Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2016/0576

 

 “Ирмүүн бармат” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Зоригтбаатар, хариуцагч П.Одгэрэл, Д.Хатанбаатар нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 349 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ирмүүн бармат” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.Одгэрэл, Д.Хатанбаатар нарт холбогдох захиргааны хэргийг Г.Билгүүн илтгэснээр хянан

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасныг тус тус баримтлан “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.Одгэрэл, Д.Хатанбаатар нарын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №340013117 актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “Ирмүүн бармат” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Ирмүүн бармат” ХХК-ийн төлөөлөгч Н.Зоригтбаатар давж заалдах гомдолдоо: “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.Одгэрэл, Д.Хатанбаатар нарын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 340013117 дугаартай актыг хүчингүй болгуулах тухай. Мөн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 349 дүгээр шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна учир нь тухайн үед манай компанийн тайлан балансийг сайн мэдэх хуульч Намсрай овогтой Уранчимэг нь шүүх хуралд хүрэлцэн ирж чадаагүйгээс болж Н.Зоригбаатар миний бие анхан шатны шүүхэд санхүүгийн болоод хуулийн мэдлэггүйгээс болж зөв тайлбар хийж чадаагүй юм. Иймд дахин хянан үзэж миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гомдлыг минь барагдуулж өгнө үү“ гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.Одгэрэл, Д.Хатанбаатар нарын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №3400131117 актаар “Ирмүүн бармат” ХХК нь 91 353 332 төгрөгийн зөрчил гаргасан гэж үзэж 4 11 899.10 төгрөгийн нөхөн татвар, 9 335.00 төгрөгийн хүү, 1 544 736.90 төгрөгийн торгууль, 424 219.64 төгрөгийн алданги, нийт 6 090 190.7 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

 “Ирмүүн бармат” ХХК-д 2010 оны Хас банк дахь 5000071563 тоот дансаар шахмал түлшний төлбөр нийт 31 773 100.00 төгрөг орж ирсэн, 2012 онд “Си Ай Эм Эй Эн” ХХК-аас барилга угсралтын материалын үнэ 17 843 890 төгрөг, “Ландрилл интернейшнл” ХХК-аас 12 672 000 төгрөг, бусад орлого 2 313 000 төгрөг, нийт нэмэгдсэн өртгийн албан татваргүй 29 883 990 төгрөгийн орлого олсноос 4 960 000 төгрөгийг тайлагнасан, 2013 онд ХААН банк дахь тус компанийн дансаар 47 000 000 төгрөг, Хас банкин дахь дансаар 7 800 000 төгрөгийн, нийт 54 800 000 төгрөгийн буюу нэмэгдсэн өртгийн албан татваргүй 49 818 181 төгрөгийн орлого олсон атлаа 48 545 455 төгрөгийг тайлагнаж, зөрүү 1 272 726 төгрөгийн орлого, нийт 57 929 816 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдуулан төсөвт төлөлгүй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуулийн 5.3-д заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого, гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно”, 7.3-д “Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно”, 7.3.1-д “үйл ажиллагааны орлого”, 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно”, 8.1.1-д “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж тус тус заасныг зөрчсөн,

Мөн 2009 онд 842 400.00 төгрөг, 2012 онд 1 464 400.00 төгрөг, нийт 2 306 800.00 төгрөгийн баримтаар нотлогдоогүй бараа материалын зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасагдах зардал хэсэгт тусган татвар ногдуулах орлогоо бууруулж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Дараахь тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй”, 15.1.2-т “албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал” гэж заасныг зөрчсөн,

Тэрчлэн “Ирмүүн бармат” ХХК нь 2012 онд 29 843 990 төгрөгийн, 2013 онд                1 272 726 төгрөгийн, нийт 31 116 716 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй, татвар ногдуулж төлөлгүй 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна:”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар ногдуулна:”, 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээг ... борлуулсан бол тухай бүрт” гэж заасныг тус тус зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, нэхэмжлэгч хуулийн этгээдийн дээрх зөрчилд тавьсан татварын улсын байцаагчийн акт хуульд нийцсэн, анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хэрэгт авагдсан баримтуудыг хянаж үзвэл,

1. Татварын хяналт, шалгалт хийх томилолтыг татварын улсын байцаагч нарт 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатайгаар олгосон боловч энэхүү хугацааг нэхэмжлэгчийн хүсэлтээр 2 удаа сунгаж, шалгалт хийхээр томилолт олгосноос хойш 8 сарын дараа татварын улсын байцаагч акт үйлдсэн байна.  Иймд энэ хугацаанд буюу томилолт олгогдсоноос хойшхи 8 сарын хугацаанд гаргаж өгөөгүй атлаа акт гарснаас хойш гаргаж буй санхүүгийн баримтуудыг үндэслэн татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгох үндэслэлгүй болно.

2. Анхан шатны шүүх “Ирмүүн бармат” ХХК-ийн захирал Н.Зоригтбаатарын өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг хангаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан эрхийг нь эдлүүлэхээр шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан боловч нэхэмжлэгч нь энэ хугацаанд өмгөөлөгч аваагүй, хуульд заасан эрхээ өөрөө эдлээгүй байх тул “өмгөөлөгч оролцуулалгүй шүүх хуралдаан хийсэн” талаарх түүний гомдлыг хангах боломжгүй.

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 349 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

ШҮҮГЧ                                                                                        Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                                        Г.БИЛГҮҮН