Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2024/0042

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн 

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Н о с х т ны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01186652 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ нь дэх хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсээс Ж.Ц-н нэрийг хасахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсээс Ж.Ц-н нэрийг хасаж, Д.Б-г хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсэнд бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах” тухай 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 787 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Б

Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б

Гуравдагч этгээд Ж.Ц

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2023/0669/З          

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Б нь Н о с х т ны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01186652 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ нь дэх хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсээс Ж.Ц-н нэрийг хасахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсээс Ж.Ц-н нэрийг хасаж, Д.Б-нг хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсэнд бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгуулах”-аар маргасан байна.    

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 787 дугаар шийдвэрээр: “...Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 16дүгээр зүйлийн 2, 3, 18 дугаар зүйлийн 1, 2-д заасныг баримтлан Д.Б-с Н о с х т нд холбогдуулан гаргасан Н о с х т ны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01186652 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ нь дэх хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсээс Ж.Ц-н нэрийг хасахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсээс Ж.Ц-н нэрийг хасаж, Д.Б-г хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсэнд бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. ... Шүүх үндэслэх хэсэгт дүгнэхдээ “...Дээрхээс дүгнэвэл иргэн С.Б-д орон сууц хувьчлан авах эрх Орон сууц хувьчлах тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 2-т заасан үндэслэл журмын дагуу буюу орон сууц эзэмшигч М.С нас барснаар үүссэн гэж үзэхээр байна. Орон сууц хувьчлах тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 2”Сууц хувьчлан авах тухай өргөдлийг орон сууц хувьчлах товчоонд гаргана”, 3“Өргөдөлд сууц /өрөө/ эзэмшигчийн овог, нэр, ажлын ба гэрийн хаяг, эрхэлсэн ажил, албан тушаал, иргэний бүртгэлийн дугаар, орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ний дугаар, олгосон байгууллага, он, сар, өдөр, ам бүлийн тоо, гэр бүлийн гишүүдийн овог нэр, төрсөн он, сар, өдөр, иргэний бүртгэлийн дугаар, насанд хүрээгүй хүмүүсийн төрсний гэрчилгээний дугаар, эзэмшиж байгаа сууцаа хувьчлан авах тухай хүсэлтээ бичиж өргөдөл гаргагч гарын үсгээ зурж, он, сар, өдрөө бичнэ” гэж заажээ. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд иргэн С.Б нь Н о с х т нд гаргасан өргөдөлдөө орон сууцыг хамтран эзэмших эрхтэй этгээдийн нэрсэнд С.Б, Ж.Ц, Б.Н, Б.Н нарыг бүртгэж, түүний хавсралтад Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны оршин суудаг үнэн болох гэх тодорхойлолт, төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайланг ирүүлж, гарын үсгээ зурсан нь хуульд заасан шаардлага хангасан байна” хэмээн дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

3.2. ... гэр бүлийн гишүүн Д.Б нь орон сууцаа хувьчлан авах эрхтэй бөгөөд Н о с х т  гэр бүлийн гишүүн бус хүний нэрийг оруулж ирсэн байхад зөрчлийг арилгуулах эрхээ хэрэгжүүлээгүй байхад шүүх энэ байдалд үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр, “хуульд заасан шаардлага хангасан” гэж дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, орон сууц өмчлөх эрхийн бичиг (ордер)-ийг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгогддог тул төрийн захиргааны байгууллага орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг олгохдоо иргэн, түүний гэр бүлийн гишүүнд олгох хуулийн зохицуулалтын дагуу орон сууц хувьчлан авах тухай иргэний өргөдөл бичигдсэн гэр бүлийн гишүүний бичиг баримтыг нягталж шалгах, хэрэв зөрчилтэй байгаа тохиолдолд зөрчлийг арилгуулах үүргээ хэрэгжүүлээгүй байгааг шүүх анхаарч авч үзсэнгүй.

