| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2015/09489/И |
| Дугаар | 184/ШШ2018/00844 |
| Огноо | 2018-04-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2018/00844
| 2018 оны 04 сарын 06 өдөр | Дугаар 184/ШШ2018/00844 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .... тоот хаягт байрлах, .... “С” ХХК РД:......../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... тоот хаягт байрлах, .... “Б” ХХК РД:......../,
Хариуцагч: .... тоот хаягт байрлах, .... “Ө” ХХК РД:......../,
Хариуцагч: .... тоот хаягт байрлах, .... “Т” ХХК РД:......../ нарт холбогдох
Гэм хорын хохиролд 164.413.000 төгрөг гаргуулж, хариуцагч нарт үерийн усны шуудууг техникийн нөхцөлийн дагуу зураг төсөл батлуулан шинэчилж 2000 мм-ын диаметрийн хоолойгоор хийлгэж өөрчлөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э-, хариуцагч “Т-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г-, иргэдийн төлөөлөгч Н.Г-, шинжээч Г.Н-, С.Т-, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Г.Ганболор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...манай компани 2012 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд газар худалдан авч, үйлдвэрийн байр байгуулан авто угаалга, хуванцар хоолойн үйлдвэрлэлийн шугам тохиргооны ажил хийж, 2014 оноос бүтээгдэхүүн гаргаж, үйлдвэрлэл явуулж эхэлсэн. 2014 онд нийт 7.232.400 төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан. 2014 оны 4 сараас манай үйлдвэрийн барилга байгууламжийн урд талд “Б-” ХХК нь шинээр барилгын ажил эхлүүлсэн бөгөөд замын хажууд байсан үерийн ус зайлуулах шуудууг барилгын суурийн нүх ухахад гарсан шороогоороо булж тэгшилсэн. Үүнээс болж 2014 оны 5, 9 дүгээр саруудад удаа дараа замын гадаргуугийн цугласан ус замын хашлага даван үйлдвэрийн байр луу орж ирэх болсон. Энэ талаар 1900-1200 утсанд удаа дараа хандан гомдол гаргасан ба барилгын захиалагч Ө-д утсаар ярьж, арга хэмжээ авахыг шаардсан. Энэ дагуу “Б-” ХХК ус зайлуулах хоолой хийсэн боловч тэр нь чанарын шаардлага хангаагүйн улмаас бөглөрч манай ажлын байр луу дахин ус орж ирснийг бид өөрсдийн хүчээр цэвэрлэж үйлдвэрлэлийн ажлаа үргэлжлүүлж байсан. Үүнээс гадна “Б-” ХХК-ийн урд талд “Ө-” нэртэй төв ажилладаг болсон бөгөөд өөрийн талбайд автомашин оруулахын тулд үерийн даланд суваг цутгаж гаргасан боловч тэр нь ус нэвтрүүлэхдээ хангалтгүйгээс үргэлж бөглөрч байдаг болсон. Тэр үед “Ө-” гэдэг компани барилгаа барьсан, 70-ын диаметртэй сувгийн ус зайлуулах хоолойг хийсэн. Өөрийнхөө караоке болон дэлгүүр рүү машин оруулах зорилгоор хоолойг цутгаж хийсэн. Тэр нь бөглөрөөд усанд автаад байж байсан. Ингээд 2014 онд “Т-” ХХК ШТС-аа барьсан. Замын гадаргуу дээрх ус зайлуулах хоолойн чиглэлийг өөрчилсөн. Замын 2 талд нэлээн өргөн, нэлээн өндөр суваг замын доогуур шуудуугаар урсдаг байсан. Тэрийг “Б-” ХХК болон “Т-” ХХК нар өөрчилсөн. “Т-” ХХК 90 см хүрэх үгүйтэй төмөр хоолой тавьсан. “Б-” ХХК нь жалганы аман дээр 1500-ын диаметртэй хоолойг 1000 болгож нарийсгаад, 90 градусын огцом эргэлт хийсэн. Тэр үед хийж болохгүй, үер их ордог гэж н.Ө-тай би уулзаж байсан. 90 см-ын хоолойг өөрсдөө газар доор цутгасан. Тэгээд 1000-ын кольцонууд нийлүүлээд тавиад явсан. “Б-” ХХК өөрийн хашаагаа бариад, залгаад “Ө-” ХХК байрладаг. “Ө-” ХХК нь 50 см, 1000 диаметртэй кольцонууд өөрсдөө цутгасан. Гол зорилго нь төв замаас шууд өөрийн талбайруу автомашин тавих талбай бэлтгэсэн. “Ө-” ХХК-ийн хийсэн кольцонууд хоорондоо их завсар зайтай, шороо ордог байсан. 