Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 416

 

Н.Энхбаярын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Н.Энхбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөр, Л.Мөнхсайхан, хариуцагч Сонгуулийн ерөнхий хорооний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лут-Өлзий нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 025/ШШ2016/0005 дугаар шийдвэртэй, Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвд тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхсайханы давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 025/ШШ2016/0005 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.4.4, 128 дугаар зүйлийн 128.5, Цагдаагийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Энхбаярын “Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 75 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийг Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Монгол Ардын хувьсгалт намаас 75 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэж, энэ тухай нийтэд мэдээлэхийг хариуцагчид даалгуулах, “Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 15/1070 дугаар албан бичиг, уг албан бичигт хавсаргасан 000230 дугаар тодорхойлолтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүплийн 9.1.1, 9.1.9 дэх хэсэгт зааснаар илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Анхны Ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.1-д зааснаар ял шийтгэлгүй болсон тухай тэмдэглэлийг мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт заасны дагуу хувийн хэрэг, ял шийтгэлийн тэмдэглэлд тусгаж, энэ тухай тодорхойлолт гаргахыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхсайхан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: … Энэ шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт заасан “хуульд үндэслэсэн байх” шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.2 дахь хэсгийг удирдлага болгон 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсгийн 88.1.2-д зааснаар “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах” нь зүйтэй гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна.

Тухайлбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 025/ШШ2016/0005 дугаар шийдвэрийн үндэслэх нь хэсэгт шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хууль зүйн үндэслэлийг хянаад нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. “Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 75 дугаар тогтоолыг хүчингүй болгох, нэхэмжлэгчийг “Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 75 дугаар тойрогт Монгол Ардын Хувьсгалт намаас нэр дэвшигч”-ээр бүртгэж, энэ тухай Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нийтэд мэдээлэхийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

... Хариуцагч Сонгуулийн ерөнхий хорооноос Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.5 дахь хэсэгт “шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг сонгуулийн төв байгууллага эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авна” гэж заасны дагуу Н.Энхбаярын ял шийтгэлийн талаарх лавлагааг гаргуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвд хандахад тус төвийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 15/1055 дугаар албан бичгээр “Н.Энхбаярын ялгүй болох хугацаа дуусаагүй бапна” гэсэн тайлбар, “тодорхойлолт” ирүүлсэн тул Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.4.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь хууль зөрчөөгүй байна” гэжээ. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь: А/ Сонгуулийн хуульд “ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх” /125 дугаар зүйлийн 125.4.4 - д/ нийтлэг шаардлага тавигдсан байгаагаас биш “цагдаагийн лавлагаа, тодорхойлолт заавал байхаар хуульчлаагүй” юм. Цагдаагийн албаны тухай хууль /29 дүгээр зүйл/- иар “иргэн ялгүй болсныг цагдаагийн байгууллага тогтоох” тухай зохицуулаагүй.

Ийм байтал хариуцагч Сонгуулийн ерөнхий хороо “сонгуульд нэр дэвших иргэн ялтай, ялгүй эсэхийг шүүх биш цагдаа тодорхойлох” журам гаргаж, улмаар нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар баталгаажсан “сонгох, сонгогдох эрх”-ийг зөрчсөн нь хариуцагчийн 2016 оны 75 дугаар тогтоолыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгох нэг үндэслэл болж байна.

Б/ Нэхэмжлэгч нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 326 дугаар шийтгэх тогтоол, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 775 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 2.6 жил хорих ял шийтгүүлсэн ч 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.1-д зааснаар ялгүй болжээ.

Дээр дурьдсан хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт зааснаар “иргэн ялгүй болсон”-ыг “ямар нэг шүүхийн шийдвэргүйгээр бүртгэх”-ийг Цагдаагийн байгууллагад үүрэг болгосон.