3.3. Хэдийгээр иргэн хүн орон сууц хувьчлах өргөдөлд хамтран эзэмших эрхтэй гишүүдийг дурдаж болох ч өмнөх бүлэгт дурдсанаар хуульд зааснаар “гэр бүлийн гишүүд” өмчлөх эрхтэй бөгөөд төрийн захиргааны байгууллага өргөдөл бичсэн этгээд болон гэр бүлийн гишүүдийн бичиг баримтыг шалгах, өргөдөл гаргагчийн гэр бүлийн гишүүн мөн эсэх, хэрэв гишүүн бус иргэн байгаа тохиолдолд тодруулах, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах эрхтэй байтал төрийн захиргааны байгууллага уг үүргээ хэрэгжүүлээгүй буруутай үйлдэл байхад энэхүү буруутай үйлдлийг зөв хэмээн дүгнэж байгаа нь хууль нийцэхгүй дүгнэлт болжээ.

3.4. Түүнээс гадна шүүх Гэр бүлийн хуулийг дурдсан атлаа “Гаалийн ерөнхий газраас М.С эзэмшүүлсэн байранд С.Б гэр бүлийн хамт аавыгаа асрахаар амьдарч эхэлсэн болон иргэн С.Б гэр бүл цуцлуулахаар шүүхэд хандсан байсан зэрэг үйл баримтаас үзвэл дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаантай байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар мэдүүлгээр тогтоогдож байна” гэж хэргийн баримт материалыг бүрэн судлахгүйгээр ийнхүү дүгнэлт хийснийг дараах байдлаар хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

3.5. Хууль ёсны гэр бүлийн гишүүн нь Д.Б байсаар байхад гэр бүлийн гишүүн бус Ж.Ц нэрийг орон сууц эзэмших эрхийн бичигт бүртгэж авсан Н о с х т ны буруутай үйл ажиллагааг шүүхээс зөвтгөж байгаа нь хуульд нийцэхгүй юм. Гомдол гаргагч нарын зүгээс шүүхийг хэргийн баримт материалыг бүрэн судалж дүгнээгүй гэж байгаагийн учир нь иргэн М.С-г асрахаар тухайн байранд ирсэн С.Б-н гэр бүлийнхэний ирсэн хугацаа болон С.Б болон Д.Б нарын гэрлэлтийн гэрчилгээ болон иргэн С.Б нь 2022 онд “гэрлэлт цуцлуулах” нэхэмжлэлийг гаргасан бөгөөд иргэн Д.Б нь “дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс холбогдох хувийг гаргуулах” сөрөг нэхэмжлэлийг гаргасан талаарх нэхэмжлэгч болон гуравдагч этгээд, гэрч нарын тайлбар, мэдүүлгийг тал бүрээс нь бүрэн дүүрэн анхаарч, судлахгүйгээр ийнхүү дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.6. Түүнчлэн хэрэгт авагдсан бичгийн баримтад Гаалийн Ерөнхий газраас ирүүлсэн тухайн байрны түрээсийн төлбөрийг иргэн Д.Б төлж ирсэн төлбөрийн баримт болон иргэн С.Б-д ял ногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан ам бүлийн тоо 2 гэсэн зэрэг баримтууд, гэрч С.Очирсүх, С.Номуундарь нарын мэдүүлгүүдээр Ж.Ц нь С.Б-тэй 2000 оноос хойш хамтын амьдралтай байгаагүй, тухайн маргаан бүхий байранд мөн хугацаагаар амьдарч байгаагүй болно.