2016 онд бүүр шороо асгаж дүүргээд бетондсон. Тэгээд үерийн усны даланг өөрсдийн машины зогсоол болгосон. 2016 онд 70 см-ын хоолойгоо дахин ухаж аваад өөд өөдөөс нь хавсраад тавьсан. Ингээд 2015 оны 7 сарын 18-ны өдөр бороо орж, тэр үед “С-” ХХК, “Б-” ХХК, “Ө-” ХХК болон тэр хавийн айлууд бүгд усанд автсан. “Т-” ХХК замын эсрэг талд өндөржилт ихтэй учир усанд автаагүй. Эдгээр байгууллагууд дур мэдэн шаардлага хангасан зураг төсөлгүй, өөрсдийн эзэмшил газар биш нийтийн эзэмшлийн шуудуу байсныг өөрчлөөд манайд хохирол учирсан гэж үзэж байна. Хариуцагч нар сувгийг өөрчлөхдөө техникийн нөхцөл авах ёстой байсан. Эндээс хэр зэрэг ус ирэх, тэр усыг хэдэн см-ын диаметртэй хоолойгоор дамжуулах уу гэсэн тооцоолол хийлгэх байсан. Замын доогуур байгаа хоолойноос нарийсгаж хийсэн. 90 градус эргүүлсэн нь үерийн үеэр даралттай ус дамжиж явахгүй хоолой нь буудсан. Хол зайтай хамааралгүй зүйл бол биш. “Ө-” ХХК-ийн шуудуу өөрсдийнх нь хашаанд, зам дагуу ус зайлуулах шуудуу “Б-” ХХК-ийн хашаанд, замын нөгөө талд “Т-” ХХК шуудууны аманд байрлаж байгаа. Мэргэжлийн байгууллагаас техникийн нөхцөлөө аваад олгосон нөхцөлийн нь дагуу зураг төслөө зуруулаад хийлгэхийг хүсэж байна. Замын доогуур явж байгаа диаметрээс буулгахгүй байх хэрэгтэй. Үүнийг хариуцагч нарт даалгаж өгнө үү. Манайд учирсан гэм хорын хохирол 161.413.000 төгрөг юм. Тоног төхөөрөмжийн хохирлын үнэ 86.440.000 төгрөг, түүхий эд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний үнэ 69.113.000 төгрөг, ажлын байрны нөхөн сэргээгдэх өртөг 5.860.000 төгрөг болно. Энэ хохирлыг 3 хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч “Б-” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“С-” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч “Б-” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. “Б-” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны 6 дугаар гудамж, иргэн Б.Ө-, Л.С- нарын эзэмшлийн газар дээр 80 айлын орон сууцыг барьж гүйцэтгэн, иргэдийн оршин суух нөхцөлийг бүрдүүлэн Улсын комисст амжилттай хүлээлгэн өгч ажилласан. Манай компанийн барьсан барилга нь иргэн Б.Ө-, Л.С- нарын эзэмшлийн газар байсан бөгөөд анх байсан үеэсээ эхлэн тухайн газар нь үер усны онцгой бүсэд байрладаг, байнгын үерт автдаг, авто замаас нам дор газар байсан болно. Үер усны гамшиг олон жил болж байсан газар байсан бөгөөд нэхэмжлэгч “С-” ХХК-ийн эзэмшил газар мөн адил энэ аюултай бүс газарт байрлаж хэд хэдэн талаасаа усанд автаж үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Харин бид иргэд болон барилгын аюулгүй байдлыг хангахын тулд барилгын орчмын газрыг 2 метрээр өндөрлөж, “Ө-” ХХК-ийн хийсэн үерийн усны хоолойн төгсгөл хэсгийг авто замын доорх нүхэн хоолой руу холбон 2000-н шугам хоолойг барьж гүйцэтгэснээр тухайн орчинд үер усны аюул гарах эрсдэлийг бууруулсан тодорхой бодитой ажил болсон юм. Мөн авто замын ус зайлуулах сувгийг үерийн ус зайлуулах шугам руу холбосон зэрэг өөрсдийн хүч, хөрөнгөөр төрийн хийгээгүй ажлыг бид гүйцэтгэсэн. Гэтэл нэхэмжлэгч нь манай компанийг “...замын хажууд байсан үерийн ус зайлуулах шуудууг барилгын суурийн нүх ухахад гарсан шороогоороо булж тэгшилсэн. Үүнээс болж 2014 оны 5 сар, 9 саруудад удаа дараа замын гадаргуугийн цугласан уг замын хашлага даван үйлдвэрийн байр луу орж ирэх болсон" гэж үндэслэлгүй гүтгэж байнгын үерт авдаг, нэн аюултай бүсэд байрладаг байснаа мартаж үндэслэлгүй нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл манай компани нэхэмжлэгч компанид аливаа гэм хор учруулаагүй, гэм буруутай үйлдэл хийгээгүй. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа “үерийн усны шуудууг холбогдох байгууллагын хяналтын дор техникийн нөхцөлийн дагуу зураг төслийг батлуулан, шинэчилж, 2000 мм-ын диаметрийн хоолойгоор хийлгэж, өөрчлүүлэx” хэмээн нэмэгдүүлсэнд хариуцагч “Б-” ХХК-ийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна Хариуцагч “Б-” ХХК нь нэхэмжлэгчид гэм хор учруулаагүй, гэм буруугүй бөгөөд байгалийн давагдашгүй хүчний улмаас бусдад учирсан хохирлыг төлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн түүнчлэн “Б-” ХХК нь орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэсэн гүйцэтгэгч бөгөөд батлагдсан зураг төслийн дагуу ажил гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл үерийн усны суваг шуудууг өөрийн хөрөнгө мөнгөөр гүйцэтгэж учирч болох аюул, үерийн усны гамшгийг багасгах талаар арга хэмжээ авч ажилласан бөгөөд энэ нь хэн нэгний эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч “Ө-” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...“Ө-” ХХК-ийн харьяа “Ө-” төвийн захирал Б.Ө- миний бие “С-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. “Ө-” ХХК-ийн харьяа “Ө-” төв нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 2012 оны 1 сараас эхлэн өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж буй бөгөөд тухайн орчиндоо хамгийн анх байгуулагдсан газар юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан шиг “Ө-” төв нь “С-” ХХК-ийн барилга байгууламж баригдсаны дараа үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн газар биш болно. Хариуцагч болон нэхэмжлэгчийн үйл ажиллагаагаа явуулж буй тус газрын байдал нь нам дор, үер усны онцгой бүс ба ердийнхөөс ахиу хэмжээний бороо ороход л байнга үерт автаж, борооны устай хамт урсаж орж ирсэн лаг шавар, хог хаягдлын улмаас байнга усаар дүүрдэг газар бөгөөд бид өөрийн хөрөнгөөр болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор үерийн уснаас хамгаалах сувгийг барилгынхаа урдуур хийж, хашаагаа бетон болгох гэх мэтээр хамгаалах бусад арга хэмжээг авч улмаар урсаж орж ирсэн хог хаягдлыг дан ганц өөрийн хүчээр зайлуулж, цэвэрлэдэг бөгөөд нэхэмжлэгч болон тэр орчимд үйл ажиллагаа явуулж буй газруудаас тусалж, хамтран ажиллаж байсан удаагүй атлаа суваг бөглөсөн мэтээр нэхэмжлэлдээ дурдсан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртөж болзошгүй үер усны онцгой бүсэд үйл ажиллагаа явуулдаг хирнээ үерийн уснаас эд хөрөнгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх, үерийн уснаас учрах хор хөнөөлийг багасгах ямар ч арга хэмжээг аваагүй бөгөөд улмаар өөрийнх нь хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж учирсан хохиролдоо эргэн тойрондоо үйл ажиллагаа явуулж буй албан байгууллагуудыг буруутгаж байгаа нь зүйд нийцэхгүй явдал болно. Тухайн үерийн онцгой бүсэд “Ө-” төв, “С-”, “Б-” ХХК барьсан орон сууцны барилга, шатахуун түгээх станцын барилга гэсэн объектууд байдаг бөгөөд нэхэмжлэгч өөрөө л биш бол өөр хэн нэгэн, хэн нь ч хамаагүй надад учирсан хохирлыг төлөх ёстой гэсэн байдлаар ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч миний бие дээрх тайлбартаа нотлох баримт болгон Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын 2015 оны 11 сарын 27-ны өдрийн 271 тоот болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын мөн өдрийн 03/2556 тоот албан бичгүүдийг хавсаргасан болно. Байгалийн онцгой үзэгдэл, үер усны аюулаас болж учирсан хэмээж буй хохиролд хариуцагч миний бие огтхон ч хамааралгүй бөгөөд манай үйл ажиллагаа, гэм буруугаас нэхэмжлэгчид хохирол учраагүй. Иймээс нэхэмжлэгч “С-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг надад хариуцуулах хууль зүйн ямар ч үндэслэлгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч “С-” ХХК нь энэ оны 6 дугаар сарын 26-ны өдөр “Ө-” ХХК, “Б-” ХХК, “Т-” ХХК нарт холбогдох гэм хорын хохирлын нөхөн төлбөрт 161.413.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа нэмэгдүүлэн, тус компаниудаар “үерийн усны шуудууг холбогдох байгууллагын хяналтын дор техникийн нөхцөлийн дагуу зураг төслийг батлуулан шинэчилж, 2000 мм-ын диаметрийн хоолойгоор хийлгэж, өөрчлүүлэх” гэсэн даалгах нэхэмжлэлийг гаргажээ. Манай компанийн зүгээс энэхүү нэмэгдүүлсэн шаардлагыг өмнөх нэхэмжлэлийн шаардлагын адилаар хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэмэгдүүлсэн шаардлага нь Монгол Улсын Иргэний хуульд үл нийцэх, хууль бус шаардлага юм. Учир нь Монгол Улсын Иргэний хуульд шаардах эрхийн үндсэн 4-н тохиолдлыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүнд өмчлөгчийн шаардах эрх, гэрээний болон түүнтэй төсөөтэй харилцаанаас үүдэх шаардах эрх, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбогдох шаардах эрх, гэм хорын шаардах эрх багтдаг. Иймд шаардах эрх хэрэгжүүлэхэд эдгээр тохиолдлын аль нэг үүссэн байх гэсэн урьдчилсан нөхцөл тавигдана.Нэхэмжлэгч талаас дээрх шаардах эрхийн тохиолдлын алийг нь үндэслэж, энэхүү нэмэгдүүлсэн шаардлагыг гаргасан гэдгээ тодорхой илэрхийлээгүй. Хэдий тийм ч, нэхэмжлэлийн агуулга, маргааны нөхцөлөөс үзэхэд, нэхэмжлэгчийн үндэслэж байх магадлалтай ганц шаардахын эрх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тодорхойлогдсон гэм хорын шаардлага юм. Гэвч тус зүйлд гэм хорын шаардах эрхийг тодорхойлохдоо хохирогчийн зөвхөн хохирлын нөхөн төлбөрийн шаардлагыг хуульчилсан. Өөрөөр хэлбэл, тодорхой үйлдэл, эс үйлдэхүй шаардах талаар зохицуулж өгөөгүй. Иймээс нэхэмжлэгч гэм хор учруулсан гэх үндэслэлээр хариуцагч нараас тодорхой үйл ажиллагааны үйлдэхүйг шаардаж байгаа нь Монгол Улсын одоогийн Иргэний хуульд үл нийцэх, хууль бус шаардлага гэж үзсэн. Усны суваг барих, өөрчлөх, тодорхой стандарт дүрэм журмыг мөрдүүлэх, төрийн байгууллагын шаардлага биелүүлэх зэрэг асуудлууд нь нийтийн эрх зүйн зохицуулалтын зүйл мөн тул уг нэмэгдүүлсэн шаардлага нь иргэний шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.7 дахь хэсэгт сум, дүүргийн засаг дарга нь үер усны хамгаалалт, далан суваг барих арга хэмжээ авах бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүрэгтэй тухай заасан байдаг. Өөрөөр хэлбэл үер усны далан суваг барих үйл ажиллагаа нь аль нэг дурын субъект шаардсаны зоргоор хийгддэг ажил биш. Төрийн байгууллагын тодорхой албан тушаалтны хариуцдаг, нийтийн эрх ашгийн асуудал юм. Иймээс нэхэмжлэгч энэ асуудлаар хувийн эрх зүйн маргаан шийдвэрлэх чиг үүрэг бүхий иргэний шүүхэд хандах биш, харин холбогдох захиргааны байгууллагад өргөдөл, гомдол гаргах замаар төрийн эрх бүхий байгууллага, тодорхой албан тушаалтанд үүргээ гүйцэтгүүлэхээр шийдвэрлүүлэх нь хуульд нийцнэ. Хэрвээ ийнхүү төрийн байгууллагад хандсан ч, тус байгууллага нь тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа бол захиргааны шүүхэд хандах эрх зүйн бүрэн бололцоотой. Шүүхээс гарч буй шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан. Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах нэг нөхцөл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой, ойлгомжтой байх явдал юм. Гэвч нэхэмжлэлийн үндэслэл шаардлага нь туйлын тодорхойгүй байна. Жишээлбэл, 2000 мм-н диаметрийн өргөнтэй ус зайлуулах хоолой хийлгүүлэх шаардлага тавиад байгаа ч, уг 2000 мм гэх тоо баримтыг юунд үндэслэж байгаа нь тодорхойгүй. Мөн ус зайлуулах хоолойг өөрчлөн бариулахыг шаардсан агуулгатай байгаа ч, яг аль хэсгийг өөрчлүүлэх хүсэлтэй байгаа зэрэг нь ойлгомжгүй байна. Иймд энэхүү хууль зүйн үндэслэлгүй, өөрийн эрх хэмжээнд үл хамаарах, үндэслэл, шаардлага нь ойлгомжгүй шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч “Т-” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нэр бүхий байгууллагуудыг хариуцагчаар татсан байх бөгөөд нэхэмжлэлд дурдсанчлан 2014 оны 5, 7, 9 саруудад үйлдвэр нь усанд автах үед замын гадаргуугийн ус зайлуулах шуудуу чухам хаана бөглөрч, хэнийх нь буруутай үйлдлээс болсныг тухайн үед газар дээр нь шалгасан МХГ-ын байцаагчид тогтоосон атлаа тус компанийг үндэслэлгүйгээр буруутган хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч компани өөрсдөө хууль зөрчин үерийн усны аман дээр байдаг бөгөөд үерийн усны хамгаалалт ус зайлуулах инженерийн байгууламжийг шийдэлгүй барилга байгууламжаа барьсан нь бусдыг буруутгах үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэлдээ: “...дээрх газрууд зохих байгууллагын зөвшөөрөлгүй, ямар ч зураг төсөлгүй дур мэдэн өөрчилсөн үерийн далан шуудууг стандартын дагуу хийлгэхийг шаардан газруудад хандсан, албан шаардлагыг хүлээн авсан боловч огт ажил хийгээгүй...” гэжээ Энэ нь бодит үнэн байдалд огт нийцэхгүй юм. Учир нь манай компани Шатахуун түгээх станцаа барихдаа мэргэжлийн зураг төслийн компаниар хийлгэн холбогдох байгууллагуудаар батлуулсан. 2015.07.18-ны өдрийн борооны дараа НМХГ-ын байцаагчидтай манай менежер уулзан зураг төсөл болон холбогдох бичиг баримтуудаа танилцуулсан бөгөөд байгууламжаа газар дээр нь үзүүлсэн ба манай компанид дахин энэ асуудлаар хандаагүй болно. Үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авах боломжгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн байршлыг товчхон хэлэхэд 3 замын уулзвар дээр байдаг. Үерийн усны онц аюултай бүс бөгөөд зүүн талдаа уулархаг, өндөр учир их ус орж ирдэг. Баруун талаасаа Баянхошуу, Телевизийн уулзвар орж ирдэг байршилтай. Замын эсрэг талдаа “Т-” ХХК байрладаг. Манай хойд талаар далан байдаг. 2015 оны 7 сард болсон бороо бол байгалийн гамшиг болсон гэж үздэг. Тухайн үеийн онцгой байдлын илтгэх хуудас, хавтас хэрэгт авагдсан бичлэг байгаа. Үндсэн нэхэмжлэлд дур мэдэн барилга байгууламж барьсан гэж буруутгадаг. Тийм асуудал байхгүй. Манайх газар эзэмших гэрчилгээний дагуу ШТС-ыг 2013 онд барьсан. Зураг төсөлгүй барьсан гэж байгаа нь үндэслэлгүй. Зохих байгууллагуудаас батлагдсан зураг төслийн дагуу хийсэн нь хавтас хэрэгт тайлбартайгаа байгаа. Манай зураг төсөл болон ус зайлуулах байгууламжийн зураг төслийг “П-” ХХК гэх мэргэжлийн байгууллага хийж гүйцэтгэсэн. Тэр үед зураг төслийг баталгаажуулдаг байгууллага нь “Улаанбаатар нэгтгэл” гэж байгаагүй “Барилга хөгжлийн төв” гэж байсан. 