Хүний эрхийн үндэсний комиссоос ирүүлсэн зөвлөмжөөс үзэхэд хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төв дээрх хуулийн заалтыг биелүүлээгүйн улмаас түүний 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 15/1055 дугаар албан бичиг, “ялтайд тооцогдоно” гэсэн тодорхойлолт хууль зүйн үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байхад хариуцагч Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.3 дахь хэсэгт заасан үйл ажиллагаа явуулалгүйгээр, мөн хуулийн 143 дугаар зүйлд заасан үндэслэлгүй, “агуулгын илт зөрчилтэй” шийдвэр гаргасан. Энэ нь хариуцагчийн “агуулгын илт зөрүүтэй бичигдсэн” 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 75 тоот тогтоолыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн 9.1.1-д зааснаар “захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн, шийдвэр гаргах” үндэслэл болж байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 025/ШШ2016/0005 дугаар шийдвэрийн үндэслэх нь хэсэгт: Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 15/1070 дугаар албан бичиг, уг албан бичигт хавсаргасан 000230 дугаар тодорхойлолтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлипн 9.1.1, 9.1.9 дэх хэсэгт зааснаар илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, “Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.1-т зааснаар ял шийтгэлгүй болсон тул энэ тухай тэмдэглэлийг нэхэмжлэгчийн хувийн хэрэг, ял шийтгэлийн тэмдэглэлд тусгаж, энэ тухай тодорхойлолт гаргаж өгөх"-ийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

“... Цагдаагийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.5 дахь хэсэгт тус тус зааснаар цагдаагийн байгууллага шүүхээр шийтгэгдсэн хүний талаар шүүхийн шийтгэх тогтоол, шүүхийн мэдэгдэх хуудас, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргийг үндэслэн мэдээлэл нэгтгэн боловсруулах, тухай бүр баяжилт хөдөлгөөн хийж, тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан үүсгэх, үйл ажиллагаандаа ашиглан эрх бүхий байгууллагаас ирүүлсэн албан бичгийн дагуу ялтай эсэх лавлагааг “тодорхойлолт”-оор олгох үүргийн хурээнд хийгдсэн үйл ажиллагаа байх ба үүнийг хариуцагч байгууллагаас иргэний “ялтай эсхүл ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон” асуудлыг тогтоож шийдвэрлэсэн шинжтэй шийдвэр гэж үзэх боломжгүй юм” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

В/ Учир нь хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвөөс ирүүлсэн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 15/1055 дугаар албан бичиг, “тодорхойлолт”-д “ялтайд тооцогдоно” гэж бичсэн байгаа нь “ялтай эсхүл ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон” асуудлыг тогтоож шийдвэрлэсэн шинжтэй байх бөгөөд энэ албан бичиг, тодорхойлолт нь “захиргааны акт” мөн болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 025/ШШ2016/0005 дугаар бүхий энэ шийдвэртээ “Захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шипдвэрлэх тухай хуульд заасан харъяаллын дагуу захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянан шийдвэрлэхдээ” гэж хүлээн зөвшөөрснөөс гадна 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 0025/ШТ2016/0006 дугаар тогтоолоороо ч “уг албан бичиг, тодорхойлолт нь захиргааны акт” гэдгийг хүлээн зөвшөөрсөн байгаа.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 025/ШШ2016/0005 дугаар шийдвэрийн үндэслэх нь хэсэгт мөн үргэлжлүүлээд: “... нөгөөтэйгүүр Цагдаагипн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төв нэхэмжлэгч Н.Энхбаярын ялгүй болох хугацаа дуусаагүй, ялтай гэсэн “тодорхоплолт”-ыг “шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэлийг хөтлөх, лавлагаа олгох заавар”-ын дагуу эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоол, ял шийтгэлийн талаарх тэмдэглэл, мэдээлэлд үндэслэн гаргасан...” гэсэн бас л хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь: Г/ Шүүх “Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төв нэхэмжлэгч Н.Энхбаярын ялгүй болох хугацаа дуусаагүй, ялтай гэсэн “тодорхойлолт”-ыг “шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэлийг хөтлөх, лавлагаа олгох заавар”-ын дагуу эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоол, ял шийтгэлийн талаарх тэмдэглэл, мэдээлэлд үндэслэн гаргасан” гэсэн нь хариуцагч “шүүхийн эрх эдэлж 000230 дугаар бүхий тодорхойлолтдоо зөвхөн “ялтай” гэж бичээгүй, бүр “ялтайд тооцогдоно” гэж иргэний эрх зүйн байдлыг дүгнэсэн” нь зөв буруу эсэхэд эрх зүйн дүгнэлт хийгээгүй.

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн тодорхойлолтод “ялтайд тооцогдоно” гэж байсныг “5 жилийн дараа ялгүйд тооцохоор байна” гэж өөр хэлбэрт оруулан өөрийн хууль зүйн үндэслэлгүй шийдвэрээ зөвтгөснөөс гадна, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсгийн заалтыг биелүүлээгүйг зөв гэж дүгнэсэн явдал юм.