3.7. Н о с х т ноос С.Б-н өргөдөлд дурдсан Ж.Ц-г гэр бүлийн баталгаатай, жинхэнэ эхнэр нь мөн бусыг шалгаагүй, зөвхөн регистрийн дугаар баримтлан орон сууц өмчлөх эрхтэй гэж үзэж байгаа нь буруу юм. Хэрэв тэгж болдог бол хэн ч регистрийн дугаараа бичүүлээд байр өмчлөх эрх авчих боломжтой болж байна. Мөн хорооны Засаг даргын тодорхойлолтод Ж.Ц-г “гэр бүлийн гишүүн” гэж авч үзсэн байна. Үүнээс үзвэл хорооны Засаг даргаас тухайн дүүрэг, хороонд оршин суудаг иргэний тодорхойлолтыг гаргаж өгөхдөө хэн нэг хүний аманд багтах, эсхүл эрхшээлд орох, хэн нааштай хандсанд нь холбогдох ам бүлийн тодорхойлолтыг гарган өгч байгаа иргэн хүний эд хөрөнгийн болоод эд хөрөнгийн бус эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж харж байна.

3.8. Хуульд зааснаар Гэр бүлийн баталгааны үндсэн дээр “гэр бүл” болно гэж үзсэн байдаг. Ж.Ц өөрийгөө “хамтран амьдрагч” гэж үздэг. Гэтэл хуульд нэг эрэгтэй нэг эхнэртэй, нэг эмэгтэй нэг нөхөртэй байна гэсэн заалттай. Харин нэг эр хүн нэг эхнэртэй, нэг хамтран амьдрагчтай байна гэж заагаагүй болно. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч Д.Б нь давж заалдах гомдолд гаргасан нэмэлт тайлбартаа:

4.1. Миний бие С.Б-тэй хууль ёсны “гэр бүл” -ийн баталгаатай, дундаасаа 4 хүүхэдтэй, жаргал зовлонгоо хуваалцаж 50 жил хамт амьдарсан. Хуульд зааснаар Гэр бүлийн баталгааны үндсэн дээр “гэр бүл” болно гэж үзсэн байдаг. Ж.Ц өөрийгөө “хамтран амьдрагч” гэж үздэг бөгөөд хуульд нэг эрэгтэй нэг эхнэртэй, нэг эмэгтэй нэг нөхөртэй байна гэсэн заалттай. Харин нэг эр хүн нэг эхнэртэй, нэг хамтран амьдрагчтай байна гэж заагаагүй. С.Б-тэй хууль ёсны “гэр бүл”-ийн баталгаатай, дундаасаа 4 хүүхэдтэй, жаргал зовлонгоо хуваалцаж 50 жил хамт амьдарсан, Орон сууц хувьчлалын хорооноос шаардаад байгаа 5 дахь хүн нь Д.Б би (энэ шаардлагыг Ж.Ц Б-д ч, надад ч хэлэхгүй нуун дарагдуулсан) байсан, анх Гаалийн ерөнхий газрын 1 дүгээр байранд 1996 оноос амьдарч сар бүрийн байрны төлбөрийг Д.Б би хийж байсан. Энэ талаар Гаалийн Ерөнхий газраас баталгаа гаргаж өгсөн байгаа.

4.2. Иймд анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж гэр бүлийн гишүүн, С.Б-н хууль ёсны эхнэр намайг орон сууц эзэмших эрхгүй гэж үзэж, орон сууц эзэмших эрхийн гэрчилгээнээс нэр хассан Н о с х т ны үйлдлийг зөвтгөж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч Д.Б нь Н о с х т нд холбогдуулан Н о с х т ны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01186652 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсээс Ж.Ц-н нэрийг хасахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсээс Ж.Ц-н нэрийг хасаж, Д.Б-г хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсэд бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.2.  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “ ... Гэр бүлийн гишүүдийн нэрсэд намайг оролцуулахгүйгээр хамтран амьдрагч Ж.Ц-н нэрийг оролцуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авахаар болж байгаа нь гэр бүлийн гишүүний эрхийг ноцтой зөрчиж байна...” гэж тайлбарлажээ.

2.3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд анх Оросын холбооны Улсын өмчлөлөөс Монгол Улсын өмчлөлд шилжиж ирсэн орон сууцыг үнэ төлбөргүй хувьчлахаар шийдвэрлэсэн Засгийн газрын 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 210 дугаар тогтоолыг үндэслэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А-1/1242 дугаар “Орон сууц эзэмших эрхийн бичиг олгосон орон сууцны 6 байрны 395 айлын орон сууц эзэмшигчдэд нь орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулж ажиллах талаар чиглэл өгсөн байна.