2013 оны 7 сарын 03-ны өдрийн дүгнэлт гаргасан байдаг. Энэ мэргэжлийн байгууллагаар зураг төслийн дагуу ШТС болон ус зайлуулах байгууламжийг хийлгэсэн. ШТС нь өөрөө онцгой бүсэд хамаардаг. Энэ хавь өөрөө үер усны аюултай бүс учир албан байгууллага, айл өрхүүд бүгд дор бүрнээ хамгаалах арга хэмжээ авдаг. Хуулиар ч гэсэн ийм үүрэгтэй. Бодит байдалд “Т-” ХХК замын эсрэг талд ус зайлуулах хоолойн гаралтын хэсгийг хариуцдаг. Дээрээс ирсэн усыг гаралт хэсэгт чөлөөтэй нэвтрүүлэх үүрэг хүлээдэг. Мэргэжлийн байгууллагууд газар дээр нь үзээд хамааралтай хэсгийн даалгаврыг өгдөг. Бид үүрэг даалгавраа зохих ёсоор биелүүлж ирсэн. Энэ үйл явдал болсны дараа мэргэжлийн байгууллагууд ирж шалгахад “Т-” ХХК нь шууд хамааралгүй юм гэсэн. Хашлагаа давж ирж байгаа ус бол хуримтлагдсан хог, сул шороо зэрэг нь оролтын хэсэгт бөглөрөөд дамжуулах сувгийг хааснаар үүсэж байгаа учир хүний хүчин зүйлээс болсон зүйл байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд нэхэмжлэлийн үндсэн шаардлагад хамааралгүй зүйл байна. Учир нь ус зайлуулах байгууламжгүй зам тавигдсан. Энэ асуудлыг хариуцсан төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага төсвөө батлаад шийдэх ёстой. Улаанбаатар нэгтгэлд үүрэг өгсөн байдаг. Одоо хүртэл шийдэж өгдөггүй. Мөн дүүргийн дэд бүтцийн асуудал эрхэлсэн газар хариуцах ёстой. Гэм хохирлын үнэлгээ тогтоохдоо эргэлзээтэй байна гэж үзэж байна. “Т-” ХХК нь мэргэжлийн байгууллагаар зураг төслийн дагуу баригдсан. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд шууд хамааралгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “С-” ХХК нь гэм хорын хохиролд 164.413.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг “Б-” ХХК, “Ө-” ХХК, “Т-” ХХК нарт холбогдуулан гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “үерийн усны шуудууг техникийн нөхцөлийн дагуу зураг төсөл батлуулан шинэчилж, 2000 мм-ын диаметрийн хоолойгоор хийлгэж өөрчлөхийг хариуцагч нарт даалгах” шаардлагыг нэмэгдүүлсэн.
Хариуцагч “Б-” ХХК, “Ө-” ХХК, “Т-” ХХК нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргав.
Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 6 дугаар гудамжинд нэхэмжлэгч “С-” ХХК, хариуцагч “Ө-” ХХК болон “Б-” ХХК-иуд нь хөрш залгаа эд хөрөнгө эзэмшдэг, харин хариуцагч “Т- ХХК-ийн эзэмшлийн шатахуун түгээх станц нь эдгээр байгууллагуудын эсрэг талд буюу төв замын баруун талд байрладаг болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх ба зохигчид эд хөрөнгийн эзэмшигчийн талаар маргаагүй. /хх-2х-1,2/
2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ширүүн бороо орж, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 6 дугаар гудамжинд буюу зохигчдын ойр орчимд тогтсон их хэмжээний ус нь нэхэмжлэгчийн үйлдвэрийн барилгын зоорийн давхарт нэвтрэн орсон, улмаар нэхэмжлэгчийн өмчлөлийн тоног төхөөрөмжид 86.440.000 төгрөгийн хохирол, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд 69.113.000 төгрөгийн хохирол, ажлын байранд 5.860.000 төгрөгийн хохирол, нийт 161.513.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь “Х-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт, зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хх-1х-13-19, 29-47,69/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь “Х-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний талаар маргаагүй, уг үнэлгээг баримтаар няцаагаагүй, уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан бичмэл нотлох баримт байхаас гадна “Х-” ХХК нь хохирлын үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-1х-29-47/
Хавтаст хэрэгт цугларсан баримтаас үзэхэд хариуцагч “Б-” ХХК болон “Ө-” ХХК нар нь инженерийн төлөвлөлт, зохих шийдлийн дагуу урьдчилан тооцоолж барьсан үерийн ус нэвтрүүлэх шугам хоолой буюу ус сувгийг хааж /үерийн ус гаргах хоолойн зүүн болон урд талд өндөрлөгөө хийж барилга барьсан, үерийн ус нэвтрэх гольдирлыг өөрчлөхдөө батлагдсан зураг төсөлгүйгээр суваг шуудуу ухсан/ үйлчилгээний болон орон сууцны барилга барихдаа үерийн ус чөлөөтэй нэвтрэх боломжийг хязгаарласан байна. /хх-1х-12, 20-21, 23, 59-62, /
Ийнхүү үерийн ус чөлөөтэй нэвтрэх боломж хязгаарлагдсанаар нэхэмжлэгчийн хөрөнгө байршиж буй газарт их хэмжээний ус тогтож, улмаар түүний эд хөрөнгөнд хохирол учрахад нөлөөлөх хүчин зүйл болжээ. Барилга барьж буй этгээд нь газар эзэмших, ашиглах, барилга барих эрхээ хэрэгжүүлэхдээ Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.4-т зааснаар, “...зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулахгүй байх ...” үүрэг хүлээдэг ба хуулиар хүлээсэн энэ үүргээ зөрчсөн буюу үерийн усыг чөлөөтэй нэвтрүүлэх боломжийг бүрдүүлээгүй нь гэм хорын хариуцлага хүлээх нэг үндэслэл болох юм.
Нөгөө талаас, хариуцагч “Б-” ХХК болон “Ө-” ХХК-иуд нь инженерийн төлөвлөлт, зохих шийдлийн дагуу урьдчилан тооцоолж барьсан үерийн ус нэвтрүүлэх зориулалт бүхий шугам хоолой руу үерийн усыг урсгахаар, өөрийн барилгыг тойруулан суваг, хоолой буюу тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан байгууламж барьсан байх боловч ийнхүү инженерийн байгууламж барихдаа мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасны дагуу барилгын норм, дүрмийн дагуу боловсруулж, магадлал хийгдсэн зураг төслийг үндэслэж бариагүй, тооцоо судалгаагүйгээр бага радиус бүхий хоолойг ашиглаж барьсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Хуулийн энэ зохицуулалтыг “Б-” ХХК, “Ө-” ХХК-иуд нь зөрчсөнөөр, мөн л үерийн ус нэвтрэн өнгөрөх явцыг саатуулж, нэхэмжлэгчийн оршин байгаа газарт их хэмжээний ус тогтоход нөлөөлсөн байна. /хх-1х-246-250, 2х-1-8/
Ийнхүү хариуцагч “Б-” ХХК, “Ө-” ХХК-иуд нь хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролтой шалтгаант холбоотой байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу эдгээр хариуцагч нар нь “С-” ХХК-д учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
Харин үерийн усны их хэмжээний тогтоц, тогтоол ус нь төв замын зүүн талд буюу нэхэмжлэгч “С-” ХХК болон хариуцагч “Б-” ХХК, “Ө-” ХХК-ийн байрлаж буй хэсэгт үүссэн, их хэмжээний тогтоол ус үүсэхэд замын эсрэг талд байрлаж буй “Т-” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч “С-” ХХК нь “...инженерийн төлөвлөлт, зохих шийдлийн дагуу урьдчилан тооцоолж барьсан үерийн ус нэвтрүүлэх шугам хоолойн “гарц” хэсгийн диаметрийг багасгасан...” хэмээн “Т-” ХХК-ийг буруутгах боловч “Т-” ХХК нь инженерийн байгууламжид өөрчлөлт хийхдээ эрх бүхий этгээдээс баталсан зураг төслийн дагуу үерийн ус нэвтрүүлэх хоолойн гарц хэсгийн диаметрийг багасгасан байхаас гадна их хэмжээний ус тогтох болсон шалтгаан нь гарц хэсгийг багасгаснаас бус, орц хэсэг рүү ус чөлөөтэй нэвтрэх боломжийг хязгаарласан “Б-” ХХК, “Ө-” ХХК-иудын буруутай үйл ажиллагаатай холбоотой байна. /хх-1х-72-75, 110-116/
Түүнчлэн, “Т-” ХХК нь шатахуун түгээх станц барихдаа, авто замыг налуу болгож, нэг талыг өндөрлөсний улмаас борооны ус авто замаас хальж орж ирсэн хэмээн нэхэмжлэгч тайлбарлах боловч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй тул уг үйл баримтыг тогтоогдоогүй гэж үзнэ.
