаас чөлөөлөгдсөнөөр дуусгавар болсон зэргээс үзэхэд энэ үеэс эрх нь зөрчигдсөн гэдгээ мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж үзэхээр байна. Тиймээс дээрх хугацаанаас буюу 2016 оны 02 сарын 15-ны өдрөөс шаардах эрхээ хэрэгжүүлэн холбогдох хуулийн байгууллагад хандах эрх нь нээлттэй байсан, энэ эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй.  

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хөдөлмөрийн маргаантай холбогдох гомдлын шаардлага гаргах 3 сарын хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл” тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдах нь зөв байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг баримтлан “Т-” ХХК-д холбогдох ажил олгогчоос 28.897.815 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай Г.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Г.Б-ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.УРАНЗУЛ