Д/ Эрүүгийн хариуцлага, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Эрүүгийн хуульд “эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдийн эрх, эрх чөлөөнд энэ хуульд заасны дагуу шүүхийн шийтгэх тогтоолоор хязгаарлалт тогтоосон төрийн албадлагын арга хэмжээ мөн” гэж, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг “эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ”, “хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ” (45.1, 64,1) гэж ангилахаар тусгасан бөгөөд энэ нэхэмжлэлийн шаардлагад Эрүүгийн хуулийн арванхоёрдугаар бүлгээр зохицуулсан “эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” тухай асуудал тусгагдаагүй, арвангуравдугаар бүлгээр зохицуулсан “ялтай байдал”-ыг зөв тодорхойлох шаардлага тавигдсан байтал шүүх энэ байдлыг буруу дүгнэж шийдвэрийнхээ үндэслэх нь хэсэгт “нэхэмжлэгчийг гэм буруутайд тооцох эсэх, улмаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсэх” тухай асуудал огт яригдаагүй байтал шүүх энд нэхэмжлэгчийн гэм буруутай эсэх, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсэхийг тогтоох асуудал хөндөгдсөн мэтээр “гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхтэй холбогдсон харилцаанд оролцогчдын эрх зүйн байдлыг хэлэлцэн дүгнэж, иргэний “ялтай”, эсхүл “ялгүй” гэсэн “тодорхойлолт” гаргахыг хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвд даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй байна” гэж бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд уг шийдвэр хүчингүй болох нэг үндэслэл юм.

Е/ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь “иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх болон уул захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад орших” бөгөөд уг хуульд зааснаар “Н.Энхбаярын нэхэмжлэлтэй хэрэг нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх харъяаллын хэрэг” бөгөөд уг маргааныг хянан шийдвэрлэх, шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах онцгой эрх, мөн үүргийг Захиргааны хэргийн шүүхэд олгосон (1.1, 4, 70.1,70.2 ).

Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж, түүнийг хэрхэн хэрэглэх тухай “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Монгол Улсын Шүүхийн тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. Захиргааны хэргийн шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль болон Монгол Улсын Олон улсын гэрээг баримтлах”, шийдвэрийн агуулгад “захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тусгах” (2.1,2.2, 72.4) тухай заасан.

Ийм байтал Захиргааны шүүх шийдвэрийн агуулгад “захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тусгах”  нь байтугай бүр эсрэгээр, Захиргааны хэргийн шүүх “энэ захиргааны актын хууль зүйн үндэслэлийг дүгнэхүй” гэсэн байна.

Тухайлбал, шүүх шийдвэрийнхээ үндэслэх нь хэсэгт: “...захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан харъяаллын дагуу захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянан шийдвэрлэхдээ “Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулиудыг тайлбарлаж хэрэглэж, ... шийдвэрлэх үндэслэлгүй байна” гэсэн нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт заасан “хуульд үндэслэсэн байх” шаардлагыг хангаагүйг илтгэж байна.

Ийнхүү Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 0025/ШТ2016/0005 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт заасан “хуульд үндэслэсэн байх” шаардлагыг хангаагүй, Захиргааны хэргийн шүүх захиргааны хэргийг хянан шийдвэрлэх үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсаныг илтгэж байх тул мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.2 дахь хэсгийг удирдлага болгон 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсгийн 22.1.2-д зааснаар “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

-... Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох маргааны талаар:

Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 75 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.2, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус баримтлан “...Сонгуулийн тухай хуулийн ... 125.4.4-т заасан ... шаардлагыг хангаж буй эсэхийг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг ирүүлээгүй ..., Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвөөс ирүүлсэн лавлагаагаар ялгүй болох хугацаа дуусаагүй” гэх үндэслэлээр Улсын Их Хурлын сонгуулийн 75 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан, нэхэмжлэгч “.../ялгүй байхад/ хууль бус тодорхойлолтыг үндэслэн бүртгэхээс татгалзсан нь ... /хууль бус/” гэж, хариуцагч “... бүртгүүлэхээр ирүүлсэн материалд .../өөрөө/ тодорхойлолт хавсаргаж ирүүлээгүй, ... Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвөөс тодруулахад ... Н.Энхбаяр нь ялтай байна гэсэн албан бичиг ирүүлсэн ... тул бүртгэхээс татгалзсан нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгүүлэхээр Сонгуулийн Ерөнхий хороонд ирүүлсэн материалд түүний “ял шийтгэлтэй эсэх” талаарх эрх бүхий байгууллагын тодорхойлолт байгаагүй, Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албанаас 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 109 дүгээр албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвд хандаж, “...Н.Энхбаяр нь ... тодорхойлолт ирүүлээгүй байна..., /ял шийтгэлтэй эсэх талаар/ тодорхойлолт гаргаж ирүүлэх”-ийг хүссэн, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн Лавлагааны сангийн эрхлэгчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 15/1055 дугаар албан бичгээр хариу ирүүлэхдээ “...Н.Энхбаярын ялгүй болох хугацаа дуусаагүй байна” гэх хариу ирүүлсэн, талууд эдгээр үйл баримттай маргаагүй байна.

   Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.4.4-т “... /нэр дэвшигч нь/ ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх /шаардлагыг хангасан байх/”-аар заасан тул нэр дэвшигчийн “ялгүй” байдал нь нотлогдох зайлшгүй шаардлагатай, нэр дэвшигч өөрөө уг байдлыг нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд Сонгуулийн Ерөнхий хороо “ялтай эсэх”-ийг тодруулахаар эрх бүхий этгээдэд хандсан нь Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.5-д “шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг сонгуулийн төв байгууллага эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авах”-аар заасантай нийцжээ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д “/цагдаагийн байгууллага/ ял шийтгүүлсэн хүний талаар … /тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан үүсгэн ... ашиглах”-аар, 29 дүгээр зүйлийн 29.5-д “... мэдээлэл нэгтгэн боловсруулах үүрэг бүхий төв болон энэ хуулийн 29.1-д заасан мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, ... лавлагаа өгөх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах”-аар тус тус заасны дагуу Хууль зүйн сайдын 2013 оны А/12 дугаар тушаалаар “Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэлийг хөтөлж, лавлагаа олгох заавар”-ыг баталсан, уг зааврын 2-т “... лавлагаа олгох ажлыг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төв эрхлэн гүйцэтгэх”-ээр заасан байх тул иргэний “ял шийтгэлтэй эсэх” талаар лавлагааг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвөөс гаргаж байгаа нь дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй, эрх бүхий этгээдээс ирүүлсэн “...ялгүй болох хугацаа дуусаагүй” гэх лавлагаа, тодорхойлолтыг үндэслэн, Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.2-т заасан “нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй” үндэслэлээр Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан хариуцагч Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр нь Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.8-д “сонгуулийн төв байгууллага нам, эвслээс нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор... бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана” гэснийг зөрчөөгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Өөрөөр хэлбэл, эрх бүхий этгээдээс нэр дэвшигчийг “ял шийтгэлтэй” гэж тодорхойлсон нөхцөлд Сонгуулийн ерөнхий хороо уг асуудлыг “үндэслэлтэй эсэх”-ийг хэлэлцэн, шийдвэр гаргах, иргэний ял шийтгэлийн талаар тодорхойлох эрхгүй, энэ тохиолдолд, Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.6-д заасан “сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг бүртгэхдээ нам, эвсэл болон нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгах” зохицуулалт хамааралгүй гэж үзнэ.

Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...“цагдаагийн лавлагаа, тодорхойлолт заавал байхаар хуульчлаагүй, ... иргэн ялгүй болсныг цагдаагийн байгууллага тогтоох ... /гүй/”, “... Сонгуулийн ерөнхий хороо “сонгуульд нэр дэвших иргэн ялтай, ялгүй эсэхийг шүүх биш цагдаа тодорхойлох” журам гаргасан” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

Нэгэнт шүүхээс Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн "Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай" 75 дугаар тогтоол “хууль зөрчөөгүй” болохыг тогтоож байгаа тул нэхэмжлэгчийг “... 2016 оны ээлжит сонгуульд МАХН-аас 75 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

Түүнчлэн, МАХН-аас Сонгуулийн ерөнхий хороонд хандаж, 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 124 дүгээр албан бичгээр “... Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2...-т заасны дагуу ... 75 дугаар тойрогт Ононгийн Цолмонг ... нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн ... тул нэр дэвшигчээр бүртгүүлэх”-ээр хүсэлт гаргаж, холбогдох материалыг хүргүүлсэн, үүний дагуу Сонгуулийн ерөнхий хороо О.Цолмонг сонгуулийн 75 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэж, сонгуульд оролцсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй тул хариуцагч Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын сонгуулийн 75 дугаар тойрогт нэхэмжлэгч Н.Энхбаярыг дахин нэр дэвшигчээр бүртгэх үндэслэлгүй, ийнхүү бүртгэхийг шүүхээс даалгах боломжгүй болно.