Иймд хариуцагч “Т-” ХХК нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөх юм.
Хэдийгээр нэхэмжлэгчид гэм хорын хохирол учрахад “Б-” ХХК, “Ө-” ХХК нарын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байх боловч нэхэмжлэгч “С-” ХХК нь үерийн усны онцгой бүсэд үйл ажиллагаа явуулахдаа Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, батлагдсан зураг төсөлгүй, зөвшөөрөлгүйгээр барилга барьсан, түүнчлэн барилгын суурийг өндөрлөх зэргээр үерийн усны аюулаас урьдчилан сэргийлэх наад захын арга хэмжээ аваагүй зэрэг нь нэхэмжлэгчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэлтэй холбоотой байна.
Иймд нэхэмжлэгч “С-” ХХК нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасны дагуу гэм хорын хохирлыг бусад буруутай этгээдүүдтэй “ижил тэнцүү” /161.413.000:3=53.804.333/ хэмжээгээр хариуцах нь мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид эрх тэгш байх зарчимтай нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Дээр дурдсанаар, хариуцагч “Б-” ХХК, “Ө-” ХХК-иуд нь өмчлөгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд өөрийн буруутай үйлдлээр саад учруулсан байх тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх боломжтой байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: “үерийн усны шуудууг техникийн нөхцөлийн дагуу зураг төсөл батлуулан шинэчилж, 2000 мм-ын диаметрийн хоолойгоор хийлгэж өөрчлөхийг хариуцагч нарт даалгах” гэж бичсэн байх боловч агуулгын хувьд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан иргэний эрх зүйн хамгаалалтыг хүссэн болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 101.1-д зааснаар, өмчлөгч /”Ө-” ХХК, “Б-” ХХК/ нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ бусад этгээд /”С-” ХХК/-д хуулиар олгогдсон эрхийг зөрчихгүй байх үүрэг хүлээсэн ба, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь энэ үүргийг гүйцэтгүүлэх зорилготой байна.
Иймд нэхэмжлэгч буюу өмчлөгч нь дээрх үүргийг шаардах эрхийн үндэслэл болсон Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу бий болсон зөрчлийг арилгуулах боломжтой.
Харин “зураг төслийг батлуулах” нь төрийн эрх бүхий байгууллагаас хамааралтай, “2000 мм диаметртэй хоолой барих” нь инженерийн тооцооллоос шалтгаалах тул үерийн ус чөлөөтэй нэвтрэх шугам хоолойг хууль болон стандартын дагуу барьж байгуулахыг хариуцагч нарт даалгах агуулгаар нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1.035.215 төгрөг төлсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч “Б-” ХХК, “Ө-” ХХК нараас тус бүр 426.972 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан нэхэмжлэгчид олгож, шинжээчийн зардал 3.000.000 төгрөгийг нэхэмжлэгч “С-” ХХК, хариуцагч “Б-” ХХК, “Ө-” ХХК нарт тус бүр 1.000.000 төгрөгийн хэмжээнд хариуцуулах үндэслэлтэй.
Тус өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч “Ө-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаяр, “Б-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин нарт 2018 оны 03 сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т зааснаар мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн ба итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад мөн өдөр гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “хэргийн материалтай танилцах эрхтэй” мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ” гэж заасан зохигчийн эрх үүрэгтэй хариуцагч нар, түүний төлөөлөгч танилцсан байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т заасныг баримтлан хариуцагч “Б-” ХХК, “Ө-” ХХК нараас гэм хорын хохиролд тус бүр 53.804.333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С-” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 53.804.333 төгрөгийн, хариуцагч “Т-” ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан хариуцагч “Б-” ХХК, “Ө-” ХХК нарт үерийн усны байгууламжийг зохих хууль, стандартын дагуу барьж байгуулахыг даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.035.215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б-” ХХК, “Ө-” ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 426.972 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С-” ХХК-д олгож, шинжээчийн зардалд “С-” ХХК, “Б-” ХХК, “Ө-” ХХК нараас тус бүр 1.000.000 төгрөг гаргуулан шинжээч Г.Н-, С.Т- нарт олгосугай
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
Б.ХИШИГБААТАР