2.4. Н о с х т ны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “Засгийн газрын 210 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын А-1/1242 тоот, Орон сууц хувьчлах товчооны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэлийг” тус тус үндэслэн 288 иргэнд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг олгохоор шийдвэрлэж, Гаалийн Ерөнхий газраас М.-д эзэмшүүлсэн байрыг түүний хүү С.Б-д өмчлүүлж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 1 дүгээр байрны 46 тоот 3 өрөө байрыг эзэмших эрхийн 01118652 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ.

            2.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо ... нэхэмжлэгч Д.Б нь орон сууцаа хувьчлах эрхтэй бөгөөд Н о с х т  нь гэр бүлийн гишүүн бус хүний нэрийг оруулж ирсэн байхад зөрчлийг арилгуулах эрхээ хэрэгжүүлээгүй гэжээ.

2.6. Орон сууц хувьчлах тухай хуулийн 16дүгээр зүйлийн 2“Сууц хувьчлан авах тухай өргөдлийг орон сууц хувьчлах товчоонд гаргана”, 3“Өргөдөлд сууц /өрөө/ эзэмшигчийн овог, нэр, ажлын ба гэрийн хаяг, эрхэлсэн ажил, албан тушаал, иргэний бүртгэлийн дугаар, орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ний дугаар, олгосон байгууллага, он, сар, өдөр, ам бүлийн тоо, гэр бүлийн гишүүдийн овог нэр, төрсөн он, сар, өдөр, иргэний бүртгэлийн дугаар, насанд хүрээгүй хүмүүсийн төрсний гэрчилгээний дугаар, эзэмшиж байгаа сууцаа хувьчлан авах тухай хүсэлтээ бичиж өргөдөл гаргагч гарын үсгээ зурж, он сар, өдрөө бичнэ”, 17 дугаар зүйлийн 1“Орон сууц хувьчлах товчоо сууц эзэмшигчийн өргөдлийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор тухайн сууцыг хувьчлах нөхцөл хангагдсан эсэхийг хянаж, сууц тус бүрээр хувьчлах тухай шийдвэр гаргана”, 18 дугаар зүйлийн 1“Сууц хувьчлах тухай шийдвэрийг үндэслэн сууц эзэмшигчид тухайн сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно” тус тус заасан.

2.7. Хэрэгт авагдсан Н о с х т ны хурлын тэмдэглэл, иргэн С.Б нь гэр бүлийн гишүүдтэй хэлэлцэн тохирсноор Н о с х т нд гаргасан орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй этгээдийн нэрсэд С.Б, Ж.Цү, Б.Н, Б.Н нарыг бичсэн өргөдөл, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 906 дугаартай Ж.Ц нь 2011 оноос 2021 оны 11 дүгээр сарын 03-ныг хүртэл оршин сууж байсан үнэн” гэх тодорхойлолт, гуравдагч этгээдийн ... С.Б нь гэрлэлтээ цуцлуулах гэхээр дээрх орон сууц өмчлөгчөөр тогтоолгох гээд гэрлэлт цуцлуулдаггүй. Бид хамтран амьдраад 23 жил болж байна гэх тайлбар зэргээс үзэхэд хуулийн дээрх заалтуудыг зөрчөөгүй байх тул хариуцагч захиргааны байгууллага С.Б-н гаргасан өргөдлийн дагуу орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг олгосныг буруутгах үндэслэлгүй байна.

2.8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2.9. Харин дундын өмчлөлийн эд хөрөнгө болон хамтын амьдралтай байсан эсэх талаарх маргаанаа иргэний шүүхэд хандан шийдвэрлүүлэхэд энэхүү шийдвэр, магадлал саад болохгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 787 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

ШҮҮГЧ                                                          Ц.САЙХАНТУЯА

 

ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

 

                        ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