Иймд, хариуцагч Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

-... Цагдаагийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвд холбогдох маргааны талаар:

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 15/1071 дүгээр албан бичгээр “... иргэн Н.Энхбаяр ...-ын ял шийтгэлтэй эсэх лавлагааг тодорхойлолтоор гаргаж” Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхдээ “... Эрүүгийн хуулийн 78.2.3-аар ялтайд тооцогдож байна” гэж тодорхойлсон, нэхэмжлэгч “... Өршөөлийн хуулийн дагуу ялгүй болсон байхад /үндэслэлгүйгээр/ ялтай гэж тодорхойлсон, ...шүүхийн эрх эдэлж ... “ялтайд тооцогдоно” гэж иргэний эрх зүйн байдлыг дүгнэсэн нь /хууль бус/” гэж, хариуцагчаас “... Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн учир Н.Энхбаярт ял оногдуулсан болон ялыг өршөөн хэлтрүүлсэн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны ... 326 дугаар шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш 5 жилийн хугацаанд ялтай гэж тооцогдож байна ... Н.Энхбаярын ялгүй болох хугацаа дуусаагүй” гэж тус тус маргажээ.

Хууль зүйн сайдын 2013 оны А/12 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэлийг хөтөлж, лавлагаа олгох заавар”-ын 14-т “лавлагааны сан” нь анхан шатны шүүхээс ирүүлсэн “ял шийтгэлийн тэмдэглэл”, дээд шатны шүүхээс ирүүлсэн “шүүхийн мэдэгдэх хуудас”, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн ялтны хувийн хэрэгт буй “ялтны карт”-ын мэдээллээс бүрдэхээр, 26-д “ лавлагааны сан нь иргэний ялтай эсэх ... талаар лавлагаа гаргах”-аар тус тус зааснаас үзэхэд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төв нь “ял шийтгэлийн тэмдэглэл”, “шүүхийн мэдэгдэх хуудас”, “ялтны карт”-ын мэдээлэл зэрэг лавлагааны санд авагдсан мэдээллийг үндэслэж аливаа иргэний ялтай эсэх талаарх лавлагаа гаргах эрхтэй байна.

Аливаа төрийн байгууллагаас гаргаж буй иргэний эрх зүйн байдлыг тодорхойлсон “лавлагаа” нь тухайн асуудлыг тогтоосон эрх зүйн агуулгагүй, гагцхүү, тухайн байгууллагад хадгалагдаж буй баримт, мэдээллийг үндэслэж гаргасан мэдээллийн шинж чанартай баримт бичиг тул, лавлагааны санд авагдаагүй асуудлаар дүгнэлт хийх эрхийг лавлагаа олгогч байгууллагад олгосон гэж үзэхгүй.

Хэргийн оролцогчдын тайлбар, хариуцагчаас шүүхэд гаргаж ирүүлсэн Улсын Дээд шүүхийн 2012 оны 71 дүгээр “мэдэгдэх хуудас”, 21147024 дугаартай “ял шийтгэлийн тухай тэмдэглэл”, Н.Энхбаярт холбогдох “ялтны карт” зэргээс үзэхэд, нэхэмжлэгч Н.Энхбаяр нь “... Эрүүгийн хуулийн 78.2.3-аар /5 жилийн хугацаанд/ ялтайд тооцогдсон” талаарх мэдээлэл лавлагааны санд авагдаагүй, хариуцагч уг үйл баримттай маргаагүй тул хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төв хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 78 дугаар зүйлийг тайлбарлах замаар иргэний эрх зүйн “ялтай эсэх” байдлыг тогтоосон гэх үндэслэлтэй, хариуцагчийн энэ үйлдэл нь Цагдаагийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан үүсгэх”, “мэдээллийн сангаас мэдээлэл өгөх” эрхийн агуулгад хамааралгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүх уг маргааны үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, Цагдаагийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, “...үүргийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа байх /тул/ хариуцагч байгууллагаас иргэний “ялтай эсхүл ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон” асуудлыг тогтоож шийдвэрлэсэн шинжтэй шийдвэр гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь буруу байх тул магадлалын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн, хяналтын шатны шүүхээс хүчингүй болгож буй Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 15/1071 дүгээр албан бичиг нь хариуцагч Сонгуулийн ерөнхий хорооны маргаан бүхий 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 75 дугаар тогтоолын үндэслэл болоогүй, цаг хугацааны хувьд сүүлд гарсан акт байх тул уг албан бичгийг хүчингүй болгосон болон Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны маргаан бүхий 75 дугаар тогтоолыг хэвээр үлдээсэн шүүхийн шийдвэр нь агуулгын зөрчил үүсгэхээргүй байна. 

Харин, Хууль зүйн сайдын 2013 оны А/12 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэлийг хөтөлж, лавлагаа олгох заавар”-ын 34-т “...ялтай эсэх лавлагааг “ТОДОРХОЙЛОЛТ”-оор олгох”-оор заасны дагуу хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвөөс 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр олгосон 0002304 дугаартай “тодорхойлолт” нь хууль зүйн агуулгын хувьд захиргааны актын шинжийг агуулахгүй юм.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуулийн 3 дугаар зүйлийн   3.1.4-т “...захиргааны акт гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг /ойлгох/”-оор заасан, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн лавлагааны санд байгаа мэдээллийг үндэслэж гаргасан лавлагаа нь тодорхой асуудлыг зохицуулахаар “захирамжилсан” болон “шийдвэр гаргасан” агуулгагүй тул түүнийг захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, хяналтын шатны шүүх хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвөөс “...Н.Энхбаяр нь ... Эрүүгийн хуулийн 78.2.3-аар ялтайд тооцогдож байна” гэх дүгнэлтээр лавлагаа гаргасан нь лавлагааны санд авагдсан мэдээлэлийг баримтжуулж өгөх хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлж, өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, хууль тайлбарлах замаар иргэний “ялтай эсэх”-ийг тогтоосон нь хууль бус гэж дүгнэсэн, ингэхдээ тус төвийн лавлагаа өгөх, лавлагааг тодорхойлолт хэлбэрээр гаргах эрхийг хөндөхгүй, хариуцагчаас гаргаж байгаа тодорхойлолт нь захиргааны актын шинжийг агуулахгүй гэж үзсэн болно.

Иймд, нэхэмжлэгчийн “...Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 0002304 дугаартай тодорхойлолтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй, давж заалдах шатны шүүх маргаан бүхий “тодорхойлолт” нь захиргааны актын шинжийг агуулсан эсэх талаар дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байх тул магадлалын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Түүнчлэн, дээр дурдсан “Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэлийг хөтөлж, лавлагаа олгох заавар”-ын 37-д “... “тодорхойлолт” нь олгосон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хүчин төгөлдөр байна” гэж зааснаас үзэхэд маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 0002304 дугаартай “тодорхойлолт”-ын хүчинтэй хугацаа дуусч эрх зүйн үйлчлэлгүй болсон, шүүх уг “тодорхойлолт”-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байгаа нь уг асуудлаар харьяалалын шүүхэд хандах, “буруу тодорхойлогдсон” эрх зүйн байдлаа үнэн зөвөөр тодорхойлуулах эрхийг хангаж, гомдол гаргасан нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.  

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвөөс “/нэхэмжлэгч Н.Энхбаярыг/ ялтайд тооцогдсон” гэж, нэхэмжлэгч “...ялгүй” гэж маргасан, нэхэмжлэгчийн “ялтай эсэх” эрх зүйн байдал нь харьяалалын шүүхээс эцэслэн тогтоогдоогүй байхад захиргааны хэргийн шүүхээс хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвд “... /Н.Энхбаяр нь/ ялгүй гэсэн тодорхойлолт гаргахыг даалгах” боломжгүй, хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд, нэхэмжлэгчийн “...хуулийн дагуу ялгүй гэсэн тодорхойлолт гаргахыг  /хариуцагчид/ даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Эдгээр үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 025/ШШ2016/0005 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.8, Цагдаагийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 15/1071 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг албан бичгийг хүчингүй болгож, “Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 75 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийг Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд МАХН-аас 75 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэхийг хариуцагчид даалгах, хуулийн дагуу ялгүй гэсэн тодорхойлолт гаргахыг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвд даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 000230 дугаар тодорхойлолтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэж, Тогтоох хэсгийн “2” дугаарыг “3” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА